Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 189

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 145 дугаар магадлалтай, Б.С-д холбогдох 1910011810524 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 269 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овгийн Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С гаргасан гомдолдоо “Миний бие ял эдэлж байх хугацаанд элдэв зөрчил гаргаагүй бөгөөд хорих байгууллагаас зохион байгуулж буй сургалт уралдаанд идэвхтэй оролцож байгаа. Миний эцэг Т.Базардарь нь 2017 онд цус харвасан тул одоогоор хэвтэрт байдаг. Харин эх Л.Ч нь хөлийн судасны бүдүүрэлтэй 80 настай хөгшин байдаг. Хохирогч Х.О нь анхнаасаа зөрүүтэй, буруу, намайг гүтгэсэн мэдээлэл өгдөг. Мөн шүүх хуралдааны өмнө хохирогчид хохирлыг нь төлж барагдуулсан. Хохирогч нь шүүх хуралдаанд гомдолгүй гэх боловч ар гэрээс маань мөнгө нэхэмжилсэн. Би анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэж байсан боловч одоогоор мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар зүйлчлэгдэж ял эдэлж байна. Хохирогч шүүх хурал дээр намайг огт танихгүй гэж худал мэдүүлэг өгч гүтгэсэн. Миний зүгээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байгаа тул тус хэргийг дахин шалгаж өгнө үү” гэв.

Мөн хяналтын шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдох зарчимтай. Нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шалгаж, тогтоох ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, давж заалдах шатны шүүхийн магадлал нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогч Х.О-н өгсөн мэдүүлэг удаа дараа өөр, өөр өгөгдсөн. Мөн Х.О-н “би нэлээн согтсон бөгөөд нэг мэдэхэд Яармагийн 4 дүгээр гудамжинд ухаан орсон, Б.С намайг согтсон байхыг ашиглаад хүзүүнд байсан 3.2 грамм монетон гинжийг аваад явсан. Ухаан ороод гинжээ үзэхэд байхгүй болсон байсан, миний биед гэмтэл учраагүй. Би нилээд согтуу байсан, мөн бэр охин төрөх гээд ирж амжаагүй юм аа” гэх мэдүүлгийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй. Өмгөөлөгчийн зүгээс дээрх мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон боловч энэ талаар няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой бүхий нотлох баримт нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Хавтас хэрэгт 6181 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.О-д учирсан гэмтэл нь хэзээ учирсан, хэзээ учрах боломжтой гэдгийг тогтоогоогүй байхад шүүхээс хохирогч Х.О-г 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг гэмтлийг авсан гэж өөрийн үзэмжээр шийдэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн ухамсрыг удирдлага болгоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ нь зарчмын заалт бөгөөд ямар нэгэн уриа биш юм. Иймд анхан болон давж шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Б.С нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 3.3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй. Эхэлж гарт байсан бөгжийг авах гэж оролдож, дараа нь гинжийг авсан асуудал яригддаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэгт нь хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж довтолсноор төгсдөг бөгөөд шүүгдэгчийн үйлдэл хангалттай тогтоогдсон. Шүүх хохирогчийн 4 удаагийн мэдүүлэгт дүгнэлт хийж, дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжинд согтуугаар иргэн Х.О-н 275,200 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг авсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн тохирсон хэсгээр оновчтой зүйлчилж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан билээ.

Тухайлбал, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн тухайд огт хүч хэрэглээгүй, эсвэл дээрх зорилгогүй хүч хэрэглэсэн байдал, тухайлбал эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс нь гаргах, алдагдуулах зорилгоор хохирогч төвөөс гадагш чигтэй хүч хэрэглэсэн, энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүй байдгаараа эдгээр гэмт хэргүүдэд хэрэглэсэн хүч хоорондоо ялгагдах учиртай.

Уг гэмт хэргийн тухайд 3.2 грамм монетон гинжийг хохирогч Х.О-н эзэмшлээс өөрт шилжүүлэхэд Б.С-н гаргасан хүч нь хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй, зөвхөн монетон гинжийг хохирогчийн эзэмшлээс өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авахад чиглэгдсэн байх бөгөөд монетон гинжийг салган авсан даруйдаа зугтсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хөндлөнгийн байдлаар давхар баталж байна.

Нөгөөтэйгүүр хохирогч Х.О нь “намайг түлхэж унагаасан, миний гинж тасарсан байсан тул гинжийг маань аваад явсан, гинж тасалж авахад би өгөхгүй гэж эсэргүүцсэн боловч гинжийг маань аваад явсан, ухаан ороод гинжээ үзэхэд байхгүй болсон байсан, миний биед гэмтэл учраагүй, би нилээд согтуу байсан” гэх зэрэг зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд Б.С-н дээрэмдэх гэмт хэргийг гагцхүү хүч хэрэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан гомдлоос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж, шүүгдэгч Б.С-н “тус хэргийг дахин шалгаж өгнө үү” гэх гомдлыг хангахаас татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 145 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН