Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0089

 

“Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагч Х.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 тоот актыг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Дархан бор хужир" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дугаар татварын актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “"Дархан бор хужир" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.17-ны өдрийн 938 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ..."Нэхэмжлэгч "Дархан бор хужир" ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас жонш олборлоогүй бөгөөд экспортод гаргасан жоншийг нөхөрлөлүүдээс худалдан авсан гэж, харин хариуцагч татварын улсын байцаагчид Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн экспортод гаргасан жоншны гаалийн мэдээ, гаалийн төв лаборторын дүгнэлтийг үндэслэн татварын актыг тавьсан гэж маргадаг" гэж маргааны зүйлийг тодорхой бичсэн атлаа мөн Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч шүүхэд 6-н үндэслэлээр /томилолттой холбоотой зүйл огт байхгүй/ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргасан байхад Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. Гэж заасныг зөрчиж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Учир нь хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу мэтгэлцээний шатанд ч яригдаагүй зүйл болох томилолтонд шүүх дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 ...тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2...татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна: мөн хуулийн 47.1.Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана. 47.2.Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ. 47.4.Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй. Гэж хуульчилсан гэтэл анхан шатны шүүх нь төрийн хяналт шалгалтын хуулийг барьж хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.17-ны өдрийн 938 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.4-т заасантай нийцээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нар 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дугаар актаар “Дархан бор хужир” ХХК-ийн 2012 онд 21320.1 тонн хайлуур жонш борлуулсан 4,720,989,3 мянган төгрөгийн орлогод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй гэх зөрчилд 472,098.9 төгрөгийн нөхөн татвар, 141,629,7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 төгрөгийн алданги, нийт 675,856.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалыг худалдан борлуулсан үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхийг зохицуулсан байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч “Дархан бор хужир” ХХК нь 2012 онд 21320.1 тонн хайлуур жонш олборлоогүй болох нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын байцаагчийн тодорхойлолт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/1826 дугаар албан бичиг, Хэрлэн сумын нөхөрлөлүүдээс 2012 онд хайлуур жонш худалдан авсан гарал үүслийн бичгүүд зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсан дээрх баримтууд нь нийт 21320.1 тонн хайлуур жоншийг нэхэмжлэгч “Дархан бор хужир” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй бусдаас худалдан авсныг нотлох баримт биш байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон Хэрлэн сумын нөхөрлөлүүдээс худалдаж авсан хайлуур жоншны хэмжээ нь илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Шүүх нотлох баримтыг үнэлж, дүгнэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн талбайгаас олборлоогүйг нотлох баримт буюу өөр бусад этгээдүүдээс худалдан авсныг нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчээс нийт 21320.1 тонн хайлуур жоншийг худалдан авсныг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, мөн түүнчлэн уг нотлох баримт өөрт байхгүй бол хаана ямар эх сурвалжаас шүүх цуглуулж болох талаар зааж маргаагүй байна. Тиймээс шүүх дээрх байдлаар нэгэнт нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн байгаа тул нэмж нотлох баримт цуглуулахаар буцаах үндэслэлгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан Хэрлэн сумын нөхөрлөлүүдээс худалдан авсан хайлуур жоншны гарал үүслийн бичгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд актаар тогтоосон нөхөн төлбөрөөс 2445 тонн жоншид холбогдох хэсгийг хасч өөрчлөхөөр шийдвэрлэв.

Түүнчлэн, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу “Дархан бор хужир” ХХК-д татварын актаар тогтоосон 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангиас өршөөж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбарт “Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон” хэмээн тайлбарлажээ. Уг тайлбарт дурдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3-т “Төмөрийн хүдрийн баяжмал” гэж заасан хэсгийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захиргааны хэргийн хувьд “хайлуур жонш”-той холбоотой маргаан хэлэлцэгдэж байх тул дээрх тогтоол энэхүү хэрэгт шууд хамааралгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 1192, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003801 дугаар актаар тогтоосон 675,098.9 мянган төгрөгийн төлбөрөөс 54,140.7 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хасч, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангийг өршөөж, нийт 257,898.6 мянган төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ