Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2018/01099

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2018/00501 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Голден дрийм ХХК, Б.Түвшинтулга нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Отгонсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Хэрлэнхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ганзориг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын эхээр Б.Түвшинтулга нь замын индүү байна уу, ажилд гаргах уу гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд надаас 1 сарын хугацаагаар түрээслүүлээч гэхэд би хөдөө байна, чи аж ахуйн хашаанаас очоод үзчих гэхэд үзээд хэрэггүй, авъя гэсэн. Тэгээд би за тэгвэл чи авч болно, өдрийн 300 000 төгрөгөөр өгнө, хоёулаа гэрээгээ яах вэ гэхэд гэрээгээр яах вэ, би амьд баталгаа болъё, н.Ганбаяр бид 2 зуун айлын тэнд ажил авсан гээд 9 дүгээр сарын сүүлээр тухайн ярьсан өдөр индүүг авч явсан байсан. Тэр өдрөө оператор Э.Өлзий-Орших гэдэг залууг явуулсан бөгөөд түүнийг очиход индүүг аваад явсан байсан. Би түүнээс юу болж байна гэж асуухад ажлаа хийж байна, зуун айл дээр ажиллаж байгаа гэдэг байсан. Би нэг удаа Б.Түвшинтулгатай яриад мөнгөө яах вэ гэхэд ажлаа дуусгаад аваарай гэж хэлсэн. Би ажил явагдаж байгаа гэж ойлгоод тухайн үед оператортайгаа утсаар ярихад ажил хийж байгаа, хааяа намайг ир гэж байна, хааяа битгий ир гэж байна гэдэг байсан болохоор би Б.Түвшинтулгад найдаад орхисон байсан. Нэг удаа 12 дугаар сарын эхээр Б.Түвшинтулгатай холбоо барихад 11 дүгээр хороололд замын индүү чинь байгаа, чи очоод уулз гэсэн. 2015 оны 12 дугаар сард 11 дүгээр хорооллын Өвөр монгол рестораны тэр хавьд байрлах ажлын талбайд очоод н.Ганбаяртай уулзахад ажил авах гээд явж байна, чи талбайн инженер н.Жамбалтай уулз, тэр хүнд цагийн бүртгэл гээд бүх мэдээлэл байгаа гэсэн. Очоод уулзах гэхэд байгаагүй. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Б.Түвшинтулгатай утсаар ярихад ажил нь дууссан, гэхдээ чиний индүүг 12 дугаар сард ахиад хэрэглэх гээд байлгаад байна гэхэд нь би тухайн үед итгээд хэсэг хугацаанд харсан. 2016 оны 01 дүгээр сард Б.Түвшинтулгатай утсаар ярихад чи индүүгээ аваагүй юм уу, ажил нь дууссан, индүү чинь Голден дрийм ХХК-д байгаа, уулзах хэрэгтэй гэсэн. Ингээд 2016 оны 01 дүгээр сард Б.Түвшинтулгатай Туул рестораны тэнд уулзаад Төрийн банк байрладаг байранд орж эрх бүхий хүмүүстэй нь уулзах гэхэд н.Жамбал болон О.Наранбаатар захирал байхгүй байсан. Ингээд Б.Түвшинтулга бид хоёр гараад хоёулаа тооцоо нийлье, би Н.Жамбалцэрэнгээс хугацаа, ажилласан цагийг нь авъя гэснээс хойш би уулзаагүй. Учир нь би хөдөө ажилтай болохоор энэ талаарх асуудлыг эхнэрт захиж үлдээсэн бөгөөд үүнээс хойшхи асуудлыг манай эхнэр нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн мэдэж байгаа. 2015 оны 12 сар хүртэл манай индүүг ахин ашиглана гэж хэлээд хүлээлгэсэн. Хүний индүүг хэрэглэсэн атлаа мөнгийг нь өгөхгүй гээд байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд би дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн байгаа. Би индүүнийхээ төлбөрийг төлүүлэхээр маш их явсан. 2016 оны 01 дүгээр сарын эхээр би Б.Түвшинтулга руу залгаж, утас болон сошиал, эхнэрийн хаягаар нь дамжуулж хайгаад олж уулзсан. Тэгээд надад хэрэгт байгаа гар бичмэлийг авчирч өгөөд, манай ажил дээр миний компьютер дээр Б.Түвшинтулга хажууд сууж байгаад танай индүүг Алтай рөүд ХХК нь 8 хоног, Голден дрийм ХХК нь 9 хоног ашигласан, дундаа сул зогсолт их байсан гэж хэлсэн. Мөн Голден дрийм ХХК нь 1-3 хэсэг гээд 3 өөр хэсэг газарт ашигласан гэж тайлбарласан. 2015 оны 9 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 04-нийг хүртэл 9 хоног ашигласан сул зогсолт их байсан гэсэн. Алтай рөүд ХХК-д 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд 8 хоног ашигласан гээд доор нь Алтай рөүд ХХК болон Голден дрийм ХХК-ийн хаяг утсыг бичиж компьютерээр шивж өгсөн. Тэгээд маргааш нь 10 дугаар хороололд Кристалл сити-гийн 4 давхарт байрлах Алтай рөүд ХХК-ийн захиралтай уулзахад танай мөнгийг Б.Түвшинтулгад өгсөн, танайхтай тооцоо байхгүй гэсэн. Голден дрийм ХХК-ийн оффис нь Занабазарын музейн урд талын Төрийн банк байрладаг цагаан байрны 2 давхарт байрлаж байсан ба уг байр нь миний ажлын газартай ойрхон байсан учир би ойр ойрхон очдог байсан. О.Наранбаатар захирал ажлын байран дээрээ дандаа байдаггүй байсан ба нэг удаа 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Наранбаатар захиралтай таарсан. Тэр үед би индүүгээ танайд ашиглуулсан, өдрийн 300 000 төгрөгөөр нийт 2 700 000 төгрөг, мөн одоо ачих тээврийн зардал авах хэрэгтэй байна, индүүний цонх нь хагарсан, зэвэнд идэгдсэн хамгаалалтгүй байна гэж хэлсэн. Яг энэ үед менежер Н.Жамбалцэрэн нь гаднаас орж ирж тааран О.Наранбаатар захирал түүнийг надтай уулз гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Н.Жамбалцэрэнд учир байдлаа хэлээд ашигласан хоногоор мөнгөө авъя, сул зогсолтын мөнгийг авахгүй, эхний удаа индүүг тээвэрлэх зардалд 500 000 төгрөг өг гэж хэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар болохоос өмнө Н.Жамбалцэрэн надаас дансны дугаар авч 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Би хөлсөө нэхэж байнга Голден дрийм ХХК-ийн ажлын байр руу нь очдог байсан бөгөөд О.Наранбаатар захирал өөрөө би яамаар хөөцөлдөж байгаа, би мөнгө төгрөгийг шийдэж өгнө, санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын дундуур оффис нь уг газартаа байхгүй нүүсэн, утасдаад асуухаар хаягаа хэлдэггүй болсон. Ингээд бид аргаа бараад байж байтал 04 дүгээр сард гудамжинд Голден дрийм ХХК-ийн нарийн бичиг хийж байсан охинтой таарсан. Тэр намайг мөнгө шаардаж байсныг мэддэг байсан ба мөнгө ороод ирсэн, та мөнгөө аваагүй юу гэхэд нь би Н.Жамбалцэрэнтэй утсаар ярьж асуухад Б.Түвшинтулгад өгсөн гэж хэлсэн. О.Наранбаатар захиралтай олон удаа уулзсан бөгөөд тухайн үед мөнгийг төлнө, санаа зоволтгүй гэж тайвшруулж залилж байхын оронд туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан, мөнгө төгрөгийг нь өгсөн гэх тэр байгууллагатайгаа үнэн зөвөөр нь ярьж уулзуулах ёстой байсан. Гэтэл одоо өөр компани хариуцах юм шиг яриад байгааг зөвшөөрөхгүй. Н.Жамбалцэрэн гэдэг хүн өөрийгөө надад Голден дрийм ХХК-ийн менежер гэж хэлж байхад О.Наранбаатар захирал өөрөө хажууд зогсож байсан. Би олон удаа мөнгөө нэхэж оффис дээр нь очиход ажилтнууд нь Жамбалаа хурдан ир, энэ хүн индүүнийхээ мөнгийг авах гээд байна гэж утсаар дуудаж хэлдэг байсан.

Иймд бид 9 хоног индүүгээ түрээслүүлсний хөлсөнд 2 700 000 төгрөгийг Голден дрийм ХХК-иас, үлдэх 2 300 000 төгрөгийг хариуцагч Б.Түвшинтулгаас нэхэмжилж байна. Хариуцагч Б.Түвшинтулга хэдийгээр өөрийнхөө ажилд ажиллуулаагүй ч өөрөө анхнаасаа би хариуцна, баталгаа болно гэж итгүүлж байж индүүг авч явсан, Алтай рөүд ХХК-ийн захирал нь индүүний түрээсийн мөнгийг Б.Түвшинтулгад өгсөн гэсэн учраас түүнээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Голден дрийм ХХК-ийн төлөөлөгч О.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд байгаа 17 хоног ажилласан гэж гараар бичсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хэн нь зохиож бичсэнийг би мэдэхгүй. Хэд хоног ажилласныг тодорхойлох боломжгүй байна. Манайх 2-3, олон туслан гүйцэтгэгч байгууллагатай байсан. Х.Ганзоригийг өнөөдөр анх удаа харж байна. Ж.Отгонсүрэнг бол харж байсан, мэдэж байгаа. Би тухайн үед мөнгийг шийдвэрлэж өгнө гэж хэлж байсныг хүлээн зөвшөөрч байсан. Н.Жамбалцэрэн бол тухайн үед машин тэргийг нь тээвэрлэх мөнгийг өгөөд асуудлыг шийдэж байсан тухай тусдаа ярих асуудал гэж бодож байна. Н.Жамбалцэрэн нь манай талбайн ажлыг хариуцаж байсан. Манай компанийн хувьд Х.Ганзориг гэж хүнтэй тохиролцсон зүйл байхгүй. Олон туслан гүйцэтгэгчтэй ажиллаж байсан тул тэр бүхнийг би шийдэх боломжгүй. Хариуцагч Б.Түвшинтулга нь Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороонд ажилласан гээд байсан, гэтэл манайх 7,8 дугаар хороонд замын ажил гүйцэтгэсэн. Мөн Алтай рөүд ХХК-д ажилласан гэж яригдаж байна. Голден дрийм ХХК-тай энэ талаар тохиролцоогүй, гэрээ хийгээгүй байж яагаад мөнгө нэхээд, хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Б.Түвшинтулгын хувьд тухайн үед ажиллаж байсныг үгүйсгэхгүй боловч огт гэрээ байгуулаагүй байна. Хаана ажилласан нь мэдэгдэхгүй байж гар бичмэл гаргаж ирээд, нотлох баримтгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилласан бол ажилласан гэдэг гэрээгээ гаргаж ирээд нэхэмжлэх ёстой. Хэрэв үнэхээр тохиролцсон бол би асуудлыг шийднэ. 17 хоногийн гар бичмэл дээр үндэслэж нэхээд байгаа нь хууль бус юм. Өмнө нь 17 хоног ажилласан гэж байснаа одоо 9 хоног ажилласан гэж байна. Иймд тус нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Түвшинтулга шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үед би барилгачдын талбайн урд талд байрлах Төрийн банк ХХК-тай байрны 2 давхарт байрлах Голден дрийм ХХК-д ажил байгаа гэдгийг гэрч Д.Ганбаяр бид хоёр мэдсэн ба бид тохироод ажиллахаар болсон. Бид нарын хийж гүйцэтгэсэн ажлын талбай нь Сүхбаатар дүүргийн нутагт... Өвөр монгол рестораны уулзвараас 2 дугаар сургуулийн баруун уулзвар хүртэл гэсэн нэртэй ажлын зургийг анх Н.Жамбалцэрэн гэх хүн Голден дрийм ХХК-ийн ажил юм, энд асфальтан зам тавих, байгалийн чулуун хучилттай зам тавих зэрэг ажлууд байгаа гэсэн. Тэгээд тус ажлыг эхэлж байхад Голден дрийм ХХК-ийн менежер Н.Жамбалцэрэн гэх хүн надтай уулзаад чамд таньж мэддэг хүн байна уу, замын индүү олдох уу, би найдвартай мөнгө өгнө, өдрийн 300 000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлсэн. Ингээд би Х.Ганзоригийг таньдаг болохоор индүүг чинь түрээслье, би цуг ажиллаж байгаа, тухайн үеийн ханшаар хөлс үнийг нь тохиролцъё гэхэд Х.Ганзориг зөвшөөрсөн. Тэгээд Н.Жамбалцэрэнд би Сонгинохайрхан дүүрэгт гараашид байгаа юм байна, оперотор нь маргааш ирэх юм байна гэхэд Н.Жамбалцэрэн, н.Батбаяр нар очоод 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр индүүг нь талбай дээрээ авч ирсэн. 23-ны өдрөөс оператор нь гэх Э.Өлзий-Орших гэдэг хүн ажлын талбайд ирсэн. Үүнээс хойш индүүг ажилласан өдрүүдийг оператор бид хоёр бүртгэдэг байсан. Шөнө ажиллах явцад оршин суугчид дургүйцлээ илэрхийлээд индүүний цонхыг нь хагалж байсан. Ингээд ажил дуусаад 11 дүгээр сард Х.Ганзориг хэд хэдэн удаа түрээсийн мөнгөө авья гэхэд нь би Н.Жамбалцэрэнтэй утсаар яриад чи мөнгийг нь өг гэхэд өгнө гэж хэлж байсан.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үед нэхэмжлэгч бид хоёр ажил дээр нь Н.Жамбалцэрэнтэй уулзахад одоо удахгүй мөнгө орж ирнэ, мөнгийг нь өгнө өгнө гэж миний хажууд хэлсэн. Би тухайн үед нэхэмжлэгч болон Н.Жамбалцэрэн нарыг уулзуулж байсан. Үүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сард Н.Жамбалцэрэн, О.Наранбаатар захирал, гэрч Д.Ганбаяр нартай Х.Ганзоригийг уулзуулж байсан бөгөөд тэгэхэд мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Үүнийг Х.Ганзориг ч өөрөө гэрчилнэ. 2015 оны 09 дүгээр сарын 23-наас эхлээд 11 дүгээр сарын 10-ныг хүртэл индүүг ажиллуулсан. Ашиглах хугацаанд 1 хоног өнжөөд ч юм уу янз бүр ашигласан болохоор бүртгэл дээр ажилласан нийт хоног нь 17 хоног байгаа. Энэ мөнгийг Голден дрийм ХХК гаргаж өгөх ёстой. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Голден дрийм ХХК-иас 2 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нарт олгож, хариуцагч Б.Түвшинтулгаас 2 300 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Голден дрийм ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа түрээсийн эд зүйлийн ашигласан хоногийн хөлсийг хэн хэрхэн ямар байдлаар төлөх тухай дүгнэлт хийхдээ алдаа гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр түрээсийн эд зүйл болох замын индүүг хариуцагч Б.Түвшинтулгаар зуучлуулан Голден дрийм ХХК нь өөрийн талбайдаа ажиллуулж байсан нь гэрч Д.Ганбаяр, хариуцагч Б.Түвшинтулга нарын мэдүүлгээр нотлогддог. Хариуцагч Б.Түвшинтулгаар зуучлуулан замын индүүг түрээслэсэн байдаг ба түрээсийн хугацаанд Дулаан хайрхан констракшн ХХК-д мөн ашиглуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Голден дрийм ХХК-ийн төлөөлөгч О.Наранбаатар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Х.Ганзоригтой Голден дрийм ХХК нь ямар нэгэн эрх зүйн харилцаанд огт ороогүй төлбөр төлөх талаар ч тохиролцоогүй. Нэхэмжлэгч Х.Ганзориг нь зөвхөн Б.Түвшинтулга болон Н.Жамбалцэрэн нартай үнэ хөлсөө тохиролцож ажил хийхээр тохиролцсон байхад анхан шатны шүүхээс Голден дрийм ХХК-ийн эзэмшигчид шилжүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Учир нь төлбөрийг Ж.Отгонсүрэнгийн дансаар манай байгууллагатай түншлэгч байгууллагын захирал Н.Жамбалцэрэн шилжүүлнэ гэж тохиролцсон нь хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсоор байтал манай компаниас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь бодит эрхийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нар нь хариуцагч Голден дрийм ХХК, Б.Түвшинтулга нарт холбогдуулан гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Голден дрийм ХХК нь Дулаан хайрхан констракшн ХХК-тай хамтран, Нийслэлийн Авто замын газрын захиалгаар, Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын орон сууцны доторхи авто замын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэхээр СБД-ХААА/НЭШ15-012 тоот 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, орон сууцны доторхи авто замын ажлын гэрээг байгуулж, уг гэрээний дагуу авто замын барилгын ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь уг гэрээ, түүний хавсралтууд, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 96/2015 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Голден дрийм ХХК, Дулаан хайрхан констракшн ХХК-ийн хооронд байгуулсан түншлэлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрч Д.Ганбаярын ...Б.Түвшинтулга индүү дуудаж авчирсан байсан...18-20 тонны, далангийн зориулалттай, том, шар өнгийн индүү байсан...300 000 төгрөгөөр тохиролцсон гэж сонсож байсан...би ажлын хөлсөө Жамбалцэрэнгээс авсан...замын индүү тухайн ажилд ашиглагдсан, далангийн суурийг нягтруулдаг гол багаж бөгөөд байнга ажилласан...сүүлд сонсоход Түвшинтулгын найзын индүү байсан. Би ч гэсэн 2-3 техник хүмүүсээс авчирч байсан... гэх мэдүүлэг, хариуцагч Б.Түвшинтулгын ...2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Голден дрийм ХХК-иас индүү түрээслэх гэсэн олдохгүй байна. Түрээслүүлэх хүн байвал олж өгч туслаач ажлаа хурдан хиймээр байна гэсэн. Х.Ганзоригтой утсаар ярьж индүүг түрээслэхээр болсон. 1 өдрийн 300 000 төгрөгөөр тохиролцож авч ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Э.Өлзий-Оршихоор жолоодуулан ажиллуулсан. Энэ хугацаанд уг индүүг нийт 14 хоног өөрийн ажлын талбайд 3 хоногийг зэргэлдээ ажил хийж байсан Алтай рөүд ХХК-ийн талбайд ажиллуулсан. гэх тайлбар, мөн хэргийн 133-134 дүгээр талд авагдсан Э.Өлзий-Оршихын бичгийн тодорхойлолт зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн зам индүүдэгч машиныг хариуцагч Голден дрийм ХХК-ийн гүйцэтгэж байгаа Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын орон сууцны доторхи авто замын, зам барилгын ажилд 17 хоногийн хугацаанд ажиллуулж байсан гэж үзнэ. /хх 17, 110-112/

 

Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг баримтлан хариуцагч Голден дрийм ХХК-иас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Түвшинтулгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасан нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Голден дрийм ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2018/00501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг баримтлан хариуцагч Голден дрийм ХХК-иас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Түвшинтулгад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...58 150 төгрөг... гэснийг ...94 950 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Голден дрийм ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН