Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00244

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00244

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-д холбогдох,

 

Түрээсийн гэрээнээс татгалзаж, 121 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Мөнгөнцацрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-гийн өмчлөлийн Лийбер 964 маркийн 5 метр кубын багтаамж бүхий шанагатай экскаваторыг нэг сарын 60 000 000 төгрөгөөр тооцон, 2 сарын хугацаатай түрээслэхээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ-г байгуулж, түрээслэгчийн Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайд ажиллуулахаар харилцан тохиролцсон.

Бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 45 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж, экскаваторыг 16 000 000 төгрөгөөр Ховд аймгийн Хөшөөт суманд тээвэрлэн хүргүүлсэн. Уг тээврийг Их Харуй ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж төлбөрийг төлсөн. Гэвч тухайн түрээслэсэн техник нь доголдолтой байсны улмаас огт ажиллаагүй ба энэ тухай түрээслүүлэгчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Үүнээс үүдэн манай компанийн төлөвлөгөөт ажил тасалдаж эхлэсэн тул Хоту ХХК-тай гэрээ байгуулан нэг сарын 60 000 000 төгрөгөөр экскаватор түрээслэн ажлаа хийж дуусгасан.

Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ-ний 2.3-т зааснаар Ц- нь техникийг биет байдлын ямар нэг доголдолгүй байлгах, тоноглол иж бүрдэл, техник ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, мөн оператороор ханган ажиллах үүргийг тус тус хүлээсэн атлаа гэрээний хугацаанд энэхүү үүргээ гүйцэтгээгүй. Иймд бид гэрээнээс татгалзсан, гэрээний хохиролд түрээсийн төлбөрт төлсөн 45 000 000 төгрөг болон тээврийн зардалд төлсөн 16 000 000 төгрөг, тухайн техникийн оронд ажиллуулсан техникийн нэг сарын түрээсийн төлбөрт 60 000 000 төгрөг, нийт 121 000 000 төгрөгийг хариуцагч Ц-гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ц-гоос 121 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 762 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид 762 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д заасны дагуу түрээслэгч "А" ХК нь Lieberr 954 маркийн 5 м.кубын багтаамж бүхий шанагатай эксковаторыг тээвэрлэх болон буцаан хүргэж ирэх асуудлыг өөрийн зардлаар бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэлдээ уг техникийг тээвэрлэн авч явсан зардал болох 16 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүх энэхүү төлбөрийг манайхаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь илт үндэслэлгүй байна.

"А" ХК нь манай техникийг хүлээж авсанаас хойш бүтэн жил орчим хугацаанд өөрийн эзэмшилд байлгасан боловч техникийн эвдрэл, гэмтэл, доголдлын талаар болон ажилтны талаар нэг ч удаа албан бичгээр мэдэгдэж байгаагүй. Гэрээнд заасны дагуу түрээслэгч нь манай техникт үнэхээр эвдрэл, гэмтэл, доголдол бусад асуудал үүссэн бол энэ талаар бидэнд даруй мэдэгдэж, хоёр талаас хамтарсан комисс томилж үүссэн асуудлыг шийдвэрлэх зэргээр гэрээний хамтын ажиллагааг үргэлжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах боломжтой байсан боловч ийм арга хэмжээ аваагүйгээс гадна манай техникийг өөрийн талбайд өнөөдрийг хүртэл байлгасаар байгаа, бидэнд хүлээлгэж өгөхгүй байгаа зэрэг нь биднийг хохироож байна. Гэрээнд заасан 2 сарын хугацаанд тухайн техникийг эртхэн хүлээж авсан бол бид түүнийг өөр түрээслэгчид түрээслэн ашиг олох боломж, хугацаа, нөхцөл байсан юм.

Техникийн эвдрэлийг тогтоох үүднээс шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байсаар байхад эвдэрсэн эсэх нь мэдэгдэхгүй техникийн эвдрэлийг шүүх ямар баримтаар тогтоогоод байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлөвлөгөөт ажил нь тасалдсан учраас "Хоту" ХХК-тай гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгөөр экскаватор түрээслэн ажлаа хийлгэсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтанд дурьдагдсан техник нь эксковатор биш харин ачааны машин түрээслэсэн тухай, мөн үнийн дүн зөрүүтэй баримт байсаар байхад шүүх үүнийг нягталж, тодруулж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна.

Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх, төлөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 16.02 цагт ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд ирэхэд шүүгчийн туслах 5 минутын өмнө шүүх хуралдаан эхэлсэн тухай мэдэгдсэн. Харуул цагдаагаар дамжуулан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга руу хариуцагч ирсэн тухай мэдэгдэхэд нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн тул оролцуулахгүйгээр шийдвэрлэхээр болсныг хариу мэдэгдсэн. Үүнээс үзэхэд шүүх хуралдааныг цагаас нь өмнө эхлүүлж, оролцогчдын шүүх хуралдаанд оролцох. шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн эдгээрээс гадна шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шууд хангаж шийдвэрлэсэн нь илт алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзаж, гэрээний хохирол гаргуулах тухай нэхэмжлэл байсан. Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэг болон хохиролд 121 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Ц- нь 5 м.куб багтаамж бүхий шанагатай экскаваторыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч А ХК нь 1 сарын түрээсийн төлбөрт 60 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан тоног төхөөрөмж түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч А ХК нь гэрээний зүйл болох экскаваторыг доголдолтой байсан учраас ажлын үр дүн гараагүй гэж гэрээнээс татгалзаж, хариуцагч Ц-д гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 45 000 000 төгрөгийг буцаан гаргуулах болон гэрээнээс учирсан хохиролд 76 000 000 төгрөг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид гардуулж, мөн өдөр түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлажээ. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

.

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 04, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг зохигчдын хүсэлтээр хойшлуулж байсан ба анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хэлэлцэж шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаанд хариуцагч тайлбар гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байсан гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор тайлбар, татгалзалаа гаргаагүй тул анхан шатны шүүх мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарын хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал, түүний үндэслэл, гэрээний үүрэг, түүний доголдлын талаар тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар шүүх хуралдаан 16 цаг 02 минутад эхэлсэн байх бөгөөд шүүх хуралдаан товолсон цагаасаа өмнө эхэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 45 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6 дахь хэсэгт механизмыг ирэх буцах зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар тохиролцсон боловч түрээсийн зүйл болох экскаваторыг түрээслэгч ашиглаагүй буюу ажлын үр дүн өгөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул тээврийн зардал болох 16 000 000 төгрөгийг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохиролд тооцож хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгч А ХК нь Хоту ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч Ц-гоос хохиролд тооцож 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц-той байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх байсан ажлыг Хоту ХХК-иар 2 сарын дараа гүйцэтгүүлсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар 60 000 000 төгрөгийн шаардлага бодит хохиролд хамаарахгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчээс гэрээний үнэд шилжүүлсэн 45 000 000 төгрөг, тээврийн зардалд төлсөн 16 000 000 төгрөг, нийт 61 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн оноосон нэр А ХК байхад А ХХК гэж буруу бичснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02650 дугаар дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц-гоос 61 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...762.950 төгрөг гаргуулан гэснийг 462 950 төгрөг гаргуулан гэж, А ХХК гэснийг А ХК гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА