| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 149/2019/0165/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 234
У.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлалтай, У.С-д холбогдох 1932000000159 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туул, Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй С овогт У-ын С нь
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Д-т хүч хэрэглэн довтолж “Huawei Y-7” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх “... шүүгдэгч У.С-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.С-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар У.Сгээс 1.868.000 /нэг сая найман зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцатын 26 тоотод оршин суух Т овогт Ч-ийн Д-т олгож” шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Ц.Туул нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 10 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдол гаргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй”, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан эрхийг 2019 оны 08 дугаар сарын 16-ний шөнө цагдаагийн хоёр албан хаагч шүүгдэгч У.С-гийн гэрт прокурорын зөвшөөрөлгүй нэгжлэг үзлэг хийж хохирогч гэх Ч.Д-ийн гар утас хайсан тухай эрүүгийн 1932000000159 дугаартай хавтаст хэрэгт ямар ч тэмдэглэл тусгаагүй байна.
Шүүгдэгч У.С-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл “өмгөөлөгч оролцуулах 1.3 хэсэгт” монгол хэл, бичиг мэдэхгүй гэсэн заалтыг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 32 минутад гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл У.С /хавтаст хэргийн 47 дугаар хуудас /
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь хохирогч гэх Ч.Дийг согтуугаар оролцуулсан нь /хавтаст хэргийн 13 дугаар хуудас 2019 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл, 01 цаг 20 минутад драйгер төхөөрөмжөөр шалгахад 2,91% хувийн согтолттой хүнийг оролцуулсан/ зөрчсөн байна.
2019 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 12 цаг 05 минутад гэрч Ч.Д-ээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг “Согтуу буюу мансуурсан иргэнээс мэдүүлэг авсан” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас /, /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас согтуурал шалгасан тэмдэглэл Ч.Д-ийг/ зөрчсөн.
Шүүх, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуулыг нотлоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн. Учир нь 1932000000159 дугаартай хэрэгт У.С-г холбогдуулан шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлууд бий. Хавтаст хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол авагдсан буюу “танихгүй залуу эрх чөлөөнд халдлаа” гэх мэдээллийн дагуу хэрэг нээгдсэн. 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”-ийг цагдаагийн ахлах ахлагч Д.Ганзаяа хөтөлсөн бөгөөд 99402863, 99463902 гэсэн дугааруудаас залгаж тухайн мэдээллийг өгсөн байдаг. Хохирогч Ч.Д “намайг дээрэмдсэн хүн” гэж гэрч С.Б-г заасан асуудал бий. Мөн хохирогч Ч.Д-ийн өгсөн мэдүүлгүүд нь гэрч Г.Г-н мэдүүлэгтэй зөрсөн асуудал байгаа. Учир нь Г.Г “намайг ирэхэд нөгөө хүн нь зугтаад явсан” гэсэн бол Ч.Д “намайг ганцаараа байхад Г.Г ирсэн” гэх зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Утсаа дээрэмдүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч тухай цаг мөчид хохирогч Ч.Д нь өөрийн эзэмшлийн 994639** дугаараар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Түүнд хорих ял оногдуулсан шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудтай эрс зөрүүтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад юунд шинжээч томилсон эсэх нь эргэлзээтэй, шинжээчийн гарын үсэг байдаггүй. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлал нь анхан шатны шүүхийн хууль зөрчсөн алдааг хэлэлцээгүй, залруулаагүй гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэлсэн саналдаа “... Г.Г мэдээлэл өгсөн гэх боловч Ч.Д-ийн утасны дугаар байсан. Гэтэл анх дуудлага өгөхдөө “танихгүй залуу эрх чөлөөнд халдсан” гэх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд 2.91 хувийн согтолттой хүнд гар утас нь байсан эсэх нь энэ хэргийн гол зангилаа юм. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг маш ноцтой зөрчсөн асуудал бий. Мөрдөгчийн шинжээчид тавьсан асуулт нь газрыг зах зээлийн ханшаар үнэлүүлэх тухай байтал утас болон үүдэн шүдний үнэлгээ хийсэн байгаа нь хууль зөрчсөн. Мөн дүгнэлт гаргасан шинжээчийн гарын үсэг байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй агуулаагүй байна. Утсаа алдсан гэх боловч тухайн утсаараа цагдаад мэдээл өгсөн, таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, хэргийн газрын үзлэгийн хил хязгаарыг тогтоогоогүй, согтуу хүн байлцуулсан зэрэг зөрчлүүд байгаа. Иймд дээрх нөхцөл байдлууд нь эргэлзээ төрүүлж буй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... У.С-д холбогдох хэргийн нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдэж, тогтоогдсон. Хэдийгээр хохирогч Ч.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлыг бүрэн санаж, хэрэг илрүүлэх ажиллагаанд оролцсон. Таньж олуулах ажиллагаагаар У.С дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн хэргийн гол гэрч Г.Г-ийн мэдүүлгээр нотлогдсон. Эд мөрийн баримт болох гар утас олдоогүй учир хэрэг үйлдээгүй гэсэн гомдол гаргаж байх шиг байна. Хамт явсан хүмүүс нь “Ширхэнцэг” гэх гудамжны үзүүрт буусан талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч У.С-г “Зил-131” маркийн автомашинаас буусныг мөн хэлсэн. Шүүх У.Сд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туул, Л.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн У.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч У.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн гудамжны хойд хэсэгт иргэн Ч.Д-т хүч хэрэглэн довтолж “Huawei Y-7” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.С-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэж өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “... Ч.Д цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “танихгүй залуу эрх чөлөөнд халдсан” гэх асуудлаар мэдээлэл өгсөн, үүнийг анхаарах нь зүйтэй, мөрдөгчийн шинжээчид тавьсан асуулт нь газрыг зах зээлийн ханшаар үнэлүүлэх тухай байтал утас болон үүдэн шүдний үнэлгээ хийсэн байгаа нь хууль зөрчсөн, дүгнэлт гаргасан шинжээчийн гарын үсэг зурагдаагүй, таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зэрэг зөрчлүүд байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлээс /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ үзэхэд хохирогч Ч.Д нь “танихгүй залуу эрх чөлөөнд халдлаа” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд, “... тэр хүн намайг харанхуй газар руу чирсэн, би явахгүй зууралдтал намайг хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөхөд үүдэн шүд таарч хиймэл шүд маань хугарсан” гэж тэмдэглүүлсэн боловч гэрч С.Б-ийн “... машины гэрэлд согтуу эмэгтэй хүн зам дагаад явж байгаа харагдсан, бид нар тэр эмэгтэйгийн хажуугаар гараад Ширхэнцэгийн гудамж руу яг орох гэж байхад У.С би эндээс харьлаа гэж хэлээд машиныг зогсоолгож байгаад буусан”, гэрч Г.Г-н “... эмэгтэй хүн орилж хашгираад аллаа, зодоод байна гэж хэлсэн, би гүйгээд очтол тэр эмэгтэйн дэргэд байсан эрэгтэй хүн намайг хараад зугатаад гүйсэн” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч У.С нь хохирогч Ч.Д-ийн гар утсыг авахаар эд хөрөнгө буюу гар утсыг авах зорилгоор түүний эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдаж дээрэмдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Мөн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 165 дугаартай дүгнэлтэд шинжээч эмчийн гарын үсэг зурагдаагүй шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, өөрөөр хэлбэл ноцтой нөлөө бүхий үр дагавар бий болгоогүй байна. Харин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын шинжээчид тавьсан асуулт нь “газрыг зах зээлийн ханшаар үнэлж өгнө үү” гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд үүнийг цаашид анхаарвал зохино.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагааг явуулж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэмдэглэл” /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/ үйлдэж бэхжүүлсэн байх тул хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч У.С-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “өмгөөлөгч оролцуулах”, 1.3-т заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх боловч энэ талаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид тусгаж зассан ба шүүгдэгчийн урьд гэрчээр өгсөн мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.
Нэгтгэн дүгнэвэл У.С-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримтын дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Ц.Туул нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Ц.Туул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН