Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2018/01062

 

 

 

 

 

 

 

 

 

Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 101/ШШ2018/00741 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдох,

 

1 659 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Отгонбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Галхүү

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Энхгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 97/3 дугаар байрны 54 тоотод оршин суугч Цэвээндорж овогтой Эрдэнэбилэгээс 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр саруудын ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний төлбөр болох нийт 2 039 713 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн. Энэ төлбөрөөс 636 233 төгрөгийг төлж, 1 403 480 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч Сэлбэ хотхоны 97/3 байрны 54 тоотын оршин суугч Ц.Эрдэнэбилэгээс дээрх хугацааны ашиглалтын төлбөр болох 1 403 480 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 250 000 төгрөг, нийт 1 659 480 төгрөгийг манай байгууллагад гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч ус дулааны мөнгийг дутуу төлсөн байгаа. Ус дулааны мөнгөө төлөөгүй, үйлчилгээ авсныхаа төлбөрийг дутуу төлсөн байгаа. Хоёр удаагийн төлөлт энэ хугацаанаас хойшхи төлөлт байсан, 56 284 төгрөг нь 9 сарын төлбөр, мөн 139 000 төгрөгийг хасч тооцож болно. Бидний зүгээс үйлчилгээ авсан тул төлөхгүй гэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн 7 давхарт байдаг, лифт ашиглаж явдаг. Дундын эзэмшлийн гэрэл, цахилгааныг хэрэглэсэн нь үнэн. Нийтийн эзэмшлийн бүх л зүйлийг ашигласан учраас төлөх нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цэвээндорж овогтой Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 25 хороо, Сэлбийн 97/3-ийн 54 тоотод амьдрах хугацаандаа ус, цахилгаан, дулааны төлбөрөө цаг тухайд нь төлж байсан, байгаа болно. Тохилог шинэ ертөнц гэдэг нэртэй компани нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдгийг мэдэхээс, ийм нэртэй улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрчилгээ, тамга тэмдэгтэй хууль ёсны сууц өмчлөгчдийн холбоо байгаагүй болно. Миний бие 2015 оны 5 сараас 2017 оны 09 сар хүртэл хугацаанд энэ орон сууцны конторт ус, дулааны төлбөрт нийт 1 898 766 төгрөг төлөх ёстойгоос бүрэн төлж дуусгасан болно. Хууль бус Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж буй талаар тус орон сууцны конторын удирдах дээд байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад 97/3, 97/4 байрны 180 айлын оршин суугчид удаа дараа хандан өргөдөл, гомдол явуулж байсан ба Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөл-ийн 02/241 тоот албан бичгээр, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/87 тоот албан шаардлагаар тус компанид хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байсан боловч үүнийг үл харгалзан оршин суугчдаас СӨХ-ны төлбөр шаардан цахилгаан таслан дарамталж 97/3 ба 97/4 байрнуудын оршин суугчдын цахилгааныг хууль бусаар таслаж байсан. Тухай бүр нь манай оршин суугчдын СӨХ-ны түр хороо, удирдах зөвлөлийн гишүүд, оршин суугчид Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны цагдаад гомдол мэдүүлж, тухай бүр хууль бус үйлдлийг таслан зогсоож цахилгааныг залгуулж байсан болно. Тохилог шинэ ертөнц ХХК-ийн захирал Т.Отгонбаярт эдгээр үйлдлийг манай 97/3 болон 97/4 байрны оршин суугчид удаа дараа сануулан хэлж, зогсоохыг шаардаж байсан бөгөөд зарим оршин суугчидтай шүүхээр маргалдаж тухай бүр оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарсан болно. СӨХ нь сууц өмчлөгч оршин суугчдын санал, мөн зөвшөөрлөөр байгуулагдах ёстой бөгөөд оршин суугчдын олонхийн тоо хүрэхгүй, уг 2 байрны оршин суугчид бүрэн орж дуусаагүй байснаас шалтгаалан СӨХ байгуулж чадахгүй байсан ба Сэлбэ СӨХ нь албан ёсоор 2016 оны 11 дүгээр сараас байгуулагдан ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд харин удаа дараа хууль бус үйлдлүүд гаргаж оршин суугчдыг хохироож байсанд гомдолтой байгаа учир бусад оршин суугчидтай хамтран эд материалын болон сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар нэхэмжпэх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ манайх тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын компани гэснийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагч Ц.Эрдэнэбилэг нь 2014 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Сэлбэ хотхон, 97/3 байрны 54 тоот байрыг худалдаж авсан. 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд ашиглалтын зардлаа төлөөд явж байсан. Гэрээний үндсэн дээр тухайн компани 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 01 сар хүртэл хугацаанд 1 066 894 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг Ц.Эрдэнэбилэг бүрэн барагдуулсан байсан. Энэ мөнгөн дүнд нь эдний хууль ёсны дагуу авах цэвэр ус, бохир ус, усны халаалт, усны суурь үнэ буюу дундын өмчлөлийн эд зүйлстэй холбоотой мөнгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг мэдсэнээс хойш буюу 2016 оны 02 дугаар сараас тус компанид төлөлт хийсэн. Төлөлтийг хийхдээ СӨХ-д хамааралтай нэхэмжлээд байгаа хууль бус зардлыг хасаад зөвхөн Тохилог шинэ ертөнц ХХК-ийн авах ёстой мөнгөн төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэ нь 11 удаагийн гүйлгээгээр 831 868 төгрөг шилжүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 3 хэсгээс бүрдэж байгаа. 1 403 480 төгрөг ашиглалтын төлбөр гэж явж байгаа болохоос биш сууц өмчлөгчдийн холбооны зардал гэсэн агуулгаар бичигдээгүй байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. 6 000 төгрөг нотариатын зардал, 250 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс гэсэн байна. Өмгөөлөгчийн хөлс нь зайлшгүй зардал гэж үзэхгүй байна. Мөн нотлох баримт өөрөө зөрөөтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 250 000 төгрөгийн өмгөөллийн зардал гэж орж ирдэг боловч талуудын байгуулсан гэрээн дээр 300 000 төгрөгөөр өмгөөллийн гэрээ байгуулсан байдаг. Өмгөөллийн гэрээг байгуулсан, төлбөр төлсөн гэдэг баримт нь хэрэгт авагдаагүй учраас авах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 142-148-д нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн эрх, татан буулгах, төлбөр тооцоотой асуудлыг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал, тог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийг СӨХ-д тус тус төлнө гэж заасан байгаа. Өнөөдөр Тохилог шинэ ертөнц ХХК СӨХ-ны эрхтэй байгууллага биш. Контор нь хуулийн дагуу авах ёстой өр төлбөрөө нэхэмжилнэ. СӨХ-ны асуудал руу өөрөө дундаас нь явж очоод сайн дураараа үүргийг хэрэгжүүлээд төлбөрөө төлчихөөд буцааж нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн задаргааг аваад үзэхээр хоёр төрлийн үйлчилгээний зардал байгаа. Ус, дулааны зардлуудыг хүлээн зөвшөөрнө. Гэтэл гаражийн халаалт гээд гараад ирсэн. Өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Эрдэнэбилэг гараж өмчилдөггүй. Харин Ц.Эрдэнэбилэгийн компани өмчилдөг. Хуулийн этгээд эрх зүйн тусдаа ойлголт учраас гаражийн төлбөрийг төлөх ямар ч үндэс байхгүй. СӨХ-ны үйлчилгээнд хамаарах ЗҮХ хогны мөнгө гэдэг асуудлыг төлөхгүй. Яагаад гэвэл эдний компани урдуур нь орж хийснээс болоод тухайн орон сууцанд СӨХ байгуулах ажил удааширсан. Энэ компани үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь СӨХ байгуулаад яах юм гэж хойшилсоор байгаад 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргээс гэрчилгээгээ аваад явсан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой дүнг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч урьд нь төлсөн мөнгөн дүнтэй холбоод үзэхээр өгсөн мөнгө нь таараад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа мөнгөн дүнг өгөх боломжгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 928 845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730 634 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 26 842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Тохилог шинэ ертөнц" ХХК нь Ц.Эрдэнэбилэгээс 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын ашиглалтын төлбөр болох 1 403 480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй явдал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

...Иргэний хуулийн тавдугаар дэд бүлэг буюу нийтийн зориулалтай орон сууц өмчлөх эрхтэй холбоотой хуулийн зохицуулалт нь 142 дугаар зүйлээс 149 дүгээр зүйлд зааснаар нарийвчлан зохицуулсан мөн түүнчлэн сууц өмчлөгчдийн тухай бие даасан хуулиар зохицуулж байна. Шүүхийн үндэслэл болгосон иргэний хуулийн 147 дугаар заалт бол "Тохилог Шинэ Ертөнц" ХХК-ийн шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

...Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т нарийн заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч эрх нь нээгдсэн СӨХ-нд олгосон заалт.

...Мөн Иргэний хуулийн 149 дүгээр 149.2 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байтал шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, гэрчилгээ олгодог. Нэхэмжлэгч "Тохилог шинэ ертөнц" ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага юм. Иймд иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь заалтыг зөрчиж оршин суугчдаас хууль бусаар буюу СӨХ гэсэн нэрийн дор мөнгө авч буй хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүх нь иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг баримталж иргэн Ц.Эрдэнэбилэгээс СӨХ-ийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөр болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 403 480 төгрөг, нотариатын төлбөр 6 000 төгрөг, өмгөөллийн хөлс 250 000 төгрөг, нийт 1 659 480 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ц.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/3 дугаар байрны 54 тоот орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны ашиглалтын төлбөр төлөхөөс гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, СӨХ-нд төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Тохилог шинэ ертөнц ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 97/3, 97/4 дүгээр байрны оршин суугчид Сэлбэ-180 СӨХ байгуулах хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлж байсан талаар болон үүнтэй холбоотой зардлыг хариуцагч Ц.Эрдэнэбилэг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг явуулах эрхгүй боловч орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар зохих ёсоор хариуцагчид үйлчилгээ үзүүлж байсан тул хариуцагч нь уг зардлыг төлөхгүйгээр үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэхгүй юм.

 

Иймээс анхан шатны шүүх Сэлбэ-180 СӨХ байгуулагдахаас өмнөх засвар үйлчилгээний зардалд 473 038 төгрөг, мөн орон сууц ашиглалтын зардалд 1 566 674 төгрөг, нийт 2 039 713 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 636 233 төгрөгийг хасч 1 403 480 төгрөгийн хэмжэээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний хөлс 6 000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 250 000 төгрөгийг бусдад төлснийг хохирол гэж үзэхгүй, НӨАТ-ын 25 363 төгрөгийг ашиглалтын зардалд хамаарахгүй, гараашийн төлбөр 253 363 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй гэж тус тус хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Мөн шүүх хариуцагч Ц.Эрдэнэбилэг нь орон сууцны ашиглалтын төлбөрт болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 1 760 718 төгрөг төлөхөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд 831 872 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэж зөв дүгнэж, хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс уг дүнг хасч тооцон нийт 928 845 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 101/ШШ2018/00741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ЦОГТСАЙХАН