Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/02012

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 срын 05 өдөр

                            181/ШШ2020/02012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Н

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32019/05443 дугаар захирамж, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ГХ2019/00948 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарч иргэн С.Н , Д.Батболд нараас 56.880.800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Уг захирамжид үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороолол, 1/14 байр 1/1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206031280 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Виннер вэй ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг 159.738.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь С.Н , Д.Батболд нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна. С.Н  нь өөрийн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 300.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад тал үнээр нь үндэслэлгүйгээр үнэлсэнд гомдолтой байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4-155/24035 дугаар үнэлгээний мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь буюу 111.816.600 төгрөгөөр дуудлага худалдааны албан ёсны доод үнийг тогтоох тогтоохоор шийдвэрлэсэн болно.

Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 байр 1-1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 159.738.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар 08-ны өдрийн 5443 дугаар захирамжаар С.Н , Д.Батболд нараас 56.880.800 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Н , Д.Батболд нарт Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031280 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээний мэдэгдлийг хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Н  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5443 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар С.Н , Д.Батболд нараас 56,865,800 төгрөг гаргуулан, Голомт банк ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 948 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 20280087/155-3 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20280087/155-5 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Хариуцагч нь төлбөр төлөгч нараас үнийн санал авахад 350,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Голомт банк ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/335 дугаар тогтоолоор “Виннер вэй ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Виннер вэй ХХК” нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 159,738,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргаагүй харин үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 1/14 дүгээр байрны 1-1 тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР