Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02285

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02285

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо Баруу тасган а гудамж 4 тоот хаягт оршин суух Жүр овогт Л  Н  /РД:ЧИ64051862/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо Энгельсийн гудамж тоотод байрлах З ОНӨААТҮГазарт холбогдох

            Цалин 8 438 115 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н , хариуцагчийн төлөөлөгч Ц.Б , нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Н  нь 1995 оноос тус байгуулллагад ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн дарга хүртэл албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл намайг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар гэнэт үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсон. Уг тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 тоот дугаартай шийдвэр гарсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг тус шүүхийн 183/ШШ2017/00432 тоот дугаартай шийдвэр гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 сарын 23-ны өдрийн З ОНӨААТҮГ-ын захирлын Б/993 дугаартай тушаал гарсан өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжлэн шүүхийн шатанд явж байгаа болно. 2017 оны 11 сарын 23-ны өдрийн З ОНӨААТҮГ-ын захирлын Б/993 дугаартай тушаал гарсан боловч ажил хийх бололцоогоор хангалгүй 2017 оны 11 сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 сарын 22-ны өдрийг дуустал хугацааны нэг сарын цалин 1 768 000 төгрөг олгосон ба үүнээс хойш миний бие ажилгүй, цалингүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй болж Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж, хохирсоор байсан тул миний зүгээс аргаа барж тушаал буурч баазын ашиглалтын ахлах инженерээр ажиллах санал тавьж шилжүүлэн ажиллуулах тухай 2018 оны 05 сарын 25-ны өдрийн З ОНӨААТҮГ-ын захирлын Б/433 дугаартай тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны 105 хоногийн цалин болох 8 438 115 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч З ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Л.Н  нь тус нэгтгэлд 1995 онд ажилд орсон. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 дугаар тушаалаар ээлжийн инженерээр шилжүүлэн ажиллуулсан боловч нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч харьяа дүүргийн шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б/433 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож Тээвэрлэлт үйлчилгээний ахлах инженерээр ажиллуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас ажлын 105 хоног гэдэгтэй маргахгүй харин нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалинтай маргана. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалд нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1 032 685 төгрөг 1 өдрийн дундаж цалин 48 031 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ магадлал хүчин төгөлдөр болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэж байгаа тул нэхэмжпэгч 1 өдрийн дундаж цалингаа 80 363 төгрөгөөр тооцон 8 438 115 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 043 255 төгрөгийг зөвшөөрч байна, харин үлдэх 3 439 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н  хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан 2017 оны 12 сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 438 115 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Л.Н  нь  З ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ХТ201/1085 дугаар тогтоолоор Л.Н г  З ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон байх ба шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 6-13/

Хариуцагч нь дээрх шийдвэрийг биелүүлж, тус нэгтгэлийн захирлын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн б/993 дугаар тушаалаар Л.Н г 2017 оны 11 сарын 23-ны өдрөөс тус нэгтгэлийн Тээвэрлэлт, үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсугай гээд, үндсэн цалинг 1 200 000 төгрөгөөр тогтоож, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан б/993 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэвч хариуцагч байгууллага нь дээрх тушаалын дагуу Л.Н г уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 105 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласныг, хариуцагч маргаагүйн дээр талууд тохиролцож, тус нэгтгэлийн захирлын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн Б/433 дугаар тушаал гарч Л.Н г Гуравдугаар баазын үйлчилгээний албаны ахлах инженерээр ажиллуулахаар томилсон байна./хх-ийн 14/

 Нэхэмжлэгч нь “цалинтай тэнцэх олговроо сүүлд олгосон 1 768 000 төгрөгийн цалингаас 1 өдрийн дундаж цалинг 80 363 төгрөгөөр тооцож, нийт 8 438 115 төгрөгийг гаргуулахаар шаардсныг”, хариуцагчийн төлөөлөгч нь “ ...1 өдрийн дундаж цалинтай маргана гээд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалд нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1 032 685 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 48 031 төгрөг гэж тогтоосон... энэ дүнгээс тооцох ёстой” гэжээ. 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч З ОНӨААТҮГ нь захирлын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн б/993 дугаар тушаалаар Л.Н г 2017 оны 11 сарын 23-ны өдрөөс тус нэгтгэлийн Тээвэрлэлт, үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэрнээ  уг ажилд нь ажиллуулаагүй байх тул Л.Н гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тушаал болон хөдөлмөрийн гэрээнд заасан 1 200 000 төгрөгөөс тооцож, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 105 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 5 860 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгчид сард олгох цалинг 1 200 000 төгрөгөөр /тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр олгох үндсэн цалингийн дундажаар/ тооцож, ажилгүй байсан 105 хоногийн /1 200 000:21,5= 55 814 төгрөг/ цалинтай тэнцэх олговрыг 5 860 470 төгрөгөөр /55 814х105 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 860 470 төгрөгийг хангаж, үлдэх 2 577 645 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  З ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 860 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 577 645 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Н гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг З ОНӨААТҮГ-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 108 717 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ