Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182ШШ2020/01681

 

 

 

 

 

 

 

 

                      2020        07         29  

                  182/ШШ2020/01681

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан

 

Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөр 2.242.000 төгрөг, алданги 843.840 төгрөг, нийт 3.085.840 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Д ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д” ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас эхлэн “Н” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлж байгаад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Шингэрүүлсэн хийн түлш худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, тэдний захиалгаар шингэрүүлсэн хийн түлшийг хүргэн өгч нийлүүлж байгаа юм. “Н” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлж байгаад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Шингэрүүлсэн хийн түлш худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, тэдний захиалгаар шингэрүүлсэн хийн түлшийг хүргэн өгч нийлүүлж байгаа юм. “Н” ХХК-тай байгуулсан “Шингэрүүлсэн хийн түлш худалдах, худалдах авах гэрээ”-ний 3.1-т бүтээгдэхүүний үнийг тодорхойлсон ба, гэрээний 3.3-т Худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөх, мөн гэрээний 6.1-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөөгүй үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцон Нийлүүлэгчид төлөх зэрэг нөхцөлүүдийг тус тус тохирч баталгаажуулсан. Гэтэл "Н” ХХК нь (“А” гэх) нэршилтэйгээр  нийтийн хоолны үйл ажиллагаа явуулахдаа манай “Д” ХХК-ний нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй байх, хугацаа хоцроох зэргээр гэрээгээ зөрчиж эхэлсэн ба 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай компанийн “Н” ХХК-иас авах хуримтлагдсан авлагын дүн  2.248.300 төгрөгийг болсон байна. Гэрээнд заасны дагуу алдангийг 2019 оны 07-р сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож үзвэл нийт 843.840 төгрөг болж байна. Ийнхүү ‘'Н” ХХК нь “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанид санхүүгийн хохирол учруулж байгаа тул “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанид санхүүгийн хохирол учруулж байгаа тул “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх” гэрээний төлбөрт 2.242.000 төгрөг, гэрээний алдангид 843.840 төгрөг буюу нийт 3.085.840 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөр, гэрээний алдангийн хамт 3.085.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. “Н” ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас “Д” ХХК-тай “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээ”-г байгуулж хамтран ажиллаж байгаа билээ. Ийнхүү хамтран ажиллах хугацаанд захиалагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг цаг тухай бүрд нь бэлнээр болон дансаар төлдөг байсан. Мөн нийлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас алдагдал хүлээх, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

                                                                 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх” гэрээний төлбөрт  2.242.000 төгрөг, алданги 843.840 төгрөг, нийт 3.085.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

“Д” ХХК нь “Н” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 25-наас 2022 оны 07 дугаар сарын 25-ний хооронд биет байдлын ямар нэгэн доголдолгүй, Монгол улс МNS 5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн хийг нийтийн хоолны рестораны шингэрүүлсэн хийн түлшний тоног төхөөрөмжид нийлүүлнэ. 1 кг бүтээгдэхүүний үнийг 2.100 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар худалдан авах захиалга өгч худалдан авсан болох нь “Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх” гэрээ, зарлагын баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

“Д” ХХК-д 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сарын 25-ыг хүртэл хугацааны Шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлсэн. 2.242.000 төгрөгийг төлөөгүй болно. Тиймээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч нь Шингэрүүлсэн хийн түлшний төлбөрийг нийлүүлэгчээс бүтээгдэхүүнийг зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн хүлээн авах ба хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

                                                                                    

Хариуцагч нь манай компани 2.242.000 төгрөгийн шингэрүүлсэн хийн түлшийг хүлээн аваагүй, зарлагын баримтад хүлээн авагч гэдэгт зурсан гарын үсэг манай байгууллагын ажилтны гарын үсэг биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 70 ширхэг Зарлагын баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч гэдэгт тухайн компаниуд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 36-59/

 

Харин 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 37.800 төгрөгийн,  2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 37.800 төгрөгийн, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 37.800 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37.800 төгрөгийн, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 42.000 төгрөгийн Зарлагын баримтуудад байгууллагын нэр хэсэгт “Эм Вон Газ” ХХК тэмдэглэгдсэн байх тул дээрх нийт 193.200 төгрөгийг хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

  

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Худалдан авагч тус гэрээний 3.3-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлнө” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ алданги гэж нэрлэн заасан ба төлбөрөө хугацаанд нь төлөөгүй “Н” ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дууссан, бөгөөд “Н” ХХК-г 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үүргээ хугацаа хэтрүүлэх болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

 

Иймээс хариуцагчаас алданги болох 843.840 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Иймд Шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөр 2.048.800 төгрөг, алданги 843.840 төгрөг, нийт 2.892.640 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, 193.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас гэрээний төлбөр 2.048.800 төгрөг, алданги 843.840 төгрөг, нийт 2.892.640 /хоёр сая найман зуун ерэн хоёр мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 193.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Д” ХХК-иас 64.323 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61.232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН