Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02053

 

 

 

 

 

 

 

         2020         08           10

      181/ШШ2020/02053

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг ХХК-ийн байр 102 тоотод байрлах АКХХК-д холбогдох

217.729.137 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагч АКХХК-ийн төлөөлөгч Ш.Ганзориг, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.Бнь АКХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай Амины орон сууцны барилга барих ажлын гэрээг байгуулж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадтад 141м.кв талбайтай амины орон сууцны барилгыг Канад технологоор чанарын өндөр түвшинд гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно.

Захиалагчаас гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу төлж дууссан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч захиалагчийн өгсөн даалгавар, зураг, төсөл, төсвийн дагуу гэрээгээр ажлыг чанар, стандартын өндөр түвшинд тохирсон хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргийн хүлээсэн боловч 2016 оны 11 дүгээр cap хүртэл хойшлогдоод, хүйтний улирал эхэлсэн тул гүйцэтгэгч нь барилгын зарим нэг дутуу ажлыг 2016 оны хавар хийж дуусгахаар амаар тохиролцоод байрны түлхүүрийг өгсөн.          

Ингээд амины орон сууцныхаа түлхүүрийг аваад манайх 2017 оны 5 дугаар cap хүртэл уг байранд амьдараагүй байж байгаад тохирсон хугацаа буюу 2017 оны хавар байшиндаа очиход хөлдөлт үүссэн байсан бөгөөд барилгын ажилаа үргэлжлүүлэх шаардлагыг гүйцэтгэгчид тавихад элдэв шалтаг хэлэн үргэлжлүүлэхгүй байсаар байтал зуны улирал эхэлж борооны ус нэвтэрч байшин руу орсон байсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь гүйцэтгэгчид барилгын гүйцэтгэсэн ажилд хүйтэнд хөлдөлт үүсдэг, дулаанд бороо ус гоождог, ханын гадна фасадны гоёлын чулуу нурж унадаг, барилгын сууринд нуралт үүсдэг, барилгын хананд заадас үүссэн, байрны дулааныг шалны халаалтаар шийдсэн боловч м.кв-ийн тооцоо буруу хийгдсэний улмаас шатны тень тавьсан бөгөөд шалны тень нь 00-ийн өрөөг халааж дийлэхгүйгээс хөлдөлт үүсдэг, барилгын компаниас тавьж өгсөн насос хөлдсөнөөс хагарч ус алддаг, алдсан уснаас болж паркетан шал хөндийрч ховхорсон, сууцны халаалт зэрэг барилгын угсралтын болон халаалт, цэвэр, бохир усны системийн маш их доголдол үүссэн талаар удаа дараа байнга утсаар мэдэгдэж байсаар сүүлдээ аргаа бараад Мэргэжлийн хяналтын газарт амины орон сууцныхаа доголдлын дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан.

Энэхүү миний хүсэлтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02-03/4210 дугаартай албан бичгээр таны хүсэлтээр дүгнэлт гаргах нь бидний чиг үүрэгт хамаарахгүй байна гэсэн хариуг өгсөн.

Миний бие дээрх хариуг авангуутаа Мэргэжлийн хяналтын байцаагчаас ядаж чи мэргэжлийн хүний хувьд очоод үзээд өгөөч гэж гуйсны дагуу гүйцэтгэгчийг байлцуулан бариулсан амины орон сууцанд гүйцэтгэгчийн хамт очиж доголдлын жагсаалт гаргасан бөгөөд энэхүү доголдлоо гүйцэтгэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд бүрэн хийж дуусгана гэсэн амлалтыг өгч доголдлын жагсаалтад өөрийн биеэр гарын үсэг зурсан боловч одоо болтол доголдлыг арилгаагүй бөгөөд доголдлоо засварлана, хийнэ гэж байнга утсаар хэлсээр байсан.

Миний бие эдгээр доголдлыг арилгуулахаар удаа дараа байнга гүйцэтгэгчээс утсаар амаар шаардсан боловч өдийг хүртэл арилгаж өгөх талаар ямар нэгэн ажкл хийхгүй элдэв шалтаг тоочсоор байхаар нь А. Бүрэнтогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь дээрх барилгын зөвхөн халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгуулахаар өөр мэргэжлийн байгууллага болох Атмор ХХК-д хандсан болно.

Атмор ХХК- нь амины орон сууцны халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгахад шаардагдах ажил түүний төлбөрийн талаар үнийн санал хүргүүлсэн бөгөөд энэхүү үнийн саналд амины орон сууцны халаалт, цэвэр, бохир усны системийн доголдлыг арилгахад шаардагдах бараа материалын үнэ, ажлын хөлс бүрэн багтсан болно.

Миний бие энэхүү доголдлыг арилгахад шаардагдах 22 053 000 төгрөгийг А. Бүрэнтогтох АКХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой доголдол учраас АКХХК-аас нэхэмжилж байна. Иймээс АКХХК-аас 22.053.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шардлагаа дараах үндэслэлээр өөрчилсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдолоос үүдэлтэй хохирол нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр амины орон сууц эзэнгүй байхдаа бүрэн шатаж устлаа.

Ингээд өнгөрсөн хугацаанд галын шалтгаан нөхцөл дүгнэлт гарах гэж багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд гал байшингийн гол хэсгээс цахилгааны хэт их ачааллаас үүдэлтэй богино холболт буюу бөмбөлөг үүсч шатсан болох нь дүгнэлтээр тогтоогдлоо.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Талууд ажлын үр дүнг ...чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар нэг бүрчлэн шалгаж ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурснаар гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээлцсэнд тооцно хэмээн тохирсон ч гүйцэтгэгч талаас гэрээний үр дүнг хугацаанд нь гүйцэтгээгүй, өнгөрсөн хугацаанд доголдлоос үүдэлтэй засварын ажил байнга хийж байсан учир ажлын үр дүнг албан ёсоор хүлээлцээгүй байсан.

Ажлын үр дүн маш олон төрлийн доголдол байсан ба түүний дотор байшингийн цахилгааны шийт байнга хаях, байшингийн зарим хэсэг хөлдөж халахгүй байх зэрэг доголдлоос болж гүйцэтгэгч нэмэлт дулааны эх үүсвэр буюу хоёр хэсэг газар цахилгаан тен нэмж суурилуулсан ба мөн байшингийн гол хэсэгт сан техникийн хоолой халаах кабель утас шатаж, сольж байсан ч анх байсан цахилгааны доголдолоо засварлалгүй нэмж тен суурилуулж цахилгааны ачаалал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс болж өнөөдөр байшин гадны нөлөөгүй цахилгааны гэмтлээс болж шатаж, захиалагч намайг сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд хүргэлээ.

Захиалагч намайг төөрөгдүүлж, мэргэжлийн бус хүмүүс, чанарын шаардлага хангахгүй бараа материалаар, барилгын стандарт, норм дүрэм, журмыг зөрчиж, шаардлага хангахгүй чанаргүй барилга барьсан нь ашиглалтад орсон цагаасаа эхлэн доголдол дутагдал илэрч, улмаар доголдлоосоо болж шатаж үгүй боллоо.

Иргэний хуулийн 343 дугаар зүйл Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гэрээний үр дүн байна. Мөн хуулийн 350.1.6.- д гэрээний зүйл буюу үр дүн ямар нэгэн доголдолгүй байна хэмээн зохицуулсан бөгөөд доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг хуулийн 349.1 дэх хэсэг ..барилга байшингийн гомдлын шаардлага гаргах хугацааг 3 жил байхаар хуульд зохицуулсан байна.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу ажлын үр дүнг хүлээлцсэн тухай акт үйлдээгүй учир нь гүйцэтгэгчийн доголдлоос үүдэлтэй засан сайжруулалт байнга хийж байсан ба зарим доголдлоос болж шүүхэд маргаж байх хугацаанд гэрээний үр дүн болох байшин цахилгаанаас үүдэлтэй гадны нөлөөгүй шатаж, засан сайжруулах объектгүй боллоо.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.3, 6 дахь хэсгийн заасны дагуу нийт ашиглалтын баталгаат хугацааг нийт 4 жил байхаар зохицуулсан байна.

Хуулиар баталгаат хугацаанд ... гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалт зэргийг заасан бөгөөд мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д энэ төрлийн доголдлоос үүдэлтэй хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцахаар заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний үүрэгт захиалагчийн зүгээс төлсөн 173,000,000 төгрөгийг мөн захиалагчийн эд хөрөнгийн хохиролд 44,729,137 төгрөг, нийт 217,729,137 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

            1.Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний хавсралтаар талууд цэвэр, бохир усны систем, халаалтын талаар харилцан тохиролцож цэвэр, бохир ус, халаалтын шийдлийг захиалагчийн хүсэлтээр суурилуулсан. Гэтэл нэхэмжлэгч Атмор ХХК-ийн цэвэр, бохир усны систем, халаалтын өөр шийдлийг оруулж ирсэн.

Иймд шинээр суурилуулах гэж буй цэвэр, бохир усны систем, халаалтын 22,053,000 төгрөгийг манай компани хариуцах үндэслэлгүй юм.

2.Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний 6.5-д заасан үүргийнхээ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч, захиалагч, гүйцэтгэгч хамтран 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр акт үйлдсэн.

Тус актанд заасан дээвэр /гражийн дээд тал/, 1 болон 2 дугаар давхрын ханын чулуун наалтын засвар, Суурийн шатны доор шилэн хөвөн солих, цонхны битүүмж, обой наах, паркетан шал, ховхорч унасан хавтан хүрээг модоор солих зэрэг өндөр үнэлгээтэй болон ажиллагаа шаардсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. /Хавсралтаар фото зургийг №1 хавсаргав/

3.Захиалагч, гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн, зарим ажилаа хийж дуусгаагүй 2017 онд дуусгасан гэж нэхэмжлэлдээ дурьдсан байсан. Захиалагчийн бариулж буй байшин уулын оройд байрлалтай, бороо ороход машин гарах боломжгүй байрлалд байдаг. Иймд захиалагчтай гэрээний 10.1-т заасан Гэнэтийн буюу давагдашпүй хүчний шинжтэй нөхцөл гэж амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан. Сунгасан хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сард байрны түлхүүр гардуулж өгсөн. /Хавсралтаар фото зургийг №2 CD хавсаргав/

Тайлбар - CD дээр тухайн фото зургийг авсан он, cap, өдөр харагдана.

4.Гэрээт ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгсөний дараа талууд харилцан тохиролцож нэмэлтээр гадна явган хүний зам талбайг хийж гүйцэтгэсэн. /Хавсралтаар хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, ажлын үнийн дүнг, зураг №9 хавсаргав/

5.Захиалагч тал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч, гүйцэтгэгч нарын хамтран үйлдсэн актын дараа нэхэмжпэгч тал тухайн актанд заасан засварын ажлыг хийгдэж байх үеийн хог хаягдлын зургийг нэхэмжлэлд оруулсан байна. Мөн засварын ажил дууссан байх үеийн зургийг огт оруулаагүй засварын ажил хийгдээгүй байх үеийн зургийг нэхэмжлэлд хавсаргасан байна. /Баримтыг фото зургаар №3 хавсаргав/

6.Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ байгуулсаны дараа барилгын талбай дээр барилга барьж эхлэхээр бүх ажил эхэлж байхад захиалагч суурийн координатын нам түвшин сонгосон сонголтоо өөрчлөе гэж суурийн координатын өндөр түвшин болгож өөрчилсөн нь их хэмжээний бетон цутгалт цутгах болон газар шорооны ажил хийх шаардлагыг үүсгэсэн, анх тохиролцсоноор барилгын суурь газраас хөндий байсан.

Үүнийг хөндий байлгамааргүй байна танай урьд бариулж байсан барилга шиг битүү байлгамаар байна гээд АКХХК-ийн зардлаар битүүлж чулуу наасан, Захиалагч нь эскиз зурагт тусгагдсан саарал өнгийн хуванцар рамтай 1м.кв 170,000 төгрөгний цонх суурилуулахаар харилцан тохиролцсон боловч Цонх Констракшн ХХК-иар модны өнгөтэй, бор рамтай 1м.кв цонх тутамд 270,000 төгрөгөөр цонх хийлгүүлнэ гэж шийдвэрлэсэн.

Захиалагчаас та мөнгөө нэмж төлөх хэрэгтэй гэсэн боловч мөнгө нэмж гаргаж чадахгүй энэ л цонхыг хийлгүүлмээр байна, саарал өнгөнд дургүй гэх мэт шалтаг хэлж гуйсан. Захиалагчаа хүндлээд манай талаас төсөв гаргаж 1м.кв цонх тутамд 270.000 төгрөгний цонхыг суурилуулсан.

Мөн Гадна довжооны загварыг харилцан тохиролцчихоод ажил эхэлчихсэн явагдаж байх үед загварыг өөрчлөх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад АКХХК-ийн хөрөнгөөр өөрчлөлтийг хийлгүүлсэн, захиалагчийн хүсэлтээр захиалгаар бариулсан орон сууцанд тавилга сонгож өгөхөөр 14 хоногийн турш ямар нэгэн ажпын хөлсгүйгээр хамтран тавилга сонголт хийхээр ажилласан гэх мэт

АКХХК-ийн зүгээс цонхонд 3,700,000 төгрөг, гадна довжоонд 3,000,000 төгрөг, суурийн өөрчлөлтөнд 1,000,000 төгрөг, Террасын суурийг битүүлэхэд 4,000,000 төгрөг гэх мэт захиалагчид нийт 11.700.000 төгрөгийн зарлага гаргасан байна. /Цонх Констракшн ХХК-ийн цонхны үнийн санал хавсаргав, Тавилга сонголтын фото зургуудыг №6.1; 6.2 хавсаргав, Гадна довжоо, Суурь өөрчилсөн фото зургийг №4.1; 4.2; 4.3 хавсаргав/          

7.Захиалагч тал нь засварын ажлыг ажлын өдрүүдээр хийлгүүлж чадахгүй, амралтын өдрүүдэд хийлгэнэ гэж хэлдэг. Заримдаа хагас сайн, бүтэн сайнд захиалагч завгүй болчихлоо засварын ажлыг өөрөө заавал байлцаж байж хийлгүүлнэ гэсэн шаардлага тавьдаг. Энэ мэт зүйлүүд нь цаг хугацааг хойшлуулахад хүргэдэг.

8.2016 оны 9 дүгээр сард байрны түлхүүрээ гардуулж өгөхдөө Барилгатай холбоотой бүх санамж, зөвлөмжүүдийг амаар болон биечлэн тайлбарлаж өгсөн.

Халаалтаа залгаарай халаах төхөөрөмжөө залгахгүй бол барилга хөлдөх эрсдэлтэй гэж олон удаа сануулж, зөвөлгөө өгсөн. Өвөл халаалтаа залгаад хавар, намар нь дулаахан гэж хүмүүс бодоод халаалтаа салгадаг шүү. Битгий халаалтаа салгаарай, байнга асаалттай байх ёстой шүү гэж сануулж байсан. Гэвч халаалтаа ажиллуулаагүйн улмаас захиалагч барилгаа хөлдөөсөн. Уг хөлдөлтөөс үүдэлтэй ус алдаж, нэг хэсэг паркетан шал пөмбийсөн. Хөлдөөсөнийхөө дараа захиалагч тал утсаар зөвөлгөө авсан.

Шинжээчийн дүгнэлтэнд бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал туймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг

Уг бөмбөлөг нь гал гарахаас өмнө үүссэн, эсвэл гал гарсны дараа үүссэнийг нарийвчилсан шинжилгээнд хамруулж бөмбөлөгт агуулагдах 02-ийн хэмжээг тодорхойлсны дараа тогтоогдох боломжтой ба Гамшиг судлалын хүрээлэнгийн галын лаборатори нь цахилгаан дамжуулагч утсанд үүссэн бөмбөлөгний хүчилтөрөгчийн агууламжийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гал түймэр нь шатамхай материалаас ч гарсан байх магадпалтай гэж Шинжээчийн дүгнэлтэнд заасан байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг нэхэмжлэгч тал илт эд зөрчиж хүний нэр төрд байнга халдаж байна. Тус нэхэмжлэгч нь Мөрдөн байцаагчид гал түймрийг Ш.Ганзориг л тавьсан гэж мөн хэлсэн байсан. Үүнээс үүдэн АКХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ш.Ганзоригоос Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Хэргийг хянаад Прокурор хэргийг хаасан. Хариуцагч талыг гэм буруугүйг баталсан.

Ажлын үр дүн 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийгдэж дууссан. Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний талууд тус гэрээний 3.3; 3.2.4 дэхь заалтын дагуу захиалагч тал ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч гүйцэтгэгч талд ажлын хөлсийг 100% төлсөн.

Мөн Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авч эд хогшилоо оруулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн хадтад байрлах 141 м.кв байшиндаа амьдарч байсан.

Иргэний хуулийн 349.1-т Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардпага гаргаж болно гэсэн заалтыг манай талаас даган мөрдөж захиалагчаас ямар нэгэн асуудал хэлэх бүрт очиж засварлаж, тайлбарлаж байсан. Зарим үед ямар ч шаардлагагүй тохиолдлуудад ч манай талыг дуудаж байсан тохиолдол бий.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.3,6 дахь хэсгийн заасны дагуу нийт ашиглалтын баталгаат хугацааг нийт 4 жил байхаар зохицуулсан байна гэж бичжээ

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. Мөн хуулийн 14.6. дугаар зүйлд Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж тус тус заажээ.

Тус хуулинд Баталгаат хугацаа гэж заагаагүй ба ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа, хэвийн ашиглалтын хугацаа гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч тал хуулийг буруу ойлгож байгаад харамсалтай байна.

2016 оны Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ болон Монгол Улсын Иргэний хуулийн 356 дугаар зүйлд Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед эрсдпийг хэрхэн хувиарлах тухай заасан байдаг.

Хариуцагч бидний зүгээс Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн хадтад байрлах 141 м.кв талбай бүхий иргэн Ч.Агийн өмчид тохиолдсон гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас үүссэн эрсдлийг хариуцах үндэслэлгүй юм.

Нэмэлт ажлын хувьд 2016 оны Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний 7.2-т зааснаар үнийн санал гарган, нэмэлт гэрээ байгуулахаар заасан боловч талууд амаар харилцан тохиролцож гадна хийгдэх нэмэлт ажлыг тохиролцож хийсэн. Манай зүгээс гэрээний дагуу ажлын үр дүн болох амины орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсахгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч АКХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Манай компани Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадтад 141м.кв талбайтай амины орон сууцны барилгыг гэрээнд заасны дагуу барьж 2016 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн.

Амины орон сууцны барилга барих ажлын гэрээ, хавсралтаар талууд эскиз зургийн төлбөрийн талаар харилцан тохиролцоогүй боловч АКХХК-аас барилгын зураг, ажлын зураг нэхэмжилж байгаа учир манай талаас захиалагчийн сонгогдож баталсан эскиз зургийн дагуу барилгыг хийж гүйцэтгэсэн болохоор уг төлбөрийг нэхэмжилж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдэрсэн дээврийг АКХХК-ийн зардлаар зассан.

Иймд нэхэмжлэгчээс эскиз зургийн төлбөрт 5,000,000 төгрөг, дээврийн засварт орсон материалийн үнэ, ажлын хөлс 1.073.000 төгрөг, үүнд: /1м төмөр 7.500 төгрөг, нийт 38м Х 7500= 285,000төг, 1 м малгай төмөр 6000 төгрөг, нийт 18м Х 6000= 108.00 төгрөг, 1 боодол 120.000 төгрөг, тээвэр 60.000 төгрөг, бусад дагалдах материал 100.000 төгрөг, ажлын хөлс 400.000 төгрөг/ нийт 6.073.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

Барилгын эскиз зургийн төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь барилга байгууламж барихдаа барилгын эх зураг буюу эскиз зураг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах нь ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг.

Гүйцэтгэгч барилгын зураг төсөлгүй барилга барьсан, өнөөдрийн 5 сая гээд байгаа эскиз зураг бол ямар ч үнэгүй олон нийтийн сүлжээнд хэдэн зуугаараа байдаг түгээмэл зураг юмаа. Бидний хооронд түлхүүр гардуулах гэрээтэй Ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн тооцоо тусдаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ төрлийн зардал гарсан бол тэр нь гэрээний үнийн дүн 173 саяд багтах ёстой.

Байшингийн дээвэр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн түүний засварт 1,073,000 төгрөг нэхэмжилж байгааг ч зөвшөөрөхгүй.

2016 оны 6 дугаар сарын 18-ний өдөр 04 тоот Амины орон сууцны барилга барих ажпын гэрээний 4 дүгээр зүйл 4.2 дахь хэсэгт гүйцэтгэгч доголдлыг өөрийн зардлаар хариуцан засах тухай мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйл 352.2.1 дахь хэсэгт мөн энэ талаар үүрэг хүлээлгэсэн.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй байгалийн үзэгдэл тодруулбал ...хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд,ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт урьдчилан таамаглах боломжгүй аюулт үзэгдэл огт болоогүй. Тухайн ойр орчимд хэний ч хашаа унаагүй байхад дээвэр нь зай завсар гарч хууларсан. Энэ бол чанарын доголдолтой шууд холбоотой.

Түүнчлэн эскиз зургийн үнэ болон байшингийн дээврийн үнийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд дээрх сөрөг нэхэмжлэлийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн болон сөрөг нэхэмжлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч АКХХК-д холбогдуулан хэлэлцэн тохирсон хөлс 173.000.000 төгрөг, эд хөрөнгийн үнэ 44.729.137 төгрөг, нийт 217.729.137 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч АКХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №04 дугаартай Амины орон сууцны барилга барих ажлын гэрээгээр хариуцагч АКХХК /гүйцэтгэгч/ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадтад 141 м.кв талбайтай амины орон сууцны барилгыг Канад технологиор барьж гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч /захиалагч/ А.Бнь ажлын хөлсөнд нийт 173.000.000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30% болох 51.900.000 төгрөгийг,

Суурийн ажил бүрэн дуусч арга бүтээц 70%-иас дээш хийгдэхэд явцын төлбөр болох 51.900.000 төгрөгийг,

Модон арга бүтээц , дээвэр, фасад дуусч дотор засал эхлэх үед явцын төлбөр болох 51.900.000 төгрөгийг,

Гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд хүлээлцсэн тухай актанд гарын үсэг зурснаас хойш ажлын 1 хоногийн дотор үлдэгдэл 10% болох 17.300.000 төгрөгийг тус тус төлөх үүргийг тус тус хүлээж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 9-13,95-102-р хуудас/

 

Дээрх гэрээгээр хариуцагч гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон ажлын хөлс 173.000.000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч /захиалагч/ А.Бнь дээрх гэрээнд заасан ажлын хөлс төлөх журмын дагуу 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд нийт 173.000.000 төгрөг, гадна тохижилтын ажлын төлбөрт нэмж 11.500.000 төгрөгийг тус тус төлсөн, хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 9 дүгээр сард уг орон сууцны түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгсөн талаар талууд маргадаггүй болно. /1-р хх-ийн 24-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 4.1.4.-т Захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанаас ажлын 1 хоногийн дотор хүлээн авах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж,

6.5.-д Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлснээс хойшхи баталгаат хугацаанд гүйцэтгэсэн ажиллагааны буруугаас үүссэн доголдлыг гүйцэтгэгч нь өөрийн зардлаар хариуцан арилгах бөгөөд маргаан бүхий доголдлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар шалтгаан, нөхцлийг тогтоолгон холбогдон гарах зардлыг гэрээний аль буруутай тал хариуцана гэж харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч уг орон сууцны түлхүүрийг гардаж авсан 2016 оны 9 дүгээр сараас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан байцаагч Вандандэмид, захиалагчийг төлөөлж Ч.А, гүйцэтгэгчийг төлөөлж Ш.Ганзориг нар талуудын хооронд байгуулсан Амины орон сууцны барилга барих ажлын гэрээний дагуу нэр бүхий 21 ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны хооронд хийж дуусгахаар тохиролцож акт үйлдэж талууд гарын үсэг зуржээ./1-р хх-ийн 25-52-р хуудас/

 

Талууд дээрх актаар харилцан тохиролсоны дагуу гүйцэтгэгч уг ажлуудыг хийж гүйцэтгэн 2016 оны 9 дүгээр сард уг орон суцны түүлхүүрийг гардуулан өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 71-89, 103-р хуудас/

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэжээ.

Мөн хуулийн 352.2.3.-т заасны дагуу захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй байхад ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу бүрэн шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй доголдолууд байгааг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

Шүүх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадат 141 м.кв талбайтай амины орон сууц нь хууль, стандарт нормын дагуу баригдсан эсэх, үүсээд буй доголдол нь захиалагч, гүйцэтгэгчийн хэн аль нь буруутай болохыг тогтоолгохоор шинжээч томилсон. /1-р хх-ийн 117-132-р хуудас/

Шинжээч дүгнэлт гаргахаар уг объект дээр очиход уг барилга нь гал түймэрт өртсөн байсан тул шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болно./1-р хх-ийн 132-149-р хуудас/

Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадат 141 м.кв талбайтай амины орон сууцыг хүлээн авснаас хойш эвдэрсэн гэх доголдолуудад хариуцагч буруутай гэж үзэх баримтгүй байна.

Дээрх орон сууц шатахад хариуцагч буруугүй болох нь Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 133-149, 170-174, 176-р хуудас/

Иймд уг орон сууцыг бариулаад захиалагчид шилжүүлсэн харилцан тохиролцсон хөлс 173.000.000 төгрөг, галд шатсан эд хөрөнгийн үнэ 44.729.137 төгрөг, нийт 217.729.137 төгрөгийг хариуцагчаас гаргах үндэслэл тогтоогдохгүй байна. 1-р хх-ийн 9-13, 24-26, 71-88,95-103,178-219-р хуудас/

Дээрх бүхнийг дүгнэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч АКХХК нь нэхэмжлэгчээс эскиз зургийн төлбөрт 5.000.000 төгрөг, дээврийн засварт орсон эд материалын үнэ, ажлын хөлс 1.073.000 төгрөг, нийт 6.073.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадат 141 м.кв талбайтай амины орон сууцны эскиз зургийн төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг зургийг хаана хэн ямар үнэтэйгээр боловсруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин уг орон сууцны дээврийн засвар, материалийн үнэ, ажлын хөлс зэрэгт 1.073.000 төгрөгийг зарцуулсан гэж байгаа нь талууд орон сууцыг хүлээлцсэний дараа харилцан тохиролцож доголдлыг зассан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчээс 6.073.000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч АКХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч АКХХК-иас 217.729.137 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч А.Б-с 6.073.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.5147.810 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.118 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

                                         

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО