Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00307

 

“Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00961 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Миг даатгал” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 21 213 685 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн “Монгол даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн, У.Анхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Я.Отгондаваа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн 77-01 УНК улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Ж.Сүхбаатар жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замаас гарч замын хажуугийн далан руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасан бөгөөд зам тээврийн ослын улмаас 35 356 141 төгрөгийн хохирол учирсан.Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий хөндлөнгийн байгууллага болох “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2076, 2079 дугаартай Автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн осол гаргасан болохыг Замын цагдаагийн газрын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн акт, 7/128 тоот тодорхойлолт зэргээр тус тус тогтоосон. “Монгол даатгал” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15/114 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хариуцагчтай нэг жилийн хугацаатай байгуулсан.Бидний зүгээс ослын улмаас учирсан 35 356 141 төгрөгийг даатгалын гэрээний дагуу олгохыг хүссэн боловч “Миг даатгал” ХХК нь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15/04 тоот дүгнэлт гаргуулан Ж.Сүхбаатарыг 97,3 км/цагаас доошгүй хурдтай явсан гэж даатгалын гэрээний 6.6.2 дахь хэсэгт “Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно” гэж заасныг үндэслэн нийт учирсан хохирлоос 14 142 456 төгрөгийг олгосон.“Миг даатгал” ХХК нь өөрсдийн хамтран ажиллах гэрээтэй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаагаар дүгнэлт гаргуулан нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй байна.“Монгол даатгал” ХХК нь даатгалын хураамжийг цаг тухайд нь бүрэн төлсөн бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 6.2 дахь хэсэгт “Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно” гэж заасны дагуу “Миг даатгал” ХХК-иас нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 21 213 685 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь автомашины нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Сүхбаатар нь Киа спортэж 77-01 УНК автомашиныг жолоодож явсан гэх зам тээврийн ослын акттай танилцаж автомашины тоормосны мөрийн эхлэлээс онхолдсон газар хүртэлх зайг гаргаж үзэхэд 7,0 метр өнхөрсөн байгаа нь автомашин маш их хурдтай явсан гэдгийг илэрхийлж байсан.Мөн актад замын байдлыг “шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах асфальт замд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын байдал тогтуун байсан” гэж тодорхойлсон атлаа ослын шалтгааныг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж тэмдэглэж замд ямар аюул саад гарсан нь тодорхой биш, эргэлзээтэй байсан.Ж.Сүхбаатарын ирүүлсэн энэ баримтаар даатгуулагч хохирол гарахад хэр хэмжээний гэм буруутай байсан эсэхийг тогтоож, нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан тул даатгагчид олгосон эрхийн дагуу зам тээврийн осол хэргийн шийдвэр болон бусад холбогдох баримтыг ирүүлэхийг даатгуулагчаас хүсэхэд энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учир бид ирүүлсэн баримт бичгийн хүрээнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд даатгалын гэрээний 11.3.6 дахь заалт буюу даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт, тодорхойлолт гаргуулах гэсэн заалтыг үндэслэн мэргэжлийн туслалцаа авч дүгнэлт гаргуулахаар автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер-эксперт А.Цэцэгмаад хандан автомашины хурдыг тодорхойлуулахад Ж.Сүхбаатар нь хурд хэтрүүлсэн нь дүгнэлтээр тогтоогдсон тул хохирлын дүнгийн 40 хувь буюу 14 142 456 төгрөгийн нөхөн төлбөр, даатгалын гэрээнд заасан ачиж ирсэн зардал 600 000 төгрөгийг түүнд олгож даатгалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.Гэтэл Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/34 тоот албан бичигт Ж.Сүхбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт Киа Спортэж маркийн 77-01 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдэж, шалгаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй гэсэн хариу ирүүлжээ. Цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн гэх Зам тээврийн ослын акт нь даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр авах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдээд байна.Иймд “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн Киа спортэж 77-01 УНК автомашины нөхөн төлбөрт олгосон 14 742 456 төгрөгийн буцаан гаргуулж өгнө үү гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00961 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан “Миг даатгал” ХХК-иас 21 213 685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож, хариуцагч “Миг даатгал” ХХК-ийн 14 742 456 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 020 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Миг даатгал” ХХК-иас 264 020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 231 662 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Миг даатгал” ХХК-иас 21 213 685 төгрөг гаргуулах тухай “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Монгол даатгал” ХХК-иас 14 742 456 төгрөг гаргуулах тухай “Миг даатгал” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “хариуцагч “Миг даатгал” ХХК-иас 264 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгож,” гэснийг хасч, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Миг даатгал” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлэлгүй нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №15/04 тоот дүгнэлтийг гаргасан А.Цэцэгмаа гэх хүн нь хариуцагч “Миг Даатгал” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд энэ талаараа өөрийн дүгнэлтдээ мөн дурдсан байдаг. Маргаан бүхий эргэлзээтэй нөхцөл байдалд хамтын ажиллагааны гэрээтэй, хамтран ажилладаг хүнээр дүгнэлт гаргуулсан явдал нь ашиг сонирхлын хувьд зөрчилтэй байсан. Улмаар бидний зүгээс энэхүү эргэлзээтэй дүгнэлтийг нэг мөр шийдвэрлүүлж албан ёсны эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гарган шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрх бүхий байгууллага болох замын цагдаагийн газраас гаргаж өгсөн бүхий л дүгнэлт, шийдвэр зэрэг материалуудыг хавсаргаж өгсөн. Шүүх шинжилгээний хүрээлэн ч бүхий л баримтуудын хүрээнд дүгнэлтээ гаргасан....Замын цагдаагийн газрын ослын актанд тоормосны мөрийн талаар болон автомашин буусан далангийн өндөр гэх мэт тухайн автомашины хурдыг тодорхойлоход шаардлагатай мэдээллүүд тусгагдаагүй байсан. Гэтэл А.Цэцэгмаа нь дүгнэлт гаргахдаа тоормосны мөрийн мэдээллийг зохиомлоор бий болгон 52 метр байсан гэж үзэн дүгнэлт гаргасан байдаг. Мөн А.Цэцэгмаагийн дүгнэлтийн зам тээврийн ослын үеийн хэмжилт хийсэн хэмжилтүүдийг тусгасан хүснэгтэнд тоормосны мөрний зайны талаар мэдээлэл байхгүй хоосон орхисон байдаг. Тийм атлаа дүгнэлт гаргахдаа огт байхгүй байсан мэдээллийг хаанаас олж дүгнэлт гаргасан эргэлзээтэй бөгөөд огт үндэслэлгүй дүгнэлт гаргасан юм. Тоормосны мөрний эхлэлийн хэмжээ нь 7,0 метр байсан талаар Замын цагдаагийн газрын актанд ч, А.Цэцэгмаагийн дүгнэлтэнд ч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэнд ч тусгагдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү хэмжээг хаанаас олж дүгнэн хариуцагчийн тайлбар болон А.Цэцэгмаагийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэн зөв бодитойгоор үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00961 тоот шийдвэр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд даатгалын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь хариуцагч “Миг даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн дутуу төлөлтийг гаргуулахаар шаардсан бол “Миг даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна нөхөн төлбөр төлөх үндэслэл үүсээгүй тул даатгалын нөхөн төлбөрт өгсөн мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ. Гэрээний зүйл нь “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн нэр бүхий, 39 төрлийн, нийт 1 461 407 922 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл байх ба тэдгээрийн дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 1998 онд үйлдвэрлэгдсэн 77-01 УНК улсын дугаартай, 31 662 000 төгрөгийн үнэлгээтэй Киа спортеж маркийн автомашин оржээ. Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь даатгалын гэрээний дагуу 21 921 118 төгрөгийн хураамж төлснөөс дээрх автомашины даатгалд  474 930 төгрөг ногджээ \хх-ийн 9-19 дүгээр тал\.

Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн Киа спортеж маркийн 77-01 УНК улсын дугаартай автомашин нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт зам тээврийн осолд орж, замын хажуугийн далан руу унаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 35 356 141 төгрөгийн хохирол учиржээ. Зам тээврийн осол гарсан шалтгааныг Замын Цагдаагийн газраас тодорхойлохдоо уг автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн 9.2.- дахь хэсгийг зөрчсөн гэж заажээ \хх-ийн 20-31, 67, 83-85 дугаар тал\.

Хариуцагч “Миг даатгал” ХХК-ний хүсэлтээр Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаа  “Монгол даатгал” ХХК-ийн эзэмшлийн Киа спортеж маркийн 77-01 УНК улсын дугаартай автомашины зам тээврийн осолд орсон үеийн хурдыг нөхөн тодорхойлох тооцоог ЗЦГ-ын уг ослын газар дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураглалд үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна. Энэхүү дүгнэлтэд Киа спортеж маркийн 77-01 УНК улсын дугаартай автомашин осолд орох үед 97,3км\цаг-аас доошгүй хурдтай явсан гэж заажээ \хх-ийн 72-74 дүгээр тал\.

Зохигчдын хоорондох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн даатгалын гэрээний 6.6.2.-т “хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан, мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр” тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар заасан байна \хх-ийн 13 дугаар тал\.

Хариуцагч “Миг даатгал” ХХК нь нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ний эд хөрөнгөд учирсан гэм хорын 40 хувь буюу 14 142 456 төгрөг, автомашиныг ачиж ирсэн зардал 600 000 төгрөг, нийт 14 742 456 төгрөг даатгалын нөхөн төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч тал тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч талын жолооч хурд хэтрүүлсэн эсэхийг өөрийн боломж, арга хэрэгслээр нотолсон нь даатгалын гэрээний 11.3.6.-д заасан “даатгуулагчаас ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж, дүгнэлт, тодорхойлолт гаргуулах” даатгагчийн эрхийн зохицуулалтад нийцжээ. Харин нэхэмжлэгчийн гаргасан уг нотлогоог хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь осол гаргасан жолооч Ж.Сүхбаатарыг хурд хэтрүүлээгүй гэх үйл баримтыг, даатгалын нөхөн төлбөрийг бүтэн авах эрхтэй болохыг буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчид нь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаагийн дүгнэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын байцаагч М.Алтангэрэлийн үйлдсэн зам тээврийн ослын акт зэргийн үндэслэлтэй эсэхийг, тухайн автомашины осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжгүй гэжээ \хх-ийн 151-152 дугаар тал\.

Зам тээврийн осол гарах үед суурингаас гаднах, асфальтан гадаргуу бүхий зам шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан нь зам тээврийн ослын актад тусгагдсаны зэрэгцээ хөдөлгөөнд саад болох үйл явдал болоогүй болохыг жолооч Ж.Сүхбаатар, зорчигч Даваа нар тайлбарласан байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т зааснаар “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлдэг ба Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1.-д зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээдэг байна. Харин Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 8.5.1.-д зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах эрхтэй байна. Зохигчид даатгалын гэрээндээ хурд хэтрүүлэх явдлыг даатгалын нөхөн төлбөрийг багасгаж төлөх нөхцөл болгон тусгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагын ажилтнууд зохих журмын дагуу бүртгэлд тусгаагүй, прокурорын хяналтанд оруулаагүй зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч энэхүү зөрчил нь даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзэх шууд үндэслэл биш учир нэхэмжлэгчид төлсөн даатгалын нөхөх олговрыг буцаан гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв  болжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН