Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02117

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02117

 

 

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02012 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Н-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32019/05443 дугаар захирамж, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ГХ2019/00948 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарч иргэн С.Н-, Д.Батболд нараас 56 880 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороолол, 1/14 байр 1/1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206031280 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар заасан. Виннер вэй ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 159 738 000 төгрөгөөр үнэлсэн. С.Н- өөрийн эд хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад тал үнээр нь үндэслэлгүйгээр бууруулж үнэллээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 4-155/24035 дугаар үнэлгээний мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь буюу 111 816 600 төгрөгөөр дуудлага худалдааны албан ёсны доод үнийг тогтоох тогтоохоор шийдвэрлэсэн. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 байр 1-1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 159 738 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч С.Н-, Д.Батболд нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031280 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээний мэдэгдлийг хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох, Ү-2206031280 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Н-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэх боловч бодит байдлаас хэт доогуур үнэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгө 60 м.кв бүхий үйлчилгээтэй зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө учир байнга ашиг орлого олох боломжтой, бодит үнэ нь 350 000 000 төгрөгийн ханштай гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарласан байхад нотлох баримтыг өөрөө бүрдүүлээгүй гэх үндэслэлээр буруу үнэлсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хх1, 47/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5443 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар С.Н-, Д.Батболд нараас 56 865 800 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 24ий өдөр 20280087 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 49-53/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Н-гийн өмчлөлийн Ү-2206031280 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах, 60 мк.в талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх69, 76-77/

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 350 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх81,83/

 

Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 335 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх86/

 

Виннер Вэй ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-2206031280 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах, 60 мк.в талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 159 738 000 төгрөгөөр үнэлжээ. /хх 87-107/

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. 

 

Хэргийн 85 дугаар талд авагдсан баримтаар үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашигласан болох нь тогтоогдож байна. Үнэлгээний тайланд үнэлгээний байгууллагын хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан, шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм. /хх-90-104, 112/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД