Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 178

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 952 дугаар магадлалтай, Д.Т-д холбогдох 201525031134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Т-н гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи хамгаалал мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овгийн Д.Тнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-г өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж, эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Д.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Т-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-с нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “А Д М” ХХК-нд олгохоор" шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 149.1-т зааснаар надад ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Хавтаст хэрэгт 40,000,000 төгрөг гэх нотлох баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б гэх этгээдийн гүтгэлгээр надад хилс хэргээр ял оногдуулсанд гомдолтой байна. Уг асуудлаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээн авч шалгаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг согтуу эрэгтэй хүнтэй хамт саатуулсан. Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т нь “А Д М” ХХК-иас 40,000,000 төгрөг авахаар далайлган сүрдүүлж, 20,000,000 төгрөг авсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т оногдуулсан 1 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Т нь 40,000,000 төгрөгийг өгөхийг шаардаж өгөөгүй тохиолдолд “А Д М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар төрийн захиргааны байгууллагуудад хандаж гомдол гаргах, хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй талаар мэдээллүүдийг олон нийтэд тарааж хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулж ашиг орлогын алдагдалд оруулах зэргээр тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлэн заналхийлж улмаар тус компанийн ажилтан Г.Б-р дамжуулан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т-н гэм бурууг хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хорих ялыг оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох боломжгүй тул шүүгдэгч Д.Т-н энэ хэрэгт Г.Б гэгчийн худал мэдүүлгээр хилс хэрэгт ял оногдуулсныг хүчингүй болгуулах агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч гомдлынхоо үндэслэлийг нотлох үүрэг хүлээх атал энэ талаар үндэслэл, баримтыг гомдолд дурдаагүй байх бөгөөд шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байдлыг батлан харуулж чадсангүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н “надад хилсээр ял оногдуулсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 952 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН