Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00311

 

Т.Насанбөхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

         Т.Насанбөхийн нэхэмжлэлтэй,

         Ч.Батбаярт холбогдох    

         Зээлийн гэрээний үүрэгт 68.671.413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, Г.Энхтайван, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт: “2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Батбаяртай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч Ч.Батбаяр нь зээлээ хугацаандаа төлж чадаагүй, харин сарын хүү 900 000 төгрөгийг зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл нийт 18 сараар тооцоход 16 200 000 төгрөг төлсөн, энэ дүнтэй маргахгүй. Харин үндсэн зээлээ өнөөдрийг хүртэл төлөхгүй, зээлийн төлбөрөө цаашид төлөхгүй, төлөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой болсон тул Ч.Батбаяраас 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг болж байна. Түүнчлэн Т.Насанбөхийн эхнэр Ц.Оюунчимэг хүүхдийн хурим болох гээд байна 30 000 000 төгрөгийг өгөөч гэж удаа дараа нэхэхэд нь “аль нэг банкнаас зээл аваад хүүхдийнхээ хуримыг хийчих, би банкны зээлийн чинь хүүг төлье" гэж тохиролцсоны үндсэн дээр Ц.Оюунчимэг нь Капитрон банкнаас 30 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 25.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг, Ц Оюунчимэгийн Капитрон банкнаас авсан зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг нийт 68 671 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ч.Батбаяр хүүхдийн хурим болох үед 5 000 000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа, тэр үед ямар ч мөнгө өгөөгүй.” гэжээ.

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Т.Насанбөх 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Батбаяртай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч зээлийн үндсэн хүүнд 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 860 000 төгрөгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээгээр хүлээсэн зээлийн хүү болох 1 800 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулсан. Гэтэл тэрээр гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү шаардаж байна. Нөгөө талаар гэрээнд нэмэгдүүлсэн хүү /алданги/ тооцох талаар тусгагдаагүй болно. Тэгээд ч Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн харилцааг зохицуулсан байдаг ч, нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар зохицуулалт тусгагдаагүй, харин банк, санхүүгийн байгууллагын зүгээс олгох зээл буюу зээлийн гэрээний тусгай төрлийг тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд эдгээр зохицуулалтын дээрх хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т талууд тохирсон бол нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, манай улсад иргэд хоорондын гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй юм. Ц.Оюунчимэгийн Капитрон банкнаас авсан 30.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг нийт 21 559 800 төгрөгийг нэхэмжлэгч Т.Насанбөх шаардлага гаргах эрх бүхий субьөкт биш, түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Энэхүү хэргийн гол маргаан нь Т.Насанбөх болон Ч.Батбаяр нарын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой. Ч Батбаяр зээлийн төлбөрөөс 16 200 000 төгрөг, хүүхдийн хурим болох гэж байна гэхэд нь 5 000 000 төгрөг нийт 21 200 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс хасаж тооцон 8 800 000 төгрөгийг зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Батбаяраас 13 800 000 төгрөг гаргуулж, Т.Насанбөхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 871 413 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 659 258 төгрөгөөс 432 308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч Батбаяраас 226 950 төгрөгийг гаргуулж, Т.Насанбөхөд олгуулахаар шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281.1 ...” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1" гэж нэмж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 258 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 951 төгрөгийг улсын төсвөөс /Улаанбаатар хотын банк дахь 2611192214 тоот данс/ гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 226 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Насанбөхөд олгосугай" гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэн гомдол гаргаж байна. Хариуцагч Ч.Батбаяр нь иргэн Т.Насанбөхөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 30 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд энэхүү зээлийн үлдэгдэл нь одоогийн байдлаар 8 800 000 төгрөг байгаа юм. Энэ мөнгийг хариуцагчийн зүгээс төлөхөө хэлдэг ба анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт маргахгүй. Харин шүүх хариуцагч “...Ч.Батбаяр нь 5 000 000 төгрөгийг хүүхдийнхээ хуриманд зориулж нэхэмжлэгчид бэлнээр өгсөн тул төлөхгүй гэж маргаж байх боловч...” энэ нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Т.Насанбөх нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдийн хуриманд мөнгө хэрэгтэй боллоо гээд 5 000 000 төгрөгийг бэлнээр Ч.Батбаяраас авсан байдаг бөгөөд хавтаст хэрэгт бэлэн мөнгө өгсөн тухай гарын үсэг зураагүй 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэсэн огноотой баримт авагдсан байдаг бөгөөд энэ баримтаас үзвэл нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь “...зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, эхнэр болох Ц.Оюунчимэгийн аль нэг арилжааны банк, иргэнээс авсан зээл, зээлийн хүүг давхар бүрэн хариуцаж төлнө гэсэн...” тохиолдолд 5 000 000 төгрөг хүлээн авсан баримтанд гарын үсэг зурна гэдэг юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “ ...хариуцагч Ч.Батбаяр нь зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж маргасан бөгөөд энэ талаар мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх боловч тэрээр уг тайлбараа ... зааснаар баримтаар нотолж чадаагүй... ” гэх дүгнэлтэд яагаад хариуцагчийн зүгээс энэ талаар нотолж, мэтгэлцээгүй гэж вэ?. Хариуцагчийн зүгээс энэ талаарх хавтаст хэрэгт бэлэн мөнгө өгсөн тухай гарын үсэг зураагүй 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэсэн огноотой баримт авагдсан байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбар хийн мэтгэлцэж оролцсон байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул буруутай гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00945 дугаар шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Т.Насанбөх нь хариуцагч Ч.Батбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, хүү 12 251 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 860 000 төгрөг, Капитрон банкны зээлийн төлбөрт төлсөн 8 161 004 төгрөг, хүүгийн төлбөрт төлсөн 13 397 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867 төгрөг нийт 68 671 413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн хүүг гэрээний хугацаанд төлсөн, хугацаа дууссан тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

   Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т.Насанбөх нь 30 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ч.Батбаяр нь дээрх мөнгийг 3 хувийн хүүтэйгээр, тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батбаяр нь 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэл бүхий байна.

         Хариуцагч Ч.Батбаяр нь нэхэмжлэгч Т.Насанбөхөд  зээлийн хүү гэж 1 800 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 16 200 000 төгрөг төлсөн, гэрээний хугацааг сунгаагүй үйл баримтын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг хариуцагчаас шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хариуцагчийн төлсөн 16 200 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч, 13 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Насанбөхөд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

        Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбараа хариуцагч Ч.Батбаяр баримтаар нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

        Нэхэмжлэгч Т.Насанбөх  нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

        Хариуцагч Ч.Батбаярыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч Т.Насанбөхийн эхнэр Ц.Оюунчимэг Капитрон банкнаас 30 000 000 төгрөгийн зээл авч, уг зээлийн төлбөрт нийт 21 558 932 төгрөг төлснөө хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Ц.Оюунчимэгийн банкнаас авсан зээлийн харилцаа Т.Насанбөх, Ч.Батбаяр нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  зааснаар үнэлсэн  байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн хүү гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж,  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь зөв, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 951 төгрөгийг Т.Насанбөхөд буцаан олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.  Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

          Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

 2. Хариуцагийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЦАГААНЦООЖ

                                                                 ШҮҮГЧ                                           Д.ЦОЛМОН