Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2016/01860

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 26 өдөр

   Дугаар 101/ШШ2016/01860

    Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин суух, Т,

Хариуцагч: .... тоотод оршин суух, Г нарт холбогдох

43,000,000 төгрөг гаргуулах үндсэн, С-с 95,320,000 төгрөг гаргуулах тухай Т, Г нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Т, Г, тэдний өмгөөлөгч Д.Содномдорж, гэрч Ж, Б, Ш, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 02 дугаар сард Цагаан сарын баярын үеэр хариуцагч Г, Т нарын ахын гэрт золголтоор очих үед хашаанд нь байсан экскаваторыг зарах тухай ярилцсан. Тэгээд ямар үнээр зарахыг асуухад 120.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь бид 2 гэрээрээ нийлж худалдан авахаар болсон. Эхний ээлжинд 40.000.000 төгрөг өгчих, өр зээл ихтэй байгаа гэж хэлсэн. 2014 оны 4 дүгээр 20-ны өдөр Г, Ш нар Эрдэнэт хотод экскаваторыг авчирж өгсөн бөгөөд Дундговь аймгийн Хулт сумаас ирсэн ачилтын хөлс 5.000.000 төгрөгийг би өгсөн. Би хашаа байшингаа зарж байгаад мөнгийг өгөх гэсэн боловч огт зарагдахгүй байсан. Ингээд хариуцагч талын үеэл гэх Д-аас 25.000.000 төгрөг зээлж, бүгд нийлээд 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 50.000.000 гаруй төгрөг өгсөн. Ер нь бол 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл нийт 70.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд ямар нэг түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, амаар тохиролцсон, үүнийг мэдэх гэрч нар нь шүүхэд хамт ирсэн. Тэгээд ер нь газар гэсээгүй, барилгын ажил эхлэхгүй байсаар 2014 оны 7 дугаар сард Наадам хүртэл ажил хийгээгүй. Тэгээд байж байтал удалгүй 2014 оны 11 дүгээр сард Г ирээд экскаватороо буцаагаад аваад явчихсан. Уг нь анх 60.000.000 төгрөгөө өгчихвөл үлдсэнийг техникээрээ ажил хийгээд хуваагаад төлөхөөр тохирсон. Одоо бидэнд экскаватор болон мөнгө ч байхгүй болсон болохоор баримтаар шилжүүлсэн 43.000.000 төгрөгөө авахаар нэхэмжлэл гаргасан...” гэв.

 

Хариуцагч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2004 онд үйлдвэрлэсэн Хьюндай-2000 маркын экскаваторыг би 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баясгалан гэдэг хүнээс 130.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр өдрөө 120.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн 10.000.000төгрөгийг бичиг баримтаа шилжүүлэх үед өгөхөөр болж, 2013 оны 7 дугаар сард Замын-Үүдийн гааль дээр интернетээр харилцаж байгаад өөрийн болгож авсан. Бид урьдчилаад Баганаа гэдэг хүнтэй тохиролцоод сарын 18.000.000 төгрөгөөр экскаватораар ажил хийхээр болсон байсан юм. Бид ингээд хэдэн сар тохирсныхоо дагуу ажилласан. Дараа нь Адъяа, Цэнгүнжав гэдэг хүмүүстэй ажиллаж байсан бөгөөд энэ мэтээр сар бүр ажил хийж, орлоготой байсан. Ингээд 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр охин маань хүндрэлтэй төрөөд намайг эмнэлэгт байх хооронд Ш, С, Н, Баяраа дөрвүүлээ байж байгаад экскаватор худалдаж авах гэж байгаа чинийх шиг экскаватор авмаар байна, их ашигтай гэсэн талаар ярилцсан байсан. Энд болсон ярианы талаар нөхөр маань тодорхой ярина. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн үед экскаваторийг бид Дундговь аймгийн Хулд суманд Сайн-Ерөөлт гэдэг хүнтэй сарын 18.000.000 төгрөгөөр ажил хийхээр тохиролцоод урьдчилгаа 10.000.000 төгрөгөө авсан байсан. Гэтэл уг ажлын гэрээг цуцлуулж Эрдэнэт хотод сарын 24.000.000 төгрөгий ажил байна, бид ашиг олох гээд байна, ах дүү нараа бодооч 18.000.000 төгрөгийн түрээсээ та нар авчих бид дундаас нь 8.000.000 төгрөгний ашиг олно гээд гээд Б нар гуйхаар нь хүсэлтийг нь харгалзаж үзээд Эрдэнэт хот руу экскаватороо хүргэж өгсөн. Тэгээд 7 сарын хугацаанд тэнд байсан. Энэ хугацаанд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 16.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс нь бидэнд итгэл төрсөн юм. Биднийг очиход 4, 5 төрлийн ажил хийж байсан гэрэл зураг бий, хараагүй үзээгүй бас хэдэн ажил байгаа гэж ярьж байсан. Дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 1.000.000 төгрөгийг 500.000 төгрөгөөр 2 удаа 5675417577 гэсэн данснаас шилжүүлсэн, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баяраагаас 1.200.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 980.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 800.000 төгрөг, 200.000 төгрөг зэргийг шилжүүлсэн. Экскаваторыг тэнд ажиллаж байхад бид очиж тос маслыг нь хийдэг, шүд нь элэгдлээ гэхэд сольдог, шаланк нь задарлаа гэхэд нь аваачаад өгдөг байсан. Бид энэ бүртээ Дундговь аймгаас өөрсдөө зардлаа гаргаж очдог байсан. Ашигласан 7 сарын хугацаанд гарсан элэгдэл, хорогдолд би өөрсдөө завсар үйлчилгээгээ хийгээд, ажиллуулсан хүмүүстээ цалин хөлсийг нь өгөөд буцааж авсан. Уг нь өөрсдийг нь хүрээд ирээч, манай экскаватор ийм байдалтай байна гэхэд өө тийм үү, одоо яанаа гээд өөр юм хэлээгүй. Араас маань хийж байсан ажлынхаа хөлс 15.000.000 төгрөг, Надежда хорооллын ажлын хөлс 18.000.000 төгрөг шилжүүлнэ гээд байсан хэрнээ огт өгөөгүй. Өөрсдийнх нь өгсөн мөнгөнөөс нь давсан мөнгөөр бид экскаватораа засварласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай экскаваторыг худалдан авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Надад барьцаа хөрөнгө байхгүй учраас хүмүүс бидэнд итгэхгүй байна, барьцаагүйгээр өгөх таньдаг мэддэг хүн байна уу, чи өөрийнхтэйгөө адилхан экскаватор олоод өгөөч гэхээр нь би манай эхнэрийн экскаватор худалдаж авсан Баясгалантай холбогдсон. Тэгэхэд Хьюндай-2000, Хьюндай-2900 маркын 2 ширхэг экскаватор байна, алийг нь авах уу гэсэн. Би хамаатнууддаа авч өгөх гэсэн юм, мөнгө нь бэлэн гэсэн учраас хямдруулаач гэхэд өөрт нь мөнгө хэрэгтэй байгаа, та болохоор би таньд итгэж байна гээд 130.000.000 төгрөгийн үнэтэй экскаватораа 120.000.000 төгрөгөөр худалдах болсон. Ингээд Баянзүрхийн товчооны цаанаас аваад Шижирбаатар ахын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо сэлбийн 48-1050 тоот хашаанд буулгаж өгсөн. Баясгаланд тухайн үеийн гэрэл зураг байдаг. Нэхэмжлэгч Сгийн нөхөр Баяраа нь Эрдэнэт явж ирээд мөнгөө аваад ирье гээд 3 хоносон. Энэ хугацаанд нь Баясгалан надаас мөнгөө асуугаад байсан. Тэгтэл 7 хоногийн дараа Баяраа хугацааг нь хойшлуулж бай гээд байсан. Ингээд сураггүй алга болсон учраас Баясгалан би, Туул эгч та хоёрт итгэж байсан, одоо ийм байдалд хүрсэн учраас би экскаватораа татаж авлаа, та хот доторх замын зардлыг нь өгөөрэй гэж хэлсэн. Би хүнд тус болох гэсэн биш, өөрөө хүнд өртэй болсондоо их гомдож байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Д- гэдэг хүнийг би огт танихгүй, ямар учиртай мөнгө нэхээд байгааг нь мэдэхгүй. Бидэнд түрээсийн төлбөрөө өгөхгүй байсан учраас 2014 оны 11 дүгээр сард экскаватораа авсан. Уг нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр өгч байна гэсэн боловч эхний удаа өгчихөөд дараагийн удаа нэг компаниас 100.000.000 гаруй төгрөг авна гээд бөөнд нь өгнө гэж байсан. Би тэгээд танай ажил чинь бүтэхгүй байгаа юм уу, болих уу гэхэд та итгээд байж бай гэдэг байсан. Гэтэл 1.000.000, 2.000.000 төгрөг л шилжүүлээд байхаар нь одоо больё гэдгээ хэлэхэд намайг хийж байсан ажлын газрууддаа дагуулж очоод, энэ ажлуудыг дуустал нь хүлээж байгаад экскаватораа аваад яв гэж хэлсэн. Тэгээд намайг өөр ажил хийх гэхэд хүлээлгээд би энэ хугацааны алдангийг бас төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Т, Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн Тын эзэмшлийн экскаваторыг түрээслэхээр тохиролцсон байдаг. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байсан экскаваторыг Эрдэнэт хотод сарын 24.000.000 төгрөгийн ажил байна, хамаатан хүмүүс учраас бидэнд туслаач гээд шилжүүлж 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс түрээслэсэн. Түрээсийн төлбөр 24.000.000 төгрөгөөс 16.000.000 төгрөгт та нар аваад, 8.000.000 төгрөгийг нь бид авъя гэсэн байдаг. Сар бүрийн 18.000.000 төгрөгний орлоготой экскаватор нь яагаад 16.000.000 төгрөг болсон бэ гэхээр 2.000.000 төгрөгийг экскаваторын жолоочид өгөхөөр болсон. Түрээслэх хугацаанд 30.680.000 төгрөгийг Ж.Баяраа болон түүний эхнэр С нар төлсөн байдаг. Иймд С-с үлдэгдэл 95.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулинд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаас харвал хариуцагч нар экскаватораар ажил гүйцэтгэхдээ дандаа түрээсийн гэрээ байгуулдаг байсан нь харагдах бөгөөд тодруулбал 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сайн-Ерөөлт гэдэг хүнтэй гэрээ байгуулаад 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр С-с мөнгө ирэнгүүт тэр өдрөө Ганбаатар нь Цэндсүрэнтэй гэрээ байгуулаад, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сайн-Ерөөлттэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалсан байдаг. Тэгэхээр Г нь бүх үйлдэлдээ гэрээ байгуулдаг бөгөөд хамаатан садан хүмүүс хоорондоо худалдаж авахаар тохиролцчихож мөнгө төгрөг авчихаад сүүлд нь түрээсийн гэрээ болгож маргаад байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч Г, Т нарт холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч Г, Т нар нь Сд холбогдуулан 95,320,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Г, Т нар нь 43,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн С нь 95,320,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

С нь Г, Т нараас 20-05 УН улсын дугаартай эксковаторыг худалдан авахаар ярилцаж, тохиролцоод 43,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Г, Т нар нь 20-05 УН улсын дугаартай эксковаторыг 2015 оны 11 дүгээр сард буцааж авсан учраас өгсөн мөнгөө гаргуулж авахаар шүүхэд хандсан гэж тайлбарласан.

 Нэхэмжлэгч С нь 20-05 УН улсын дугаартай эксковаторыг худалдаж авахаар 2014 оны 9 дүгээр сарын 25-нд 1,200,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-нд 980,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2014 он 4 дүгээр сарын 18-нд 5,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-нд 16,500,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нгээр дамжуулан 9,000,000 төгрөг нийт 37,680,000 төгрөгийг Гын 5018055295, 5462074345 дугаартай дансанд шилжүүлж байсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлгүүд болон тус банкны тодорхойлолт, гэрч Ш, Н нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-үүд, Авто хөсөг ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 тоот тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Г, Т нар нь 37,680,000 төгрөгийг нэхэмжлэгч С-с авсан талаар маргаагүй. Харин энэ мөнгө нь 20-05 УН улсын дугаартай эксковаторыг түрээслэн ажиллуулж байсны хөлс учраас буцааж өгөх үндэслэлгүй гэж маргасан.   

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй” мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна.

Иймд хариуцагч Г, Т нараас 37,680,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Г, Т нар нь Сд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 95,320,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

С нь 95,320,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Г, Т нар нь Сд 20-05 УН улсын дугаартай эксковаторыг түрээслүүлж байсан болохоос худалдаагүй гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г, Т нар нь эксковатор түрээсээр ажиллуулах гэрээг Стай байгуулсан баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Мөн хуулийн 318.3-т “ хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна...”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж” тус тус заасан байх тул Г, Т нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Харин Т, Г нар нь 20-05 УН улсын дугаартай эксковаторыг Сгийн эзэмшилд байх хугацаанд зарцуулсан сэлбэг, хэрэгслийн болон бусад зардлаа баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Г, Т нараас 37,680,000 төгрөг гаргуулж, Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар С-с түрээсийн гэрээний үүрэгт 95,320,000 төгрөг гаргуулах тухай Г, Т нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Т, Г нар нь 20-05 УН улсын дугаартай эксковаторыг Сгийн эзэмшилд байх хугацаанд зарцуулсан сэлбэг, хэрэгслийн болон бусад зардлаа баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г, Р.Соёлмаа нараас 346,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сд олгож, Г, Р.Соёлмаа нараас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА