Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02118

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02118

 

 

Ч.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02053 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.А-гийн нэхэмжлэлтэй А- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 217 729 137 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А-, түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б- нь А- ХХК-тай 2016 оны 6 сарын 18-ний өдөр гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадтад 141м.кв талбайтай барилгыг Канад технологоор чанарын өндөр түвшинд гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Захиалагч төлбөрийг төлж дууссан. Гүйцэтгэгч нь 2016 оны 11 cap хүртэл хойшлогдоод, хүйтний улирал эхэлсэн тул барилгын зарим нэг дутуу ажлыг 2016 оны хавар хийж дуусгахаар амаар тохиролцоод байрны түлхүүрийг өгсөн. 2017 оны 5 cap хүртэл уг байранд амьдрахгүй байж байгаад , хавар байшиндаа очиход хөлдөлт үүссэн байсан бөгөөд барилгын ажлаа үргэлжлүүлэх шаардлагыг гүйцэтгэгчид тавихад элдэв шалтаг хэлэн үргэлжлүүлэхгүй байсаар зуны улирал эхэлж борооны ус нэвтэрч байшин руу орсон. Гүйцэтгэсэн ажилд хүйтэнд хөлдөлт үүсдэг, дулаанд бороо ус гоождог, ханын гадна фасадны гоёлын чулуу нурж унадаг, барилгын сууринд нуралт үүсдэг, барилгын хананд заадас үүссэн, байрны дулааныг шалны халаалтаар шийдсэн боловч м.кв-ийн тооцоо буруу хийгдсэний улмаас шалны тень тавьсан бөгөөд шалны тень нь 00-ийн өрөөг халааж дийлэхгүйгээс хөлдөлт үүсдэг, барилгын компаниас тавьж өгсөн насос хөлдсөнөөс хагарч ус алддаг, алдсан уснаас болж паркетан шал хөндийрч ховхорсон, сууцны халаалт зэрэг барилгын угсралтын болон халаалт, цэвэр, бохир усны системийн маш их доголдол үүссэн талаар удаа дараа байнга утсаар мэдэгдэж байсаар сүүлдээ аргаа бараад Мэргэжлийн хяналтын газарт доголдлын дүгнэлт гаргуулахаар хандаж, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 02-03/4210 дугаартай албан бичгээр хариу өгсөн.Мэргэжлийн хяналтын байцаагчаас ядаж мэргэжлийн хүний хувьд очоод үзээд өгөөч гэж гуйсны дагуу гүйцэтгэгчийг байлцуулан бариулсан амины орон сууцад гүйцэтгэгчийн хамт очиж доголдлын жагсаалт гаргасан бөгөөд энэхүү доголдлоо гүйцэтгэгч нь 2019 оны 4 сарын 20-ноос 6 сарын 20-ны өдрийн хугацаанд бүрэн хийж дуусгана гэсэн амлалтыг өгч доголдлын жагсаалтад өөрийн биеэр гарын үсэг зурсан боловч одоо болтол доголдлыг арилгаагүй. Удаа дараа байнга гүйцэтгэгчээс утсаар амаар шаардсаар барилгын зөвхөн халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгуулахаар өөр мэргэжлийн байгууллага болох Атмор ХХК-д хандсан болно. Атмор ХХК- нь амины орон сууцны халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгахад шаардагдах ажил түүний төлбөрийн талаар үнийн санал хүргүүлсэн бөгөөд энэхүү үнийн саналд амины орон сууцны халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгахад шаардагдах бараа материалын үнэ, ажлын хөлс бүрэн багтсан болно. Энэхүү доголдлыг арилгахад шаардагдах 22 053 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр амины орон сууц эзэнгүй байхдаа бүрэн шатаж устсан.

Гал байшингийн гол хэсгээс цахилгааны хэт их ачааллаас үүдэлтэй богино холболт буюу бөмбөлөг үүсч шатсан болох нь дүгнэлтээр тогтоогдлоо.Гэрээний 6.1 дэх хэсэгт талууд ажлын үр дүнг чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн шалгаж ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурснаар гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээлцсэнд тооцно хэмээн тохирсон ч гүйцэтгэгч талаас гэрээний үр дүнг хугацаанд нь гүйцэтгээгүй, өнгөрсөн хугацаанд доголдлоос үүдэлтэй засварын ажил байнга хийж байсан учир ажлын үр дүнг албан ёсоор хүлээлцээгүй байсан. Байшингийн цахилгааны шийт байнга хаях, зарим хэсэг хөлдөж халахгүй байх зэрэг доголдлоос болж гүйцэтгэгч нэмэлт дулааны эх үүсвэр буюу хоёр хэсэг газар цахилгаан тен нэмж суурилуулсан ба мөн гол хэсэгт сан техникийн хоолой халаах кабель утас шатаж, сольж байсан ч анх байсан цахилгааны доголдолоо засварлалгүй нэмж тен суурилуулж цахилгааны ачаалал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж өнөөдөр байшин гадны нөлөөгүй цахилгааны гэмтлээс болж шатаж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд хүргэлээ. Төөрөгдүүлж, мэргэжлийн бус хүмүүс, чанарын шаардлага хангахгүй бараа материалаар, стандарт, норм дүрэм, журмыг зөрчиж, шаардлага хангахгүй чанаргүй барилга барьсан нь ашиглалтад орсон цагаасаа эхлэн доголдол дутагдал илэрч, улмаар доголдлоосоо болж шатаж үгүй боллоо.Хуулиар баталгаат хугацаанд гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалт зэргийг заасан бөгөөд мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д энэ төрлийн доголдлоос үүдэлтэй хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцахаар заасан байна. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн амины орон сууцны барилга барих гэрээний үүрэгт захиалагчийн зүгээс төлсөн 173 000 000 төгрөгийг мөн захиалагчийн эд хөрөнгийн хохиролд 44 729 137 төгрөг, нийт 217 729 137 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Барилгын эскиз зургийн төлбөрт 5 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь барилга байгууламж барихдаа барилгын эх зураг буюу эскиз зураг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах нь ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг. Гүйцэтгэгч барилгын зураг төсөлгүй барилга барьсан, өнөөдрийн 5 000 000 төгрөг гээд байгаа эскиз зураг бол ямар ч үнэгүй олон нийтийн сүлжээнд хэдэн зуугаараа байдаг түгээмэл зураг юмаа. Бидний хооронд түлхүүр гардуулах гэрээтэй ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн тооцоо тусдаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ төрлийн зардал гарсан бол тэр нь гэрээний үнийн дүн 173 000 000 төгрөгт багтах ёстой. Байшингийн дээвэр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн түүний засварт 1 073 000 төгрөг нэхэмжилж байгааг ч зөвшөөрөхгүй. Гэрээний 4.2 дахь хэсэгт гүйцэтгэгч доголдлыг өөрийн зардлаар хариуцан засахаар байгаа. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй байгалийн үзэгдэл тодруулбал ...хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд,ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт урьдчилан таамаглах боломжгүй аюулт үзэгдэл огт болоогүй. Тухайн ойр орчимд хэний ч хашаа унаагүй байхад дээвэр нь зай завсар гарч хууларсан. Энэ бол чанарын доголдолтой шууд холбоотой. Түүнчлэн эскиз зургийн үнэ болон байшингийн дээврийн үнийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний хавсралтаар талууд цэвэр, бохир усны систем, халаалтын талаар харилцан тохиролцож цэвэр, бохир ус, халаалтын шийдлийг захиалагчийн хүсэлтээр суурилуулсан. Гэтэл нэхэмжлэгч Атмор ХХК-ийн цэвэр, бохир усны систем, халаалтын өөр шийдлийг оруулж ирсэн. Иймд шинээр суурилуулах гэж буй цэвэр, бохир усны систем, халаалтын 22 053 000 төгрөгийг манай компани хариуцах үндэслэлгүй юм. Гэрээний 6.5-д заасан үүргийнхээ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч, захиалагч, гүйцэтгэгч хамтран 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр акт үйлдсэн. Тус актад заасан дээвэр /гражийн дээд тал/, 1 болон 2 дугаар давхрын ханын чулуун наалтын засвар, суурийн шатны доор шилэн хөвөн солих, цонхны битүүмж, обой наах, паркетан шал, ховхорч унасан хавтан хүрээг модоор солих зэрэг өндөр үнэлгээтэй болон ажиллагаа шаардсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч, гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн, зарим ажлаа хийж дуусгаагүй 2017 онд дуусгасан гэж нэхэмжлэлдээ дурьдсан байсан. Захиалагчийн бариулж буй байшин уулын оройд байрлалтай, бороо ороход машин гарах боломжгүй байрлалд байдаг. Иймд захиалагчтай гэрээний 10.1-т заасан Гэнэтийн буюу давагдашпүй хүчний шинжтэй нөхцөл гэж амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан. Сунгасан хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сард байрны түлхүүр гардуулж өгсөн. Гэрээт ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсөний дараа талууд харилцан тохиролцож нэмэлтээр гадна явган хүний зам талбайг хийж гүйцэтгэсэн. Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ байгуулсаны дараа барилгын талбай дээр барилга барьж эхлэхээр бүх ажил эхэлж байхад захиалагч суурийн координатын нам түвшин сонгосон сонголтоо өөрчлөе гэж суурийн координатын өндөр түвшин болгож өөрчилсөн нь их хэмжээний бетон цутгалт цутгах болон газар шорооны ажил хийх шаардлагыг үүсгэсэн, анх тохиролцсоноор барилгын суурь газраас хөндий байсан. Хөндий байлгамааргүй байна танай урьд бариулж байсан барилга шиг битүү байлгамаар байна гээд А- ХХК-ийн зардлаар битүүлж чулуу наасан, Захиалагч нь эскиз зурагт тусгагдсан саарал өнгийн хуванцар рамтай 1м.кв 170,000 төгрөгний цонх суурилуулахаар харилцан тохиролцсон боловч Цонх Констракшн ХХК-иар модны өнгөтэй, бор рамтай 1м.кв цонх тутамд 270 000 төгрөгөөр цонх хийлгүүлнэ гэж шийдвэрлэсэн. Захиалагчаас та мөнгөө нэмж төлөх хэрэгтэй гэсэн боловч мөнгө нэмж гаргаж чадахгүй энэ л цонхыг хийлгүүлмээр байна, саарал өнгөнд дургүй гэх мэт шалтаг хэлж гуйсан. Захиалагчаа хүндлээд манай талаас төсөв гаргаж 1м.кв цонх тутамд 270 000 төгрөгний цонхыг суурилуулсан. Гадна довжооны загварыг харилцан тохиролцчихоод ажил эхэлчихсэн явагдаж байх үед загварыг өөрчлөх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад А- ХХК-ийн хөрөнгөөр өөрчлөлтийг хийлгүүлсэн, захиалагчийн хүсэлтээр захиалгаар бариулсан орон сууцанд тавилга сонгож өгөхөөр 14 хоногийн турш ямар нэгэн ажлын хөлсгүйгээр хамтран тавилга сонголт хийхээр ажилласан гэх мэт А- ХХК-ийн зүгээс цонхонд 3 700 000 төгрөг, гадна довжоонд 3 000 000 төгрөг, суурийн өөрчлөлтөнд 1 000 000 төгрөг, Террасын суурийг битүүлэхэд 4 000 000 төгрөг гэх мэт захиалагчид нийт 11 700 000 төгрөгийн зарлага гаргасан. Захиалагч тал нь засварын ажлыг ажлын өдрүүдээр хийлгүүлж чадахгүй, амралтын өдрүүдэд хийлгэнэ гэж хэлдэг. Заримдаа хагас сайн, бүтэн сайнд захиалагч завгүй болчихлоо засварын ажлыг өөрөө заавал байлцаж байж хийлгүүлнэ гэсэн шаардлага тавьдаг. 2016 оны 9 дүгээр сард байрны түлхүүрээ гардуулж өгөхдөө барилгатай холбоотой бүх санамж, зөвлөмжүүдийг амаар болон биечлэн тайлбарлаж өгсөн. Халаалтаа залгаарай халаах төхөөрөмжөө залгахгүй бол барилга хөлдөх эрсдэлтэй гэж олон удаа сануулж, зөвөлгөө өгсөн. Өвөл халаалтаа залгаад хавар, намар нь дулаахан гэж хүмүүс бодоод халаалтаа салгадаг шүү. Битгий халаалтаа салгаарай, байнга асаалттай байх ёстой шүү гэж сануулж байсан. Гэвч халаалтаа ажиллуулаагүйн улмаас захиалагч барилгаа хөлдөөсөн. Уг хөлдөлтөөс үүдэлтэй ус алдаж, нэг хэсэг паркетан шал пөмбийсөн. Хөлдөөсөнийхөө дараа захиалагч тал утсаар зөвөлгөө авсан.

Шинжээчийн дүгнэлтэнд бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал туймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг. Уг бөмбөлөг нь гал гарахаас өмнө үүссэн, эсвэл гал гарсны дараа үүссэнийг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах 02-ийн хэмжээг тодорхойлсны дараа тогтоогдох боломжтой ба Гамшиг судлалын хүрээлэнгийн галын лаборатори нь цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөгний хүчилтөрөгчийн агууламжийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гал түймэр нь шатамхай материалаас ч гарсан байх магадпалтай гэж Шинжээчийн дүгнэлтэнд заасан байсан. Ажлын үр дүн 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийгдэж дууссан. Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авч эд хогшлоо оруулан байшиндаа амьдарч байсан. Хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас үүссэн эрсдлийг хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсахгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А- ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Амины сууцны ажлын гэрээ, хавсралтаар талууд эскиз зургийн төлбөрийн талаар харилцан тохиролцоогүй боловч А- ХХК-аас барилгын зураг, ажлын зураг нэхэмжилж байгаа учир манай талаас захиалагчийн сонгогдож баталсан эскиз зургийн дагуу барилгыг хийж гүйцэтгэсэн болохоор уг төлбөрийг нэхэмжилж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдэрсэн дээврийг А- ХХК-ийн зардлаар зассан. Иймд нэхэмжлэгчээс эскиз зургийн төлбөрт 5 000 000 төгрөг, дээврийн засварт орсон материалийн үнэ, ажлын хөлс 1 073 000 төгрөг, үүнд: /1м төмөр 7.500 төгрөг, нийт 38м Х 7500= 285 000төг, 1 м малгай төмөр 6000 төгрөг, нийт 18м Х 6000=108 00 төгрөг, 1 боодол 120 000 төгрөг, тээвэр 60 000 төгрөг, бусад дагалдах материал 100 000 төгрөг, ажлын хөлс 400 000 төгрөг/ нийт 6 073 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дах хэсэгт заасныг баримтлан А- ХХК-иас 217 729 137 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч А.Б-оос 6 073 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 5147 810 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 118 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг чанарын өндөр түвшинд хийх буюу доголдолгүй үр дүн бий болгох үүргээ биелүүлээгүйгээс болж үр дүн шатаж устсан. 2020 оны 03 сарын 02-ний өдрийн 341 тоот прокурорын тогтоолоор гал түймэр гарсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч хохирлоо иргэний журмаар буюу ажил гүйцэтгэгч компаниас гэм хорын хохирол шаардаж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тул шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.4 болон 168.1.3 дагуу бүрэлдэхүүнтэй хурал хуралдаж, гэм буруугаас үүдэлтэй хор хохирол үүссэн талаар хэлэлцэх байтал түлхүүрээ хүлээн авснаар ажлын үр дүнг бүхэлд нь хүлээн авсан, шаардах эрхээ алдсан хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэгч буюу захиалагч талын эрхийг зөрчсөн. Шүүх галын шинжээчийн эцсийн 2020 оны 01 сарын 02-ны 25/2714 тоот дүгнэлтийг анхаарч үзээгүй. Галын дүгнэлтээр цахилгааны хэт ачааллаас болж цахилгаан дамжуулагч утсанд богино холболт үүсэж, хялбар шатах материалаар /хялбар шатах материалаар дулаалсан/ дамжин гал түймэр гарч нэхэмжлэгчийг хохироосон байхад шүүх энэхүү байдлыг нотлоогүй, дүгнээгүй. Шүүх зөвхөн гэрээг дүгнэж, цахилгааны монтажны зураг байхгүй, монтажийг галын аюулгүй байдлыг хангаж угсарсан эсэх, монтаж хийсэн цахилгааны утас нь ачаалал даах эсэх тал дээр ямар ч анхаарал хандуулахгүй, гүйцэтгэгчийг буруугүй гэх нотлох баримтгүйгээр шийдвэрээ гаргалаа. Иргэний хуулийн 350.1.8-т өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх хэмээн зохицуулсан /Гал гарах үед эзгүй байсан нь зохиомлоор цахилгааны ачаалал үүсгэх боломжгүй/. Шүүх Иргэний хуулийн 343.1 Ажил гуйцэтгэх гэрээний талуудын гэрээний үүрэг, түүнээс үүдэлтэй эрсдэл шилжих нөхцөл зэргийг гэрээгээр тусгайлан тохирсон байхад буруу тодорхойлсон. Гэрээний 6.1 дэх хэсэгт Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилж\үлэхдээ гэрээний талуудын томилсон эрх бухий комисс чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн шалгах бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдэн, талуудын гарын үсэг зурснаар гүйцэтгэсэн ажлын ур дүнг хүлээлцсэнд тооцно гэж тусгайлан тохирсон. Талууд өнгөрсөн хугацаанд дээрх актыг үйлдээгүй, учир нь гэрээний үр дүнгийн доголдолтой холбоотой засан сайжруулалт тасралтгүй хийж байсан болохоор чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн шалгаж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурах нөхцөл бүрдээгүй байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох байшинд шууд илрэх, нүдээр харж тогтоох боломжгүй далд доголдолтой байсан. Гүйцэтгэгч барилгын дулааны тооцоог буруу хийснээс гүйцэтгэгч нь нэмэлтээр 2-3 тень болон халаагч кабелаар дулааныг шийдсэн нь цахилгааны утсанд нэмэлт ачаалал үүсгэсэн. Гэрээний 4.2.1 дэх хэсэгт гэрээгээр тохиролцсон ажлыг чанар, стандартын өндөр түвшинд гүйцэтгэхээр заасан. Гэтэл ажил гүйцэтгэгч тал Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл. 17.2.3. дахь хэсэгт барилга байгууламжийг шинээр барих, ...гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах, мөн хуулийн 2.3 Галын аюулгуй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын ишардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалтыг тус тус зөрчсөн. Засгийн газрын 2016 оны 339-р тогтоолын хавсралт Талын аюулгүй байдлын үндсэн дүрэм-д Мод модон материал б\хий хийцийн барилгад галд тэсвэрлэх бодис түрхэх, гал түймэр үүсэж болзошгүй хийцээс галд тэсвэрлэх тусгаарлалт хийх утаа мэдрэх төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд ажиллахуйцаар байрлуулах, шалгах, цахшгаан дамжуулах утсыг галын болон тэсрэх аюулд тохируулан сонгох, цахилгааны утсанд төмөр хоолой болон нэмэлт хамгаалалт хийх гэх мэт цахилгаанаас үүдэлтэй барилгад гал түймэр гарч болзошгүй эрсдэлийн тусгайлсан зааварчилга баталсан байна. Гэтэл гүйцэтгэгч барилгын зураг төсөлд галын аюулгүй байдлын магадлал хийлгээгүй буюу эскиз зураг гэх зургаас өөр зүйлгүй барилга барьсан. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчсөн. Захиалагчаас барилгын зураг, гүйцэтгэлийн зураг, цахилгаан монтаж, цэвэр болон бохирын шугам хоолой угсралтын зураг зэрэг ашиглалтад зайлшгүй шаардлагатай зургийг гүйцэтгэгчээс шаардаад гаргаж өгөлгүй байсаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид 2019 оны 4 сарын 20-оос 6 сарын 20-ны дотор гаргаж өгнө гэж бичгээр амлалт өгсөн ч гүйцэтгэгч дээрх зургуудыг гаргаж өгөөгүй нь барилгын аюулгүй ажиллагааг хангах зураггүй барьснаар байшин шатах гэм хохирол учирлаа. Шүүх энэхүү мэргэжлийн хяналтын газрын байцаагчтай үйлдсэн барилгын доголдлыг гүйцэтгэгч хийж дуусгаад. гарын үсэг зурж, захиалагч түлхүүрээ хүлээн авсан мэтээр буруу ойлгож дүгнэсэн байна.

Барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцна гэж тус тус заасан. Энэ нь зөвхөн ажлын үр дүнг хүлээлцсэний дараа тоолж эхлэх хуулийн хугацаа. Иймд гэм хорын бүрэлдэхүүнтэй хурал хуралдаагүй, гэрээний тусгайлсан тохиролцоог анхаарч үзээгүй, шүүхийн шийдвэр олон талаас нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн анхан шат руу нь буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч А- ХХК-иас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 217 729 137 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1-р хх 68-70/

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир маргааны үйл баримт болон хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хариуцагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас байшин шатаж, эд хөрөнгийн хохирол учирсан гэж тодорхойлж, гэрээний дагуу төлсөн ажлын хөлс, байшин дотор байсан, шатсан гэх эд хөрөнгийн үнийг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын хохирол гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэлийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан агуулгаас үзэхэд гэм хорын маргаантай хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

 

Мөн талууд маргаж байгаа асуудлаар хоорондоо харилцсан фэйсбүүк чатанд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж, үзлэг хийсэн./2-р хх 21/ Үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт заасан ажиллагааны явц дараалал, илэрсэн нөхцөл байдлыг бичээгүй, тус тэмдэглэлд ямар баримтад ямар агуулгатай мэдээлэл байгаа талаар нэг бүрчлэн тогтоож, нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан гэж дүгнэх боломжгүй байна. Тухайлвал нэхэмжлэгчээс гаргасан Сидид /бичлэг/ 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бичсэн 10 секунтын бичлэг хоорондоо таарч байна гэжээ. Зүй нь мэдээллийг агуулгын хувьд үзлэгийн тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгасны үндсэн дээр шүүх үнэлгээ дүгнэлт өгөх боломжтой болох юм./2-р хх 24/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 246 595 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД