Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/00359

 

2020 оны 01 сарын 21 өдөр     Дугаар 101/ШШ2020/00359        Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э.А” -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э.А -д холбогдох

14,475,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э.А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь “Э.А” ХХК-д “туслах ажилтан”-аар ажиллаж байхдаа анх 2008 оны 09-р сарын 22-ны өдөр “Суралцах хугацааны гэрээ”-г байгуулж, Техник технологийн коллежийн Авто замын инженерийн ангид суралцаж, сургалтын төлбөрийг компаниар төлүүлэх, гэрээний 2.4-р,"Программын дагуу амжилттай суралцаж, 2012 оны 1-р улиралд багтааж сургуулиа амжилттай төгсөж, Авто замын инженер болох", 2.6- д "Сургуулиа төгссөнөөс хойш 5-с доошгүй жилийн хугацаанд тус байгууллагад үр бүтээлтэй ажиллана. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг 3 дахин өсгөж төлнө" гэсэн нөхцөлтэйгөөр 4 жил суралцаж, сургуулиа төгссөн.

Э.А нь дахин 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн №СГ03/15 дугаартай, “Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ”-г байгуулж, 4,675,000 төгрөгийг, 7,5 жилийн хугацаатай, жилийн 1,8%-ийн хүүтэй, “сургалтын төлбөрийн зээл" зориулалтаар авч, Шинжлэх Ухаан, Технологийн Сургуулийг “Барилга архитектор” мэргэжлээр, 2 жилийн хугацаатай суралцаж, төгссөн. Гэвч Э.А нь 2018 оны 6 сард хүндэтгэх шалтгаангүйгээр, ажлаа хаяж явсан.

Тухайн үед Э.Ат ажлаасаа дур мэдэж гарч болохгүй, сургалтын зээлийн төлбөр дуусаагүй байгаа, компанид тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах зэрэг асуудлууд байх тул ажлаасаа гарч болохгүй гэдгийг хэлж, тайлбарлаж байсан боловч хүлээж аваагүй болно. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхийн 2019.05.23-ны өдрийн 101/Ш32019/08464-р  “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжаар ‘нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй” гэсэн үндэслэлээр буцааж байсан болно.

Иймд 2008.09.22-ны өдөр            “Суралцах хугацааны гэрээ”-ий сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,980,000 төгрөг, 2015.03.02-ны өдрийн №СГ03/15 дугаартай, “Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ”-ний сургалтын төлбөрийн үлдэгдэл 12,495,000 төгрөг, нийт 14,475,004 төгрөгийг Э.Аээс гаргуулж, “Э.А” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Э.А шүүхэд болон өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А” ХХК-д хариуцагч 2008 оны 9 сарын 10-нд туслах ажилтнаар ажилд орж, тухайн үед ажил олгогчийн санаачлагаар Техник Технологийн Коллежийн Авто Замын Инженерээр суралцуулан ажиллуулах талаар тохиролцож гэрээ байгуулсан. 2008-2012 оны хооронд суралцахдаа компаниас нийт 1,230,000 төгрөгийн төлбөрийг төлүүлснээс сүүлийн хоёр жил 2011-2012 онд улсаас тус бүр 500,000 төгрөгийн тусламж авч үлдсэн төлбөрийг тус компаниар гаргуулсан. 2008 онд байгуулсан гэрээний 2-т заасан хугацаандаа амжилттай төгсөж, 5-с доошгүй жил ажиллана гэсний дагуу 2008-2018.6 cap хүртэл тус компанийн үйлчлэгч, зөөгч, тогооч, гэрийн үйлчлэгч, нарийн бичиг зэрэг туслах ажлуудыг инженерийн ажилтай хамт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бүгдийг хийж ажилладаг байсан.

Ажил олгогчийн санаачлагаар ШУТИС-ийн БАС-ийн архитектурын ангид дахин гэрээгээр суралцуулах саналтай байгааг хэлэхэд нь би зөвшөөрч, СГ03/15 тоот гэрээг байгуулан суралцсан. Гэрээний 2,1-2,4-т заасны дагуух бүх үүргийг биелүүлж, 2018 оны 1 сарын 18-нд амжилттай төгссөн. Тухайн үед ажил мэргэжлээ дээшлүүлэх чин хүсэлтэй ч амьдралын боломж муу байсан учраас боломж олгосонд маш их баярлаж, цаашдаа тогтвор суурьшилтай сайн ажиллана гэдэгтээ итгэлтэй байсан.

2018.0702-нд компанийн баримт цэгцэлж байтал захирал ирээд бичиг цаасны ажил багасаж байна уу гэхэд нь бие тааруу, сэтгэл санаа тогтворгүй байсан учраас юу гэхээ олохгүй байтал уурлаж ширээн дээр байсан бичиг баримтыг авч шидлэн, харааж загнасан. Би хөл дээрээ ч салгалж чичрээд тогтож чадахгүй зогссон. Загнаж дуусаад явсных нь дараа инженер Нэрэнхүү эгчийн юм асууж байгааг ч тоохгүй хажуугаар нь тэсэхгүй гараад гүйсэн. Тэндээсээ гэртээ шууд харьж ажлаас гарах өргөдлөө бичиж дүүгээрээ хүргүүлсэн, Маргааш нь Рапед мэд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн.

Захирал ******* нь миний үеэл эгчийн нөхөр бөгөөд анх 2008 онд намайг Эрдэнэтэд арван жилээ төгссөний дараа хотод авч ажиллуулангаа сургалтын төлбөрийг төлнө гэж хэлсэн учраас захирлын гэрт 3 настай охиныг нь харан ажиллаж, сурахаар болсон. Захирал эгч хоёрт өдөр болгон загнуулж, учир байдлыг хэлэх гэхэд улам уурлаж тайлбар тавилаа гээд хүлээж авдаггүй байсан учраас зөв буруу хоёрын аль нь ч бай чимээгүй зогсох нь асуудлыг хурцдуулалгүй намжаадаг байсан. Эхнэр хүүхэд нь эзгүй үед орой том өрөөнд кино үзэж байтал өрөөнөөсөө хүрч ирэн хоёулаа хамт үзье гэж хэлээд хамт хэвтсэнээ бүх эмзэг хэсгүүдээр хүчээр оролдож үнсэж эхэлсэн. Би маш их айж түлхэж эсэргүүцсэнд өрөөрүүгээ орсон. Тухай үедээ болсон явдалд итгэхгүй уйлж, айж зугтмаар байсан ч ар гэр ядуу, гэр, эцэг эх минь Эрдэнэт хол байсан учраас бүгдийг тэвчиж дотроо хадгалж өдий хүрсэн.

2016 оны 8 сард захирал гэрээ цэвэрлүүлнэ гэж намайг гэрлүүгээ авч яваад, гэрт нь цэвэрлэгээ хийх гэтэл гараас барьж чамайг олон жил харж явсан, хүсэж байна гэдгээ хэлээд үнсэж тэвэрсэнд би эсэргүүцэж, айж уйлан уурласан. Би айж уйлан, чичирч байсан болохоор намайг тайтгаруулсны дараа би угаалгын өрөө ариун цэврийн өрөөг нь цэвэрлэж өгөөд ажил руу буцаж очилгүй цүнх, гадуур хувцсаа орхиод шууд харьсан.

Гэтэл шүүхээс 14,475,004 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь эхэлж байгуулсан гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд төгссөнөөсөө хойш 5 жил ажилласан тул төлбөрийг буцааж төлөх үндэслэлгүй. Уг гэрээ нь хэтэрхий нэг талыг барьсан гэрээ ба ажил олгогчийн буруугаас болж ажлаас халагдах нөхцөлд үүсвэл зохих асуудлыг шийдвэрлэх талаар огт заагаагүй байгааг хархад хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Надад олгосон сургалтын төлбөр нь тухайн компаний буцалтгүй тусламж байсан. Харин уг гэрээгээр далимдуулж намайг өөр ажил хийлгэхгүй гэсэн халхавч, хэрэгсэл болгох, бэлгийн дарамт үзүүлэх арга болгосон гэж үзэж байгаа. Анхнаасаа захирал надтай болон аав, ээжтэй ярихдаа буцалтгүй тусламж болгож сургалтын төлбөрийг өгнө гэж хэлсэн. Мөн би тэднийд 2 жил ямар ч үнэ хөлсгүйгээр хүүхдийг нь харж өгсөн, төгсөөд тус компанид 10 жил ямар ч алдаа эндэгдэлгүй ажиллаж байсан. Харин захирлын зүй бус байдлаас болж ажил хийх боломжгүй болсон. Захирал өөртэй нь дотно харилцаанд ороогүй гэж өширхөсөн учраас энэ нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэ тайлбарыг гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А ХХК, хариуцагч Э.Ат холбогдуулан 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Суралцах хугацааны гэрээний сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,980,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №СГ03/15 тоот Сургалтын төлбөрийн зээлийн гэрээний сургалтын төлбөрийн үлдэгдэл 12,495,000 төгрөг, нийт 14,475,004 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Суралцах хугацааны гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сургалтын төлбөрийн зээлийн гэрээг тус тус байгуулжээ. Гэрээ байгуулсан шалтгааныг хариуцагч нь сургуулиа нэхэмжлэгчийн зардлаар суралцаж төгссөнөөс хойш компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэйгээр 5-аас доошгүй жил ажиллах үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь суралцах хугацааны нь төлбөрийг хариуцагчид төлөхөөр тохиролцжээ.

Талуудын дээрх нь тохиролцоо нь хөдөлмөрийн харилцаанд үндэслэсэн талаар зохигч маргахгүй ба зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нэхэмжлэгч Э.А ХХК ажил олгогчийн хувьд хариуцагч Э.Аийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2008 оны 09 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарын хугацаанд төлсөн байна.

Нэхэмжлэгч 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Суралцах хугацааны гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр сургалтын төлбөрийн үлдэгдэлд 1,980,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагч гэрээний 2-т заасан үүргээ биелүүлжээ. Хариуцагч 2012 оны 06 дугаар сард Техник технологийн коллежийг “Авто замын барилга” мэргэжлээр суралцаж төгссөн, 2012 оны 06 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээгээр ажилласан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байна.

Харин зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СГ03/15 тоот Сургалтын төлбөрийн зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. тус гэрээний 2.1-д заасан “Архитектур” мэргэжлээр ШУТИС-ийг 2018 оны 01 дүгээр сард суралцаж төгссөн байх боловч, гэрээний 2.5-д зааснаар мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллах үүргээ биелүүлээгүй, 6 сарын хугацаанд ажиллажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсжээ. Хариуцагч сургалтын төлбөрийн зориулалтаар нэхэмжлэгч сургалтын төлбөрийн зориулалтаар мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгож, хариуцагч зээлийг зориулалтын дагуу ашигласан, зээлийн төлбөрийг эзэмшсэн мэргэжлийн дагуу нэхэмжлэгч компанид ажиллаж хөдөлмөрийн үр шимээр тооцон төлөхөөр тохирсон нь хуулийн агуулгад нийцнэ.

Гэрээний 2.5-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,919,380 төгрөг, гэрээний 1.1-д зааснаар тус зээлийн дүнгийн 4 жилийн хүү /4,919,380 төгрөгийн нэг жилийн 1.8 хувийн хүү 88,548.8х4=354,195.2/ 354,195.2 төгрөг, нийт 5,273,575.2 төгрөгөөс гэрээний 4.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар тооцсон торгууль 2,636,787.6 төгрөг, нийт 7,556,167.6 төгрөгийг хариуцагч Э.Аээс гаргуулан нэхэмжлэгч Э.А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,918,836.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Аээс 7,556,167.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,918,836.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,325 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Аээс 135,848 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ