Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 172

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг, хохирогч Б.Оюунгэрэл, Д.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар магадлалтай, Г.Н-д холбогдох 1819003530031 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эко хэлхээ” ХХК-д менежер ажилтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт холбогджээ. 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас 2, түүнээс олон хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмт хэрэгт холбогдсон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч байгууллага “Эко хэлхээ” ХХК-иас 3,391,900 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-т, 678,972 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д, 6,032,434 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-д, 441,300 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-д, 273,229 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С-т, 120,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Н-д тус тус олгохоор шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-н сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг, Д.С, Д.Б нарын сахиурын зардал гэх 239,282 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-н нэхэмжлэлийн шаардлагад тооцогдсон Т.Г-н 500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжилсэн олох ёстой байсан орлого гэх 10,800,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 16,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-с гаргуулж, “Эко хэлхээ” ХХК-д олгуулахаар тус тус шийдвэрлэжээ. 

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 24,750,500 төгрөгийг” гэж нэмж өөрчилж, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Г.Н нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоолын 13 дахь талд тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч өөрөө томилсон, өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчдийн хохирлыг иргэний хариуцагч “Эко хэлхээ” ХХК бүрэн хариуцахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр миний бие давж заалдах шатны шүүхэд “уг тохиолдолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой” гэж гомдол гаргасан ч “зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ашигласан” хэмээн маргаагүй. Давж заалдах шатны шүүх магадлалын 11 дэх талд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч миний бие дээрх 2 үндэслэлийн 2 дахь хэсгээр буюу “Эко хэлхээ” ХХК нь тээврийн хэрэгслийн ашиглалтад хяналт тавиагүй буруутай буюу ажлын бус цагаар, маршрутын бус замаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ашиглах боломж олгосон учраас хамтран хариуцах ёстой хэмээн маргасан. Хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр Г.Н-г “байгууллагын ажилчдаа дагуулан, тээврийн хэрэгсэл ашиглаад 25 дугаар зөрлөг рүү яваад иp” гэж томилоогүй, зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх хэрэгцээнд ашиглуулахаар шилжүүлсэн нь тодорхой байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэрэг болох үед тухайн өдөр, тухайн чиглэлд байгууллага ажилтнаа томилж явуулсан мэтээр дүгнэн бүх хохирол төлбөрийг “Эко хэлхээ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин “Эко хэлхээ” ХХК нь шүүгдэгчийг ажлын бус цагаар, маршрутын бус замаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгож, тээврийн хэрэгслийн ашиглалтад хяналт тавих үүрэгтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасны дагуу “Эко хэлхээ” ХХК тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээхээ зөвшөөрч байгаа юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас үүссэн гэм хорыг арилгахад эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тухай заасан ба энэ хуулийн зохицуулалтын дагуу гэм учруулагч болон тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хэн аль нь хариуцлага хүлээж, гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Шүүх шүүгдэгч Г.Н-д хохирогчдын өмнө зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгээд эд хөрөнгө, эдийн засгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах, шударга ёсны болон гэм буруугийн зарчимтай нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн иргэний нэхэмжлэлийг хууль ёсны дагуу шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаа тул иргэний нэхэмжлэгчдийн нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсгийг шүүгдэгч Г.Н-с гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг хэлсэн саналдаа “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах ёстой. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хуульд заасан хугацаагаар оногдуулж, 5 жил хорих ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх Г.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан зардлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч “Эко хэлхээ” ХХК хариуцан арилгах ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 24,750,500 төгрөгийг гаргуулахаар нэмэлт оруулсан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж, 37-70 УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Н-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Г.Н зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгээд эд хөрөнгө, эдийн засгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэгчдийн нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсгийг шүүгдэгч Г.Н-с гаргуулахаар шийдвэрлүүлэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдээгүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж, оролцуулахаар хуульчилсан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ноах” маркийн 92-93 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Эко хэлхээ” ХХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 3 хуудас/-аар тогтоогдсон байх тул “Эко хэлхээ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан тул “Эко хэлхээ” ХХК бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Дээрх гэмт хэргийн улмаас “Эко хэлхээ” ХХК-д учирсан хохирол болох 16,000,000 төгрөгийг анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н-с гаргуулж “Эко хэлхээ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хувааж гаргуулсан, ингэхдээ “Эко хэлхээ” ХХК нь өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцан төлөх боломжгүй, иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг энэ тэргүүнд төлүүлэх шаардлага зэргийг харгалзан үзэж төлбөрийг хуваарилсан байна.

Тиймээс “Эко хэлхээ” ХХК-д тухайн гэмт хэргийн бүх хохирол, төлбөрийг хариуцуулсан гэж үзэхгүй бөгөөд энэ тухай гаргасан гомдол үндэслэлгүй.

Иймд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН