Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 188

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, хохирогч М.М, түүний өмгөөлөгч С.Батзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1256 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1807004330171 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнссэн Т овогт Б-Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Т овогт Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Т овогт Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

3 дахь заалтын “...3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэснийг “...хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 3,108,170 төгрөг гаргуулж хохирогч М.М-д олгосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой заана гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан зарчмыг баримталж шийдвэрлэсэн гэх боловч мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, шүүгдэгч Б.Б-т хөнгөн ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх орхигдуулсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолын ял оногдуулсан хэсэгт дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд ямар үндэслэлээр хөнгөн ял оногдуулсныг тодорхой заагаагүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй. Шүүгдэгч маргааныг хүчээр шийдэхийг хүсэж, хохирогчид хүнд гэмтэл учруулсан бөгөөд гэмт хэргийн хөнгөн хэлбэр гэж дүгнэх боломжгүй юм. Хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсны улмаас хагалгаанд орж, тархиндаа гадны биет суулгуулсан бөгөөд 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Гэтэл шүүх хөнгөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь буруу юм. Хохирогчийн амьжиргааны түвшин муу буюу хагалгааны мөнгө байхгүй байхад шүүгдэгч Б.Б туслалцаа үзүүлээгүй. Зөвхөн шүүх хурлын өмнө бага хэмжээний хохирлын мөнгө өгснийг хувийн зан байдал сайн гэж дүгнэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх хохирлыг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн ял оногдуулсан шийтгэх тогтоолд нөлөөлнө. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт багтахуйц үйл баримт харагдахгүй байна. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие гомдол гаргах хугацаа сэргээсэн шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Учир нь Б.Б-н үйлдэлд 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал бий боловч мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно. Анхан шатны шүүх Б.Б-н үйлдэлд тохирсон ял оногдуулсан бөгөөд жолоочоор ажилладаг учир торгох ялыг төлөх боломжтой. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хохирлын нотлох баримтад дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 цагийн орчимд архи ууж, согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 5 дугаар гудамжинд Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн Дурсахуй баарны гадаа М.М-г боох, түлхэх, хавсарч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Харин анхан шатны шүүх хохирогч М.М-аас хохирол, төлбөртэй холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан боловч цалин олговрын зөрүү, өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний зардал зэрэг нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн шалтгаанаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснээс үзвэл гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөрийн хэмжээ болон төлөгдсөн эсэх асуудлыг эцэслэн тооцож шийдвэрлээгүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялыг оногдуулахдаа хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх харгалзан үзэв гэж хэмжээ нь эцэслэн тогтоогүй хохирлыг төлсөн, эсвэл төлөхөө илэрхийлсэн мэтээр бичсэн нь учир зүй, шалтгаан үр дагаврын алдаатай дүгнэлт болжээ.

Мөн давж заалдах шатны шүүх хохирол, төлбөрийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулан төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн боловч дутуу тооцсон хохирол нөхөн төлөгдсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон анхан шатны шүүхийн алдааг засч зөвтгөөгүйн дээр цаашид төлөх хохирлын хэмжээг дахин тогтоосныг үл харгалзан үзэж ялыг хэвээр үлдээсэн нь оновчтой дүгнэлт болж чадаагүй байна.

Ялын зорилгыг хангасан гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан аль хөнгөн ялын доод хэмжээгээр шийтгэж болох боловч үндэслэлээ зайлшгүй тайлбарлах шаардлагатай атал хохирол, төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй атлаа шүүгдэгч Б.Батбаатар нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ялын хамгийн доод хэмжээгээр буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахдаа ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр бусдад төлөх төлбөргүй хэмээн дүгнэж, дээрх зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1256 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН