Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 627

 

Р.Бямбадуламд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, түүний өмгөөлөгч О.Батсүх,

ялтан Р.Бямбадуламын өмгөөлөгч А.Төмөрчулуун,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, ялтан Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Бямбадуламд холбогдох 727648 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шар мухлай овогт Равдангийн Бямбадулам, 1975 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 217 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 8 дугаар сарын 7-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: УХ75030862/;

 

Р.Бямбадулам нь 1997 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Р.Бямбадуламд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шар Мухлай овогт Равдангийн Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтыг үндэслэн Р.Бямбадуламыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламаас 9,034,003 төгрөг гаргуулж хохирогч Э.Мандахад /регистрийн дугаар: УХ88060985/ олгож, хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Бямбадуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Р.Бямбадулам давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг хэргийг хийснийг нотолсон нотлох баримт байхгүй. 19 жилийн өмнөх хэргийг тулган эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Хавтас хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримт цуглуулж хэтэрхий нэг талыг баримталж 19 жилийн өмнө болсон хэргийг илрүүлсэн нэр зүүхийн тулд миний болон 4 настай охины минь амьдралыг бодолцож хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Тухайн үед эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хутган дээрээс олдсон үс, цустай гутлын мөр зэрэг нь миний ДНХ болон хурууны хээтэй огт тохирдоггүй бөгөөд зайлшгүй нотлох ёстой зүйлсийг нотлоогүй байж онц хүнд хэрэгт гүтгэж амьдралд маань хар толбо үлдээж, сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд хохирол үзүүлж, сэтгэл зүйн дарамтанд оруулж байна. Миний бие 1997 оноос 2016 оны хооронд Монгол улсад байсан бөгөөд тухайн үед шаардлагатай байсан бол шалгах ёстой байсан ч шалгаагүй. 19 жилийн өмнөх хэргийг олон жилийн дараа гүжирдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж ял тулгаж, миний амьдралыг торны цаана өнгөрөөж, эх хүүхэд хоёрыг салгаж амьдралаар минь тоглож байгаад гомдолтой байна. Миний бие хэрэг хийсэн бол үнэн зөвөөр хүлээх байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө 16 жилийн ял сонсож, охиноо өнчрүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. 1997 оны 8 дугаар сарын 5-ны өдөр миний эцэг М.Элбэгзаяа бусдад онц хэрцгийгээр хорлогдон нас барсан бөгөөд 19 жилийн дараа энэ хэрэг илэрч, хэрэгтэн Р.Бямбадуламыг шүүх анхан шатны шүүх хурал болж өнгөрлөө. Хэрэгтэнг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэжээ. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгтэн давтан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйн хэрэг юм. Үүнийг хэвээр үлдээнэ гэж найдаж байна. Харин оноосон ялын хугацааны тал дээр маш их гомдолтой байна. Хэрэг үйлдэгдээд 19 жилийн дараа илэрсэн. Энэ хугацаанд талийгаачийн хөгшин настай эцэг, эх, насанд хүрээгүй 2 хүүхэд, идэр залуухан байсан эхнэрийн амссан зовлон шаналалыг юугаар ч хэмжишгүй юм. Насаа барагдтал, ясаа цайтал, амиа алдартал хүлээсэн эмээ өвөө 2-ын маань амссан бүхнийг 16 жилээр хэмжих нь утгагүй юм. Бид бүхэл бүтэн 19 жил хүлээсэн, зовсон, тэвчсэн, зарим нь хүлээж дийлээгүй өвчний уурхай болж амиа алдсан. Ард нь үлдсэн таван хүний амь амьдрал, хувь тавилан там болж хувирсан. Харин алуурчин бидний хажууд 19 жилийн турш мөр зэрэгцэн амьдарч, бүүр ээжтэй минь үг сольж, юу ч болоогүй юм шиг биднийг хараандаа байлгаж, хүссэнээрээ доромжилж тохуурхан амьдарч иржээ. Алуурчин тэр үед 22 настай байсан ба баригдах хүртлээ залуу насны 19 жилийн амьдралаа эрх чөлөөтэй хүссэнээрээ жарган өнгөрөөж ирсэн. Алуурчны идэр залуу насны 19 жилийн амьдрал ингэж өнгөрч байхад нөгөө талд 1943, 1936 онд төрсөн эмээ, өвөө, 1988, 1993 онд төрсөн хүүхдүүд 19 жилийн хугацаанд өтөл нас, хүүхэд насаа хэрхэн тамд өнгөрөөж ирснийг харгалзаж үзээч гэж гуйж байна. Гэтэл шүүхээс зүйл ангийн хамгийн бага хэмжээ болох 16 жилийн хорих ял оноожээ. Үүнийг зүйл ангийн хамгийн дээд хэмжээ болох 25 жил болгож өгөөч гэж хүсч байна. Хэрэг үйлдсэн алуурчин баригдахгүй удаан явах тусмаа, хохирогч нарын ар гэрийнхэнийг аль болох удаан тарчлаах тусмаа бага ял авдаг хуультай юм уу. Төрсөн эцгийгээ хутгалж ял авч байсан давтан гэмт хэрэг үйлдсэн энэрэлгүй алуурчинг юуг нь өрөвдөж зүйл ангийн хамгийн бага жилийг оноож байгааг гайхаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Ялаа багасгахаар барахгүй хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй гэнэ. Шүүх хурал дээр яригдсан, хэлэлцэгдээд өнгөрсөн баримт, хуулийн заалтыг дахин нуршиж тэмдэглэсэн хүсэлт байна. 1986 оны Эрүүгийн хуулийн 24.4, 2002 оны хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэснээр анхан шатны шүүх бүрэлдэхүүн хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх шаардлагагагүй гэж үзсэн нь шийтгэх тогтоол дээрээ тодорхой байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүссэнээр хүн алчихаад удаан зугтааж чадвал ялгүй өнгөрдөг хууль байхгүй гэж найдаж байна. 1998 онд аавтай минь яг адилханаар алагдсан С.Зоригийг алсан алуурчин олдвол ялгүй өнгөрөх үү. Хэргийг нь 1986 оны хуулиар шийдэж хэрэгсэхгүй болгож хаах уу. Хууль хүн бүрийн өмнө эрх тэгш үйлчилнэ гэж найдаж байна. Алуурчин гэм буруутай гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримт болон өөрийнх нь мэдүүлэг, мөрдөн байцаалтын видео туршилтаар прокурор болон анхан шатны шүүх дээр нотлогдсон гэм буруугийн тал дээр дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх дээр миний бүрэн нотолж гаргасан зардлын хэмжээ болох 9,034,003 төгрөгийн задаргаа бол тэжээгчээ алдсаны тэтгэмж 3,692,160 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг, 1997 онд гаргасан оршуулга цайллаганы зардал 4,641,843 төгрөг гарсан. Үүнээс яг 1997 онд гаргасан зардлыг өнөөгийн ханшаар шүүгдэгчээс гаргуулж авах хүсэлтэй байна. 1997 онд гаргасан 4,641,843 төгрөг өнөөдөр аваад би өнгөрсөн 1997 он руу очоод 230 төгрөгөөр талх худалдаж авах уу. Би 2016 онд амьдарч байна. Ямар ч бараа үйлчилгээг одоогийн үнэ ханшаар худалдаж авч хэрэглэнэ. Тэрнээс 1997 оны ханшаар одоо юу ч худалдаж авахгүй. Тиймээс 1997 онд гаргасан зардал болох 4,641,843 төгрөгийг өнөөгийн үнэ цэнэ ханшинд шилжүүлсэн тооцооллыг мэргэжлийн хүн болон газраар гаргуулж давж заалдах шатны шүүх дээр танилцуулах болно. Иймд шийтгэх тогтоолын зүйл ангийг хэвээр үлдээж, оногдуулсан ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оноож, надад олгохоор шийдвэрлэсэн хохирлыг өнөө үеийн үнэ цэнээр гаргуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Р.Бямбадуламын өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1997 оны 8 дугаар сарын 5-ны өдөр М.Элбэгзаяа бусдад хутгалагдан нас барсан бөгөөд шүүхээс Р.Бямбадуламыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Бямбадулам нь уг хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бүрэн нотлогдож тогтоогдоогүйн зэрэгцээ хэргийн газарт байсан 36 размерийн пүүз нь Бямбадуламынх болох нь эргэлзээтэй, Бямбадуламын мэдүүлгээр хэргийн газарт хиам, помидор байсан гэх боловч энэ нь үзлэгээр нотлогдоогүй, мөн яллагдагч тухайн үед хувцастай байсан гэдэг боловч хэргийн газрын үзлэгээр нүцгэн байсан зэрэг нь уг хэргийг Р.Бямбадулам үйлдсэн эсэхэд бодит эргэлзээг төрүүлж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлд “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Энэ хэргийг Р.Бямбадулам үйлдсэн гэж үзэж байгаа бол хэрэг 1997 онд үйлдэгдсэн бөгөөд энэ үед мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэх атал өнөөгийн хуулиар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болжээ. 2002 оноос мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4 дэх хэсэгт “онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 25 жил өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй тухай заасан бөгөөд 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд “Энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй тухай заасан байна. Гэтэл үүний эсрэгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Мөн хохирогчийн зүгээс гэм хорын хохирол нэхэмжлэхдээ нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж хэрэгт хавсаргаагүй атал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэн, хохирогч М.Элбэгзаяа нь Р.Бямбадуламыг хүчиндэх гэсэн, тухайн үед тэмцэл болж Бямбадулам эсэргүүцсэн нь хохирогчийн бие дэх хумсны шарх сорвиор нотлогдсон байхад ямар нэгэн ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн л шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж нэг талыг барьж шийдвэрлэсэн явдал болсон гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг хэргийг бүх талаас нь нарийн хянан үзэж энэ хэргийг 1986 оны буюу тухайн хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар зүйлчлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандахын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  буцаан хэрэглэнэ” гэж заасан. 1986 оны Эрүүгийн хуулиар хүнийг санаатай алах гэмт хэргийн ялын хэмжээг 20-25 жил хорих ял оногдуулахаар байгаа. 2002 оны Эрүүгийн хуулиар уг гэмт хэрэгт 15-25 жилийн хорих ял оногдуулахаар байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “... Р.Бямбадулам нь 1997 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар, хутгалж алсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Р.Бямбадулам нь 1997 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу олон тооны шарх гэмтэл учруулан хутгалж санаатай алсан болох нь:

гэрч Р.Золзаяагийн “...Бид хоёр 2009 оны 4 дүгээр сард танилцаад, 6 дугаар сард байр хөлсөлж тусдаа гарсан ...Бямбадулам заримдаа шөнө унтаж байхдаа гэнэт уулга алдаад босоод ирдэг. Тэгээд дотор бачуураад байна гэдэг байсан. Одоо бодоход үйлдсэн хэргээ дотроо хадгалаад түүндээ зовж шаналаад л архи уугаад байдаг байсан юм байна гэж бодож байна. ...Архи уусан согтсон үедээ би чамд нэг том нууц хэлмээр байна, даанч чи намайг ойлгохгүй байх гэж хэлдэг байсан...” /3-р хх-ийн 34-35 тал/,

гэрч Н.Ганцэцэгийн “...Би Бямбадулам гэдэг нэрээр нь танихгүй Болороо гэдэг нэрээр нь л таних юм байна. 1997 онд урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нэг камерт байсан. Тухайн үед тэр хүүхэн залилангийн хэргээр билүү танхайн хэргээр ...шалгагдаж байсан байх. Яг ямар хэргээр шалгагдаж байсныг нь би сайн мэдэхгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна 1997-1998 он гэж л санаад байна. Урьдчилан хорих төвөөс бид хоёр хоёулаа суллагдаад гарчихсан байсан. Би ээжийг асраад гэртээ байдаг бөгөөд нэг өдөр манай гэрийн утас руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ, худлаа яриад бай гэж хэлээд л өнгөрсөн. Түүнийг би хүн хутгалсан гэж хэлэхэд итгээгүй. Яг хэнийг ямар учраас хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна...” /3-р хх-ийн 36 тал/,

сэжигтэн Р.Бямбадуламын “...Би одоо он сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зуны өдөр л байсан. Элбэгзаяа ах, ахын гэрийн утас руу залгаж надтай яриад ахынх нь эхнэр, хүүхэд байхгүй байна ирээд гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Манай ахын байр тэрний байрны хажуугийн байранд ойрхон байдаг байсан. Манай ахынх 6 дугаар байр Элбэгзаяа ахын байр 4 дүгээр байр байсан санагдаж байна. Яг л зэргэлдээ байрнууд байсан. Би тэдний гэрт яваад ороход үдээс хойш хавьцаа байх гэгээтэй байсан. ...Гэрт нь ороход Элбэгзаяа ах ганцаараа ...жаахан уусан байсан. Тэгээд ахынх нь нэг найз хүүхэн ирээд явлаа гэж ярьж байсан. Тэгээд ...хоол хийгээд өгөөч гэсэн. Би хоол хийж чадахгүй шүү, зууш хийгээд өгье гэж хэлсэн. ...Би орж ирээд шууд 00 руу нь орсон. Тэр үед миний сарын юм ирсэн байсан болохоор солих гэж орсон. Тэгээд солиод хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлон дотор нь хийчихсэн. Усыг нь татаагүй орхичихсон. Усыг татах гэхэд бочки нь эвдэрсэн байсан. Тэр өөрөө жорлонд ус татагдахгүй, саванд ус хийж байгаад хийдэг юм шүү гэж хэлсэн. Тэдний гэрт 2 авдар пиво байсан санагдаж байна. Ямар ч байсан пиво л байсан. Надад тэр пивоноосоо өгөөд дайлсан. Би пивоноос 1 лаазыг уусан. Надад тамхи өгсөн. Би тэрнээс 2-3 ширхэг тамхи татсан. Тэр тамхи нь тухайн үедээ үнэтэй л тамхи байсан. Монте карло билүү Марлборо ч билүү сайн санахгүй байна. Намайг гаргахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилсон байсан. Тэгээд намайг унтъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч юм ирсэн байсан болохоор би зөвшөөрөөгүй. Би зууш хийж өгөхөөр гал тогооных нь өрөө рүү орсон. Тэгээд гэрийнх нь хутгаар хиам, огурцы, помидор зэрэг зүйл хөшиглөж, зууш бэлдээд зогсож байтал араас тэврээд авсан. Тэгэхээр нь би та яаж байна аа гэхэд больсон. Би та яаж байнаа, таныг ахдаа хэлнэ шүү гэхэд чи насанд хүрсэн биз дээ, том хүүхэн болоо биз дээ гэсэн. Тэгснээ араас ахиад тэврээд том өрөө рүү тэвэрч оруулаад өөр лүүгээ харуулаад орон дээр хэвтүүлээд дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Тэгэхэд би миний юм ирчихсэн, та яаж байнаа гэхэд битгий худлаа яриад бай гээд дайраад байсан. Нилээн ноцолдсон. Тэгэхэд би нөгөө зууш бэлтгэж байсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд ноцолдож байхад Элбэгзаяа ах эвгүй дуу гаргаад ёо гэсэн. Тэгээд ...би түүнийг хажуу тийш нь болгоод харахад гар цус болчихсон байсан. Тэгээд босоод гараад зугтаасан. Би гарч зугтахдаа хаалгыг нь хаагаагүй. Гараад явж байхад бүрэнхий болсон байсан. Би маш их сандарсан байсан. Тэгэхдээ би хүн алсан байна гэж огт бодоогүй. Би цагдаад хэлэх гээд гүйгээд цагдаа олоогүй. Тэгээд би гүйгээд л гэртээ ирсэн байсан. ...Би сандраад яахаа мэдэхгүй байсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би буцаж гараад гадаа хоносон... Би Элбэгзаяа ах яасныг мэдээгүй, тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд л эхнэр нь нас барсан гэж байсан. Би хэзээ нэгэн цагт баригдах байх л гэж бодож байсан. Яаж хэлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байсан. Тэгэхдээ би түүнийг алъя гэж огт бодоогүй... Би яг хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг дараад унагаасан байхад би баруун гартаа хутгаа барьсан байсан. Хутгаа хааш нь хаяснаа ч санахгүй байна. Би түүнийг түлхээд босч ирэхэд Элбэгзаяа ах чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд босоод ирсэн. Тэгээд намайг гаргахгүй гээд цоожилсон байсан түлхүүрийг нь ширээн дээрээс аваад хаалгыг нь онгойлгосон. Тэгэхэд араас ирээд гарнаас татахаар нь гараа угз татаад авсан. Тэгээд газар уначихсан хөлнөөс татахаар нь хөлөө аваад хаалгыг нь савж онгойлгоод гарсан... түлхүүрийг нь хаалгыг нь онгойлгоод тэнд нь үлдээгээд гарсан, авч гараагүй...” /3-р хх-ийн 57-58 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн “Гадуур үзлэгээр: ...цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5x0,8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0,3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0,4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0,2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнуудтай. Зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0,3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралттай. Баруун шанаанд Зх0,2, 2х0.2 см, 0,5x0,2 см, чихний ард 2,5x0,2 см, хүзүүний баруун талд 3х0,2, 1,5х0,2 см 3 ширхэг 0,2х0,2, баруун мөрөнд 3x0,2 см 38x0,2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0,2 см зах ирмэг тэгш биш шархтай, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы түвшинд 2х0,8 см зах ирмэг тэгш ангархай хэвлий цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0,4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шархтай. Баруун далан дээр 1x0,1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шархтай...Онош: Цээж хэвлийн хөндий үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн шарх дотуур цус алдалт үнхэлцгийн чихээс зүрхний шархаар зүрхний зүүн хөндийгөөс цус алдаж үнхэлцгийг дүүргэх, нүүр хоолой цээж мөрний өнгөц шарх. Зүүн бөөрний өөхлөгийн шарх, өөхлөгийн цус хуралт, элэг бөөр зүрхний тэжээлийн хямралт. Цусан дахь 2.1% этилийн спирт. Дүгнэлт.1.Хохирогчийн цогцост дээрх оношинд дурдсан гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо. 2.Хохирогчийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нуруу далны цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бусад шарх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Дээрхи гэмтлүүд нь амь насыг аврах боломжгүй гэмтлүүд болно. 4.Хохирогчийн хэвлий цээж үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн дотуур цус алдаж, мөн үнхэлцгийн хальс цусаар дүүрч зүрх агшиж чадахгүй болсноос нас баржээ. 5.Хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 6.Хохирогчийн цээжний зүүн талын шарх нь дээрээсээ доошоо чиглэлтэй байна. 7.Элбэгзаяа нь АВО –ийн системд В3-р бүлгийн цустай байна... ” гэх 584 /111/ дугаар акт /1- хх-ийн 36-37 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 663 дугаар “...Дүгнэлт: ...цээжний зүүн өмнө 3,4-р хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5х0,8см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь дээрээс доош, урдаас арагш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12-р хавирганы түвшинд 2х0,8см зах ирмэг тэгш хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Яллагдагч хутгаа баруун гартаа барьж дээшээ харж хэвтсэн, хохирогч дээрээс нь харсан байрлалтай байх үед хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний хөндий нэвтэрсэн, арьс цоолсон, хавж орсон гэмтлүүд нь үүсэх боломж муутай. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар иштэй хутгаар уг гэмтлүүд үүсгэгдэх боломжтой. Талийгаач цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх, гэмтлийг авсны дараа дотуур хурц цус алдалт, зүрх чихэлдэлт зэргийн улмаас богино хугацаанд үхэлд хүрнэ. Талийгаач дээрхи гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 128-129 тал/,

1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн “...13 дугаар хорооллын 7-р орц 245 тоот айлын орон сууцанд 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг 15 минутад үзлэгийг явуулав. ...Хаалганы зүүн талд толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан баруун гараа дарж атирч хэвтсэн, зүүн гарын долоовор, эрхий хурууны завсар улаан өнгийн хуванцар иштэй нарийн хутгыг завсар хавчуулсан, дээд хэсгээрээ цээж нүцгэн, доогуураа цагаан саарал өнгийн судалтай турсик өмссөн, биеийн баруун хөл, баруун гарын шууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, нүүр болон хурууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байв. ...өрөөний голд дэвссэн хивсэн дээр хүрэн шилэн савтай үнсний сав байх бөгөөд шилэн саванд татаж орхисон 8 ширхэг тамхины иш байх бөгөөд уг ишийг эд мөрийн баримтаар хураан авсан болно. Мөн үнсний савны дэргэд “Marlboro” тамхины хайрцаг байлаа. Дотор нь 1 ширхэг тамхи байлаа. Мөн ширээний дээр “Cola” гэсэн бичигтэй ундаа байх бөгөөд 1 лааз нь бүтнээрээ, нэг нь онгойлгож уусан байдалтай байлаа. Мөн шалан дээр ногоон өнгийн цаасан хуулгатай дээр нь “Trec” гэсэн бичигтэй төмөр лаазтай өргөст хэмх байв. Өргөст хэмхний таг нь үнсний саванд хэвтэж байв. Дотор нь тал хэсгээрээ дутуу орхигдсон байна. Өрөөний хивсэн дээр шингэн зүйлийн асгарсан хатац 27х12см хэмжээтэй байв. Өрөөнд байгаа эд зүйлс болох пиво, ундааны лааз, архины шил, шилэн таваг, өргөст хэмхний лаазан дээрээс шинжээч хар өнгийн нунтгаар гарын мөрийг хайхад 16 лааз пиво, ундааны 3 лаазан дээрээс, тамхины хайрцаг, өргөст хэмхний лааз зэргээс гарын мөр 42 ширхгийг илрүүлэн хураан авсан болно. ...бие засах газарт явуулахад ...жорлонгийн ус нь дүүрэн, дээр нь байдаг таг нь сөхөөстэй, жорлон дотор эмэгтэй хүний дамаск байсныг эд мөрийн баримтаар хураан авав....” гэх хэргийн газрын үзлэгийн протокол /1-р хх-ийн 4-6 тал/,

Хэргийн газар дээрх байдлыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-19 тал/,

хүний цогцсонд үзлэг хийсэн “...Духны голд болон үстэй хэсгийн захад баруун чихний доод болон хүзүүний баруун хэсэг, баруун хацарт, баруун мөрний ар хэсэгт, цээжний зүүн хэсгүүдэд 4х0,2, 0,7х0,2 см хэмжээтэй 24 ширхэг хүрэн бор өнгийн тав тогтсон зулгаралттай, цээжний зүүн доод хэсэгт 7,5х0,6 см хэмжээтэй 2ш өнгөц зулгаралттай, зүүн мөрөнд 10х0,2 см, зүүн тохойн гадна хэсэгт 7,5х0,1 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн өнгөц зулгаралттай. Цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 3,4-р хавирганы завсар босоо зуувин хэлбэртэй хар хүрэн өнгийн цус хуралттай 2х0,8 см хэмжээтэй. Цээжний зүүн хэсэгт суганы шугамаар 8,9 хавирган завсар босоо байрлалтай 2х0,8 см, зүүн далны дээд дотор булангаас баруун тийш 3 см зайд ташуу байрлалтай 2х0,5 мм, уг шархнаас зүүн тийш 1,6 см урт зулгаралттай, ...ташуу байрлалтай 1,5х0,5 мм байрлалтай зах ирмэг тэгш зууван хэлбэртэй, гүн тодорхой бус ангайсан шархнуудтай байна...” гэх протокол /1-р хх-ийн 8 тал/,

Цагдаагийн ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний төвийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1154 дугаар “Хэлбэрээ алдсан 5 ширхэг ишинд В/III/ бүлгийн харъяалалтай хүний шүлс байна. Хэлбэрээ алдаагүй 3 ширхэг ишинд 0/I/ бүлгийн харъяалалтай хүний шүлс байна.” /1-р хх-ийн 46 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2235 дугаар “Яллагдагч Р.Бямбадуламын цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна. Яллагдагч Р.Бямбадуламын цусны ДНХ-ийн тогтоцыг 16 локусын аллелиар тогтоов.” /3-р хх-ийн 55-56 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжээчийн 5676 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 19 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрх 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МN000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрх 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МN000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно.” /3-р хх-ийн 15 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1800 дугаар “Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрх 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МN0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрх 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МN0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно. Шинжилгээнд тэнцэх бусад 16 ширхэг гарын мөр яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардастай тохирохгүй. Шинжилгээнд тэнцэх яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд МN000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын гарын хээний дардастай тохирно.” /3-р ххийн 41-42 тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Р.Бямбадуламд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Р.Бямбадуламын 1997 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр байрны 245 тоотод орших М.Элбэгзаяагийн гэрт иргэн М.Элбэгзаяаг өвтгөж шаналгасан олон тооны шарх гэмтэл учруулан хутгалж алсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн 91.2.12 дахь хэсэгт заасан “...онц харгис хэрцгий аргаар алсан...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэж, ялтан Р.Бямбадуламын “...гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын “...хориос хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ...” гэсэн хэмжээ нь одоо дагаж мөрдөгдөж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “...арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ...” гэж хөнгөрч өөрчлөгдсөн байх тул Р.Бямбадуламын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацааг шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Г”-д “энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрсөн” гэж заасан нь Р.Бямбадуламын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Энэ хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ...” гэж заажээ. Р.Бямбадуламын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг нь цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг мөн тул ялтны өмгөөлөгчийн гаргасан “...Р.Бямбадулам эмэгтэй хүн, эмэгтэй хүнд цаазаар авах ял оногдуулж болохгүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ял эдлүүлж болохгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

“...Р.Бямбадуламын хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм  хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх шаардлагагүй...” гэж анхан шатны шүүхийн дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзсэн тул ялтны өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан “...Р.Бямбадуламын эрх зүйн байдлыг дордуулсан...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхээс Р.Бямбадуламд оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин шүүх Р.Бямбадуламд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлсэн зүйл, хэсгийг журамлаагүй орхигдуулсан, мөн  амь хохирогчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, тэтгэмжийн зөрүүг буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хохирогч М.Элбэгзаяа нь хувиараа бизнес эрхэлдэг, хөдөлмөрийн чадвар бүхий иргэн байсан байх тул түүний олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэмж хоёрын зөрүүг нэхэмжилж буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандахын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангахдаа хохирлын хэмжээг буруу тооцсоныг хуулийн холбогдох заалтад нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасна...” гэж зааснаар тооцвол амь хохирогч М.Элбэгзаяа нь тухайн үед ам бүл 4, өрх тусгаар амьдардаг байсан болох нь хохирогч А.Байгалмаа /1-р хх-ийн 59-65 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Мандах /1-р хх-ийн 66-67 тал/, хохирогч П.Маам, Г.Нина /2-р хх-ийн 192-193 тал/, гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ. Иймд 1997 оны 9 дүгээр сарын 1-ээс тэжээгчээ алдсаны тэтгэмж авч дуусах хугацаа болох 2011 оны 7 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд амь хохирогчийн орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 8,551,755 төгрөг /3-р хх-ийн 194 тал/ байх ба үүнээс амь хохирогч болон хөдөлмөрийн чадвартай А.Байгалмаа /эхнэр нь/ нарт оногдох хэсгийг хасаад үлдсэнийг нь тооцоход /8,551,755:4 ам бүл=1 хүнд 2,137,939₮ ногдоно. Үүнийг хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхдээр тооцоход 2,137,939х2=4,275,878₮./ амь хохирогчийг 2 хүүхдийн насанд хүртэлхи ногдох орлого 4,275,878 төгрөгийн орлого байна. Үүнээс 2 хүүхдийн тус хугацаанд авсан нийт 3,692,160 төгрөгийн тэтгэмж /3-р хх-ийн 195 тал/-ийг хасахаар 583,718 төгрөгийн зөрүүг Р.Бямбадуламаас гаргуулах хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандахад олгохоор шийдвэрлэх боломжтой бусад хохирлын хэмжээг анхан шатны шүүх үндэслэл бүхий, зөв тооцжээ. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр Шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтыг үндэслэн Р.Бямбадуламыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Р.Бямбадуламыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламаас 9,034,003 төгрөг гаргуулж хохирогч Э.Мандахад /регистрийн дугаар: УХ88060985/ олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламаас 4,758,126 /дөрвөн сая долоон зуун тавин найман мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Элбэгзаяагийн Мандах /УХ88060985 регистртэй/-д олгосугай...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, ялтан Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                           Б.ЗОРИГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ