Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01958

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01958

 

 

 

Д.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01681 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г ХХК-ийн хариуцагч Н.Ж ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 085 840 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Н.Ж ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлж байгаад мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр Шингэрүүлсэн хийн түлш худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, тэдний захиалгаар шингэрүүлсэн хийн түлшийг хүргэн өгч нийлүүлсэн. Уг гэрээний 3.1-д бүтээгдэхүүний үнийг тодорхойлж, 3.3-т худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан төлбөрийг бүрэн төлөх, мөн гэрээний 6.1-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцон нийлүүлэгчид төлөх зэрэг нөхцөлүүдийг тус тус тохирч баталгаажуулсан. Гэтэл Н.Ж ХХК нь манай Д.Г ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй байх, хугацаа хоцроох зэргээр гэрээгээ зөрчиж эхэлсэн ба 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2 248 300 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасны дагуу алдангийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож үзвэл нийт 843 840 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөрт 2 242 000 төгрөг, гэрээний алдангид 843 840 төгрөг буюу нийт 3 085 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ж ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас Д.Г ХХК-тай шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээг байгуулж хамтран ажиллах хугацаанд захиалагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг цаг тухай бүрд нь бэлнээр болон дансаар төлдөг байсан. Нийлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас алдагдал хүлээх, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсч байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад зөвхөн хүлээлгэж өгсөн гарын үсэг, тамга дарагдсанаас гадна Эм вон газ ХХК гэсэн нэртэй нэхэмжлэлүүд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ж ХХК-иас гэрээний төлбөр 2 048 800 төгрөг, алданги 843 840 төгрөг, нийт 2 892 640 /хоёр сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 193 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Д.Г ХХК-иас 64 323 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 70 ширхэг зарлагын баримтыг гаргасан боловч зарим баримтууд нь Эм вон газ ХХК гэсэн санхүүгийн тамгатай баримтууд байна. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас Н.Ж ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Шингэрүүлсэн хийн түлш, худалдах-худалдан авах гэрээ-ний 3.1-т заасны дагуу нийлүүлсэн шингэрүүлсэн хийн түлшний төлөөгүй үнийг нэхэмжилж байгаа боловч тэдний шүүхэд гаргасан баримтууд нь 2019 оны 4 дүгээр сараас мөн оны 7 дугаар сард нийлүүлсэн гэх санхүүгийн баримтуудыг гаргасан байхад анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь тодорхой бус байна. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу тухайн баримтуудыг үндэслэн алданги тооцсон нь хууль бус юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г ХХК нь хариуцагч Н.Ж ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 085 840 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээ, зохигчдын тайлбар, зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, зохигчид шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлж, үнэ төлж байсан үйл баримтад маргаангүй, харин хариуцагч тал нийлүүлсэн түлшний үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж маргажээ. Энэ тохиолдолд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгчээс шингэрүүлсэн хийн түлш нийлүүлсэн үйл баримтаа нотлохоор зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. /хх36-59/ Уг баримтад худалдагч, худалдан авагч талын хэн аль нь бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч, хүлээн авсныг баталгаажуулан гарын үсгээ зурсан байна. Хариуцагч тал дээрх баримтуудыг үгүйсгэж, өөр баримтаар няцаагаагүйн гадна хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг тухай бүр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул хариуцагч Н.Ж ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Улмаар шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хариуцагч талаас гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөрийг, мөн талуудын гэрээний 6.1-д заасан тохиролцоог үндэслэн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заалтад нийцжээ.

Харин хэрэгт авагдсан төлбөрийн тооцооны хуудас, зарлагын баримт зэргийг харьцуулан үнэлж гүйцэтгээгүй үүргийн үлдэгдлийг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Д.Г ХХК нь хариуцагч Н.Ж ХХК-тай байгуулсан аман хэлцлээр 2019 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 287 700 төгрөгийн, мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний дагуу 2 290 700 төгрөгийн, нийт 2 578 400 төгрөгийн үнэ бүхий шингэрүүлсэн хийн түлш нийлүүлсэнээс хариуцагч тал 613 200 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-36-59/ Иймээс хариуцагч компанийн гүйцэтгээгүй үүргийг 1 965 200 төгрөг гэж үзнэ.

Хариуцагч Н.Ж ХХК нь гэрээний 3.3 дах заалтаар нийлүүлэгчээс бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөхөөр, гэрээний 6.1-д зааснаар уг үүргээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр алданги тооцсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01681 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 048 800 гэснийг 1 965 200 гэж, 2 892 640 /хоёр сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун дөчин/ гэснийг 2 809 040 /хоёр сая найман зуун есөн мянга дөч/ гэж, 193 200 гэснийг 276 800 гэж, 2 дах заалтын 61 232 гэснийг 59 895 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 232 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД