Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2018/00995

 

 

 

 

 

 

 

 

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдох

 

Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Даваадулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ариунаа

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Төрбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00749 тоот шийдвэрээр М.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Соёл Урлагийн Их Сургуулийн захирлын Б/224 тоот тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон. Уг тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсний дараа Б/225 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг авч үзэхэд ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь илт хууль бус гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн. Миний бие 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан сахилгын зөрчлийг авч байсан ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох бүрэн үндэслэлтэй. Соёл урлагийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхойлсон байна. Аудитаас гарсан хязгаарлалттай санал дүгнэлт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцогдохгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэх үндэслэлгүй.

Мөн хариуцагч Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байх ба хэрхэн ямар санхүүгийн зөрчил гаргасныг тушаалдаа тодорхой тусгаж өгөөгүйгээс гадна Мэдээлэл аудит ХХК-иас гаргасан хязгаарлалттай санал дүгнэлтийг надад огт танилцуулж мэдэгдээгүй атлаа ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг Б/225 тушаалд үндэслэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлсэн ба одоо хүүхэд маань 2 ой 4 сартай бага насны хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захирлын Б/224 тоот тушаалаа намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг огт биелүүлээгүй. Хариуцагчийн дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 тоот шийдвэрийг хэлбэрийн төдий гүйцэтгэсэн нь харагдаж байна.

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх эрхэлсэн ажил албан тушаал, цалин хөлсгүй хохирсоор байна. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргаж байна. Иймд Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин мөн 2017 оны ээлжийн амралтын мөнгийг тогтоож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаантай холбогдолтой асуудлаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 тоот шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн А/3476 тоот албан бичгээр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн тайланд Мэдээлэл аудит ХХК нь аудит хийж хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн тул асуудлыг хэлэлцэн холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Уг албан бичгийн дагуу тухайн үед нягтлан бодогч байсан н.Дүгэрмаад Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн захирал Ш.Энхжаргал хариуцлага тооцож албан бичгээр хариуг ирүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Ш.Энхжаргалд хариуцлага тооцох гэхээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өмнө ажиллаж байсан захирал М.Алтанцэцэгийн үед тогтоогдсон актууд байдаг.

Улмаар Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлд хийсэн Мэдээлэл аудит ХХК-ийн хийсэн хязгаарлалттай санал дүгнэлтийг үндэслэн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/255 тоот тушаалаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс М.Аптанцэцэгийг захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. М.Аптанцэцэгийг захирлаар ажиллаж байх хугацаанд ажилчдын зүгээс удаа дараа яаманд гомдол гаргаж байсан. Мөн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд татгалзсан санал дүгнэлт өгсөн. Санхүүгийн зөрчил гаргаж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн санхүү төсөв, үйл ажиллагааны зөрчлийг Соёл урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж удирдах зөвлөлийн 11 тоот тогтоолоор Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн захиралд хариуцлага тооцохыг даалгасан тул 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 23 тоот захирлын тушаалаар М.Алтанцэцэгийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Мөн үндэсний аудитаас БСШУЯ-нд хүргүүлсэн менежментийн захидлын дагуу захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот тушаалаар М.Алтанцэцэг захиралд 3 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан. 2016 оны 08 дугаар сард буюу сахилгын арга хэмжээ дуусаагүй байх үед миний бие М.Алтанцэцэг захирал руу утасдаж таныг ажлаас чөлөөлөхөөр боллоо гэж хэлэхэд сахилгын арга хэмжээ дуусгаад 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захиралтай ирж уулзсан. М.Алтанцэцэг шүүхийн шийдвэрээр томилогдоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх үед буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны үед аймгийн тамгын газрын санхүүгийн албанаас шалгалт орсон байсан бөгөөд тухайн үед тушаал гарах үед шалгалтын хариу нь гараагүй байсан. Аймгийн аудитын газраас ирүүлсэн дүгнэлтэд М.Алтанцэцэг санхүүгийн зөрчлүүд бас гарсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцэх комисст Эрдэм шинжилгээ судалгааны иновацийн газрын дарга Д.Даваасүрэн, М.Амартүвшин, нярав Л.Гомбосүрэн нар Завхан аймагт очиж тушаалыг танилцуулсан. Тушаал танилцуулах үед Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захиргааны зөвлөлийг байлцуулан М.Алтанцэцэг, Ш.Энхжаргал, ажлын хэсгийн гишүүд байсан. Захирлын тушаал, аудитын дүгнэлт, БСШУЯ-наас ирүүлсэн албан бичгийг танилцуулж М.Алтанцэцэг, Ш.Энхжаргал нараар гарын үсэг зуруулсан бичлэг байдаг. М.Алтанцэцэгтэй 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд гэрээний нэгдүгээр зорилтод менежерийн хүлээх үүргийн 1.3 дахь заалт буюу манлайллын зорилтын 3 дахь хэсэг төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар зорилт, байгууллагын төсвийн хөрөнгийн төлөвлөлт хадгалалт, зарцуулалтанд менежментийн зөв бодлого барина гэж заасан байдаг. Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулна гэсэн байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Өмнөх шүүхийн тогтоолд мөн адил үр дүнгийн гэрээг тусгасан байгаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулаагүй гэсэн байсан. Захирлын 2017 оны Б\225 тоот тушаалд 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын 15.5-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэл алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль болон санхүүгийн хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж зааснаар, мөн тогтоолын 15.5.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших хамгаалах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж тус тус заасны дагуу Мэдээлэл аудит ХХК-ийн хязгаарлалттай санал дүгнэлт нь М.Алтанцэцэг захирлын ажиллах үед гарсан санхүүгийн зөрчлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт тул дээрх шийдвэрийг тушаалын үндэслэл хэсэгт тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Алтанцэцэгийг Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Соёл Урлагийн Их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4 467 312 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 856 816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдох ээлжийн амралтын нөхөн олговорт 2 371 548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Соёл Урлагийн Их сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 52 895 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156 627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Сонинтогос давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл салбар сургуулийн захирлын албан тушаалд ажиллах хугацаандаа мөнгө санхүүгийн асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буруутай үйлдэл нь тогтоогдсон, удаа дараа зөрчил дутагдал гарган ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл 2 удаа авахуулж, ажлаас 2016 оны 08 дугаар сард дутагдлаар халагдах болоход захирал надтай ирж биечлэн уулзаж, харилцан тохирч 2 сарын дараа ажлаас чөлөөлж өгөх талаар санал гарган, өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэн ажилгүйдлийн 2 сарын тэтгэмжээ авсан.

Тус коллежийн хамт олны дунд үл ойлголцол үүсгэсэн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Авлигатай тэмцэх газар, хууль шүүхийн байгууллага, СУИС болон бусад байгууллагуудад хамт олны зүгээс удаа дараа гомдол гаргаж, мөнгө санхүүгийн холбогдолтой асуудалд холбогдож, удаа дараагийн Аудитын дүгнэлт, дотоодын хяналт шалгалтаар зөрчил дутагдалтай гарч байгууллагад хохирол учруулсан, Боловсрол соёлын байгууллагын нэр хүндийг унагаж хамт олны эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгож, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хуульд зааснаар үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн дотоод журам, боловсрол соёлын байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм журмыг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн, эрүүгийн хэрэгт холбогдон гэм буруу нь тогтоогдсон бөгөөд ажиллах хугацаанд нь аудитын удаа дараагийн дүгнэлт, дотоод хяналт шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн, дутагдлаар халагдахгүйн тулд харилцан тохирч бусдыг төөрөгдүүлсэн зэргээс цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй тул өмнө гарсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж шийдвэрийг ханган ажилгүй хугацааны цалинг олгож, харин 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 тоот тушаалыг зөвтгөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, СУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Тухайн хэрэгт холбогдуулан дээрх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч, нотлох баримтууд нь хэрэгт авагдсаар байтал шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэг нь ойлгомжгүй, тодорхой бус, хэт нэг талыг барьж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдуулан Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 186 тоот тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар томилогдож ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан байна. /хх 16-22/ 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00479 дугаар шийдвэрийн дагуу Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/224 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар томилогдсон ба мөн өдрийн Б/225 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.13 дахь заалтыг тус тус үндэслэн түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ, дээрх Б/224, Б/225 дугаар тушаалууд зэргээр тогтоогдож байна. /хх 4-5, 171-174/

Уг тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд Мэдээлэл аудит ХХК аудит хийж, хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн нь захирал М.Алтанцэцэгийг тус коллежийн захирлаар ажиллаж байх хугацаанд гарсан санхүүгийн зөрчил ба ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл болох нь тодорхой тогтоогдсон гэжээ.

 

Соёл Урлагийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхойлсон байх ба аудитаас гарсан хязгаарлалттай санал дүгнэлт болох санхүүгийн зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох талаар тусгаагүй, мөн талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тухайлан заагаагүй болох нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна. /хх 52-53, 171-174/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж тус тус заажээ.

Хариуцагч Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаар тушаалд М.Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталснаар ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гэсэн үндэслэлд хамааруулсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын буюу Завхан аймгийн Аудитын газартай хийсэн гэрээний дагуу Мэдээлэл-Аудит ХХК-ийн Завхан салбараас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар албан бичгээр хязгаарлалттай санал дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлтээр санхүүгийн зөрчлүүдийг ирүүлсэн бөгөөд аудитаар илэрсэн зөрчилд Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28/28/ЗАН-2017/203 дугаар акт, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27/27/ЗАН-2017/203 дугаар Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай актууд тогтоосон байна. /хх 65-89/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заажээ.

Гэтэл М.Алтанцэцэгийн гаргасан гэх зөрчлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр илрүүлж акт тогтоосон байхад буюу сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрснөөс хойш буюу 4 сарын дараа М.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаар заасан дээрх хуулийн шаардлагыг хариуцагч Соёл урлагын их сургууль нь зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 4 467 312 төгрөгөөр тогтоон хариуцагч Соёл урлагын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1 856 816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил олгогчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн нь зөв болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ээлжийн амралтын олговор 2 371 548 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар М.Алтанцэцэг нь 2017 онд ээлжийн амралт эдэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх М.Алтанцэцэгийг ажил үүргээ биеэр гүйцэтгээгүй тул ээлжийн амралтын олговорт 2 371 548 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Соёл урлагын их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН