Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 96

 

 Б.Б нарын 8 иргэний нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                      Д.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Орхон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дүгээр зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А, П.С, Н.Л-О, Б.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын Ж.А, Н.Л-О, П.С, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.А-г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн, П.С-г Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн, Н.Л-О-ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын, Б.Еркебуланыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт тус тус гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч М.Б-Э, П.Г, Б.Б , О.Ш нараас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дүгээр сарын 21-нийг дуусталх хугацааны олговорт Ж.А-д олгох 10,836,284 /арван сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн/, П.С-д олгох 9,227,315 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун арван таван/, Н.Л-О-т олгох 9,883,750 /есөн сая найман зуун наян гурван мянга долоон зуун тавин/, Б.Еркебуланд олгох 11,668,375 /арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун далан таван/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, Ж.А, П.С, Н.Л-О, Б.Е нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 661 магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б , Ж.А, Н.Л-О, П.Сумаа, М.Б-э, О.Ш, П.Г, Б.Е нарын Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Жавчив нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх дээд боловсролыг эзэмшээгүй хэрнээ хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д заасан "Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргийг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гэж үзэхээр байна ...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж үзээгүй гэж үзэхээр байна.

4. Нэхэмжлэгч нарыг Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн албанд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар нь дараах онуудад гаалийн албанд томилогдсон байдаг. Ж.А нь анх Гаалийн ерөнхий газрын харьяа Орхон дахь гаалийн хорооны даргын 2002 оны 07 сарын 18-ны өдрийн 36 дугаар тушаалаар операторын албан тушаалд. /3-р хх 111 тал/, Б.Б нь анх Ховд дахь гаалийн газрын даргын 1993 оны 06 сарын 22-ны өдрийн 30 дугаар тушаалаар операторын албан тушаалд /3-р хх 103 тал/, М.Б-Э нь анх Гаалийн ерөнхий газрын харьяа Орхон дахь гаалийн хорооны даргын 2000 оны 12 сарын 06-ны өдрийн 1/313,29 дугаар тушаалаар операторын албан тушаалд /3-р хх 248 тал/, П.Ганбаяр нь анх Гаалийн ерөнхий газрын 2011 оны 12 сарын 05-ны өдрийн 600 дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагч тушаал, Н.Л-Оч нь анх Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 07 сарын 20-ны өдрийн 491 дугаар тушаалаар Баян-Өлгий дэх гаалийн газарт шалгагчаар /2-р хх 231 тал/, П.С нь анх Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 07 сарын 09-ны өдрийн 261 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт шалгагчаар /3-р хх 213 тал/, О.Ш нь анх Гаалийн ерөнхий газрын даргын 1994 оны 9 сарын 21-ний өдрийн 20 дугаар тушаалаар эрэлч нохойн маллагчийн албан тушаалд /3-р хх 121 тал/, Б.Еркебулан нь анх Гаалийн ерөнхий газрын даргын 392 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагчаар тус тус томилогдсон байдаг.

5. Гаалийн тухай хуулийн /1996 оны/ 70 дугаар зүйл 70.1-д “...Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтанг шалгагч гэнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.А. Б.Б , М.Б-Э, О.Ш, П.С, Н.Л-О нар нь гаалийн албанд шалгагчаар ажилд орсон тухайн үед үйлчилж байсан Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1-д “...Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт шалгалт хийх эрх эдэлж. үүрэг хүлээсэн Монгол улсын иргэнийг Гаалийн улсын байцаагч гэнэ...” гэж заасан шалгуурыг хангаж Гаалийн улсын байцаагчийн эрх олгох сургалтуудад хамрагдаж амжилттай төгссөн учир гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг.

6. Тодруулбал, Ж.А нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх:гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 11 сарын 09-ний өдрийн 731 дугаартай тушаалаар ГУБ-ын эрх олгогдож, мөн өдрөөс Орхон аймаг дахь гаалийн газарт статистик мэдээ, сүлжээ хариуцсан ГУБ, /2 хх 216 тал/, Б.Б  нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 сарын 07-ны өдрийн 168 дугаар тушаалаар Ховд аймаг Булган дахь гаалийн газарт ГУБ /2-р хх 207-р тал/, М.Б-Э нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 04 сарын 18-ны өдрийн 236 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь газарт ГУБ /2 хх 203-р тал/, П.Г нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 сарын 05-ны өдрийн 600 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газарт ГУБ /2 хх 211-р тал/, Н.Л-Онь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 02 сарын 05-ны өдрийн 084 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт ГУБ /2 хх 214-р тал/,  П.С нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 07 сарын 17-ны өдрийн 374 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ГУБ /1 хх 91-р тал/, О.Ш нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 10 сарын 26-ны өдрийн 437 дугаарт тушаалаар Замын-Үүд дэх гаалийн газарт ГУБ-р, Б.Еркебулан Монгол улсын гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн улсын байцаагчийн дамжаанд хамрагдаж амжилттай дүүргэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар тушаал ГУБ-р тус тус томилогдсон байдаг.

7. Нэхэмжлэгч Ж.А, Б.Б , М.Б-Э, О.Ш, П.С, Н.Л-О нарыг гаалийн албанд шалгагч, оператороор, гаалийн улсын байцаагчаар тус тус томилогдох үед үйлчилж байсан Гаалийн тухай хуулиар дээд боловсролтой байхыг шаарддаггүй байсан болно. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарыг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн албан  тушаалд томилогдохын тулд хуурамч диплом ашигласан үйлдэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...” хэмээн маргаан бүхий захиргааны актын агуулгыг тодорхойлон нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь Гаалийн албанд ажилд орохын тулд боловсролын хуурамч бичиг баримт ашигласан зүйл байхгүй.

8. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл 39.1-д “...Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна...” гэж заасны дагуу хариуцагч маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын агуулгыг тодорхойлохдоо боловсролын хуурамч баримт бичиг ашиглан Гаалийн албанд томилогдсон хэмээн тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч нарыг боловсролын хуурамч бичиг ашигласан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэх буюу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сахилгын хороо шалгаж, тогтоох сахилгын шийтгэл оногдуулах хэм хэмжээг тодорхойлох үүрэгтэй. Мөн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа зөрчил гаргасан үр дагавар нөхцөл байдал, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль нь болох, алба хаагчийн албан тушаалын тодорхойлтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарлыг харгалзан үзэх, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэхийг шалгаж тогтоож байж учруулсан гэм бурууд тохирох шийтгэл ногдуулах зарчимтай болохыг дурдах нь зүйтэй.

9. Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоол мөн тус тогтоолын хавсралтаар батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмд Гаалийн улсын байцаагч нь ямар нэг байдлаар сахилгын зөрчил гаргасан тохиолдол тус хавсралтаар батлагдсан дүрмийг үндэслэн Сахилгын хороо хянах шалгах үүрэг хүлээдэг байна. Тухайлбал Сахилгын дүрмийн 5 дугаар зүйл 5.2.гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий Сахилгын хороотой байна хэмээн журамлаж өгснөөс үзвэл шалгаж тогтоох, тодруулах, учруулсан зөрчилд холбогдуулан тохирох хариуцлага оногдуулах үүрэг нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сахилгын хороонд байхаар зохицуулж өгсөн байна.

10. Гэтэл хариуцагч нэхэмжлэгч нарт мэдэгдэх, сонсгох, оролцоог хангах гэх мэт хуульд заасан журмыг зорчиж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгийг үндэслэн Гаалийн байгууллагад 7-25 жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн гаалийн улсын байцаагчдаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халах тухай тушаал гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүд, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоол зэргийг зөрчсөн гэж үзнэ.

11. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

13. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар “боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэх 28 ажилтныг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсан, уг тушаалын үйлчлэлд гаалийн улсын байцаагч Б.Алтангэрэл, Ж.А, Б.Б , М.Б-Э, П.Г, Н.Лха-Очир, П.С, С.Сүхсайхан, О.Ш, Ц.Энхзул, Б.Еркебулан, Д.Даваацэрэн нар хамаарч, тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэр бүхий 11 нэхэмжлэгч хамтран нэхэмжлэл гаргасан, ижил шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Даваацэрэнгийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг энэ хэрэгт нэгтгэж хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилдаа буцаан тогтоогдсон, өөр ажил албан тушаалд томилогдсон” гэдгээр С.Сүхсайхан, Ц.Энхзул, Б.Алтангэрэл, Д.Даваацэрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

14. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ холбогдох дипломын хуулбаруудыг хавсаргаж “... гаалийн байгууллагад 1993-2011 оны хооронд ажилд орсон, ажилд орохдоо боловсролын хуурамч бичиг баримт ашиглаагүй, ...диплом хуурамч гэж үзсэн талаар урьдчилан мэдэгдээгүй, ... үнэн зөвийг нотлох боломж олгоогүй” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нарын дээд боловсролын диплом хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар тогтоосон, уг шалгалтын дүнг үндэслэн шийдвэр гаргасан...” гэж шүүхэд тайлбар гаргаж маргажээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01-1/4117 дугаартай албан бичгээр “...нийт албан хаагчдын бүх шатны боловсролын диплом /баримт бичиг/-ыг шалгуулах хүсэлт гаргаж, холбогдох судалгааг хүргүүлсэн, судалгааны дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн “зөрчил”-ийн жагсаалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан бичгээр ирүүлснийг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэгч нарын хувьд, тэдний дээд боловсролын дипломд холбоотой “зөрчил” уг шалгалтаар илэрсэн, нэхэмжлэгч нар “дээд боловсролгүй нь” тэднийг гаалийн албанаас халах үндэслэл болсон талаар хариуцагч маргаагүй байна.

16. Харин, маргаан бүхий захиргааны актад “... боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэх зөрчлийг дурдсан, үүнд нэхэмжлэгч нар маргаж, холбогдох дипломын хуулбар зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн ба эдгээрийн зарим нь гаалийн байгууллагын судалгаанд ороогүй, Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаагүй, судалгаанд хамрагдсан “техникум”-ын дипломын хувьд зөрчилд тооцоогүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй гэж үзжээ.

17. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нараас нотлох баримтаар ирүүлсэн баримтуудыг шалгаж, улмаар үнэлж, маргааныг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх тэдгээрийг үнэлээгүй, уг шалтгааныг магадлалд заагаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад 2 шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

18. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан авч үзвэл, “зөрчилтэй” гэж тогтоогоогүй “техникум”-ын дипломтой зарим нэхэмжлэгч нарын хувьд тэднийг гаалийн албанаас халсан хууль зүйн үндэслэл эргэлзээтэй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зарим “диплом” нь тэдний хувийн хэрэгт байгаагүй шалтгаан юу болох, нэхэмжлэгч нарын ажилд орохдоо бүрдүүлж өгсөн гэх боловсролын “диплом”, өгөөгүй өөрт байсан гэх “диплом”-д холбогдуулан тэдний ямар боловсрол эзэмшсэн, анх тухайн ажил, албан тушаалд анх томилогдоход “боловсрол”-ын хувьд ямар шаардлага тавигдсан, үүнтэй холбоотой бүрдүүлж өсөн баримт сэлт нь шаардлага хангасан байсан зэргийг тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой.

19. Гэвч, эдгээрийг тодруулж шалгах нь цар хүрээний хувьд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

20. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэлийн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нар нь дээд боловсрол эзэмшээгүй, гаалийн улсын байцаагчаар ажиллахад хуулийн шаардлага хангаагүй” гэх тайлбар, уг актын “хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон” гэсэн үндэслэл өөр хоорондоо зөрчилтэй, түүнчлэн “хуурамч бичиг баримт”-аар төрийн албанд орсон гэж үзсэн энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэлээр “сахилгын шийтгэл”-ийн журмаар мөн зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” арга хэмжээ авсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй, “алдаа”-тай гэж үзнэ.

21. Үүний зэрэгцээ, хариуцагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн шалгалтын дүн /зөрчлийн жагсаалт/-г үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэгч нараас “зөрчил”-д маргах, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар, санал гаргах боломж олгогдоогүй, маргаан бүхий захиргааны “акт”-ын талаар Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргаж, харин шийдвэр гаргасан тухайн албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаагүйгээс уг маргаан нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэгдээгүй, ийм боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, эрхийг нь хангах, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтнаар гүйцэтгүүлэх нь зүйтэй юм.

22. Иймд, хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасныг хэрэглэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч М.Б-Э, Ж.А, Н.Лха-Очир, Б.Б , Б.Е, П.Г, П.С, О.Ш нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Ж нарын хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч М.Б-Э, Ж.А, Н.Лха-Очир, Б.Б , Б.Е, П.Г, П.С ,О.Ш нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж; 3 дахь заалтыг 2 болгон дугаарлаж 2. “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын хамтран нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгч нарын төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ