Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 628

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа,

С.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оюунжаргал,

яллагдагч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Д.Жаргал,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжавын гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 223 дугаар Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 201626021215 дугаартай А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дандар овогт Алтанхуягийн Урттамир, 1995 оны 4 дүгээр сарын 29-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны 1354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ95042910/;

 

2. Асгал овогт Өвгөнхүүгийн Отгон-Эрдэнэ, 1994 оны 2 дугаар сарын 17-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 3 дугаар баг, Баянцагаан гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛД94021716/;

 

3. Боржигон овогт Ууганбаатарын Пүрэвсүрэнмаа, 1995 оны 2 дугаар сарын 9-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн барилга, архитектурын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 4 дугаар баг, Баясгалант байшинтын 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЕЮ95020914/;

 

4. Боржигон овогт Сүх-Очирын Эрдэнэбат, 1993 оны 6 дугаар сарын 6-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, 2 дугаар баг, Баян-Уул гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛД93060614/;

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

С.Эрдэнэбат нь дээрх танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн “самсунг эс-2” загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авсан гэмт хэрэгт,

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа нар нь бүлэглэн С.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох “самсунг эс-2” загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт,

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талд орших үерийн даланг дамнасан шатан дээр иргэн О.Ган-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “самсунг галакси эс 4” загварын гар утас болон түрүүвчийг авч бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

Ө.Отгон-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Меетинг” нэртэй баарны орчим сэжигтэн Э.Энх-Эрдэнийн хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 45,000 төгрөгийн үнэ бүхий түрийвч болон 90,000 төгрөгийг авч завшин 135,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 155 дугаар зүйлийн 155.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

У.Пүрэвсүрэнмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

С.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг хангахын тулд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1. хохирогч Д.Сайханбаяр,хохирогч Э.Болдсүх нарын мэдүүлсэн хэргийн үйл баримттай яллагдагч нарт холбогдуулан зүйлчилсэн “бүлэглэж, догшин авирлаж танхайрсан” гэх зүйлчлэл тохирохгүй байна. Түүнчлэн, энэ үйлдэлд Өлзийдавааг хохирогчоор тогтоож байцаалт авах зайлшгүй шаардлагатай.

2. хохирогч О.Ган-Эрдэнэ “...нөгөө 2 залуу гүйж ирээд 4-лээ болоод хар өнгийн босоо захтай пальтотой залуу нь үсдэж байснаа нүүр рүү 2-3 удаа цохисон...нөгөө гурав нь бас цохиод байсан санагдаж байна. ...ямар ч байсан намайг 4 хүн дээрэмдсэн...” гэж мэдүүлснийг дахин шалгах.

З. Нөгөөтэйгүүр яллагдагч нар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлснийг зөвхөн дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дуудлага бүртгэлээр хязгаарлахгүйгээр Шуурхай удирдлагын төвд иргэдээс өгсөн дуудлага, мэдээлэл, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж хохирсон иргэд байгаа эсэхийг шалгах. Эдгээр болон бусад ажиллагааг тус захирамжид дурдагдаагүй ч мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

 А.Урттамир нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нар нь бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны 9 дүгээр байрны гадаа иргэн Д.Сайханбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн С.Эрдэнэбат нь дээрх танхайрах гэмт хэргийг үйлдэх үедээ газарт унасан байсан иргэн Э.Болдсүхийн “самсунг эс-2” загварын гар утсыг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг авсан гэх үйлдэлд мөрдөн байцаалтаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоох мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтууд дотроос шүүгч хохирогч Д.Сайханбаярын мэдүүлэг, хохирогч Э.Болдсүхийн “...нийлж Сайханбаярыг зодоод Өлзийдавааг машинаас чирч буулгаад..., хурдан явцгаая гээд явсан ...тэгэхэд нэг залуу нь наадуулынхаа түрийвчийг ав, гар утсыг ав гэж байсан..., дараа нь бид эд зүйлээ бүртгэхэд миний утас, Өлзийдаваагийн гар утас байхгүй болсон байсан” гэж мэдүүлснийг үндэслэн зүйлчлэл тохирохгүй, мөн энэ үйлдэлд Өлзийдавааг хохирогчоор тогтоох гэсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэв дээрх үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжтэй юм бол:

1. Гэмт этгээдүүд хохирогч Ү.Сайханбаяр луу түүний эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон нь ямар байдлаар нотлогдож байгаа болох.

2. Гэмт этгээдүүд хохирогч Э.Болдсүх рүү хүч хэрэглэсэн эсвэл амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, довтолсон гэх үйлдэл байхгүй атал гар утас алдсан үр дүнгээр дээрмийн гэмт хэргийн хохирогч болгон зүйлчлэх нь үндэслэлгүй.

3. Энэ хэрэгт Өлзийдаваа нь ямар гэмт халдлагад өртсөн болох, гэмт халдлагын улмаас гар утас алга болсон гэх ямар ч байдал тогтоогдоогүй байхад ямар гэмт хэргийн хохирогч болох түүгээр ч зогсохгүй дээрмийн гэмт хэргийн хохирогчоор тогтоох нь огт үндэслэлгүй юм.

Дээрх байдлыг нотолсон гэмт хэрэг гарсан газраас бэхжүүлэн авсан камерын дүрс бичлэгийг шүүгч үнэлээгүй гэж үзэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны ар талд орших үерийн даланг дамнасан шатан дээр иргэн О.Ган-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “самсунг галакси эс 4” загварын гар утас болон түрүүвчийг авч бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт хохирогч О.Ган-Эрдэнийг А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нараас гадна 2 хүн нийт 4 хүн дээрэмдсэн гэх үйлдлийг шалгаж мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдоогүй тул А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ нараас гадна үл таних 2 этгээд /нийт 4 хүн/ иргэн О.Ган-Эрдэнийг дээрэмдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт заасны дагуу хохирогч О.Ган-Эрдэнэ, яллагдагч нарт мэдэгдэж давж заалдах эрхийг хангасан болно.

Мөрдөн байцаалтанд сэжигтэн нар мөрдөн байцаалтын шатанд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлснийг зөвхөн дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дуудлага бүртгэлээр хязгаарласан, Шуурхай удирдлагын төвөөс лавлагаа авах талаар дурджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлэл тоо бүртгэлийн систем нэгдсэн сүлжээтэй бөгөөд уг мэдээллийн нэгдсэн сангаас бүх нэгжүүд өөрийн харьяа эрхээр нэвтэрч мэдээллийг авдаг байна. Гэтэл шүүгч гэмт хэргийн гомдлын талаарх мэдээллийг шуурхай удирдлагын төв тусдаа, дүүргүүд тус тусдаа бүртгэдэг мэтээр ойлгож тэндээс мэдээлэл авах шаардлагатай гэсэн нь учир дутагдалтай байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 223 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,2, 80,1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Өлзийдаваагийн мэдүүлэг уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Шүүгдэгч нарын үйлдлийг эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж байгаад яллагдагчаар татахдаа зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татсан. Гэтэл прокурор хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг мөрдөн байцаалтад бүрэн шалгасан байх ба нотлох баримтуудыг үнэлж, шаардлагатай бол хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 223 дугаар Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол А.Урттамир, Ө.Отгон-Эрдэнэ, У.Пүрэвсүрэнмаа, С.Эрдэнэбат нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ