Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0369

 

“М и” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Я.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын хэвлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасныг баримтлан “М и” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар арын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн Хоёрдугаар хавсралтын 10 дахь заалт буюу “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 10-т байх “М и”  ХХК-д холбогдох хэсгийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл буюу “газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэдэг ганцхан үндэслэлээр цуцалсантай холбогдуулан маргасан.

Нэхэмжлэгч тал Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг няцаасан баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2, 32.3 дахь хэсэгт заагдсанаар бүрдүүлснийг шүүх мөн хуулийн 34 дүгээр зүйлд заагдсан эрхийн хүрээнд үнэлж дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн банкны зээлд хамрагдан ашигт малтмал ашиглах тоног төхөөрөмж авч тусгай зөвшөөрөл бүхий газарт худаг гаргаж зам тавих мэтийн үйл ажиллагаа явуулж, хөрөнгө мөнгө зарж байсан үйлдлийг ...ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.

Энэ нь А/609 захирамжийн үндэслэх хэсэг шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар бүхэлдээ үгүйсгэгдсэн байгааг харуулж байна.

Гэтэл шүүх маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгтэй огт холбоогүй, хамааралгүй шалтгаан үндэслэлийг өөрийн санаачлагаар бий болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл “...шүүх хариуцагчийн .... гурван жилээс дээш хугацаагаар газрын хэвлийг ашиглаж эхлээгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн... тусгай зөвшөөрөл ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруу гэж үзэж байгаа боловч... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

Гэхдээ 50 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байгаа. ....Хэрвээ шүүх тогтоолыг хүчингүй болговол нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөлөөр шүүхээр дахин хянуулж хүчингүй болгуулах эрхтэй...” гэсэн шийдвэр гаргасан байгаа нь хууль буруу хэрэглэн тайлбарласан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсгээр биш огт өөр үйл баримтыг үндэслэн хариуцагчийн өмнөөс ирээдүйд болж болзошгүй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөн “ ...захиргааны актыг хүчингүй болгосон байхад дараа нь өөр үндэслэлээр хүчингүй болгох юм...” хэмээн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-121.3.5 дахь хэсэгт заагдсан үндэслэл бий болсон байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч талын хүчингүй болгуулахаар маргаж буй А/609 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан байхад шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцлыг харуулсан орчны зураг зэргийг үндэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх чадвараа алдсан байгааг харуулж байна.

 Хэрвээ тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үөд энэхүү баримтууд бий болж нэхэмжлэгчид мэдэгдсэн бол тэрээр ТХШАТХ-ийн 14.1, 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 13.1, 15, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан эрхээ эдлэн тухайн давхцал бүхий зураглалыг үнэн бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллагад хандан маргах эрх нь байсан. Гэтэл цаг хугацааны хувьд нэгэнт тусгай зөвшөөрөл хүчингүй болсны дараа зурагдан гарч буй захиргааны баримтад гомдол гаргах хууль зүйн боломжгүй юм.

Гэтэл шүүх энэхүү 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг зөрчин үнэлж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заагдснаар бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

“М и” ХХК-аас анх “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “М ин” ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Байгаль орчны газарт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримт бичиг хүлээлцсэн тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад “Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Байгаль орчны газарт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримт бичиг хүлээлцсэн тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 10-т байх “М и” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 Тус маргааны үйл баримтын талаар дурдвал “М ин” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн “Б у” нэртэй 31.52 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-...... дугаартай тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд үүнд “М и” ХХК-ийн нэр орсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө гурван жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна гэж анхан шатны шүүхээс шууд дүгнээгүй байна.  

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн банкны зээлд хамрагдан ашигт малтмал ашиглах тоног төхөөрөмж авч тусгай зөвшөөрөл бүхий газарт худаг гаргаж, зам тавих зэрэг үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагааг явуулж байсан гэж үзэхээр байна.

Гэхдээ бодит байдал дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан гэж дүгнэх боломжгүй. Учир нь тухайн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажилагаа явуулахаар банкнаас зээл авсан, тоног төхөөрөмж авсан, байрлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч банкинд бүрдүүлсэн зээлийн материал доторх байгаа үйлдвэр /барилга байгууламж/ тухайн газар дээрээ огт байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “М ин” ХХК-ийн зүгээс 2013-2017 онуудад Уулын ажлын төлөвлөгөө, тайлан огт ирүүлж хянуулж, батлуулж байгаагүй болох нь тогтоогджээ. Мөн ашиглалтын үйл ажиллагаа явуулсан болохоо нэхэмжлэгч борлуулалтын орлогоороо нотлох боломжтой ч нотлож чадаагүй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болохоор зааж, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгох”-оор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д аймаг нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болохоор зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрхийг нийслэлийн Засаг даргад олгосон байна.

Нөгөөтээгүүр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр шийдвэрийн “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй болохоор байна.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй MV-........ дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалыг харуулсан орчны зургаар тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий захиргааны актад уг тогтоолыг үндэслэн байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР