Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00103

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00103

 

 

 

Т.Хаш-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Хаш-Одын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Хаш-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд 2011 оноос нарийн бичгийн ажил хийсэн. 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү Э.Тэнгис, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Хулан нар төрж, дараалан жирэмсний, амаржсаны амралт, чөлөө авсан. Ажилдаа буцаж орохоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн захиралд өргөдөл гаргахад захирал чи удаан чөлөөтэй байсан. Архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах хэрэгтэй гэсэн. Би Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академид суралцан төгсөж, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа сургууль дээр очиход захирал амралттай, ажилдаа ороогүй байсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уулзахад нарийн бичгээр ажиллуулах боломжгүй, багш бол гэхэд нь багшийн ажмл хийж чадахгүй, хүүхдүүд нялх, бэлтгэлгүй байгаа гэж тайлбарлахад орон тоо байхгүй гэсэн. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний ажлын байрыг хадгалах хуультай байхад чамд орон тоо байхгүй, өөр ажил хий гэж тулгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн захирал намайг ажлаас халах тушаал гаргаагүй, ажлыг маань хийлгэхгүй гэж 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Би ажилдаа орж чадаагүй байгаа тул ажлаас халсантай адилтган үзэх үндэстэй байна. Иймд Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Хаш-Од 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд нарийн бичгээр ажиллаж эхэлсэн. 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд асрах чөлөө 2 удаа авсан. Т.Хаш-Од хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа орох хүсэлт гаргасан бөгөөд сургуулийн захиргаанаас 2 удаа дараалан амаржиж, сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул , архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөц гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чиглэл өгсөн. Сургуулийн захиргаанаас Т.Хаш-Одыг 2017 оны 08 дугаар сард ирж уулзахад англи хэлний багшаар ажиллах санал болгоход боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс Т.Хаш-Одыг 2017 оны 08 дугаар сард өгсөн үүрэг чиглэлийн дагуу нарийн бичгийн ажилд хэрхэн өөрийгөө бэлдсэн талаар тодруулж шалгахаар дуудсан боловч ирээгүй, сургуулийн зүгээс нарийн бичгээр ажиллуулахаас татгалзсан хариу өгөөгүй. Шинэ Эхлэл сургуулийн захиргаанаас Т.Хаш-Одын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гаргаагүй. Т.Хаш-Одын эрх зөрчигдөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд Т.Хаш-Одын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Төмөрийн Хаш-Одыг Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуулиас 6 456 060 /зургаан сая дөрвөн зуун тавин зургаан мянга жаран/ төгрөгийг Т.Хаш-Одод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Т.Хаш-Одын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ... Т.Хаш-Одыг эрхэлж байсан ажилд нь авч ажиллуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул сургуулийн захиргаа Т.Хаш-Одыг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа түүний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэхээр байна гэж дүгнэжээ. Т.Хаш-Од нь хүүхэд харах чөлөөний хугацаагаа дуусгаж, 4 сараас ажилдаа орох хүсэлт гаргасан байдаг бөгөөд сургуулийн захиргаанаас 2 удаа дараалан амаржиж, сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул архив бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт боловсруулалт, хүний нөөц, англи хэл гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлж ирэх чиглэл өгсөн. 2017 оны 04 дүгээр сард талууд уулзахдаа харилцан тохиролцож, ээлжийн амралтаас эргэн ажилдаа орох хугацааг 2017 оны 08 дугаар cap хүртэл хугацаагаар хойшлуулсан харилцаа үүссэн. Сургуулийн захиргаа болон Т.Хаш-Одтой 2017 оны 08 дугаар сарын 16-нд уулзсан байдаг ба Т.Хаш-Одын мэргэжилд тохирсон, цалин хөлс нь өндөр, англи хэлний багшийн ажил санал болгосон. Т.Хаш-Од нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бодож үзье, 5 дахь өдөр хариу өгье гэж хэлсэн байдаг. Т.Хаш-Од нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн захиралтай утсаар ярьж, англи хэлний багшаар ажиллаж чадахгүй гэж хэлсэн. 2017 оны 08 сарын 21-нд буюу 1 дэх өдөр сургуулийн захиргаанаас утсаар холбогдож, ирж ажилдаа орохыг мэдэгдсэн боловч, Т.Хаш-Од нь ажилдаа ирээгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Сургуулийн захиргаанаас 3 удаа утсаар холбогдож, ажилдаа орох тухай мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр /Х.х 36-р хуудас/ Англи хэлний багшийн ажилд орохгүй гэдгээ утсаар хэлэхэд, тэгвэл чиний ажлын орон тоо байхгүй гэсэн. Би их ууртайгаар авахгүй гэж байгаа бол шүүхээр явъя гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь надруу манай байгууллагын нягтлан бодогч залгаж ажилдаа ор гэж хэлсэн тухай тайлбар өгсөн байдаг. Т.Хаш-Од нь анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр нэхэмжлэл гаргахаас өмнө 3 удаа сургуулийн захиргаанаас ажилдаа ор гэж утсаар мэдэгдсэн. Т.Хаш-Од нь ирээгүй. хариуцагч талаас анхан шатны шүүх хурал дээр хариуцагч талаас одоо ч гэсэн ирж ажилдаа орж болно гэж удаа дараа хэлсэн. Т.Хаш-Одыг ажлаас халаагүй, ажиллуулахгүй гэсэн хариу өгөөгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин олгох үндэслэлгүй юм. Сургуулийн зүгээс Т.Хаш-Одын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийгдсэн байгаа, нийгмийн даатгалын бичилт нь тасраагүй байгаа болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо түүний Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд бичсэн 2017 оны 04 дүгээр сараас эхлэн тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Сургуулийн захиргаа болон Т.Хаш-Од нь харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, ээлжийн амралтаас ажилдаа эргэн орох хугацааг 8 cap хүртэл хойшлуулсан байх тул энэ хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ...Т.Хаш-Од нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагын удирдлагаас чамайг ажиллуулахгүй гэсэн хариуг амаар авсан үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг тооцох нь зүйтэй байна гэж дүгнэжээ. Т.Хаш-Одын эрх зөрчигдөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Шүүхийн шийдвэрийн тухай 21 тоот тогтоолын 3.3 дах хэсэгт ...Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн... гэж тусгасан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, ажлаас халсан гэдгийг нотолсон нотлох баримт хэргийн материалд байдаггүй ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч ажилтныг ажилгүй байсан хугацааг буруу тооцож гаргасан тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Т.Хаш-Од нь хариуцагч Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Хаш-Од нь Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуультай 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн захирлын Б-22 дугаартай тушаалаар нарийн бичгээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний амралт авсан үйл баримт тогтоогдож байна. /Х.х-ийн 21-22, 23-24-р хуудас/

Т.Хаш-Од нь Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд 2017 оны 04 дүгээр сард ажилд орох талаарх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж, хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс уг хүсэлтэд 2 удаа дараалан амаржиж сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул архив бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт боловсруулалт, хүний нөөц, англи хэл гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө мэргэжлийн хувьд дахин хөгжүүлж, 2017 оны 08 дугаар сарын 10-ы өдөр түвшингээ шалгуулан баталгаажуулж, эргэж ажилдаа орох чиглэл өгнө үү гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж заасан.

Хариуцагч Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуулийн захиргаа Т.Хаш-Одыг ажлаас халсан боловч эрхэлж байсан ажилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дах хэсэгт зааснаар буцаан ажиллуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул энэхүү ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байгаа үйлдлийг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй адилтган үзэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд Т.Хаш-Одыг Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуулийн нарийн бичгийн ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо түүний Шинэ Эхлэл олон улсын лаборатори сургуульд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд бичсэн нэхэмжлэгчийн ажилдаа орохыг хүссэн хугацааг 2017 оны 04 дүгээр сар гэж бичсэнийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөрчилдөөнтэй болжээ. Учир нь нэхэмжлэгчийг 4 сард ажилд авах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар 1 сарын дотор шүүхэд хандах хугацаа зөрчсөн эсэхийг дүгнэх шаардлагатай болно.

Нэхэмжлэгч Т.Хаш-Од нь ажил олгогчтой 3 сарын хугацаатайгаар сургалтад сууж, 2017 оны 08 дугаар сард ажилд орох тухай өргөдөлд нь өгсөн хариуг эсэргүүцээгүй байх бөгөөд харин хариуцагч байгууллагын удирдлагын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажиллуулахгүй талаар мэдэгдсэн үеийг түүний хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүссэн гэж хугацааг тоолох боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 1 778 612 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /44 хоног х 40 423 төгрөг/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч Л.Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 6 456 060 /зургаан сая дөрвөн зуун тавин зургаан мянга жаран/ гэснийг 1 778 612 /нэг сая долоон зуун далан найман мянга зургаан зуун арван хоёр/ гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ