Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2018/01121

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Туяагэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2018/00449 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Туяагэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Баярмаад холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох 3 000 000 төгрөг, алданги 1 695 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг нийт 5 695 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Туяагэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Туяагэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярмаа бид хоёр тохиролцоод 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулаад үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлж, улмаар Н.Баярмаа нь гэрээний дагуу амьдарч байгаа юм. Н.Баярмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, манай нөхөр болох М.Саруулхангайд орон сууцаа шилжүүлсэн юм. Би нөхрөөсөө бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлэн авч, тухайн байрны өмчлөгч болсон. Би Н.Баярмаагийн хүсэлтийн дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, Н.Баярмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон тул 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид орон сууц хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр болсон. Би энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас Н.Баярмаагаас орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрийг гаргуулах, орон сууцыг суллуулан авах хүсэлттэй байна. Бид зах зээлийн ханшаар түрээсийн төлбөр тогтоогоогүй. Бид нэг нэгнээ олон жилийн өмнөөс сайн мэднэ. Түрээсийн төлбөр нь 3 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл алданги 1 695 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нийт 5 695 000 төгрөгийг Н.Баярмаагаас гаргуулж өгнө үү. Мөн дээрх орон сууцаа чөлөөлүүлмээр байна гэжээ.

 

Хариуцагч Н.Баярмаа шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярмаа миний бие нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 03 тоот хаягт байрлах, 132.8 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Үүнийг шүүхийн шийдвэрээр тогтоож байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад М.Саруулхангай болон Н.Баярмаа нар эвлэрсэн үйл баримт байдаг. Тухайн үед байрыг барьцаа маягаар авч байна гэж ярилцаж байсан зүйл байгаа юм. Түүний дараа М.Саруулхангай нь өөрийн эхнэр болох Б.Туяагэрэлийн нэр дээр маргаан бүхий байрыг шилжүүлээд ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх үүднээс эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. Н.Баярмаа өөрийгөө тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж байгаа юм.

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Туяагэрэл нь уг байрны хууль ёсны өмчлөгч биш юм. Б.Туяагэрэл болон М.Саруулхангай нар нь намайг хууран мэхэлж дээрх байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Баярмаа би өөрийнхөө байрыг хөлслөх боломжгүй. Иймээс түрээсийн төлбөр болон алдангийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Баярмаа би Б.Туяагэрэлд хохирол учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, ямар эд хөрөнгийг суллуулахыг даалгуулах гээд байгаа юм, суллуулах гээд байгаа үйл баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 307 дугаар зүйлийн 307.1 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Баярмаагаас 3 855 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Туяагэрэлд олгож, Б.Туяагэрэлийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоот 132,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч Н.Баярмаад даалгаж, нэхэмжлэлээс 1 840 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Туяагэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 270 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмаагаас 76 090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Туяагэрэлд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо: ...Н.Баярмаа миний бие нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 18 дугаар байрны 03 тоот хаягт байрлах, 132.8 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрээр тогтоож байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М.Саруулхангай нь байрыг чинь шилжүүлж байгаа байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгочих, буцаагаад байрыг чинь шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Мөн Н.Мөнхбат нь байраа шилжүүлээд өгчих би мөнгийг чинь төлчихнө. М.Саруулхангай ах буцаагаад шилжүүлээд өгчихнө гэж хэлж миний байрны өмчлөх эрхийг шилжүүлүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы явцад тус нөхцөл байдлыг мэдэх Н.Мөнхбат, М.Саруулхангай нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэж М.Саруулхангайг гэрчээр асуусан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд гэрч Н.Мөнхбат нь оролцоогүй байхад оролцсон мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өөрийн тайлбар татгалзлаа нотлох боломж олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Туяагэрэл нь хариуцагч Н.Баярмаад холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох 3 000 000 төгрөг, алданги 1 695 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг, нийт 5 695 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Н.Баярмаа нь нэхэмжлэгч Б.Туяагэрэлийн өмч болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 18 дугаар байрны 3 тоот 132.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь дээрх орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн нь зөв байна. /хх 6-7, 160-165/

Хариуцагч Н.Баярмаа нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад орон сууцыг хүлээлгэн өгөх тухай Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр орон сууцыг чөлөөлж өгөөгүй, түүний эзэмшил нь хууль бус болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 5, 26/ Хариуцагч Н.Баярмаа нь гэрээгээр тохиролцсон 3 000 000 төгрөгийн хөлснөөс төлөөгүй болох зохигчдын тайлбараар тогтоогдсон, гэрээний хугацаа дууссан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл орон сууцыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдсон тул шүүх гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хөлс гаргуулсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 18 дугаар байрны 3 тоот 132.8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт нийцсэн байх боловч Иргэний хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт заасан түр оршин суугчтай холбоотой шаардлагад хамаарах хуулийн заалтыг баримтласан нь хууль хэрэглээний хувьд буруу байх тул уг заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Орон сууцны хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээний 3.2 заасан тул алдангид 855 000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцоогүй Н.Мөнхбат гэх хүнийг оролцсон мэтээр бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг нэрлэн заах зохицуулалтад нийцээгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Н.Мөнхбатыг гэрчээр оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан бөгөөд Н.Мөнхбат гэрчээр оролцоогүй байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгээс нэрийг хасах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2018/00449 дүгээр шийдвэрийн удиртгал хэсгээс гэрч Н.Мөнхбат гэснийг, тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 гэснийг тус тус хасч өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Баярмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН