Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 938

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж*******, түүний өмгөөлөгч Т.Б*******, хариуцагч Ц.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* нарыг оролцуулан “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Д*******” ХХК

Хариуцагч: Татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н*******

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компанийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нар нь шалгалт хийж, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0003801 тоот татварын улсын байцаагчийн акт тавьж нийт 675.856,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Уг актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 34 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан юм. 34 тоот тогтоолыг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/174 тоот тушаалаар баталгаажуулсныг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан болно. 

Ингээд 0003801 тоот актыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо татварын улсын байцаагчид талуудын хооронд гэрээ байгуулагдсан үеийн тохиролцсон үнийг баримтлах ёстой байсан. 

Татварын ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.

1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Вена хотноо байгуулсан бөгөөд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцыг Монгол Улс хүлээн зөвшөөрч 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэгдэн орсон билээ Монгол Улс нь Венийн конвенцыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон улсын хувьд түүнийг дагаж мөрдөн дотоодын хуулиас илүү хүчин чадалтай хүлээн зөвшөөрдөг билээ. Нэгэнт энэ Конвенцоор гэрээний үнийг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөхийг заасан байхад түүнийг Монгол Улсын татварын алба хүлээн зөвшөөрөхгүй байх эрхгүй юм.

Иймээс өөр өөр улсуудын хуулийн этгээд болох гэрээний талуудын хоорондоо тохиролцож хэрэглэж байгаа үнэ нь тухайн наймаа өрнөж байгаа газар нутаг дахь зах зээлийн үнэ мөн юм.

2. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийн 7.1-д “Хэлэлцэн тохирогч Улсын аж ахуйн нэгж нь хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч Улс татвар оногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дээр дурдсан үйл ажиллагаа эрхэлбэл уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн төлөөлөгчийн газарт хамаарах хэсэгт хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар оногдуулж болно” гэж заасан.

Худалдан авагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компани нь хэлэлцэн тохирогч Улсын аж ахуй нэгж байх ба уг компани хэлэлцэн тохирогч нөгөө улс буюу Монгол Улсад байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан ашиг олоогүй тул зөвхөн хэлэлцэн тохирогч улс татвар ногдуулах эрхтэй байх ба харин Монгол Улс уг орлогод давхар татвар ногдуулах эрхгүй.

3. “Д*******” ХХК нь харилцагч компаниудтай Иргэний хуулийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 243.1-д заасан ёсоор худалдах, худалдан авах гэрээ байгуулан жонш борлуулдаг.

Иргэний хуулийн 548.2-т “Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүгээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно”, 548.3-д “Хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин суудаг бөгөөд аль нэг улсын хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож баримталсан бол тухай хэлцэл нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Борлуулалт хийх гэрээний үнийг худалдах, худалдан авах гэрээнүүдэд талууд тодорхой тусгаад ажиллаж байтал татварын улсын байцаагчид, сүүлд батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох журмыг баримтлан акт тавьсан нь Иргэний хуулийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, ...гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ... зарчимд үндэслэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ... төлнө” гэсний дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой билээ.

Гэтэл “Д*******” ХХК нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” хуульд заасан орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бичил уурхай эрхлэгчдээс жонш худалдан авсан байдаг. Жонш худалдагч иргэд нь мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутагт 53000 төгрөгийн албан татвар сар тутам төлдөг билээ. Эдгээр иргэд сумын Засаг даргын захирамжаар хамтран нөхөрлөл байгуулсан байдаг ба компаниудтай гэрээ байгуулан олборлосон жоншоо борлуулдаг юм.

Эдгээр гэрээг байгуулахдаа сумын Засаг дарга, сумын татварын байцаагчаас зөвшөөрөл авч, тэдний гарын үсгийг зуруулсан байгаа. Жоншийг олборлоод борлуулж буй этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тус компанийн хувьд шалгах эрх хуулиар олгогдоогүй, харин хуулиар шалгах эрх сумын татварын байцаагчид олгогдсон ба түүнд хяналт тавих эрх нь тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай оршин буй сумын Засаг даргад байдаг. Иймд “Д*******” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үүрэг хууль зүйн хувьд үүсэхгүй байна.

5. “Д*******” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй этгээдээс олборлосон жоншийг нь тогтоосон цэгт худалдан аваад, жоншийг бутлах, ангилах, экспортын шаардлагад нийцүүлэх зэрэг стандартын шаардлагыг хангахуйц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортолж байгаа билээ.

6. Түүнчлэн жоншны жишиг үнэ тогтоосон хуулиас давсан Засгийн газрын тогтоол, Татварын ерөнхий газрын даргын шийдвэр, журмууд нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус юм.

Иймд татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нарын “Д*******” ХХК-д холбогдуулан тавьсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүрэгтэй харьцдаг “Д*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2012 оны ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нар хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан тус компаниас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Д*******” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших “Бор хужир” нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшин олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. Мөн тус компани Монгол улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын дагуу Хэнтий аймгийн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан жонш худалдан авсан болон олборлосон жоншноос 2012 онд 21,320.1 тн хайлуур жоншийг экспортод гарган 5,574,491.3 мянган төгрөгөөр борлуулж, 853,502,0 мянган төгрөгийн орлогод Ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулан төлсөн боловч 4,720,989.3 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй нь татварын хяналт шалгалтаар илэрсэн.

Иймээс дээрх зөрчил нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.2-т “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү”, 47 дугаар зүйлийн 47.4-д “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, 48 дугаар зүйлийн 48.9-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана”, мөн Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, мөн Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.6-д “Экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийг төгрөгт шилжүүлэхдээ Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах тухайн сарын дундаж ханшид үндэслэнэ” гэж заасан заалтуудыг зөрчсөн байх тул татварын улсын байцаагчийн актаар 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алданги нийт 675,856.8 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шалгалтын явцад тус компаниас ирүүлсэн борлуулалт, худалдан авалтын гэрээ, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн экспортод гаргасан жоншны гаалийн мэдээ, гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тооцооллыг хийсэн болно. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д*******” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2012 оны ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нарын хяналт шалгалт хийж тавьсан татварын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг эс зөвшөөрч, тус актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших “Бор хужир” нэртэй газарт өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлосон жоншноос 2012 онд 4,720,989.3 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3.2-т “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү”, 47.4-д “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дээрх маргаан бүхий татварын актаар 472,098.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алданги нийт 675,856.8 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.

Уг актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 34 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/174 тоот тушаалаар баталгаажуулжээ. 

Нэхэмжлэгч “Д*******” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас жонш олборлоогүй бөгөөд экспортод гаргасан жоншийг нөхөрлөлүүдээс худалдан авсан гэж, харин хариуцагч татварын улсын байцаагчид Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн экспортод гаргасан жоншны гаалийн мэдээ, гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн татварын актыг тавьсан гэж маргадаг. 

Хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдал зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч “Д*******” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайгаас жонш олборлосон гэдгийг шууд батлах боломжгүй байна. “Д*******” ХХК-ийн компанийн захирал Ч.Ж*******ы “...манайх тусгай зөвшөөрөл эзэмшсэн үеэс хойш талбай давхцалтай асуудлаар шүүхээр олон жил маргаантай явсан, тухайн талбай дээр ямар ч олборлолтын ажил явуулж байгаагүй...” гэсэн тайлбар нь “...Хэнтий аймгийн Дархан сумын Бор хужир нэртэй газар орших 723 гектар талбайг чөлөөлөхийг үүрэг болгосугай...” гэж шийдвэрлэсэн “Д*******” ХХК нэхэмжлэлтэй “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр , “...“Д*******” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших “Бор хужир” нэртэй хайлуур жоншны талбайд 2008 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарын хүртэл тухайн уурхайн эдэлбэр дээр олборлолт ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно” гэсэн Хэнтий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 22/19 тоот тодорхойлолт, “... 2010-2015 онуудад уулын ажлын тайлан ирүүлж байгаагүй...” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/1826 тоот, Хэнтий аймгийн Норовлин, Бэрх, Батноров, Баян-Адрага, Хэрлэн сумдын нөхөрлөлүүдээс 2012 онд “Д*******” ХХК-ийн худалдаж авсан хайлуур жоншны гарал үүслийн бичгүүд зэргээр нотлогдож байна гэж дүгнэхээр байна.

Гэвч хариуцагч татварын улсын байцаагчдын “...тус компанийн экспортолсон жоншны гаалийн мэдүүлэг, гаалийн төв лабораторийн дүгнэлт зэргийг үндэслэсэн, нийт 21.000 тонн жоншийг бүгдийг нь нөхөрлөлүүдээс авах боломжгүй, авснаа нотолсон санхүүгийн анхан шатны баримт байхгүй...” гэх тайлбарыг мөн үгүйсгэх боломжгүй юм. 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл бүхий өөрийн эзэмшлийн талбайгаас олборлолт хийгээгүй болон нийт экспортолсон жоншийг бүгдийг нь нөхөрлөлүүдээс авснаа нотлох санхүүгийн анхан шатны баримтаа гаргаж өгөөгүй гэх боловч нэхэмжлэгч тал тухайн үед санхүүгийн баримтаа өгсөн гэж маргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнийгээ нотлох санхүүгийн анхан шатны ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй. 

Хэдийгээр нэхэмжлэгчийн “...жонш нөхөрлөлүүдээс худалдан авснаа нотлох санхүүгийн анхан шатны баримтыг тухайн үедээ гаргаж өгсөн боловч алга болсон, олдохгүй байгаа...” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй ч өөрийн эзэмшлийн уурхай эдэлбэрээс жонш олборлоогүй гэх тайлбарт анхаарах нь зүйтэй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын талбайгаас ашигт малтмал олборлоогүй, бусдаас ашигт малтмал худалдаан авч, цааш дамжуулан худалдсан буюу экспортолсон бол “Д*******” ХХК нь тухайн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохгүй. 

Татварын улсын байцаагчид санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж татварын акт тавих ёстой боловч төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа нь Төрийн хянан шалгалтын тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилдаг байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журмыг нарийвчлан заасан бөгөөд маргаан бүхий актыг тавихдаа төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/910 албан тоотоор баталсан хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд гаалийн мэдээ, татвар төлөлтийг үндэслэн 2012 онд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон аж ахуйн нэгжүүдийн Ашигт малтмалын нөөц ашигласны татварын ногдуулалт, төлөлтийн байдал болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгасан байна.

Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын баталсан “Татварын хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж, мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0003801 тоот актыг гаргажээ. Дээрх удирдамжийн 2 дугаарт Шалгалт хийх бүрэлдэхүүн, шалгалтын хугацааг “2013.04.16-наас эхлэн 30 хоногийн хугацаанд явуулах...” гэж заасан байна. Гэтэл татварын хяналт шалгалт хийх томилолтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр олгож, хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг томилолт олгосон өдрөөс 10 хоног гэж заасан байх боловч томилолтын хугацааг “...2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 09 хоногоор сунгав” гэсэн байна. Энэ нь татварын улсын байцаагчид хяналт шалгалтын томилолтын хугацаанд багтаж хяналт шалгалт явуулаагүй, мөн томилолтын хугацааг 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж сунгах ёстой байсныг зөрчжээ. 

Татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-д “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж заасныг, мөн Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3.1-д “Хяналт шалгалтыг Монгол Улсын хууль тогтоомж, «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», ҮТА-ны дарга, дэд даргаар батлуулсан тусгай удирдамжийн хүрээнд, татвар төлөгчийн үйл ажиллагааны хэвийн байдалд нөлөөлөхгүйгээр, чирэгдэл багатай, шуурхай хийнэ”, 2.3.3-д “...«Татварын хяналт шалгалт хийх томилолт»-нд томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагч, хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хугацаа, хяналт шалгалт эхлэх, дуусах, сунгасан хугацаа, хяналт шалгалтын төрөл, томилолт олгосон албан тушаалтны гарын үсгийн тайллыг тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, Татварын албаны тэмдэг дарна. Хяналт шалгалт хийх хугацааг тухайн Татварын албаны дарга, томилолт олгосон, эсхүл тэдгээрийн ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан сунгаж болно”, 2.3.5.а-д “Хяналт шалгалтыг «Татварын хяналт шалгалт хийх томилолт»-нд заасан хугацаанд эхэлнэ, эхлэх боломжгүйд хүрвэл татвар төлөгчид мэдэгдэнэ”, 2.3.5.в-д “Хяналт шалгалтыг томилолтын хугацаанд чанартай, түргэн шуурхай хийх нөхцөл боломж олгох талаар татвар төлөгчид хүсэлт тавьж, харилцан тохиролцож, холбогдох арга хэмжээг авахуулна”, 2.3.6.а-д “Хяналт шалгалтын удирдамжийг үндэслэн хийх ажлын жагсаалт гаргаж, удирдамж, томилолтод заасан хугацаанд багтаан хянан шалгах дарааллыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. 

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гагцхүү хууль тогтоомжийн хүрээнд хийх бөгөөд энэ нь иргэн хуулийн этгээд, тухайлбал, татвар төлөгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх ёстой юм. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд татварын улсын байцаагчид хууль, тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт явуулаагүй нь Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 30.1.1-д “татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С*******, Х.Н******* нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дугаар татварын актыг бүхэлд нь хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН