Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2832

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Т.Х-ын   нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э.О.У.Л.Сд  холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Т.Х, түүний  өмгөөлөгч Р.Түвшинбат, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Отгонтуяа нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эхлэл сургуульд 2011 оноос нарийн бичгийн ажил хийж байгаад 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүү Э.Тэнгис, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр охин Э.Хулан төрж, дараалан жирэмсний, амаржсаны амралт чөлөө авсан.Ингээд ажилдаа орохоор 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр өргөдлөө бичиж сургуулийн захиралд өгөхөд захирал надад чи удаан чөлөөтэй байлаа, архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөц зэрэг чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд суугаад ир, би амраад 2017 оны 8 дугаар сарын 10-ны үед ажилдаа орно, энэ хугацаанд сургалтандаа суучихаад ажилдаа ор гэсэн.Ингээд би зун Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академд сургалтанд сууж төгсөөд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хэд хэдэн удаа сургуулиар очиход захирал ажилдаа ороогүй байсан, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уулзахад чамайг нарийн бичгээр ажиллуулах боломжгүй, чи багш бол гэхээр нь багшийн ажил хийж чадахгүй, хүүхдүүд нялх, тэгээд ч бэлтгэлгүй гэхэд чиний орон тоо байхгүй гэсэн.Ингээд би төлбөр төлж сургалтанд сууж, ажилдаа орох боломжгүй болсон.Намайг жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний ажлын байрыг хадгалах хуультай байхад чамд орон тоо байхгүй, өөр ажил хий гэж тулгаж байгаа нь үндэслэлгүй байна.Мөн захирал намайг ажлаас халах тушаал гаргаагүй ч миний ажлыг хийлгэхгүй гэж 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн, би бодит байдал дээр ажилдаа орж чадаагүй байгаа тул ажлаас халсантай адилтган үзэх үндэстэй байна.Иймд намайг БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ Эхлэл сургуульд ажиллуулах, миний анх хүсэлт гаргасан хугацаанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ш.Э сургуулийг 2011 онд үүсэн байгуулагдахад захирлын туслах нарийн бичиг гэсэн ажилд томилогдон ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан, том хүүгээ 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрүүлж, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр охиноо төрүүлсөн.Би 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орох өргөдлөө өгөөд захиралтай уулзахад намайг 2-3 чиглэлээр суралцаж ирээд ажилдаа ор гэж хэлэхээр нь захирлын хэлсэн сургалтанд суралцаад 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр захиралтай уулзахаар ажил дээрээ очоод уулзаж чадаагүй, 8 дугаар сарын 16-ны өдөр захиралтай уулзахад чиний ажлын байр байхгүй, англи хэлний багш хий гэж хэлсэн, би англи хэлний багшаар ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн.Иймд намайг Ш.Э.О.У.Л.С-ийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоож, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байан хугацааны цалинг гаргуулж, миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Э.О.У.Л.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Т.Х 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эхлэл сургуульд нарийн бичгээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүүхэд асрах чөлөө 2 удаа авсан.Т.Х хүүхэд асрах чөлөөны хугацаагаа дуусгаж ажилдаа орох хүсэлт гаргасан байдаг бөгөөд сургуулийн захиргаанаас 2 удаа дараалан амаржиж, сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул , архив, бичиг хэрэг, англи хэл, хүний нөөц гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлээд ирэх чиглэл өгсөн.Сургуулийн захиргаанаас Т.Хыг 2017 оны 8 дугаар сард ирж уулзахад англи хэлний багшаар ажиллах санал болгоход боломжгүй гэсэн хариу өгсөн.Тиймээс Т.Хыг 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу нарийн бичгийн ажилд хэрхэн өөрийгөө бэлдсэн талаар тодруулж шалгахаар дуудсан боловч ирээгүй, сургуулийн зүгээс нарийн бичгээр ажиллуулахаас татгалзсан хариу өгөөгүй. БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эхлэл сургуулийн захиргаанаас Т.Хын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гаргаагүй, Т.Хын эрх зөрчигдөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй гэж үзнэ.Иймд Т.Хын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э.О.У.Л.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.Хыг манайд ажиллаж байсан талаар маргаагүй, Т.Х ажилдаа орох өргөдлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн боловч 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр өгсөн байдаг.Сургуулийн захирал 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй уулзаж олон жил ажлаас хөндийрсэн тул өөрийгөө хөгжүүлээд сургалтанд суугаад ир гэж хэлэхэд Т.Х зөвшөөрсөн, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр захирал Т.Хтой уулзаад өмнөх ажлаасаа илүү цалинтай англи хэлний англи хэлний багшийн ажилд орох уу гэхэд боломжгүй гэдгээ хэлсэн, түүнээс хойш 3 удаа залгаж ажилдаа орох санал тавихад Т.Х ажилдаа ороогүй тул түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй, ажлын байр нь хадгалагдаж байгаа, Т.Хыг ажлаас чөлөөлөөгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин яригдахгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х хариуцагч Ш.Э.О.У.Л.Сд холбогдуулан тус сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр 2017 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулна гэж нэхэмжлэлийн нэг шаардлагын хэмжээг багасган шаардаж байна.

 

Т.Х нь Ш.Э.О.У.Л.Сд 2011 оны 11 дүгээр сарын 7–ны өдрөөс эхлэн нарийн бичгээр ажиллаж байсан болох нь тус сургуулийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 25-н өдрийн Т.Хыг нарийн бичгээр томилон ажиллуулах тухай Б-22 дугаартай тушаалаар нотлогдож байна.

 

Ш.Э.О.У.Л.С нь Т.Хтой 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Сургуулийн захирлын 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дугаар Т.Ход жирэмсний амралт олгох тушаалаар Т.Ход 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жирэмсний амралт олгосон байна.

 

Т.Х 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүү Тэнгис, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр охин Хулан нарыг төрүүлсэн байна.

 

Т.Х 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Э.О.У.Л.Сд өргөдөл гаргахдаа-Би 2015 оны 4 дүгээр сард амаржих амралтаа авсан, 2017 оны 4 дүгээр сард ажилдаа орох хүсэлтэй байна гэжээ.

 

Уг хүсэлтэд 2 удаа дараалан амаржиж сургуулийн ажлаас их хөндийрсөн байж магадгүй тул архив бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт боловсруулалт, хүний нөөц, англи хэл гэсэн чиглэлээр 3 сарын хугацаанд өөрийгөө мэргэжлийн хувьд дахин хөгжүүлж, 8 сарын 10-ны үед хир түвшинд байгаагаа шалгуулан баталгаажуулж эргэж ажилдаа орох чиглэл өгнө үү гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.

 

Ингээд Т.Хыг эрхэлж байсан ажилд нь авч ажиллуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул сургуулийн захиргаа Т.Хыг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэхээр байна.

 

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан байна.

 

Иймд Т.Хыг Ш.Э.О.У.Л.С-ийн нарийн бичгийн ажилд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо түүний Ш.Э.О.У.Л.Сд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд бичсэн 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тооцох нь үндэстэй байна.

 

Тэрээр Т.Х нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагын удирдлагаас чамайг ажиллуулахгүй гэсэн хариуг амаар авсан үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг тооцох  нь зүйтэй байна. 

 

   Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн 2012 оны 11, 12 дугаар сар, 2013 оны 1 дүгээр саруудын цалингийн нийлбэр 2 607 287 төгрөгөөс дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 156 хоногийн цалингийн олговорт 6 456 060 төгрөгийг Ш.Э.О.У.Л.С-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, Т.Хын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Т.Х-г Ш.Э.О.У.Л.С-ийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ш.Э.О.У.Л.С-ийн 6 456 060 /зургаан сая дөрвөн зуун тавин зургаан мянга жаран/ төгрөгийг Т.Ход олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Т.Хын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ш.Э.О.У.Л.Сд даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т.Х улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ш.Э.О.У.Л.С-ийн 118 247 /нэг зуун арван найман мянга хоёр зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН