Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00696

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00696

 

 

 

Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/00359 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Э.Ат холбогдуулан сургалтын зээлийн гэрээний үүрэгт 14 475 004 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А нь Э ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа анх 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр суралцах хугацааны гэрээг байгуулж, техник технологийн коллежийн Авто замын инженерийн ангид суралцаж, сургалтын төлбөрийг компаниар төлүүлэх, гэрээний 2.4-р, "Программын дагуу амжилттай суралцаж, 2012 оны 1-р улиралд багтааж сургуулиа амжилттай төгсөж, Авто замын инженер болох", 2.6- д "Сургуулиа төгссөнөөс хойш 5-с доошгүй жилийн хугацаанд тус байгууллагад үр бүтээлтэй ажиллана. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг 3 дахин өсгөж төлнө" гэсэн нөхцөлтэйгөөр 4 жил суралцаж сургуулиа төгссөн. Э.А нь дахин 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №СГ03/15 дугаартай, Сургалтын төлбөрийн зээлийн гэрээг байгуулж, 4 675 000 төгрөгийг 7,5 жилийн хугацаатай, жилийн 1,8 хувийн хүүтэй, сургалтын төлбөрийн зээл" зориулалтаар авч, Шинжлэх Ухаан, Технологийн Сургуулийг Барилга архитектор мэргэжлээр, 2 жилийн хугацаатай суралцаж төгссөн. Гэвч Э.А нь 2018 оны 6 дугаар сард хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан. Тухайн үед Э.Ат ажлаасаа дур мэдэж гарч болохгүй, сургалтын зээлийн төлбөр дуусаагүй байгаа, компанид тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах зэрэг асуудлууд байх тул ажлаасаа гарч болохгүй гэдгийг хэлж, тайлбарлаж байсан боловч хүлээж аваагүй болно. Иймд 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн суралцах хугацааны гэрээний сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 980 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №СГ03/15 дугаартай, сургалтын төлбөрийн зээлийн гэрээний сургалтын төлбөрийн үлдэгдэл 12 495 000 төгрөг, нийт 14 475 004 төгрөгийг Э.Аээс гаргуулж, Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.А шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-д 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр туслах ажилтнаар ажилд орж, тухайн үед ажил олгогчийн санаачлагаар Техник технологийн коллежийн Авто замын инженерээр суралцуулан ажиллуулах талаар тохиролцож гэрээ байгуулсан. 2008-2012 оны хооронд суралцахдаа компаниас нийт 1 230 000 төгрөгийн төлбөрийг төлүүлснээс сүүлийн хоёр жил 2011-2012 онд улсаас тус бүр 500 000 төгрөгийн тусламж авч үлдсэн төлбөрийг тус компаниар гаргуулсан. 2008 онд байгуулсан гэрээний 2-т заасан хугацаандаа амжилттай төгсөж, 5-с доошгүй жил ажиллана гэсний дагуу 2008-2018 оны 6 дугаар cap хүртэл тус компанийн үйлчлэгч, зөөгч, тогооч, гэрийн үйлчлэгч, нарийн бичиг зэрэг туслах ажлуудыг инженерийн ажилтай хамт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бүгдийг хийж ажилладаг байсан.

Ажил олгогчийн санаачлагаар ШУТИС-ийн БАС-ийн архитектурын ангид дахин гэрээгээр суралцуулах саналтай байгааг хэлэхэд нь би зөвшөөрч, СГ03/15 тоот гэрээг байгуулан суралцсан. Гэрээний 2.1-2.4-т заасны дагуу бүх үүргийг биелүүлж, 2018 оны 01 сарын 18-ны өдөр амжилттай төгссөн. Тухайн үед ажил мэргэжлээ дээшлүүлэх чин хүсэлтэй ч амьдралын боломж муу байсан учраас боломж олгосонд маш их баярлаж, цаашдаа тогтвор суурьшилтай сайн ажиллана гэдэгтээ итгэлтэй байсан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр компанийн баримт цэгцэлж байтал захирал ирээд бичиг цаасны ажил багасаж байна уу гэхэд нь бие тааруу, сэтгэл санаа тогтворгүй байсан учраас юу гэхээ олохгүй байтал уурлаж ширээн дээр байсан бичиг баримтыг авч шидлэн, харааж загнасан. Загнаж дуусаад явсных нь дараа инженер н.Нэрэнхүү эгчийн юм асууж байгааг ч тоохгүй хажуугаар нь тэсэхгүй гараад гүйсэн. Тэндээсээ гэртээ шууд харьж ажлаас гарах өргөдлөө бичиж дүүгээрээ хүргүүлсэн, Маргааш нь Рапед мэд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн.

Захирал Ж.Батсайхан нь миний үеэл эгчийн нөхөр бөгөөд анх 2008 онд намайг Эрдэнэтэд арван жилээ төгссөний дараа хотод авч ажиллуулангаа сургалтын төлбөрийг төлнө гэж хэлсэн учраас захирлын гэрт 3 настай охиныг нь харан ажиллаж, сурахаар болсон. Захирал эгч хоёрт өдөр болгон загнуулж, учир байдлыг хэлэх гэхэд улам уурлаж тайлбар тавилаа гээд хүлээж авдаггүй байсан учраас зөв буруу хоёрын аль нь ч бай чимээгүй зогсох нь асуудлыг хурцдуулалгүй намжаадаг байсан. Эхнэр хүүхэд нь эзгүй үед орой том өрөөнд кино үзэж байтал өрөөнөөсөө хүрч ирэн хоёулаа хамт үзье гэж хэлээд хамт хэвтсэнээ бүх эмзэг хэсгүүдээр хүчээр оролдож үнсэж эхэлсэн. Би маш их айж түлхэж эсэргүүцсэнд өрөө рүүгээ орсон. Тухай үедээ болсон явдалд итгэхгүй уйлж, айж зугтмаар байсан ч ар гэр ядуу, гэр, эцэг эх минь хол байсан учраас бүгдийг тэвчиж дотроо хадгалж өдий хүрсэн.

2016 оны 8 дугаар сард захирал гэрээ цэвэрлүүлнэ гэж намайг гэр рүүгээ авч яваад, гэрт нь цэвэрлэгээ хийх гэтэл гараас барьж чамайг олон жил харж явсан, хүсэж байна гэдгээ хэлээд үнсэж тэвэрсэнд би эсэргүүцэж, айж уйлан уурласан. Гэтэл шүүхээс 14 475 004 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь эхэлж байгуулсан гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд төгссөнөөсөө хойш 5 жил ажилласан тул төлбөрийг буцааж төлөх үндэслэлгүй. Уг гэрээ нь хэтэрхий нэг талыг барьсан гэрээ ба ажил олгогчийн буруугаас болж ажлаас халагдах нөхцөлд үүсвэл зохих асуудлыг шийдвэрлэх талаар огт заагаагүй байгааг харахад хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Надад олгосон сургалтын төлбөр нь тухайн компанийн буцалтгүй тусламж байсан. Харин уг гэрээгээр далимдуулж намайг өөр ажил хийлгэхгүй гэсэн халхавч, хэрэгсэл болгох, бэлгийн дарамт үзүүлэх арга болгосон гэж үзэж байгаа. Анхнаасаа захирал надтай болон аав, ээжтэй ярихдаа буцалтгүй тусламж болгон сургалтын төлбөрийг өгнө гэж хэлсэн. Мөн би тэднийд 2 жил ямар ч үнэ хөлсгүйгээр хүүхдийг нь харж өгсөн, төгсөөд тус компанид 10 жил ямар ч алдаа эндэгдэлгүй ажиллаж байсан. Харин захирлын зүй бус байдлаас болж ажил хийх боломжгүй болсон. Захирал өөртэй нь дотно харилцаанд ороогүй учраас энэ нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэ тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Аээс 7 556 167.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 918 836.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 325 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Аээс 135 848 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

Хариуцагч Э.А давж заалдах гомдолдоо: Э ХХК-д 5 жил ажиллахад дан ганц ажилтан биш ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй ажиллах ёстой талаар тус гэрээний 4.1-д өөрийн буруугаас хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд хүргэсэн бол гэх нөхцөлийг зааж өгсөн байдаг.

Захирал надад ажлын байрны дарамт болоод бэлгийн шинжтэй дарамт үзүүлэх гэж оролддог байсан тул ажлаа орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ талаар би анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримтыг гарган өгч гэрч асуулгасан. Мөн Хүний эрхийн Үндэсний комисст хандсан талаар шүүхэд илэрхийлж байсан. Би энэ компанид ажиллаж байхдаа бүх ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байсан ч захирлын өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ажилдаа очих нөхцөл байдалгүй болсон. Шүүхийн шийдвэрт намайг гэрээнд заасан тухайн компанид 5-аас доошгүй жил ажиллах үүргээ биелүүлээгүй, 6 сарын хугацаанд ажилласан байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Компани гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн зээл гэж бичсэн байдаг ч сургалтын төлбөрийг тодорхой нөхцөл болзолтойгоор буцалтгүй түсламж хэлбэрээр өгсөн юм. Би тус гэрээнд заасан 2.1, 2. 2. 2.3, 2.4-д заасан үүргээ биелүүлсэн. Шүүх намайг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол нэгд сургуулиа төгсөн төгстлөө ажиллаж байсан, мөн гэрээнд заасан үүргээс 4 үүргийг ягштал биелүүлж ажиллаж байсан, 5 дахь үүргээ биелүүлэх явцад ажил хийх нөхцөлгүй болгосон нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг нягтлан шалгах байсан шүүх энэ байдлыг харгалзан үзээгүй. Миний буруутай шалтгаанаар гэрээний үүрэг цуцлагдаагүй. Анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэмж 7 556 167 төгрөг надаас гаргуулж шийдвэрлэснийг би зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 475 004 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

1 дэх шаардлагын тухайд:

Талууд 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Суралцах хугацааны гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээний дагуу Э.А нь Техник технологийн коллежид автозамын инженерийн ангид суралцах, 2012 оны 1 дүгээр улиралд багтаан сургуулиа төгсөж авто замын инженер болох, 7 хоногт 40 цагаас доошгүй хугацаанд байгууллага дээр тогтвортой ажиллаж, сургуулиа төгссөнөөс хойш 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг 3 дахин нэмж төлөх, Э ХХК-ийн хувьд Э.Аийн суралцах хугацааны зохих төлбөрийг хугацаанд нь төлөх, суралцах боломжоор хангах, сургууль төгссөний дараа ажлаар хангах, түүний сарын ажлын хөлсийг 108 000 төгрөгөөс багагүй тогтоож олгох, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг тус тус хүлээжээ. /хх-6,9/ Энэ гэрээнд талууд зээлийн болон хөдөлмөрийн гэрээний аль аль шинжийг агуулсан холимог гэрээний тохиролцоо хийсэн байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгч талаас хариуцагч Э.Аийн сургалтын төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаангүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаанд хөдөлмөрлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэл заан, түүнээс сургалтын төлбөрт төлсөн 1 980 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч буцаан шаардаж байна.

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Техник технологийн коллежийн бакалаврын Д201236874 дугаартай диплом зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Эм Си Пи Си ХХК нь хариуцагч Э.Аийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2008 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд тасралтгүй төлсөн, гэрээнд заасан хугацаанд Э.А сургуулиа төгсөж барилгын инженер мэргэжил эзэмшсэн үйл баримт тогтоогдсон байх ба нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хх-72-77, 68/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагч Э.Аийг сургуулиа төгссөнөөс хойш Эм Си Пи Си ХХК-д таваас дээш жил ажиллаж гэрээгээр тохиролцсон нөхцлөө биелүүлсэн гэж үзэн, нэхэмжлэгчийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.Аээс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний үүрэгт 12 495 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр СГ03/15 дугаартай Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулахдаа зээлдүүлэгч Э ХХК-аас 4 675 000 төгрөгийг 7.5 жилийн хугацаатай, жилийн 1.8 хувийн хүүтэйгээр сургалтын төлбөрийн зориулалтаар Э.Ат зээлдүүлэх, улмаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн ажлын байрыг хадгалах, техник хэрэгсэл, гүйцэтгэх ажлаар хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зээлдэгч Э.А нь 2017 оны 12 дугаар сард багтаан ШУТИС-ийг барилга архитектур мэргэжлээр дүүргэж бакалавр зэрэгтэй төгсөх, түүнээс хойш 5 жилээс доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зээлдүүлэгчид ажиллахаар нөхцөл тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх7-8/ Уг гэрээг мөн холимог гэрээ гэж үзэхээр байна. Тодруулбал, дээрх гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан зээлийн мөнгөн хөрөнгийг барагдуулсанд тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг, нөгөө талаар Э ХХК нь Э.Аийг ажлын байрыг хадгалах, гүйцэтгэх ажлаар хангахаар тохиролцсон нь хөдөлмөрийн гэрээний шинжийг тус тус агуулжээ. Энэ гэрээнд заасны дагуу хариуцагч нь сургуулиа төгссөнөөс хойш 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах үүргээ биелүүлсэн эсэх, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх боломжоор ажил олгогч хангасан эсэх нь зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл байна.

Хэргийн баримтаар хариуцагч Э.А нь 2018 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Архитектурын бакалаврын зэрэгтэй төгссөн, Э ХХК-аас сургалтын төлбөрт 4 919 380 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаангүй. /хх-10, 69/ Харин хариуцагч Э.Аийн ... захирал бэлгийн болон ажлын байрны дарамт шахалт үзүүлж байснаас ажиллах боломжгүй болсон, нэхэмжлэгч компанийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэх тайлбар нь хэргийн баримтаар нотлогдоогүй. Гэрч Л.Пүрэвцэрэн ..ажлаа гүйцэд хийж чадсангүй гээд хамт олных нь дунд хэлэх хэлэхгүй үгээр байх нөхцөлгүй болгосон гэсэн..., ...надад хэлэхдээ намайг оролдоод байгаа гэж л ярьсан. Яг яаж оролдсон талаар мэдэхгүй... гэрч Ч.Урандэлгэр ... зодохыг харж байгаагүй. Гэхдээ доромжлох сэтгэл зүйд нөлөөлөх зүйл байсныг мэдэж байна..., ...захирал цаасаа шидээд асуудал гарсан тэгэхээр нь би юу ч хэлэхгүй гараад ирлээ гэж надад хэлсэн..., ...бэлгийн харилцаанд орсон гэлүү, оролдсон гэлүү санахгүй байна... гэж тус тус мэдүүлжээ. /хх59-64/ Дээрх гэрчүүдийг мэдүүлэг нь шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх мэдүүлэг байх тул бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болно.

Э.А нь ажлын байрны болон бэлгийн дарамтад өртөж, үүний улмаас хөдөлмөрлөх боломжгүй болсон гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. /хх-21-23, 59-64/

Иймээс хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээл, зээлийн хүү, мөн гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцлага тооцон торгууль ногдуулан шаардаж буй нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/00359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 135 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД