Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Г

Нэхэмжлэгч: Ж.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т,

Хариуцагч: ГД” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г, Ж.О, хариуцагч Б.Т-ын өмгөөлөгч О.Отгонбаяр, хариуцагч “ГД” ХХК-ийн захирал О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                         

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   2015 оны 09 дүгээр сарын эхээр Б.Т нь замын индүү байна уу, ажилд гаргах уу гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд надаас 1 сарын хугацаагаар түрээслүүлээч гэхэд би хөдөө байна, чи аж ахуйн хашаанаас очоод үзчих гэхэд үзээд хэрэггүй, авъя гэсэн. Тэгээд би за тэгвэл чи авч болно, өдрийн 300 000 төгрөгөөр өгнө, хоёулаа гэрээгээ яах вэ гэхэд гэрээгээр яах вэ, би амьд баталгаа болъё, н.Ганбаяр бид 2 зуун айлын тэнд ажил авсан гээд 9 дүгээр сарын сүүлээр тухайн ярьсан өдөр индүүг авч явсан байсан. Тэр өдрөө оператор Э.Өлзий-Орших гэдэг залууг явуулсан бөгөөд түүнийг очиход индүүг аваад явсан байсан. Би түүнээс юу болж байна гэж асуухад ажлаа хийж байна, зуун айл дээр ажиллаж байгаа гэдэг байсан. Би нэг удаа Б.Т-тай яриад мөнгөө яах вэ гэхэд ажлаа дуусгаад аваарай гэж хэлсэн. Би ажил явагдаж байгаа гэж ойлгоод тухайн үед оператортайгаа утсаар ярихад ажил хийж байгаа, хааяа намайг ир гэж байна, хааяа битгий ир гэж байна гэдэг байсан болохоор би Б.Т-д найдаад орхисон байсан. Нэг удаа 12 дугаар сарын эхээр Б.Т-тай холбоо барихад 11 дүгээр хороололд замын индүү чинь байгаа, чи очоод уулз гэсэн. 2015 оны 12 дугаар сард 11 дүгээр хорооллын “Өвөр монгол” рестораны тэр хавьд байрлах ажлын талбайд очоод н.Ганбаяртай уулзахад ажил авах гээд явж байна, чи талбайн инженер н.Жамбалтай уулз, тэр хүнд цагийн бүртгэл гээд бүх мэдээлэл байгаа гэсэн. Очоод уулзах гэхэд байгаагүй. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Б.Т-тай утсаар ярихад ажил нь дууссан, гэхдээ чиний индүүг 12 дугаар сард ахиад хэрэглэх гээд байлгаад байна гэхэд нь би тухайн үед итгээд хэсэг хугацаанд харсан. Түүнээс хойш утсаар ярихаа больсон, холбогдохоо больсон. 2016 оны 01 дүгээр сард Б.Т-тайутсаар ярихад чи индүүгээ аваагүй юм уу, ажил нь дууссан, индүү чинь “ГД” ХХК-д байгаа, уулзах хэрэгтэй гэсэн. Ингээд 2016 оны 01 дүгээр сард Б.Т-тай “Туул” рестораны тэнд уулзаад Төрийн банк байрладаг байранд орж эрх бүхий хүмүүстэй нь уулзах гэхэд н.Жамбал болон О.Н захирал байхгүй байсан. Ингээд Б.Тбид хоёр гараад хоёулаа тооцоо нийлье, би Н.Жамбалцэрэнгээс хугацаа, ажилласан цагийг нь авъя гэснээс хойш би уулзаагүй. Учир нь би хөдөө ажилтай болохоор энэ талаарх асуудлыг эхнэрт захиж үлдээсэн бөгөөд үүнээс хойшхи асуудлыг манай эхнэр нэхэмжлэгч Ж.О мэдэж байгаа.  2015 оны 12 сар хүртэл манай индүүг ахин ашиглана гэж хэлээд хүлээлгэсэн. Тэр хугацаанд манай индүүний цонхны шил хагарсан байсан. Би тэр шилийг өөрийнх нь үйлдвэрийн газраас нь 800 000 төгрөгөөр авч ирж байсан. Үүнийг би өөрөө төлсөн.  Хүний индүүг хэрэглэсэн атлаа мөнгийг нь өгөхгүй гээд байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Ж.О-гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмнөх шүүх хуралдаанд би дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн байгаа. Би индүүнийхээ  төлбөрийг төлүүлэхээр маш их явсан. 2016 оны 01 дүгээр сарын эхээр би Б.Т-руу залгаж, утас болон сошиал, эхнэрийн хаягаар нь дамжуулж хайгаад олж  уулзсан.  Тэгээд надад хэрэгт байгаа гар бичмэлийг  авчирч өгөөд,  манай ажил дээр миний компьютер дээр Б.Тхажууд сууж байгаад танай индүүг “Алтай рөүд” ХХК нь 8 хоног, “ГД” ХХК нь 9 хоног ашигласан, дундаа сул зогсолт их байсан гэж хэлсэн.  Мөн “ГД” ХХК нь  1-3 хэсэг гээд 3 өөр хэсэг газарт ашигласан гэж тайлбарласан. 2015 оны 9 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 04-нийг хүртэл 9 хоног ашигласан сул зогсолт их байсан гэсэн. “Алтай рөүд” ХХК-д 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд 8 хоног ашигласан гээд доор нь “Алтай рөүд” ХХК болон “ГД” ХХК-ийн хаяг утсыг бичиж компьютерээр шивж өгсөн. Тэгээд маргааш нь 10 дугаар хороололд “Кристалл сити”-гийн 4 давхарт байрлах “Алтай рөүд” ХХК-ийн захиралтай уулзахад “танай мөнгийг Б.Түвшинтулгад өгсөн, танайхтай тооцоо байхгүй” гэсэн. “ГД” ХХК-ийн оффис нь Занабазарын музейн урд талын Төрийн банк байрладаг цагаан байрны 2 давхарт байрлаж байсан ба уг байр нь миний ажлын газартай ойрхон байсан учир би ойр ойрхон очдог байсан. О.Н захирал ажлын байран дээрээ дандаа байдаггүй байсан ба  нэг удаа 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Н захиралтай таарсан. Тэр үед би “индүүгээ танайд ашиглуулсан, өдрийн 300 000 төгрөгөөр нийт 2 700 000 төгрөг, мөн одоо ачих тээврийн зардал авах хэрэгтэй байна, индүүний  цонх нь хагарсан, зэвэнд идэгдсэн хамгаалалтгүй байна” гэж хэлсэн. Яг энэ үед менежер Н.Жамбалцэрэн нь гаднаас орж ирж тааран О.Н захирал түүнийг надтай уулз гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Н.Жамбалцэрэнд учир байдлаа хэлээд “ашигласан хоногоор мөнгөө авъя, сул зогсолтын мөнгийг авахгүй, эхний удаа индүүг тээвэрлэх зардалд 500 000 төгрөг өг” гэж хэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар болохоос өмнө Н.Жамбалцэрэн надаас дансны дугаар авч 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний өмчлөлийн индүүг өөрсдийнхөө ажилд ашиглачихаад муухай эдэлж хэрэглэсэн байсан. Би хөлсөө нэхэж байнга “ГД” ХХК-ийн ажлын байр руу нь очдог байсан бөгөөд О.Н захирал өөрөө “би яамаар хөөцөлдөж байгаа, би мөнгө төгрөгийг шийдэж өгнө, санаа зоволтгүй” гэж хэлдэг байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын дундуур оффис нь уг газартаа байхгүй нүүсэн, утасдаад асуухаар хаягаа хэлдэггүй болсон. Ингээд бид аргаа бараад байж байтал 04 дүгээр сард гудамжинд “ГД” ХХК-ийн нарийн бичиг хийж байсан охинтой таарсан. Тэр намайг мөнгө шаардаж байсныг мэддэг байсан ба “мөнгө ороод ирсэн, та мөнгөө аваагүй юу” гэхэд нь би Н.Жамбалцэрэнтэй утсаар ярьж асуухад “Б.Түвшинтулгад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандахад эрүүгийн хэрэг биш иргэний маргаан байна гэсний дагуу тус шүүхэд хандсан. О.Н захиралтай олон удаа уулзсан бөгөөд тухайн үед “мөнгийг төлнө, санаа зоволтгүй” гэж тайвшруулж залилж байхын оронд туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан, мөнгө төгрөгийг нь өгсөн гэх тэр байгууллагатайгаа үнэн зөвөөр нь ярьж уулзуулах ёстой байсан. Гэтэл одоо өөр компани хариуцах юм шиг яриад байгааг зөвшөөрөхгүй. Н.Жамбалцэрэн гэдэг хүн өөрийгөө надад “ГД” ХХК-ийн менежер гэж хэлж байхад О.Н захирал өөрөө хажууд зогсож байсан. Би олон удаа мөнгөө нэхэж оффис дээр нь очиход ажилтнууд нь “Жамбалаа хурдан ир, энэ хүн индүүнийхээ мөнгийг авах гээд байна” гэж утсаар дуудаж хэлдэг байсан.

Иймд бид  9 хоног индүүгээ түрээслүүлсний хөлсөнд  2 700 000 төгрөгийг “ГД” ХХК-иас, үлдэх 2 300 000 төгрөгийг  хариуцагч Б.Түвшинтулгаас нэхэмжилж байна. Хариуцагч Б.Тхэдийгээр өөрийнхөө ажилд ажиллуулаагүй ч өөрөө анхнаасаа би хариуцна, баталгаа болно гэж итгүүлж байж индүүг авч явсан, “Алтай рөүд” ХХК-ийн захирал нь индүүний түрээсийн  мөнгийг Б.Түвшинтулгад  өгсөн гэсэн учраас түүнээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “ГД” ХХК-ийнзахирал О.Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд байгаа 17 хоног ажилласан гэж гараар бичсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хэн нь зохиож бичсэнийг би мэдэхгүй. Хэд хоног ажилласныг тодорхойлох боломжгүй байна. Манайх 2-3, олон туслан гүйцэтгэгч байгууллагатай байсан. Х.Г-ийг өнөөдөр анх удаа харж байна. Ж.Ог бол харж байсан, мэдэж байгаа. Би тухайн үед мөнгийг шийдвэрлэж өгнө гэж хэлж байсныг хүлээн зөвшөөрч байсан. Н.Жамбалцэрэн бол тухайн үед машин тэргийг нь тээвэрлэх мөнгийг өгөөд асуудлыг шийдэж байсан тухай тусдаа ярих асуудал гэж бодож байна. Н.Жамбалцэрэн  нь манай талбайн ажлыг хариуцаж байсан. Манай компанийн хувьд Х.Г гэж хүнтэй тохиролцсон зүйл байхгүй. Олон туслан гүйцэтгэгчтэй ажиллаж байсан тул тэр бүхнийг би шийдэх боломжгүй.  Хариуцагч Б.Т нь Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороонд ажилласан гээд байсан, гэтэл манайх  7,8 дугаар хороонд замын ажил гүйцэтгэсэн.  Мөн “Алтай рөүд” ХХК-д ажилласан гэж яригдаж байна. “ГД” ХХК-тай энэ талаар тохиролцоогүй, гэрээ хийгээгүй байж яагаад мөнгө нэхээд, хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Б.Т-гын хувьд тухайн үед ажиллаж байсныг үгүйсгэхгүй боловч огт гэрээ байгуулаагүй байна. Хаана ажилласан нь мэдэгдэхгүй байж гар бичмэл гаргаж ирээд, нотлох баримтгүйгээр мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилласан бол ажилласан гэдэг гэрээгээ гаргаж ирээд нэхэмжлэх ёстой. Хэрэв үнэхээр тохиролцсон бол би асуудлыг шийднэ. 17 хоногийн гар бичмэл дээр үндэслэж нэхээд байгаа нь хууль бус юм. Өмнө нь 17 хоног ажилласан гэж байснаа одоо 9 хоног ажилласан гэж байна. Иймд тус нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Т-ын өмгөөлөгч О.Отгонбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Түвшинтулгын өмнөх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Б.Т нь нэхэмжлэгч нартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй. Энэ нь шүүх хуралдаанд яригдаж байгаа байдлаас ч гэсэн харагдаж байна. “Алтай рөүд” ХХК нь Б.Т-д мөнгө өгсөн гэж хэлснээс болоод хариуцагчаар татсан байна. Гэвч тус компани нь тухайн мөнгийг өгсөн эсэхийг нотлох баримт байхгүй, Б.Т нь түрээсийн энэ мөнгийг ч аваагүй байдаг. Индүүг хоногт 300 000 төгрөгөөр түрээслье гэж ярьсан гэж байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанд өөрөө түрээслээгүй гэж хэлсэн. “ГД” ХХК-ийн менежер Н.Жамбалцэрэн тухайн үед ажлын талбай дээр өдрийн 300 000 төгрөгөөр түрээслэх замын индүү байна уу гэсний дагуу нэхэмжлэгч Х.Г-той ярихад түрээслүүлнэ гэж зөвшөөрсөн байсан. Ингээд Н.Жамбалцэрэн, н.Батбаяр гэх хүмүүс 2015 оны 09 дүгээр сарын 22-нд нэхэмжлэгч нарын индүүг очиж аваад 23-ны өдөр нь оператор Э.Өлзий-Орших очиж ажиллаж эхэлсэн байдаг.  Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээ нь эд хөрөнгө шилжүүлсэн талаас эд хөрөнгийг хөлсөлсөн төлбөрийг шаардах ёстой байдаг тул Б.Т-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Хариуцагч Б.Т нь замын индүүг түрээслэх асуудлыг зуучилж өгсний хувьд индүүг бодитоор ашигласан хүмүүсээс мөнгөө аваасай гэж бодсоны үндсэн дээр “ГД” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсаныг дэмжсэн.

Ингээд “ГД” ХХК-ийн ажлын талбайд 9 хоног, “Алтай рөүд” ХХК-д 8 хоног ажилласан гэдгийг Б.Тхэлээд энэ хүмүүсээс мөнгөө аваарай гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Иймд хариуцагч Б.Тнь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 2 300 0 00 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна  гэв.

Хариуцагч Б.Т-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үед би барилгачдын талбайн урд талд байрлах “Төрийн банк” ХХК-тай байрны 2 давхарт байрлах “ГД” ХХК-д ажил байгаа гэдгийг гэрч Д.Ганбаяр бид хоёр мэдсэн ба бид тохироод ажиллахаар болсон. Бид нарын хийж гүйцэтгэсэн ажлын талбай нь Сүхбаатар дүүргийн нутагт... Өвөр монгол рестораны уулзвараас 2 дугаар сургуулийн баруун уулзвар хүртэл гэсэн нэртэй ажлын зургийг анх Н.Жамбалцэрэн гэх хүн “ГД” ХХК-ийн ажил юм, энд асфальтан зам тавих, байгалийн чулуун хучилттай зам тавих зэрэг ажлууд байгаа гэсэн. Тэгээд тус ажлыг эхэлж байхад “ГД” ХХК-ийн менежер Н.Жамбалцэрэн гэх хүн  надтай уулзаад чамд таньж мэддэг  хүн байна уу, замын индүү олдох уу, би найдвартай мөнгө өгнө, өдрийн 300 000 төгрөгөөр түрээслэнэ гэж  хэлсэн.  Ингээд би Х.Г-ийг таньдаг болохоор “индүүг чинь түрээслье, би цуг ажиллаж байгаа, тухайн үеийн ханшаар хөлс үнийг нь тохиролцъё” гэхэд Х.Г зөвшөөрсөн. Тэгээд Н.Жамбалцэрэнд би “Сонгинохайрхан дүүрэгт гараашид байгаа юм байна, оперотор нь маргааш ирэх юм байна” гэхэд Н.Жамбалцэрэн, н.Батбаяр  нар очоод 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр индүүг нь талбай дээрээ авч ирсэн. 23-ны өдрөөс оператор нь гэх Э.Өлзий-Орших гэдэг хүн ажлын талбайд ирсэн. Үүнээс хойш индүүг ажилласан өдрүүдийг оператор бид хоёр бүртгэдэг байсан. Шөнө ажиллах явцад оршин суугчид дургүйцлээ илэрхийлээд индүүний цонхыг нь хагалж байсан. Ингээд ажил дуусаад 11 дүгээр сард Х.Г хэд хэдэн удаа түрээсийн мөнгөө авья гэхэд нь би Н.Жамбалцэрэнтэй утсаар яриад чи мөнгийг нь өг гэхэд өгнө гэж хэлж байсан.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үед нэхэмжлэгч бид хоёр ажил дээр нь Н.Жамбалцэрэнтэй  уулзахад “одоо удахгүй мөнгө орж ирнэ, мөнгийг нь өгнө өгнө” гэж миний хажууд хэлсэн. Би тухайн үед нэхэмжлэгч болон  Н.Жамбалцэрэн нарыг уулзуулж байсан. Үүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сард Н.Жамбалцэрэн, О.Н захирал, гэрч Д.Ганбаяр нартай Х.Гийг уулзуулж байсан бөгөөд тэгэхэд мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Үүнийг Х.Г ч өөрөө гэрчилнэ.  2015 оны 09 дүгээр сарын 23-наас эхлээд 11 дүгээр сарын 10-ныг хүртэл  индүүг ажиллуулсан. Ашиглах хугацаанд 1 хоног өнжөөд ч юм уу янз бүр ашигласан болохоор бүртгэл дээр ажилласан нийт хоног нь 17 хоног байгаа. Энэ мөнгийг “ГД” ХХК гаргаж өгөх ёстой. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

      Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:    

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Б.Т нарт холбогдуулан замын индүү хөлслүүлсний төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Ж.Ог, хамтран хариуцагчаар “ГД” ХХК-ийг тус тус оролцуулан, нэхэмжлэгч Х.Г, Ж.О нар нь хариуцагч “ГД” ХХК-иас 2 700 000 төгрөгийг, хариуцагч Б.Т-аас 2 300 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч  Б.Т-аас, Х.Г-ийн индүүг 2015 оны 09 дүгээр сарын 23-наас эхлээд 11 дүгээр сарын 10-ныг хүртэл “ГД” ХХК-ийн асфальтан зам тавих, байгалийн чулуун хучилттай зам тавих зэрэг ажилд ашигласан, ажилласан нийт хоног нь 17 хоног байгаа, хоногт 300 000 төгрөгөөр тохирч ажиллуулсан, түрээсийн мөнгийг “ГД” ХХК гаргаж өгөх ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

хариуцагч “ГД” ХХК-иас, нэхэмжлэлийг үндэслэж байгаа 17 хоног ажилласан гэсэн операторчны бичсэн бичиг гэх баримт нь шаардлага хангахгүй,   манай компани Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Авто замын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу замын ажлыг гүйцэтгэсэн, 2-3 туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн, би энэ хүмүүсийг мэдэхгүй, манай компанитай ямар нэгэн индүү түрээслэх гэрээ хийгээгүй, уг талбайд ажилласан бүх хүмүүсийн төлбөрийг өгөөд дуусгасан, “Алтай рөүд” ХХК-ийн талбайд ажилласан хөлсийг манайх төлөх ёсгүй гэж  тус тус тайлбарлан, үл зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Хэрэгт авагдсан 26-88 УБ дугаартай, “LIU GONG” маркийн, “CLG8554” загварын зам индүүдэгч машины 0967702 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан бөгөөд уг гэрчилгээнд нэхэмжлэгч Ж.О бүртгэгдсэн байх ба гэрлэгчид болох нэхэмжлэгч нар дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө бусдад ашиглуулах, хөлслүүлэх  болон түүнтэй холбоотой шаардлагыг хэн аль нь гаргах эрхтэй.

2.Хариуцагч “ГД” ХХК нь  “Дулаан хайрхан констраккшн” ХХК-тай хамтран, Нийслэлийн Авто замын газрын захиалгаар, Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын орон сууцны доторхи авто замын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэхээр СБД-ХААА/НЭШ15-012 тоот “7,8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, орон сууцны доторхи авто зам /СБД/-ын ажлын гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу авто замын барилгын ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь дээрх гэрээ, түүний хавсралтууд, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 96/2015 тоот  “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт”,  2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “ГД” ХХК болон  “Дулаан хайрхан констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан “ Түншлэлийн гэрээ”, зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ.

3.Дээрх авто замын барилгын ажилд нэхэмжлэгч нарын өмчлөлийн, 26-88 УБ дугаартай, “LIU GONG” маркийн, “CLG8554” загварын зам индүүдэгч машиныг өдөрт 300 000 төгрөгийн төлбөртэйгөөр ажиллуулж байсан нь хариуцагч Б.Түвшинтулгын тайлбар, гэрч Д.Ганбаярын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Ж.Огийн ХААН банк дахь 5027577367 тоот дансанд 5003556718 тоот данснаас индүүний ачилтын зардалд 500 000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1942 тоот албан бичгээр ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “ГД” ХХК-ийн түншлэгч “Дулаан хайрхан констракшн” ХХК-ийн захирал Н.Жамбалцэрэнгийн ХААН банк дахь 5003556718 тоот данснаас 2016 оны 02 дугаар сарын 19-нд  зам индүүдэгч машины ачилтын зардалд  зориулж 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Огийн эзэмшлийн ХААН банк дахь 5027577367 тоот дансанд шилжүүлсэн байдал, хариуцагч “ГД” ХХК-ийн захирал О.Н, Б.Тнарын “ГД” ХХК-д менежерээр Н.Жамбалцэрэн ажиллаж байсан, ажлын талбай дахь бүх ажлыг хариуцдаг байсан талаарх шүүхэд гаргасан тайлбарууд,  гэрч Д.Ганбаярын “...Түвшинтулга индүү дуудаж авчирсан байсан...18-20 тонны, далангийн зориулалттай, том, шар өнгийн индүү байсан...Талбай дээр байнга байдаг Жамбалцэрэн гэх хүн бүх асуудлыг шийддэг, О.Н захирал ирж очоод байдаг байсан...”Голден дрийм” ХХК-ийн менежер хийдэг байсан...замын индүүг тухайн үед хэний индүү байсныг мэдээгүй...300 000 төгрөгөөр тохиролцсон гэж сонсож байсан...би ажлын хөлсөө Жамбалцэрэнгээс авсан...замын индүү тухайн ажилд ашиглагдсан, далангийн суурийг нягтруулдаг гол багаж бөгөөд байнга ажилласан...сүүлд сонсоход Түвшинтулгын найзын индүү байсан. Би ч гэсэн 2-3 техник хүмүүсээс авчирч байсан...” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн зам индүүдэгч  машиныг хариуцагч “ГД” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын орон сууцны доторхи авто замын, зам барилгын ажилд 2015 оны 09 дүгээр сарын 16-наас хойш хөлслөн ажиллуулж байсан үйл баримт тогтоогджээ.

4.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “ Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нар зам индүүдэгч машиныг сард 300 000 төгрөгийн хөлстэйгөөр хариуцагч “ГД” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцохоор заасны дагуу талуудын хооронд мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

5.Хариуцагч Б.Т нь зам индүүдэгч машин нийтдээ 17 хоног ажилласанаас  хариуцагч “Голден дрийм”  ХХК-ийн  замын ажилд 9 хоног ажилласан гэж  уг машиныг ажиллуулсан талаар бүртгэсэн бүртгэлийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн байх ба энэ талаар гэрч Д.Ганбаярын  мэдүүлэг давхар нотолж байх тул  хариуцагч “Голден трийм” ХХК нь машины хөлсөнд 2 700 000 төгрөгийг  нэхэмжлэгч нарт  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар  төлөх үүрэгтэй.

6.Хариуцагч “ГД” ХХК-ийн гүйцэтгэж байсан  Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, 11 дүгээр хороололын орон сууцны доторхи авто замын ажилд  Б.Тнь ажиллаж байсан, “ГД” ХХК-ийн хүсэлтийн дагуу уг зам индүүдэгчийг тус компанид олж өгсөн зэрэг үйл баримт нь гэрч Д.Ганбаярын мэдүүлгээр нотлогдож байх тул  нэхэмжлэгч болон хариуцагч Б.Тнарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд зам индүүдэгч машиныг ажиллуулсаны хөлсийг төлөх  үүргийг Б.Тхүлээхгүй  болно.

7.Хариуцагч “ГД” ХХК-ийн тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан “Грандхилл” ХХК болон “ГД” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/10 тоот “СБД-ийн 7,8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, орон сууцны доторхи авто замын ажлын туслан гүйцэтгэх ажлын гэрээ”, нэхэмжлэх, кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, тооцоо нийлсэн акт зэрэг нь нэхэмжлэгч нарт хөлс төлсөн үйл баримтыг нотлохгүй, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЗАА/ИБХ/02 тоот “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Цэрэндоржийн гудамж, 62 дугаар байрны орчмын хороолол доторхи авто замын шинэчлэлтийн ажил, зураг төсвийн ажлын гэрээ”, түүнтэй холбоотой баримтууд нь хэрэгт хамааралгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөлд байдлуудаас дүгнэн, хариуцагч “ГД” ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т заасны дагуу хөлс төлөх үүргээ зөрчсөн гэж үзэн 2 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, харин хариуцагч Б.Түвшинтулгаас 2 300 000 төгрөгийг эд хөрөнгө хөлслүүлсний төлбөрт нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсхэгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ГД” ХХК-иас 58 150  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т заасныг баримтлан хариуцагч “ГД” ХХК-иас 2 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Г, Ж.О нарт олгож, хариуцагч Б.Т-аас 2 300 000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч “ГД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.               

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.БАЙГАЛМАА