Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02417

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02417

 

 

Г.Баттойрийгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03262 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Баттойрийгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Баттойрий

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Баттойрий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үл хүлээн зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар надтай байгуулсан гэрээг албан ёсоор цуцлах талаар надад мэдэгдэл өгөөгүй байж шууд ажлаас чөлөөлсөн, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад гэрээнд заасан ажлыг удаа дараа гүйцэтгээгүй гэж худал гүтгэсэн байна. Намайг ажлаас халах болсон шалтгаан бол зөвхөн улс төрийн өнгө аястай буюу өөр хүний сонгуулийн ажилд явсан гэдэг шалтаг тоочиж, сайн ажилласан байхад муу гүйцэтгэсэн гэж худал үнэлгээ өгч чөлөөлсөн. Хэрэгт авагдсан миний нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээр би өнгөрсөн хугацаанд сарын цалин хөлс болох 360 000 төгрөгийг бүрэн авсан байдаг, энэ нь миний гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байсан гэдгийг илэрхийлж байхад уг ажлаас чөлөөлөх тухай тушаалд удаа дараа хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж зөрүүтэй бөгөөд үндэслэлгүй зүйл бичсэн байна. Хариуцагч тал намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл болох ажил тасалсан, хийх ёстой ажлаа сайн хийдэггүй гэдгийг баримтаар нотлох ёстой. Бид хөлсөөр ажиллах гэрээнд сар бүрийн хөлсийг 360 000 төгрөг гэж тохирсон ба ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хугацаанд авах ёстой байсан хөлс 1 920 000 төгрөг болж байна. Иймд намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 920 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Баттойрийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор баталсан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.3, ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасныг тус тус үндэслэн хэсгийн ахлагчийн ажлаас чөлөөлсөн. Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.-д ажил дүгнэх үзүүлэлтээр 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлгээ авсан, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар тус гэрээг цуцлахаар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Г.Баттойрийгийн гаргасан бүх алдаа дутагдлыг ярилцаж, нийт 12 зөрчлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдвэр гаргасныг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ талаар тухайн хурлын тэмдэглэлд тодорхой дурдсан. Хэсгийн ахлагч нарын ажлын журамд зааснаар тэдгээрийн ажлын үзүүлэлтийг сар бүр дүгнэдэг бөгөөд нэхэмжлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр 40 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг эдгээр үндэслэлээр цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Баттойрийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчаар  үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, хариуцагчаас 1 920 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Баттойрийд олгох 1 920 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар 45 670  төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч нь хорооноос зохион байгуулж буй уулзалт, хурал зөвлөгөөн, өдөрлөг зэрэг цаг үеийн ажилд тогтмол оролцдоггүй хариуцсан хэсгийнхээ хог хаягдалд хяналт тавьж ажилладаггүй болохыг зөрчлийн он, сар, өдөртэй нь тэмдэглэсэн байх тул тус тэмдэглэл нь нэхэмжлэгч Г.Баттойрийгийн зөрчлийг нотолсон баримт болох боломжтой юм. Тус хурлаар 1 дүгээр хорооны нийт хэсгийн ахлагчдын ажлын үзүүлэлтийг дүгнэсэн ба ажлын үзүүлэлтээр 40 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн 1 дүгээр хэсгийн ахлагч Г.Баттойрийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн холбогдох зөрчлүүдийг дурдаж Засаг даргын зүгээс үүрэгт ажлаас чөлөөлүүлэх санал гаргасан ба хуралд оролцсон албан хаагчид бүгд дэмжсэн байдаг. Улмаар 1 дүгээр хорооны Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Баттойрийгийн хөлсөөр ажиллах гэрээний 4.5, 3.3-т заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад санал ирүүлсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх саналыг хүлээн авч хянасны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь хэсэг, хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.3, хөлсөөр ажиллуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5заасныг тус тус үндэслэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 365 дугаар зүйлийн 365.1.-т заасныг тус тус заасныг үндэслэл болгож хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүх хурлын явцад нэхэмжлэгч Г.Баттойрий нь хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмын 4 дүгээр зүйл, 1 дүгээр хорооны Засаг даргатай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хэсгийн ахлагчийн хүлээх үндсэн чиг үүргийн талаар ойлголтгүй байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажил үүрэгтээ хайнга ханддаг болохыг илтгэж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Баттойрий нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Г.Баттойрийтой 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаагаар тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар Г.Баттойрийг үүрэгт ажлаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр чөлөөлжээ. /хх-ийн 3 тал/

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, энэ тохиолдолд тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хуульд нийцэж байх ёстой. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Хөлсөөр ажиллах гэрээний 4.5, 3.4-т зааснаар ажил дүгнэх үзүүлэлтээр хоёр ба түүнээс дээш хангалтгүй гэх үнэлгээг авсан тохиолдолд хөлслөгчтэй байгуулсан гэрээг цуцлахаар заасан байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Баттойрийг гүйцэтгэж байсан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн болохыг нотлохоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажил дүгнэх үзүүлэлтийг харуулсан бичгийн баримтуудыг ирүүлсэн. Уг зөвлөлийн хуралдаанаар Г.Баттойрийг ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй хорооны ажлыг цалгардуулж байгаа асуудлыг авч хэлэлцэж, түүнийг ажлаас нь чөлөөлөх санал гаргажээ.

 

Дээрх баримтаас үзэхэд уг зөвлөгөөнөөр нэхэмжлэгч гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй, уг байдал нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүйгээс гадна Г.Баттойрийгийн гэрээний үүргээ зөрчсөн асуудлын талаар хэлэлцэхдээ түүнийг байлцуулалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд дээрх бичгийн баримтаас өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Г.Батойрийгийн гэрээг цуцлах болсон зөрчлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэж дүгнэж талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Зохигчид хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг сар бүр 360 000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2017, 2018 оны эхний 3 сард уг үнийн дүнгээр бичилт хийсэн асуудлаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу хариуцагч байгууллагаас ажилгүй байсан 5 сар 10 хоногийн хөлс 1 920 000 төгрөгийг гаргуулж, уг мөнгөнөөс түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Баттойрийтой байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээг цуцлах үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг ажиллах хэвийн нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО