Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02356

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02356

 

 

Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02285 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 8 438 115 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Нарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

  Нэхэмжлэгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Л.Нарантуяа нь 1995 оноос тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн дарга хүртэл албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл намайг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар гэнэт үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсон. Уг тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 тоот дугаартай шийдвэр гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын Б/993 дугаартай тушаал гарсан боловч ажил хийх бололцоогоор хангалгүй 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацааны нэг сарын цалин 1 768 000 төгрөг олгосон ба үүнээс хойш миний бие ажилгүй, цалингүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй болж Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж, хохирсоор байсан тул миний зүгээс аргаа барж тушаал буурч баазын ашиглалтын ахлах инженерээр ажиллах санал тавьж шилжүүлэн ажиллуулах тухай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын Б/433 дугаартай тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны 105 хоногийн цалин болох 8 438 115 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь тус нэгтгэлд 1995 онд ажилд орсон. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/1227 дугаар тушаалаар ээлжийн инженерээр шилжүүлэн ажиллуулсан боловч нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч харьяа дүүргийн шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авсан. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б/433 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, тээвэрлэлт үйлчилгээний ахлах инженерээр ажиллуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас ажлын 105 хоног гэдэгтэй маргахгүй харин нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалинтай маргана. Учир нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалд нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1 032 685 төгрөг 1 өдрийн дундаж цалин 48 031 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ магадлал хүчин төгөлдөр болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэж байгаа тул нэхэмжпэгч 1 өдрийн дундаж цалингаа 80 363 төгрөгөөр тооцон 8 438 115 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 043 255 төгрөгийг зөвшөөрч байна, харин үлдэх 3 439 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 860 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 577 645 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 108 717 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нарантуяад олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Нарантуяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажиллаагүй байх тул тушаал болон хөдөлмөрийн гэрээнд заасан 1 200 000 төгрөгөөс тооцож, 5 860 470 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл ажиллаагүй байдал нь надаас шалтгаалаагүй, надад олгосон 2017 оны 11 дүгээр сарын цалингийн бүрэлдэхүүнд үндсэн цалин 1 200 000 төгрөг, шагналт цалин 480 000 төгрөг, нийт 1 680 000 төгрөг байгаа бөгөөд 1 өдрийн цалин 78 139 төгрөг байх ёстой. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын 2-т  Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, контракт байгуулан ажиллаж байгаа ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд олгосон бүх төрлийн олговор зэргийг мөнгөн орлогыг оруулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус заасан байна. Иймд миний 2017 оны 12 дугаар сарын 23-наас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 8 204 595 төгрөгийг гаргуулан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 8 438 115 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснээс хариуцагч байгууллага 5 043 255 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажилд эгүүлэн авах тушаал гаргасан боловч 1 сарын цалин 1 768 000 төгрөгөөс өөр цалин хөлс олгоогүй тул 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс намайг өөр ажилд шилжүүлэн ажилуулах тушаал гарсан өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт 105 хоногийн хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Л.Нарантуяаг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тээвэрлэлт, үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажлаас буруу шилжүүлсэн үеийн олговорт 608 057 төгрөгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулан Л.Нарантуяад олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-13 тал/

 

Ажил олгогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаалаар нэхэмжлэгч Л.Нарантуяаг байгууллагын тээвэрлэлт, үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажиллуулахаар томилж, мөн өдрөөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 15-18, 31 тал/

 

Мөн ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Л.Нарантуяатай харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өдрөөс эхлэн гуравдугаар баазын тээвэрлэлт үйлчилгээний албаны ахлах инженерээр шилжүүлэн ажиллуулахаар томилсон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 30 тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Л.Нарантуяаг ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны 105 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 5 860 470 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... хуульд зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрддэг. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахдаа цалин хөлсөнд дээрх нэмэгдлийг оруулаагүй гэсэн үндэслэл заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 5-д Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөгдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж нэг цагийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон хэмжээгээр бус, талуудын хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон 1 200 000 төгрөгөөр тооцож гаргасан нь зөрчилтэй байгаа боловч хариуцагч тал уг үндэслэлээр гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02285 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО