Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01553

 

“Ч ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00732 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1135 дугаар магадлалтай,

   “Ч ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “У ” ХХК-д холбогдох

    Зээлийн гэрээний үүрэгт 543,376,673.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ч ” нь “У ” ХХК-тай 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2258/01/СL-2014 тоот Зээлийн шугам нээх гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, зээл ашигласан хэмжээний дүнгийн 21.6 хувийн хүүтэйгээр, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр, мөн өдөр 2258/01/СС-2014 тоот Зээлийн гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зөрчил үүссэн тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2065/01/РА/01-2014 тоот, мөн өдрийн 2065/01/РА/02-2014 тоот барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Ү-2207002332 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 21 тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2207002331 тоот улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 4 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууц, Ү-2204059215 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 2 хороо, Дарь эхийн /13351/ гудамж 10 дугаар байр, 255 м.кв талбай бүхий Үйлчилгээний зориулалттай барилга, Ү-2203020385 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ ХД-39 дүгээр байрны 94 тоотод байрлах 67.39 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Зээлийн шугам нээх гэрээний дагуу 100,000,000 төгрөгний зээлээс үндсэн зээл 42,639,836 төгрөг, хүү 58,583,427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,195,423 төгрөг, нийт 102,454,194 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу 400,000,000 төгрөгний зээлээс үндсэн зээл 84,969,064 төгрөг, хүү 132,658,024 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,892,226 төгрөг, нийт 227,519,315 төгрөгийг төлсөн. Банкны зүгээс зээлдэгч нартай удаа дараа уулзаж, зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа болно. Зээлдэгч 2017 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар дараах өр төлбөртэй байна. Үүнд: Зээлийн шугам нээх гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 83,963,629 төгрөг, хүү 13,161,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,394,964 төгрөг, нийт 99,520,210 төгрөг, Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээл 315,030,935 төгрөг, хүү 114,183,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,642,414 төгрөг, нийт 443,856,462 төгрөгийн өр төлбөртэй байх тул хариуцагч “У ” ХХК-аас нийт 543,376,673 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Хариуцагч 400,000,000 төгрөгийг авсан гэдэгт маргаагүй. Харин Зээлийн шугам нээх гэрээний дагуух 100,000,000 төгрөгнөөс 30,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байгаа ч уг мөнгө 2014 оны 05 сарын 30-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд шилжин орсон баримтыг хэрэгт баримтаар өгсөн. Зээлийн шугам нээх гэрээ нь уг гэрээгээр тохирсон хэмжээний мөнгийг авах эрхийг олгосон гэрээ. Үүний дагуу 2014 оны 05 сарын 02-нд 40,000,000 төгрөг, 05 сарын 06-нд 60,000,000 төгрөгийг авч буцаагаад 30,000,000 төгрөгийг 2014 оны 05 сарын 26-нд төлсөн. Дахин 2014 оны 05 сарын 30-нд 30,000,000 төгрөгийг нэмж авсан. Иймд уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг банк хариуцагчид бүрэн шилжүүлсэн. Хэрэгт баримтаар өгсөн мэдэгдлүүдэд уг хоёр зээлийн дагуух төлбөл зохих бүх дүнг бус харин тухайн цаг хугацаанд графикаар төлбөл зохих хэмжээг тусгасан мэдэгдлүүд юм гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “Ч ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “У ” ХХК нь 2014 оны 05 сарын 01-ний өдөр 2258/01/СL2014 тоот Зээлийн шугам нээх гэрээг байгуулсан боловч зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр, зээлийн төлбөрийг бүрэн шилжүүлж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэсэн хэдий ч “У ” ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан ба зээлийн төлөлттэй холбогдуулж, төлсөн зээлийн төлбөрийн хэмжээгээр зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдан борлуулсан төлбөрийн хэмжээгээр зээлийн үлдэгдэл төлбөрийг хаах хүсэлтийг биечлэн гаргаж байсан боловч зээлдүүлэгчийн зүгээс хүлээн аваагүй. “Ч ” банк нь нийт 530,000,000 төгрөгийн үндсэн зээл, үндсэн зээлд хамаарах хүүгийн нийт хэмжээгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаар дурдсан байх ба 543,376,673 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргажээ. Үүнээс үзэхэд зээлийн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн үнийн дүнгээс илүү давсан байтал бүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч уг барьцааны гэрээнүүд нь Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Ч ” банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00732 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “У ” ХХК-аас 543,376,673 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ч ” банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох А.Гандолгорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020385 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 39 дүгээр байр 94 тоотод байрлах, 67.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059215 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эх гудамж, 10 дугаар байр 1 давхарт байрлах 255 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.Гэсэржавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002331, Ү-2207002332 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр 4, 21 тоотод байрлах 28, 43 м.кв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,945,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,945,034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1135 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...543,376,673 төгрөг...” гэснийг “...540,981,709 төгрөг...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2,945,034 төгрөг...” гэснийг “...2,862,859 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00732 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 540,981,709 төгрөг хариуцагчаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт "... Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу тооцож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар №2258/01/СС-2014 дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 315,030,935 төгрөг, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү 114,183,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,642,414 төгрөг нийт 443,856,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна” хэмээн дурьджээ. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн 2258/01/СС-2014 тоот Зээлийн шугам нээх гэрээний 3 дугаар зүйлд “Зөрчил үүссэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл хугацаанд зээлдэгч нь энэ зүйлд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Тус гэрээний 13 дугаар зүйлд дараах зүйлсийг зөрчилд тооцох бөгөөд 13.2 дахь хэсэгт зээлээ хугацаандаа төлөөгүй бол мэдэгдэл хүргүүлэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд заасны дагуу Зээлдүүлэгч “Ч ” банкны зүгээс зээлийн зөрчил үүссэн, зээлийн нэмэгдүүлсэн хүү тооцох талаарх мэдэгдлийг зээлдэгч буюу “У ” ХХК-д хүргүүлэх бөгөөд ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар талууд тус гэрээгээр харилцан тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дээрх гэрээний заалтад дүгнэлт хийгээгүй бөгөөд зээлдүүлэгч “Ч ” банкны зүгээс зээлдэгч “У ” ХХК-д зөрчил үүссэн талаар мэдэгдэлгүйгээр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,642,414 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь зээлдүүлэгч “Ч ” банкны зүгээс зээлийн гэрээний 7-д заасны дагуу зээлдэгч “У ” ХХК-д зээлийн зөрчил үүссэн талаар мэдэгдэл хүргүүлж байсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрх үүссэн эсэх талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ирүүлээгүй байтал анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1135 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,642,414 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч “Ч ” ХХК нь хариуцагч “У ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 543,376,673.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийг бүрэн өгөөгүй ч төлбөрийг зохих ёсоор төлж байсан, барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ нь зээлийн дүнгээс илүү давсан байтал бүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй, барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээ, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.  

Анхан шатны шүүх хариуцагч “У ” ХХК-аас 543,376,673.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ч ” банкинд олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас ...540,981,709 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан №2258/01/СС-2014 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 400,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, жилийн 21.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн өдөр №2258/01/СL-2014 дугаартай зээлийн шугам нээх гэрээг 100,000,000.00 төгрөгийн үнийн дүнгээр, 30 сарын хугацаатайгаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 67.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 255 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 28 м.кв талбай бүхий орон сууц, 28, 43 м.кв талбай бүхий 2, 3 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх-15-21, 23-57/

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн  гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцжээ.

Хариуцагч “У ” ХХК нь 227,519,315.00 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар зохигчид маргаагүй, өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх уг төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх хэсгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмын дагуу тооцож, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар №2258/01/СС-2014 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 315,030,935 төгрөг, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү 114,183,112.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,642,414.00 төгрөг, нийт 443,856,462.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Зээлийн шугам нээх гэрээ”-ний 7-д “Зөрчил үүссэн тохиолдолд зээлдүүлэгч зөрчил үүссэн тухай зээлдэгчид мэдэгдсэн өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зээлдэгч нь энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

“Ч ” ХХК нь зээлдэгч “У ” ХХК-д дээрх гэрээний үүргийн зөрчил үүссэн талаар утсаар мэдэгдсэн гэж тайлбар гаргасан боловч хэзээ, яаж мэдэгдсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү 2,394,964.00 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2258/01/CC-2014 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлийг нотлох баримт буюу нэхэмжлэгчээс хариуцагчид явуулсан албан тоотууд хэрэгт авагдсан байх тул “...14,642,414.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй” гэсэн хариуцагчийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна./xx-89,90/

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000.00 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН