Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2018/01065

 

 

 

 

 

 

 

 

 

Тэлмэн констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 104/ШШ2018/00124 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Тэлмэн констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Одонхүүд холбогдох,

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хохирол 16 159 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Эрдэнэбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Ариунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Мөнхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэлмэн констракшн ХХК, Ч.Одонхүү нар нь 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах №0040Т тоот гэрээгээр Шинэ налайх хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 09, 10 тоот 83.05 м.кв орон сууцыг нийт 82 219 500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн. Гэтэл Ч.Одонхүү нь гэрээнд заасан орон сууцны төлбөрөөс 5 000 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тоосго нийлүүлсэн ба өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй. Мөн үлдэгдэл төлбөр 52 219 500 төгрөгийг сард 1 хувийн хүүтэй төлөхөөр №0040Т тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч мөн л төлөөгүй. Манай зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан. Гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 52 219 500 төгрөг, гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу 24 сарын хүү болох 28 080 000 төгрөг, нийт 105 299 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээнээсээ татгалзаж, хохирол 16 159 905 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Бид гэрээний дагуу орон сууцыг барьж байгуулаад Ч.Одонхүүд хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.1-д зааснаар Ч.Одонхүү буюу захиалагч тал 30 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан өдөр төлөхөөр заасан боловч энэ өдрөө төлөөгүй. Мөн үлдэгдэл төлбөрийг гэрээний 2.3-т зааснаар барилгын гүйцэтгэл 80 хувь буюу дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан өдрөөс 1 сарын дотор төлөхөөр байгаа. Бид гэрээний дагуу захиалагч Ч.Одонхүүгээс үлдэгдэл төлбөр, урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийн хамт шаардсан. Манай борлуулалт хариуцсан ажилтнууд төлбөрөө төлөөрэй гэж шаардахаар Ч.Одонхүү утсаа авдаггүй. Нэхэмжлэлд дурдагдсан урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 52 219 500 төгрөг, Ч.Одонхүүгийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 24 сарын хүү болох 28 000 000 төгрөг, нийт 105 219 500 төгрөг нэхэмжилсэн. Ч.Одонхүү хугацаа алдаад байгаа төлбөрийг цаашдаа хүүтэй төлье, хамгийн бага хүүгээр надад тогтоо, харин үлдэгдэл төлбөрийн 25 000 000 төгрөгөөс сард 5 000 000 төгрөгийг төлнө. 52 219 500 төгрөгийг хүүтэй нь төлнө гэж хүсэлт гаргаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу бас л төлбөр төлөгдөөгүй. Ингээд цаашид үр дүн гарахгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас бид гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсантай холбоотой бидэнд хохирол үүсч байна. Бид 2015 оноос хойш тухайн байрыг өөр худалдан авагчид зарж чадаагүй. Тус байранд амьдарсан хугацааг хариуцагч тал өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Ч.Одонхүүгийн амьдарсан байр бол 83.5 м.кв байр байгаа. Ч.Одонхүүгийн амьдарсан хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар бид тооцсон. Энэ хоорондох хугацаа бол 820 хоног буюу 2 жил 3 сарын хугацаа байна. Энэ хугацаанд нийт 16 159 000 төгрөг гарч байна, мөн гэрээнээс татгалзаж байгаа тул хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үлдэгдэл төлбөр 47 219 500 төгрөгөөс хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцож үлдэгдэл төлбөрийн хамт төлөхөд бэлэн байна. Гэрээний дагуу 52 219 500 төгрөг төлнө гэж тухайн үед тохиролцсон. 2016 онд тоосго нийлүүлж, тоосгоны үйлдвэртэй гэрээ хийсэн боловч 2017 онд барилгын үйл ажиллагаа явагдаагүй тул тоосго өгч чадаагүй. Харин танай барилгын ажил хэвийн явагдаж байсан бол би одоо төлбөрөө хийгээд дууссан байх боломжтой байсан. Тэлмэн констракш ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулзаад ярилцахад намайг үлдэгдэл 47 219 500 төгрөгийг яг тодорхой баримттай өгнө гэдэг зүйлээ гаргаад ирвэл бусад нь хамаагүй гэж ярьсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөх юм бол өөрөө хохирох гээд байна. Тодорхой хэмжээний төлбөр төлж, байрандаа 10 000 000 төгрөгийн урсгал засвар хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэг талаас Тэлмэн констракшн ХХК, нөгөө талаас иргэн Ч.Одонхүү нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №0040Т тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ-г цуцалж, хариуцагч Ч.Одонхүүгээс 14 064 453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэлмэн констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 095 452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тэлмэн констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Одонхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 228 272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэлмэн констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг давж заалдах гомдолдоо: Гэрээний үүргийн дагуу байрны төлбөрөө төлөх боломжтой гэдгээ удаа дараа илэрхийлсээр байхад, байрны урьдчилгаа төлбөрийг бүтэн төлсөн талаарх баримтаа өгсөөр байхад шүүх гэрээг цуцалж, намайг юу ч үгүй болгож хохироосонд гомдолтой байна. Улирлын чанартай ажил эрхэлдэг, хавраас ажил минь жигдэрч орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас намайг зөвхөн 5 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосго нийлүүлсэн, өөр ямар ч төлбөр төлөөгүй гэж маргадаг бөгөөд гэтэл би 30 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөд, нэмээд 5 000 000 төгрөгийн тоосго нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээнийхээ үүргийг чадан ядан биелүүлээд явж байсан. Шүүх ийнхүү шийдсэнээр миний бие өнөөдрийн хувьд ямар ч орон сууцгүй, мөнгөгүй үлдэхээс гадна нэмж 14 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр болж байгаа нь надад маш их хүнд тусч байгаагаас гадна анх тоосго нийлүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж байсан. 2017 онд тоосго нийлүүлэх гэрээ хийхээр ярилцсан боловч "Тэлмэн констракшн" ХХК-ийн барилгын ажил явагдаагүй учир нийлүүлж чадаагүй. Мөн шүүх надад хуульд заасны дагуу хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тусгайлан танилцуулаагүй, өмгөөлөгчтэй оролцож, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байсан гэдгээ мэдээгүй, эрхээ хэрэгжүүлж чадсангүй. Надад эрх, үүрэг тайлбарлаагүй гэдэг нь шүүхийн процессын том алдаа гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Тэлмэн констракшн ХХК нь хариуцагч Ч.Одонхүүд холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн биелэлт 105 299 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хохирол 16 159 905 төгрөг гаргуулахаар өөрчилж, шүүх хуралдаанд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор орон сууц буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн үр дагавар үүсэх бөгөөд уг өөрчлөгдсөн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүх хариуцагчид гардуулж өгөөгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 104/ШШ2018/00124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 273 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

Д.ЦОГТСАЙХАН