Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 111/2017/0031/З |
Дугаар | 221/МА2018/0368 |
Огноо | 2018-06-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0368
В.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч В.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 111/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, В.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, В-ийн Н-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Н-ийн ажиллаж байсан албан тушаалын цалингийн зөрүүг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тооцож, нийт 4302642 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У давж заалдах гомдолдоо: “Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар В.Н-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, цалингийн зөрүү 4302642 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардаж аваад энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19 ны өдрийн Б/519 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 буюу “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.
В.Н нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн яамны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1а/702 тоот албан бичгээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2017 онд мөнгөн тэтгэмж авах 182 ажилчдын нэрс авах мөнгөн дүнгийн хамт жагсаалтаар ирүүлснийг өөрийн албан тушаалаа ашиглан мөнгөн тэтгэмж авах эрх үүсээгүй, мөнгөн тэтгэмж авах хүний нэрсийн жагсаалтад ороогүй өөрөө болон нэр бүхий 8 мэргэжилтэнд 34,6 сая төгрөг, мөн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б-т 3 353 220 /гурван сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун хорь/ төгрөгийн тэтгэмж олгож тэдэнд давуу байдал бий болгож тэтгэмж авах ёстой эмч, эмнэлгийн ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн нь тогтоогджээ.
Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б нь сүүлийн 3 жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй байхад тасралтгүй ажилласны тэтгэмжийг олгосон зэрэг ноцтой зөрчил гаргасан. В.Н нь өөртөө авах ёсгүй тэтгэмжийг авсан, өөрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хууль бус ажиллагаа гэж үзсэн. 2017 оны 07 дугаар сарын 06-нд би дуудаж сонсох ажиллагаа явуулсан. Санхүүгийн зөрчил гарсан тул ажлаас халах захиргааны акт гарах гэж байгааг хэлэхэд “...ямар үндэслэлээр халах гэж байгаа юм” гэхэд нь “...эрүүл мэндийн ажилчдын нэр заагдаж ирсэн тэтгэмжийг буруу олгосон байна” гэхэд “...түүнийг чинь буцаагаад цалингаас суутгаж байгаа шүү дээ” гээд сонсох ажиллагааны тэмдэглэл дээр гарын үсэг зуралгүй “...би Засаг даргатай уулзана” гээл гэрсан. Харин Засаг даргатай уулзаад тохиролцоод Мэргэжлийн хяналтын газарт ажиллах болсон байсан. Дээрх санхүүгийн зөрчлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан боловч В.Н-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа тул эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан.
Тэгэхээр дээрх санхүүгийн зөрчлийн талаар ярилцаад албан тушаал буруулж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд шилжүүлэхээр өөртэй нь тохиролцсон. В.Н нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан ажилчдад олгох тэтгэмжийн журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэсэн.
Аймгийн Засаг дарга албан тушаал бууруулж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар томилох эрх зүйн үндэсгүй тул зайлшгүй чөлөөлж байж дараагийн албан тушаалд томилогдох шаардлагатай байсан тул чөлөөлсөн. Тухайн үед В.Н нь аймгийн Засаг даргатай удаа дараа уулзан ярилцаж, дараагийн ажил албан тушаалд орох талаар өөрөө ярьж зөвшилцсөн. Тиймээс ч 2017 оны 10 дугаар сарын 10-нд Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчаар томилогдсон одоо ч ажиллаж байгаа. Энэ нь аймгийн Засаг даргатай тохиролцсон тохирооны үр дүн юм.
2. В.Н нь багаар ажиллах чадвар дутмаг хамт олноос нь Засаг даргад удаа дараа гомдол ирж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон шалгахад ажилчдын өргөдөлд дурдсан зөрчлүүд тогтоогдсон. Төсөв захирамжийн тухайд санхүүгийн сахилга батгүй, 2018 онд хийсэн санхүүгийн шалгалт, 2016 онд хийсэн Авлигатай тэмцэх газрын шалгалтаар зөрчил илэрч байсан.
3. В.Н нь 2017 оны 07 дугаар сарын 17-нд надтай уулзаад “...би нэгэнт тохиролцоод ажлаа өгөх гэж байгаа юм чинь тэтгэмж авмаар байна” гэсэн. Би “...Засаг даргатай уулз” гэсэн. Гэтэл дарга 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгчих өөрөө хүсэлт гаргаж байна гэсэн. Ингээд тэтгэмж олгохоор захирамжид заасан, тэтгэмжээ ч авсан.
4. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 оны ажлын тайланг хэлэлцээд В.Н-тай цаашид гэрээг сунгаж ажиллахгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс ч 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах ёсгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу байх тул зохих өөрчлөлтийг орууллаа.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг “албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна.
В.Н нь уг тушаалыг эс зөвшөөрч “ Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалингийн зөрүү 412.052 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутамд тооцож, нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн байхыг шаарддаг. Аливаа төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах, чөлөөлөх тушаал, шийдвэрийг хариуцагч гаргахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөрчил тус бүрийг шалган тогтоож, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж, тухайн төрийн албан хаагчийг тайлбар гаргах эрхээр нь хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гарахдаа нотлох баримтыг үндэслэх ёстой.
Гэтэл маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт нь албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, харин 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх төрийн албан хаагчийн баталгаагаар хангах заалт байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Иймд уг актыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээний тайлан болон гэрээг дүгнэсэн илтгэх хуудас, 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээг дүгнэсэн баримтуудыг шүүхээс удаа дараа шаардсан боловч уг баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, 2017 онд В.Н-тай үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэгэнт шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар В.Н-ийн ажиллаж байсан албан тушаалын цалингийн зөрүүг түүнд олгох нь зүйтэй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг тус тус баримталсан нь буруу тул зохих өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 111/ШШ2018/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Н-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР