Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00246

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00246

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Түмэн сүйх ХХК, Я.Эрдэнэбаяр, Я.Оюунчимэг, Г.Охиноод тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 332 215 840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг батлан даагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батхүлэг, Г.Оюун-Эрдэнэ

Хариуцагч Түмэн сүйх ХХК-ийн төлөөлөгч буюу хариуцагч: Я.Эрдэнэбаяр

Хариуцагч: Я.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмэнсүйх ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГЗ100003703 тоот зээлийн гэрээг Голомт банк ХХК-тай байгуулж 550 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээнд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГЗ100003703 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГЗ100004315 тоот зээлийн гэрээг Голомт банк ХХК-тай байгуулж 390 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан болно. ЗГ3100003703, 313100004315 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Г.Охиноо, Түмэнсүйх ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Мөн дээрх гэрээнүүдийн үүргийг тохирсон хугацаанд биелүүлнэ гэж хариуцагч Я.Оюунчимэг, Я.Эрдэнэбаяр нар батлан даалтын гэрээ байгуулсан.

ЗГ3100003703 тоот зээлийн гэрээний гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, ЗГЗ100004315 тоот зээлийн гэрээний гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус дуусах боловч Түмэнсүйх ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ310 000 3703 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 543 850 000 төгрөг, хүү 206 379 081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 106 802 төгрөг, нийт 775 335 884 төгрөг,

2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ310 000 4315 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 385 000 000 төгрөг, хүү 153 084 657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 795 298 төгрөг, нийт 556 879 956 төгрөг. Нийт энэхүү хоёр гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 928 850 000 төгрөг, хүү 359 463 739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 902 101 төгрөг, нийтдээ 1 332 215 840 төгрөгийг хариуцагч Түмэн сүйх ХХК-иас гаргуулж өгнө үү.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгаж өгнө үү. Барьцаа хөрөнгө нь зээлийн үүргийг төлж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч нараас үлдэгдэл өр төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Түмэнсүйх ХХК нь авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан. Мөн компани нь анх Чингис бондын төслийн зээлд 3 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Төсөл нь үүгээрээ батлагдсан байтал Голомт банк ХХК төслийг дамжуулан зээл олгохдоо 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 550 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 390 000 000 төгрөг, нийт 940 000 000 төгрөгийн зээлийг өгч дундаас нь 1 560 000 000 төгрөгийн зээлийг өгөөгүй юм. Үүнээс болж авсан зээл нь зөвхөн 5040 м.кв өвлийн хүлэмж бариад л дууссан. Төслөөр бол манайх 2 га буюу 20 000 м2 газрын хүлэмж бариад цаана нь эргэлтийн хөрөнгө үлдэх байсан юм. Гэтэл банк Чингис бондын төслийн зээлийг зохих ёсоор өгөөгүйгээс буюу нэмж эргэлтийн хөрөнгө нэг тэрбум төгрөгийн зээл нэмж өгнө гээд өгөөгүйгээс компани нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилд орсон юм.

Би зээл авахад иргэнээрээ батлан даалтын гэрээ байгуулж баталгаа гаргасан боловч зээлийг иргэнээрээ хариуцах үндэслэлгүй юм. Мөн энэ зээлд зээлийн батлан даалтын сан, Мандал женерал даатгал ХХК даатгал хийсэн. Тэднийг яагаад батлан даалт гаргасан байтал хариуцагчаар татаагүй атлаа намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна.

Манай барьцаа хөрөнгө хангалттай байтал шууд гэрээ цуцалж, зээл төлүүлэхээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банкнаас зээл авсан нь үнэн, эргүүлж төлнө. Уг зээлийг миний бие болон манай Түмэн сүйх ХХК нь хүлэмж барих зорилгоор авсан, төслийн зээл байсан. Бид анх 2,5 төгрөгийн зээл авах гэж материалаа өгсөн. Гэтэл ердөө 940 000 000 төгрөгийг баталж өгсөн. Уг мөнгийг Голомт банк манайд олгохдоо шууд өгөлгүй, хоёр хувааж олгосонд бид гомдолтой байгаа. Зээлийн мөнгийг хоёр хувааж олгосноос болоод бидний төлөвлөж байсан ажил санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширч, улмаар зогссон. Мөн бидний барьцаа хөрөнгүүдийг банк маш доогуур үнэлж барьцаалсанд гомдолтой. Бидний хувийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй, барьцааны хөрөнгө нь өөрөө хангалттай хүрэлцэнэ гэжээ.

 

Хариуцагч Г.Охиноо шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банк ХХК-тай ямар нэг зээлийн гэрээ хийгээгүй, Голомт банк ХХК-иас зээл аваагүй байтал хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Түмэн сүйх ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 077 703 549 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254 512 290 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Я.Эрдэнэбаяр, Я.Оюунчимэг нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түмэн сүйх ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Охиноогийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз, 30 айлын орон сууцны 14 тоот, 24м2 талбайтай, 2 өрөө орон сууц,

Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Х-14 тоот, 16м2 талбайтай, гүний худаг,

Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ханан /18290/ гудамжны Г-17 тоот, 126м2 талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Түмэн сүйх ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2291019096 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд, 100,000 м2 талбай бүхий, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,

Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгон 15 тоот, 136м2 талбайтай албан контор,

Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны гудамж /18290/, 16 тоот, 5044.68 м2 талбайтай хүлэмжний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 819 029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түмэн сүйх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 616 668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анх гаргасан нэхэмжлэлд дээрх зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж заасан байх боловч уг нэхэмжлэлээс өөр ямарваа байдлаар банкны зүгээс гэрээг цуцалсан мэдэгдэл гаргасан, зээлдэгч тал хүлээн авсан зүйлгүй болно.

Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэсгүй. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах нь тухайн асуудлыг шийдвэрлэж байгаа үйлдэл биш болно. Тухайн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр эрх зүйн үр дагавар үүснэ. Хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан, түүнээс хойш үү тооцохгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй тул нэхэмжлэл гаргасан анхны өдөр болох 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш бодогдсон хүүг хассан нь буруу байна.

Мөн шүүх батлан даагчийг үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүртсэн болох нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хангалгүй орхисон. Өөрөөр хэлбэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаас нэхэмжлэх ёстой мэтээр тайлбарласан байна. Иргэний хуульд зааснаар батлан даалт нь үндсэн үүргээс салшгүй нэмэгдэл үүрэг тул анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурьдсан мэтээр тусад нь салгаж үзэж болохгүй юм. Батлан даагчийн хариуцах дүн нь барьцаагаар хангуулах дүнгийн адил заавал шууд заагдсан байх шаардлагагүй. Харин шүүх нөхөх хариуцлага гэж үзэж байгаа бол дарааллыг тогтоох боломжтой. Мөн хариуцах дээд хязгаар нь тодорхой байх тул барьцаагаар хангуулах шаардлагын нэгэн адилаар шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх зохигчдын маргаан бүхий энэхүү хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчдын өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах, талууд тэгш мэтгэлцэх боломжийг анхаарч үзэлгүй, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг бүрэн бодит байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч Түмэнсүйх ХХК нь Голомт банкаар дамжуулж Засгийн газрын дэмжлэгтэйгээр Чингис бондын төслийн зээл авсан байтал шүүх Голомт банкнаас зээл авсан мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай бөгөөд зохигчдын зээлийн харилцаанд болон хариуцагч зээлийг төлөх чадваргүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан батлан даалтын үүрэг хүлээх талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байтал шүүх нь энэ талаарх хариуцагчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй, зөвхөн Түмэнсүйх ХХК-д бүхий л зээлийн төлбөрийг хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Хариуцагч нь хэдийгээр зээл авсан ч зээлийн эргэн төлөлт, зээл төлөх чадвар муудсанд банк буруутай талаарх хариуцагчийн тайлбарыг шүүх огт анхаарч үзсэнгүй.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгч Голомт банк шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шатанд зээлийн хугацаа сунгах талаар болон эвлэрэх санал удаа дараа гаргахад хүлээж аваагүй, хариуцагчид тулгарсан бодит нөхдөл байдлыг зэргийг шүүх харгалзахгүй зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь зээл олгохдоо зээлийн барьцааны болон батлан даалтын гэрээг давхар хийсэн, зээлийн батлан даалт, барьцааны гэрээний аль нь хүчин төгөлдөр гэрээ болох талаарх ямар нэг дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болно.

Шүүх нь иргэн Я.Оюунчимэг, Я.Эрдэнэбаяр нарт холбогдох батлан заалтын гэрээний үүргийг хангахгүй шийдвэрлэсэн боловч хариуцагч талаас Зээлийн батлан даалтын сан нь зээлийн батлан даалтын гэрээг хийсэн, уг гэрээний үүрэг, хариуцлагын талаар зохих дүгнэлт хийгээгүй, түүнд ач холбогдол өгөөгүй нь учир дутагдалтай болно.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн хариуцагч Г.Охиноод холбогдох хэсэгт ямар нэг дүгнэлт өгөөгүй, түүнд холбогдох нэхэмжлэлийн зарим хэсэгт ямар нэг дүгнэлт өгөхгүй, энэ хэсгийг огт шийдвэрлэхгүй орхигдуулсан нь ойлгомжгүйн дээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүх нь хариуцагч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хүлээн авсан хүчин төгөлдөр шүүхийн захирамж байтал уг захирамжийн биелэлтийг хангуулах хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь манай компанийн болон гэр бүл ах дүүсийн насаараа хөдөлмөрлөж бий болгосон компани, түүний үр шим, хөрөнгийг бага үнэлж авах хүсэлтэйгээр бүхий л барьцаа хөрөнгүүдийг анхнаасаа маш бага үнээр үнэлсэн.

Шүүх нь хариуцагч тал нь зээлийг эргэн төлөх чадваргүй болсон, эд хөрөнгө доройтсон, зээлийг буцаан төлөх чадваргүй болсон талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал гэрээг цуцлах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч талын үйл ажиллагаа зогсоогүй, нэхэмжлэгч талаас зээл төлөх тодорхой хугацаа хэрэгтэй талаар удаа дараа тайлбарласаар байхад зээлийн төлбөр хариуцуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх нөхцөлүүдээр хариуцагч нь нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн хэмжээнд гомдол гаргаж, гомдолд холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Түмэн сүйх ХХК, Я.Эрдэнэбаяр, Я.Оюунчимэг, Г.Охиноо нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1 332 216 840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийн үнэ хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг батлан даагч нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК-иуд нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ 3100003703 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банк ХХК нь 550 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, Түмэн сүйхХХК нь зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөх, хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирч, уг зээлийн гэрээнд талууд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан байна /1 хавтас, 9-14 дэх тал/.

 

Мөн Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК-иуд нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ310 000 4315 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банк ХХК 390 000 000 төгрөгийг Түмэн сүйх ХХК-д 47 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлж, Түмэн сүйх ХХК нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ /1 хавтас, 35-38 дах тал/.

 

Дээрх 2 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд талуудын хооронд байгуулагдсан зээлийн 2 гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргийг шаардсан, хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан талаар анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэсэн, энэ талаар зохигч маргаагүй.

 

Иймд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Голомт банк ХХК болон хариуцагч Түмэн сүйх ХХК-ийн хооронд маргаагүй зүйл болох зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчил /2015 оны 8 дугаар сар, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр/ үүссэнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх боломжгүй байдал илэрхий болсон байхад зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийг хүндрүүлсэн нөхцөл байдалд оруулсан, зээлдэгчийн үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн маргаагүй үйл баримтад дүгнэлт өгч, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Түүнчлэн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хүлээхээр иргэний эрх зүйн хариуцлагыг хууль тогтоогч тогтоосон байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч Түмэн сүйх ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 543 850 000 төгрөг, зээлийн хүү 206 379 081,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 106 802,74 төгрөг, бүгд 775 335 884,19 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 385 000 000 төгрөг, зээлийн хүү 153 084 657,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 795 298,63 бүгд 556 879 956,16 төгрөг, 2 зээлийг нэгтгэн дүгнэвэл 1 332 215 840,35 төгрөгийн үүргийг хүлээж буй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн болон барьцааны гэрээг байгуулжээ. Үүнд:

 

1. Голомт банк ХХК болон Г.Охиноо нар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ310 000 3703 тоот Ипотекийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 4315 тоот Ипотекийн гэрээ-г тус тус байгуулж Г.Охиноогийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз, 30 айлын орон сууцны 14 тоот, 24 кв.м талбайтай, 2 өрөө орон сууцыг /1 хавтас, хх15-17, 39-41, 59 дах тал/,

 

2. Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК-иуд нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ310 000 3703А тоот Ипотекийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 4315Б тоот Ипотекийн гэрээ-г байгуулж, Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Х-14 тоот, 16 кв.м талбайтай, гүний худгийн зориулалттай, мөн Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ханан /18290/ гудамжны Г-17 тоот, 126 кв.м талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /1 хавтас, хх18-23, 48-50, 60,61 дэх тал/,

 

3. Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК-иуд нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ310 000 3703Б тоот Ипотекийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 4315А тоот Ипотекийн гэрээ гэж нэрлэн Түмэн сүйх ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2291019096 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд оршин байх 100 000 кв.м талбай бүхий, газар эзэмших эрхийг, мөн Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгон 15 тоотод байх 136 кв.м талбайтай албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /1 хавтас, хх24-29, 42-44, 62, 63 дах тал/,

 

4. Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 3703В тоот Ипотекийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 4315В тоот Ипотекийн гэрээ-гээр Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны гудамж /18290/, 16 тоот, 5044.68 кв.м талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /1 хавтас, хх30-32, 54-56, 64 хуудас/-ийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах, мөн зүйлийн 156.2 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл үл хөдлөх эд эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагуудыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч Г.Охиноод холбогдох нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Г.Охиноо нь Голомт банк ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ310 000 3703 тоот Ипотекийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГ310 000 4315 тоот Ипотекийн гэрээ-г тус тус байгуулж өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз, 30 айлын орон сууцны 14 тоот, 24 кв.м талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь болно.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Я.Оюунчимэгтэй БДГ3100003703-1 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр Я.Эрдэнэбаяртай БДГ3100003703-2 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүсчээ. /1 хавтас, хх 57,58 дэх тал/

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээхээр гэрээнд тохиролцоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө нөхөн хариуцлага хүлээх юм.

 

Батлан даагч Я.Оюунчимэгтэй 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, батлан даагч Я.Эрдэнэбаяртай мөн өдөр байгуулсан батлан даалтын гэрээний 3.4.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж талууд тохиролцсоноос үүрэг гүйцэтгэгч Түмэн сүйх ХХК-ийн гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нар хамран хариуцахаар тохиролцоогүй байна.

 

Энэ шийдвэрээр үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч Түмэн сүйх ХХК-иас зээлийн гэрээгээр хүлээх үүргийг тодорхойлж, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах талаар шийдвэрлэж буй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй тохиолдолд нөхөн үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Иймд батлан даалтын гэрээгээр нөхөн хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, уг нэхэмжлэлд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Түмэн сүйх ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тайлбарлаж, танилцуулсан. Түмэн сүйх ХХК нь өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, өмгөөлөгч Б.Оюунбилэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Б.Оюунбилэгт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Оюунбилэг нь эрүүл мэндийн байдлаас чөлөөтэй байгаа гэх эмнэлгийн магадлагааг хариуцагч тал шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүх хуралдаан явуулахтай холбоотой хүсэлтийг гаргаагүй гэх үндэслэлийг зааж шүүх захирамж гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч тал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Зээлийн батлан даалтын сан болон Хөдөө аж ахуйн яамны Өвлийн хүлэмжийн аж ахуйн төслийн газрыг оролцуулах хүсэлтийг гаргасан ба шүүх мөн өдрийн 102/ШЗ2017/07996 тоот захирамжаар уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. ХАА яамны Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл болон Түмэн сүйх ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төслийн хэрэгжилтэнд хяналт тавих тухай гэрээ-г байгуулсан, гэрээгээр Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн үр дүнг нэмэгдүүлэх, зээлийн санхүүжилтыг зориулалтын дагуу ашиглах, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба, төсөлд олгож буй зээлийн хэмжээг 550 000 000 төгрөг байх, зээлийн зарцуулалтын хуваарийг хавсралтаар баталсан байна. Зээлийн дүн нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас олгосон зээлийн хэмжээтэй тохирч байгаа тул хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээргүй байгаа тул зээлийн гэрээний үүрэг шаардахтай холбоотой маргаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлийн батлан даалтын сан, Голомт банк ХХК болон Түмэн сүйх ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Батлан даалтын гэрээ-г байгуусан, гэрээгээр зээлдэгч Түмэн сүйх ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Зээлийн батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 45,5 хувиар үүргийг гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

Голомт банк ХХК болон Хатан сүйх ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны, батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан ба уг гэрээний үүргийг хэнээс хэдий хэмжээгээр шаардах нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Иймд шүүхээс Зээлийн батлан даалтын санг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн хариуцагч талаас барьцааны зүйлийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхойлогдох асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Дээрд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Түмэн сүйх ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 332 215 840,35 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Я.Эрдэнэбаяр, Я.Оюунчимэг нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 5 616 668 төгрөгийг гэснийг 6 819 029,20 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 616 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 430 511,45 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА