Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2017/00072

 

Х.Жын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,


Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэртэй, Х.Жын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 18, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалуудын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай 176 дугаар тушаалаар тус аймгийн Төрөх тасагт хагалгааны сувилагчаар томилогдсон. Би тус тасагт ажиллах хугацаанд хариуцсан ажилдаа эзэн ёсоор хандаж ямар нэгэн зөрчил гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж ирсэн. Гэтэл ажил олгогч намайг ямар ч шалтгаангүй 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тус эмнэлгийн Сүрьеэгийн тасагт ээлжийн сувилагчийн ажилд шилжүүлж, түүнчлэн ямар ч шалтгаангүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Би ажил олгогчийн дээрх 2 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн ажилд шилжсэнээр цалин хөлс маань 200000 төгрөгөөр буурч байна. Учир нь Төрөх тасгийн хагалгааны сувилагч нь илүү цагаар ажиллаж түүнд дүйцэх хэмжээний илүү цагийн хөлс авдаг. Би энэ Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажлыг 8 жил тасралтгүй хийж байсан ба энэ ажилд томилогдохоос өмнө олон жил ажиллаж байсан мэргэжлийн хагалгааны сувилагч. Иймд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15, 18 дугаар тушаалуудын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ж намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн ажилтнуудаас сувилагч X Ж, Х.М нар нь хоорондоо хувийн өс хонзонтой, нэг нэгнийгээ байнга хэл амаар доромжилдог, хэрүүл маргаан үүсгэдэг. Уг хоёр сувилагчийн хоорондын харилцаа улам хүндэрсэн, хүн амины хэрэг гарах магадлалтай тул өөр тасагт шилжүүлэн ажиллуулсан. Захиргааны зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд төрөх тасгийн хагалгааны сувилагч Х.Ж, наркозын сувилагч Х.М нар хоорондоо хувийн маргаанаас үүдэлтэй, ёс зүйн зөрчилтэй бөгөөд хагалгааны өрөөнд хамтран ажиллах боломжгүй гэсэн хүсэлтийн дагуу цаашдаа гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар өөр тасагт шилжүүлэн ажиллуулсан болно. Дараа нь сувилагч Х.Ж, Х.М нарт 2016 оны 3 дугаар сард эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг таниулах зорилгоор ёс зүйн хэсгийн хорооны хуралд оруулж хоорондоо эвлэрүүлж, дахин зөрчил гаргахгүй талаар амласан тул төрөх тасагт хамтран ажиллуулсан болно. Гэвч дахин эмнэлгийн ажилтнуудын хооронд харилцах ёс зүйг зөрчсөн тул гэмт хэргээс урьдчилан сэргийлж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэний үндсэн дээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хоёр сувилагчид сануулах арга хэмжээ авч, сувилагч Х.Ж, Х.М нарыг өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлэн томилсон болно. Гэвч Өмгөөлөгч Я.Сьезд нь сувилагч Х.Жаас сануулах арга хэмжээ авч, өөр тасагт шилжүүлэн ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албан тоот явуулсан билээ.

Иймд сувилагч Х.Жийн Х.Мийг хэл амаар доромжилж зодсон болох үйлдлийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэдэг асуудал бөгөөд эмнэлгийн ажилтнуудын хоорондын харилцааны ёс зүйн асуудал мөн түүнээс гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сануулах, ес зүйг зөрчсөн ажилтнуудаас арга хэмжээ авах нь ажил олгогчийн үүрэг юм. Гэтэл Х.Ж нь сувилагч Х.Мийн биед санаатайгаар гэмтэл учруулж. хэл амаар доромжилсон нь тогтоогдож. сувилагч Х.М нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хүсэлт гаргасан тул аймгийн прокурорын газраас X.Жт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын газраас мэдэгдэл ирсэн юм. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас ирсэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5/05 тоот дугаартай Прокурорын мэдэгдлээр Х.Ж нь X Мийг зодож, хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийсэн нь материалд явагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул сувилагч Х.Мээс Х.Жийн гомдлын дагуу арга хэмжээ авах нь ямар ч үндэслэлгүй гэсэн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр гарч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг зөрчсөн сувилагчдыг ёс зүйн салбар хороонд уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдвэр гарсан байна. Прокурорын мэдэгдлийн дагуу Х.Ж, Х.М нарт эмнэлгийн мэргэжилтэн, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, бусдын биед санаатай гэмтэл учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар ажил зохиолгосон болно. X Мийг хэл амаар доромжилж биед нь санаатайгаар гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож буй сувилагч Х.Ж нь нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны сувилагчаар эгүүлэн томилогдсон тохиолдолд сувилагч Х.М нь ялагдаж, Х.Ж нь ялсан болж хувийн өс хонзонтой хоёр сувилагч дахин бие биенээ хэл амаар доромжилж, зодож, хүн амины хэрэг гарч хоёр сувилагчийн хувийн өс хонзонгоос болж өвчтөн хохирч болзошгүй юм. Иймд шүүхээс хүсэх нь: Гомдол гаргагч Х.Жийг дотоод журмын дагуу цаашид гарах хүн амины хэргээс урьдчилан сэргийлж өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлэн ажиллуулж байгаа явдал тул сувилагч Х.Жийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 270 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 18 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Жт сануулах арга хэмжээ авсан холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 35100 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, гомдол гаргагч: Х.Ж нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Жын Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн сувилагчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 09-нйй өдрийн 5\05 дугаартай прокурорын мэдэгдэл, аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг шийдвэрийг үндэслэл болгосон хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № 5\05 тоот мэдэгдэл, хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5\48 дугаартай тогтоол нь 2017 оны 01 дүгээр сарын 18-наас хойш үйлдэгдсэн баримт бичгүүд учраас хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй нотлох баримтууд гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Гэвч Х:Ж нь Хөдөлмөрийн гэрээний 4.6-д заасан хамт олон болон ... соёлч боловсон харилцаж үйлчилгээний ёс зүй, соёлыг хүндэтгэж байна гэх заалтыг зөрчиж Төрөх тасгийн наркозын сувилагч Х.Мтэй хувийн маргаанаас болж 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг Төрөх тасгийн эрхлэгч Т.Жын өрөөнд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чанарын албаны дарга З.А, Хүүний нөөцийн менежер Көгершин, сувилгааны албаны дарга И.А, бусад төрөх тасгийн эмч, ажилчид оролцож хуралдаж хоёр сувилагчийг сольж ажиллуулахаар 100% санал гаргаж, уг асуудлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлэхээр болсон байнагэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ёс зүйн зөрчлийг хэлэлцсэн гэх хуралдаан нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон гэх нь сар, өдрийн хувьд ихээхэн зөрүүтэй, хуралдаанд ажилтан Х.Жыг биечлэн оролцуулаагүй, Х.Ж нь сахилгын ямар зөрчил гаргасныг албан ёсоор тогтоогоогүй байгаа учраас тухайн нотлох баримт эргэлзээтэй гэж үзэж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Гэтэл Х.Ж нь төрөх тасгийн хагалгааны сувилагчаар ажиллаж байхдаа албан тушаалын зэрэглэл ТҮЭМ-2, албан тушаалын цалин 452594 төгрөг, хүнд нөхцөлийн нэмэгдэл бүгд 10% бүгд 505494 төгрөгийн цалинтай болох нь ажил олгогчийн 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Төрөх тасагт ажиллаж байх үед илүү цагийн мөнгөний хамт 673922 төгрөг хүртэл цалин авч байсан болох нь 2016 оны цапингийн картаар, ажил олгогчоос Х.Жийг сүрьегийн тасгийн ээлжийн сувилагчаар шилжүүлэн томилохдоо албан тушаалын зэрэглэл ТҮЭМ-2 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар үндсэн цалин нь 501376 төгрөгийн цалинтай болох нь 2017 оны цалингийн картаар тус тус нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчаар ажиллаж байх үеийн албан тушаалын зэрэглэл, үндсэн цалингийн хэмжээ шилжүүлэн томилсон сүрьегийн тасгийн ээлжийн сувилагчийн албан тушаалын зэрэглэл, үндсэн цалингийн хэмжээ адилхан ба төрөх тасгийн хагалгааны сувилагчаар ажиллаж байхдаа илүү цаг ажиллаж, илүү цагийн мөнгө авсан нь үндсэн цалингийн хэмжээнд хамааралгүй ойлголт тул нэхэмжлэгчийн миний цалингийн хэмжээ буур миний эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. 48 дугаар зүйлийн 48.3 Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараах журмыг баталж мөрдүүлнэ. 48.3.4. үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам. 49 дүгээр зүйлийн 49.1. Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. 50 дугаар зүйлийн 50.1 .Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно. 50.2 шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно, 53 дугаар зүйлийн 53.1 Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно" гэж заасныг зөрчиж байна. Үүний учир нь ажилтан Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажилд томилох тухай 176 дугаар тушаалаар тус байгууллагын Төрөх тасагт хагалгааны сувилагчийн ажилд 7 жил ажиллаж байгаа мэргэжлийн сувилагч байна. Тэрээр Төрөх тасагт хагалгааны сувилагчаар ажиллаж байхад тухайлбал 2016 оны нэг сарын цалин хөлсөнд 673922 төгрөг авч байсан бол 2017 оны 01 дүгээр сарын 17-наас хойш аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьегийн тасгийн сувилагчаар шилжин ажилласнаас хойш 2017 оны 02 дугаар сард 526.244 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сард 489,324 төгрөгийн цалин хөлс авч байсан нь тус тус нотлогдож байна. Ингээд ажилтан Х.Ж нь 2016 онд нийт 7.472,000 төгрөгийн цалин хөлс авч байсан ба түүний нэг сарын үндсэн цалин хөлсний хэмжээ нь 622,666 төгрөг гарч байна. Нэхэмжлэгч Х.Ж нь 2017 оны 1,2.3-р сард бүгд 1,643,341 төгрөгийн цалин хөлс авсан ба нэг сарын дундаж цалин хөлс нь 547,780 төгрөг гарч байна. 2017 оны 1-р сард Х.Ж нь Төрөх тасгийн хагалгааны сувилагчаар 17 хоног ажилласан байна. Эндээс үзэхэд Х.Жын цалин хөлс нь нэг сард ойролцоогоор 56,000-65000 төгрөгөөр бодитой буурч байна. Дээр дурдсан цалин хөлсөнд гарч буй бодит зөрүү Х.Ж нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажлаас сүрьегийн тасгийн сувилагчийн ажилд шилжсэнээр өмнө авч байсан цалин хөлс зохих хэмжээгээр буурсан болохыг нотолж байна. Энэ нь анхан шатны шүүх нь Х:Жыг өөр ажилд шилжүүлснээр түүний өмнө авч байсан цалин хөлс буураагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болохыг харуулж байна. Нэхэмжлэгч Х:Ж нь хагалгааны чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн сувилагч юм. Ер нь анхан шатны шүүх Х:Жын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд холбогдох Х.Жыг өөр ажилд шилжүүлсэн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүй бөгөөд хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрийн Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалын нэхэмжлэгч Х.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэгч Х.Жын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Гомдол гаргагч Х.Жын гомдол нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртайг дурдаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш-Х" овогт Тн Сы итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, харасай 2-10 тоотод оршин суух Т овогт Еын И.

Гомдол гаргагч Х.Ж, түүний хууль ёсны өмгөөлөгч Я.С нарын Баян- Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 тоот Шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.

1.Гомдол гаргагч Х.Ж болон сувилагч Х.М нар нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороонд гомдол гаргасан тул ёс зүйн хэсгийн хороогоор авч хэлэлцсэн боловч хоорондоо эвлэрээгүй тул 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хоёуланг өөр тасагт түр хугацаагаар шилжүүлэн томилсон байна. Хэсэг хугацааны дараа хоёуланг тус эмнэлгийн Төрөх тасагт ажиллуулсан боловч хоорондоо хувийн өс хонзонтой учраас нэг нэгийгээ байнга хэл амаар доромжилж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн тул 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрөх тасаг дотроо Х.М болон Х.Ж нарын хоорондын ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж хоёуланг өөр тасагт шилжүүлэн ажиллуулах саналыг Захиргааны зөвлөлийн хуралд оруулсан билээ. Уг хоёр сувилагчийн ёс зүйн асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын 15 тоот тушаалаар сувилагч Х.Ж, Х.М нар нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж өөр тасагт адил цалин хөлс бүхий албан тушаалд шилжүүлсэн болно.

2. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл -д заасны дагуу сувилагч гэх албан тушаал ТҮЭМ-2 дугаар зэрэглэлд хамаардаг тул үндсэн цалинг Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 75 дугаартай Тогтоолд заасны дагуу олгогддог юм.

3. Мөн Нэгдсэн Эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад ажил олгогч ажиллагсдыг эмнэлэг дотроо зохицуулан ажиллуулж болох ба үүнийг өөр ажилд шилжүүлсэн гэж үзэж болохгүй гэж заасан байдаг. Гомдол гаргагч Х.Жийг өөр тасагт шилжүүлснээрээ, үндсэн цалин хөлс буураагүй болох нь 2016, 2017 оны цалингийн картаар тус тус тогтоогдож байгаа болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь: ... Гэвч Х.Ж нь Хөдөлмөрийн гэрээний 4.6-д заасан хамт олон болон... соёлч боловсон харилцаж үйлчилгээний ёс зүй, соёлыг хүндэтгэж байна гэх заалтыг зөрчиж Төрөх тасгийн наркозын сувилагч Х.Мтэй хувийн маргаанаас болж 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг Төрөх тасгийн эрхлэгч Т.Жын өрөөнд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чанарын албаны дарга З.А, Хүний нөөцийн менежер Көгершин, сувилгааны албаны дарга И.А, бусад төрөх тасгийн эмч, ажилчид оролцож хуралдаж хоёр сувилагчийг сольж ажиллуулахаар 100% санал гаргаж, уг асуудлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлэхээр болсон байна.гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх нь сар, өдрийн хувьд ихээхэн зөрүүтэй, хуралдаанд ажилтан Х.Жыг биечлэн оролцуулаагүй гэж үзэж байна - гэж гомдол гаргасан байна.

Гэтэл дээрх Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь: ... хэсгийн Төрөх тасгийн эрхлэгч Т.Жын өрөөнд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .. гэсний он, сар өдөрт ямар нэгэн зөрүү байхгүй бөгөөд техникийн алдаа гарсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл Төрөх тасгийн эрхлэгч Т.Жын өрөөнд хагалгааны сувилагч Х.Ж, Х.М нарт холбогдох тасгийн хурал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон болох нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хурлын протокол-оор нотлогдож байна.

Өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж солигдож ажиллаж байсан боловч уг хоёр сувилагчийн хоорондох харилцаа улам хүндэрч цагдаа хүртэл очсон, хүн амины хэрэг гарах магадлалтай, нэн хариуцлагатай ажлын байранд ажилладаг тул өвчтөнд хохирол учруулж болзошгүй, 2 сувилагчийн хувийн өс хонзонгоос болж эмч, сувилагч хагалгааны баг нь хамтран ажиллаж чадахгүй байгаа учраас Төрөх тасгийн ажилтнууд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тасгийн эрхлэгч Т.Жын өрөөнд сувилагч Х.М, Х.Ж нарыг дахин сольж ажиллуулахаар хурал хийх үед сувилагч Х.М, Х.Ж хоёулаа хуралд оролцсон байна. Дараа нь төрөх тасгийн ажилтнууд 100%-ийн саналтайгаар Нэгдсэн эмнэлгийн захиргаанд хоёр сувилагчийг хурдан хугацаанд сольж ажиллуулж өгөхийг хүсэж санал оруулсан явдал.

Мөн Төрөх тасгийн эмч, ажилтнууд уг хоёр сувилагчийн ёс зүйн болон хувийн өс хонзонгийн асуудал 2 гаруй жил үргэлжилж сүүлд бүр сувилагч Х.Ж, Х.Мийг зодож биед нь гэмтэл учруулсан болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас ирсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/05 тоот дугаартай Прокурорын мэдэгдлээр тогтоогдоод байна. Төрөх тасгийн эмч, ажилтнууд уг хоёр сувилагчийн хоорондох ёс зүйгүй харьцаа, өс хонзонгоос болж хамтран ажиллахаас бүр залхаж гүйцсэн байна.

 

5. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтад заасны дагуу ажил олгогч ажилтныг шөнийн болон илүү цагаар ажиллуулсан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заасан. Шөнийн болон илүү цагаар ажиллаагүй ажилтанд илүү цагийн мөнгө олгоно гэсэн ойлголт биш юм.

Иймд сувилагч Х.Жийг заавал илүү цагаар ажиллуулна гэсэн ойлголт, хууль дүрэм, журам байхгүй болно. Хэрэв сувилагч Х.Жийг илүү цагаар ажиллуулаад илүү цагийн мөнгийг ажил олгогч өгөхгүй байсан бол өөр асуудал юм.

Мөн МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтад Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно. 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтад Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалтад Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. гэж заасан байгаа.

Гэтэл гомдол гаргагч Х.Жтай хөдөлмөрийн байгуулах үед илүү цаг, нэмэгдэл хөлсийн тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтад заасны дагуу сувилагч Х.Жийн үндсэн цалингийг Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 75 дугаар Тогтоолд заасны дагуу сар бүр олгож байгаа болно.

 

Гомдол гаргагч Х.Ж нь ажил олгогч заавал илүү цагаар ажиллуулах ёстой мэтээр гомдол гаргаж буй явдал нь ажил олгогчийн эрхэнд халдсан асуудал гэж үзэж байна.

Иймд шүүхээс хүсэх нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 270 тоот Шийдвэрийг хэвээр нь үлдээж, гомдол гаргагч Х.Ж, түүний хууль ёсны өмгөөлөгч Я.Сьездийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И миний бие заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчаар ажиллаж байсан Х.Ж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 15 болон 18 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын зарим хэсгийн хангаж, зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 18, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаалуудын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогчоос 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 24 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагчаар Х.Жийг, эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэх тасгийн сувилагчаар Х.Мийг ...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулж, .. сувилагч Х.Жийн цалинг ТҮЭМ-2 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар, мэдээгүйжүүлэх тасгийн сувилагч Х.Мийн цалинг ТҮЭМ-2 дугаар зэрэглэлийн 2 дугаар шатлалаар... цалинжуулахаар тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

 

Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ёс зүйн хэсгийн хорооны хурлаар болон 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн хурлаар Төрөх тасгийн хагалгааны сувилагч Х.Ж, наркозын сувилагч Х.М нар хоорондын хувийн маргаанаас үүдэлтэй ёс зүйн зөрчлийн талаар хэлэлцэж, нэхэмжлэгч Х.Жийн өөрийг нь байлцуулж хуралдаж хурлаар тасаг хоорондоо сольж ажиллуулах тухай шийдвэрлэсэн байна.

 

Уг хурлын шийдвэрийг үндэслэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай тушаалаар төрөх тасгийн хагалгааны сувилагч Х.Жийг мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар, наркозын сувилагч Х.Мийг сэхээний тасгийн ээлжийн сувилагчаар тасаг хооронд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулахаар, мөн даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай тушаалаар ажил хүлээлцэх комисс томилсон ба нэхэмжлэгч Х.Ж нь уг тушаалыг хүлээн зөвшөөрч ажилласан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Гэтэл Х.Ж Хөдөлмөрийн гэрээний 4.6-д заасан хамт олон болон... соёлч боловсон харилцаж үйлчилгээний ёс зүй, соёлыг хүндэтгэж байна гэсэн заалтыг зөрчиж сувилагч Х.Мтэй хувийн маргаанаас болж ёс зүйн зөрчил гаргасан гэж 2016 оны 12 сарын 20-ны өдөр Төрөх тасгийн ажилчдын хурал хийж хоёр сувилагчийг сольж ажиллуулахаар санал гаргаж, уг асуудлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар Төрөх тасгийн сувилагч Х.Ж, Х.М нар нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж сануулах арга хэмжээ авч, хоёуланг өөр тасагт сольж ажиллуулахаар шийдвэрлэж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 24 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагчаар Х.Жийг шилжүүлэн томилж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 18 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, байгууллагын дотоод журмын 10.1.1, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.6 дахь заалт, захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагч Х.Ж эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйг удаа дараа зөрчсөн тул гэж сануулах арга хэмжээ авсан байна.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Ж, Х.М нар мөнгө зээлдүүлсэн маргаанаас үүдэлтэй хоорондоо байнга хэрэлдэж, маргалддаг, өс хонзонгийн харьцаатай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Х.Ж нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5-ын 5.1, 5.3-д заасныг тус тус зөрчиж хамт ажилладаг Х.Мтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй болох нь нотлогдсон 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Х.Жыг сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагчаар шилжүүлэн томилсон 15 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэсэн үндэслэл муутай болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч Х.Ж нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5-ын 5.1, 5.3-д заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй, ёс зүйн зөрчлийг хэзээ гаргасан нь нотлогдоогүй байна гэж үзлээ. Хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн Төрөх тасгийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн ажилчдын хурлын протокол, Нэгдсэн эмнэлгийн захиргааны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын протоколуудаас үзэхэд Х.Ж нь ёс зүйн ямар зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй зөвхөн хуралд оролцсон хүмүүсийн саналыг тусгасан байна.

 

Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн ал нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг байхад ажил олгогч Х.Жт сануулах арга хэмжээ авч өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь Х.Жыг ажлаас халсантай адилтгаж үзэхээр байна. Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 24 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Х.Жыг өөр ажилд шилжүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 18 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, байгууллагын дотоод журмын 10.1.1, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.6 дахь заалт, захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн сүрьеэгийн тасгийн ээлжийн сувилагч Х.Ж эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйг удаа дараа зөрчсөн тул гэж сануулах арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.3., 32 дугаар зүйлийн 32.1., 34 дүгээр зүйлийн 34.1.-д заасныг тус тус зөрчсөн байна.


Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15, 18 дугаар тушаалуудын нэхэмжлэгч Х.Жт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Х.Жыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, шийдвэрийн 2 дахь заалтын 35100 төгрөг гэснийг 70200 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15, 18 дугаар тушаалуудын нэхэмжлэгч Х.Жт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Ш  овогт Хуанганы Жыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтын 35100 төгрөг гэснийг 70200 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ