Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 107

 

 “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн

 газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                     П.Соёл-Эрдэнэ,

                                                     Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газрын Ж ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас өөрийн эзэмшлийн 400 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Ж” ХХК-д зохих журмын дагуу тооцож нөхөн олговор олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтын “50 дугаар зүйлийн 50.5” гэснийг “47 дугаар зүйлийн 47.2” гэж,  “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгож тус тус өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын хүрээнээс хальж, гомдолд дурдаагүй асуудалд дүгнэлт хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... ” гэж заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

5. Тухайлбал, талууд “Ж” ХХК хэдэн метр квадрат газар эзэмшиж байгаа газрын хэмжээгээр талууд маргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0014 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн захиргааны хэрэгт хэлэлцэгдэн нэхэмжлэгч “Ж” ХХК нь 400 га газартай болох үйл баримтыг тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нь давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдаагүй, талуудын маргаагүй асуудлаар буюу “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас “Ж” ХХК-ийн 400 га газрыг сэргээсэн ямар нэг захиргааны акт гараагүй” гэж, шүүгчийн энэ захирамжийг 400 га газар эзэмших эрхтэйг нотолсон нотолгоо гэж үзэхгүй” 400 га газрыг бүхэлд нь бодитоор, хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

6. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0014 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн захиргааны хэрэгт “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхтэй эсэх асуудал хэлэлцэгдсэн. Уг захиргааны хэрэгт хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн эзэмших 400 га газар дээр давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт газар олгосон болохоо зөвшөөрсөн тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталсан юм. Хариуцагчаас давж заалдах гомдлоо энэ талаар гаргаагүй болно. Засгийн газрын 140 дүгээр тогтоолын 2 дахь заалтад дурдсан тооцоо, судалгаанд тус компанийг хамруулаагүй одоо хамруулахаар судалгаа хийсэн гэж Төв аймгийн Сэргэлэн сумын даамал шүүхэд гаргасан мэдүүлэгтээ тайлбарласан билээ. Энэ судалгаа хийгдэж байгаа үйл баримт нь хуулийн дагуу газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээ цуцлах эрх бүхий сумын Засаг даргаас явуулж байгаа ажиллагаа тул уг этгээдээс газрыг эзэмших эрх нь хуулийн дагуу байсан гэдгийг нотолж байгаа нотолгоо байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд зөв дүгнэлт хийгээгүй байна.

7. Давж заалдах шатны шүүх газар эзэмших эрхтэй нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч нөхөн олговор авах хүсэлтэй, газар дээр барилга байгууламж барьсан нотлогдсон, бодит байдал дээр хөрөнгө байршиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдээгүй” гэх зэргээр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10. 1. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын зориулалттай 12084.9 га газраас “Ж” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар хуульд нийцжээ.   

11. Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн ...Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийг тогтоож, 2 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг танилцуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор дээрх тусгай хэрэгцээнд авсан газрын хил, заагийн солбицлыг өөрчилсөн. Эдгээр Засгийн газрын 140, 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан гэх 400 га газар бүхэлдээ давхцалтай, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

12. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрээнд хуулиар тусгавал зохих зүйлийг зааж, гэрээгээ жил бүр дүгнэж байх, мөн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3-т заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

13. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус заасан, уг зохицуулалт нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших, ашиглах эрх олж авсан, хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байгаа этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газрыг эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авахтай холбогдсон харилцаанд хамаарах юм.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, “Ж” ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Тахилтын энгэр” гэх газарт 400 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар эзэмшүүлж, 0090188 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх боловч газар олгосон захирамж гарснаас хойш газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх газар бүртгэлгүй, 2011 оныг хүртэл газрын төлбөр төлж байгаагүй /2011 онд 2009-2011 оны гэх газрын төлбөрийг нөхөн төлсөн/, уг 400 га газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн кадастрын зураглал хийлгээгүйгээс тус компанийн эзэмшил газрын хил хязгаар тодорхойгүй байжээ.

15. Мөн, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн “...үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ хийж, гэрээг дүгнүүлээгүй” гэсэн үндэслэлээр 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших захирамжийг хүчингүй болгосны дотор “Ж” ХХК-д газар эзэмшүүлсэн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжийг хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ийнхүү хүчингүй болгосныг эргэж сэргээсэн эрх бүхий захиргааны байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус компанид дахиж олгон, 400 га газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг  2014 онд байгуулсан байна. 

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан, дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоол гарах үед нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг “400 га газар хууль ёсоор эзэмшиж байсан” гэж үзэх боломжгүй, уг тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийг тогтоосон, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор дээрх тусгай хэрэгцээнд авсан газрын солбицлыг өөрчилсөн нь тус тус нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

17. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газрыг олгосон, мөн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газраас “М” ХХК-д 100 га газар эзэмших эрхийг шилжүүлсэн, эдгээр захирамжуудтай холбогдуулан “газрыг давхцуулан эзэмшүүлсэн” гэх маргаан үүсч, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас “... нэхэмжлэгч цаашид өөрийн эзэмшлийн 200 га газрыг эзэмших сонирхол байхгүй, зөвхөн Засгийн газраас давхцуулсан газрын нөхөн олговрыг авах ашиг сонирхолтой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөхгүй” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0014 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн үйл баримт, шүүгчийн захирамжийн үндэслэл, дүгнэлтээр “Ж” ХХК уг 400 га  газрыг “2005 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж байсан” нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, энэ таларх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн зөв байна.

18. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “Засгийн газар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргалгүй хууль зөрчиж тусгай хэрэгцээнд авсан”, “...давж заалдах шатны шүүх нь ...талуудын маргаагүй асуудлаар буюу “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас “Ж” ХХК-ийн 400 га газрыг сэргээсэн ямар нэг захиргааны акт гараагүй гэж, ...шүүгчийн захирамжийг 400 га газар эзэмших эрхтэйг нотолсон нотолгоо гэж үзэхгүй, ...400 га газрыг бүхэлд нь бодитоор, хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх зэрэг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

19. 2. Нэхэмжлэгчийн “.. “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

20. Давж заалдах шатны шүүхээс, маргаан бүхий Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих зориулалтаар 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хил заагийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийг 400 га газрыг бодитоор, хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэхгүй,  нэхэмжлэгч нь хуулийн энэ зохицуулалтын дагуу нөхөх олговрыг шаардах эрхгүй талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “... Засгийн газар нь бодит байдал дээр бусдын хөрөнгө байршиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн” гэх зөрчилтэй дүгнэлт хийж, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, биелэгдэх боломжтой байх зарчимд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

21. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх”-ээр заасан, нэгэнт маргаан бүхий акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд, “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй.

22. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, 2005 онд Монгол Улсын Засгийн газраас “Мянган морьтон” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу “Ж” ХХК уг арга хэмжээг зохион байгуулахад оролцож, маргаан бүхий газрын тодорхой хэсэгт “Чингисийн морьтон баатрууд” гэх байгууламж барьж, тус байгууламжийг 2014 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр Төв аймгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

23. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “400 га газрыг  Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих”-ыг Засгийн газраас шаардах эрх дээрх байдлаар үгүйсгэгдэж байх боловч, эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийг шүүх үгүйсгэх үндэслэлгүй, маргаан бүхий Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газар дээр баригдсан эдгээр үйл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад гаргасан зардал, зарцуулсан хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй, гэвч энэ асуудлыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

24. Иймд, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн тусгай хэрэгцээнд авсан газар дээр баригдсан, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр өмчлөх эрх нь баталгаажсан үл хөдлөх хөрөнгөд нөхөн олговор гаргуулах асуудлаар иргэний шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “нөхөн олговор олгох шийдвэр гаргахыг Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.  

25. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.6, 34.8, 35 дугаар зүйлийн 35.3, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас өөрийн эзэмшлийн 400 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан “Ж ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА 

                                     ШҮҮГЧ                                                    Б.МӨНХТУЯА