Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00297

 

2018 оны 02 сарын 12 өдөр          Дугаар 182/ШШ2018/00297          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Жинст баг, 2-11 дүгээр байрны 63 тоотод оршин суух, Хотгойд овогт Милаарагчийн Алтанцэцэг /РД:ИЭ75012903/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу 26-д, өөрийн байранд оршин байрлах, Соёл Урлагийн Их сургуульд холбогдох,

 

“Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 00749 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Соёл Урлагийн Их Сургуулийн захирлын Б/224 тоот тушаалаар М.Алтанцэцэг намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон. Мөн уг тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсний дараа Б/225 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг авч үзэхэд ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь илт хууль бус гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хариуцагч Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Уг хуулийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. М.Алтанцэцэг миний бие 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан сахилгын зөрчлийг авч байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцогдох бүрэн үндэслэлтэй байна. Мөн уг хуулийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Гэтэл Соёл урлагийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхойлсон байна. Иймд аудитаас гарсан “хязгаарлалттай” санал дүгнэлт нь болох санхүүгийн зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох тохиолдол байхгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хариуцагч Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байна. Хариуцагч Соёл урлагийн их сургууль нь хэрхэн ямар санхүүгийн зөрчил гаргасныг тушаалдаа тодорхой тусгаж өгөөгүйгээс гадна “Мэдээлэл аудит” ХХК-иас гаргасан “хязгаарлалттай” санал дүгнэлтийг надад огт танилцуулж мэдэгдээгүй атлаа ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг Б/225 тушаалд үндэслэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлсэн ба одоо хүүхэд маань 2 ой 4 сартай бага насны хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байна. (40.1.4-40.1.5) гэсэн тохиолдолд

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн захирлын Б/224 тоот тушаалаар М.Алтанцэцэг намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон боловч шүүхийн Шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг огт биелүүлээгүй. Мөн уг тушаалыг гардуулж өгсний дараа Б/225 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Хариуцагч Соёл урлагийн их сургуулийн дээрх энэ үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 тоот шийдвэрийг хэлбэрийн төдий гүйцэтгэсэн нь харагдаж байна.

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх эрхэлсэн ажил албан тушаал, цалин хөлсгүй хохирсоор байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу М.Алтанцэцэг миний бие төрийн үйлчилгээний албан тушаалтны ангилалд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргаж байна. Иймд Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин мөн 2017 оны ээлжийн амралтын мөнгийг тогтоож хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Соёл Урлагийн Их сургуулийн төлөөлөгч Э.Сонинтогос шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хөдөлмөрийн маргаантай холбогдолтой асуудлаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 тоот шүүхийн шийдвэр гарсан.

Эс зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан.

Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны сайдын арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн А/3476 тоот албан бичгээр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн тайланд Мэдээлэл аудитын ХХК нь аудит хийж хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн тул асуудлыг хэлэлцэн холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байсан. Уг албан бичгийн дагуу тухайн үед нягтлан бодогч байсан Дүгэрмаад Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн захирал Ш.Энхжаргал хариуцлага тооцож албан бичгээр хариуг ирүүлсэн байдаг. Тухайн үед ажиллаж байсан Ш.Энхжаргалд хариуцлага тооцох гэхээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өмнө ажиллаж байсан захирал М.Алтанцэцэгийн үед тогтоогдсон актууд байдаг.

Улмаар Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлд хийсэн “Мэдээлэл аудит” ХХК-ийн хийсэн хязгаарлалттай санал дүгнэлтийг үндэслэн захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/255 тоот тушаалаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс М.Алтанцэцэгийг захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. М.Алтанцэцэгийг захирлаар ажиллаж байх хугацаанд ажилчдын зүгээс удаа дараа яаманд гомдол гаргаж байсан байдаг. Мөн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд татгалзсан санал дүгнэлт өгсөн байдаг. Санхүүгийн зөрчил гаргаж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн санхүү төсөв, үйл ажиллагааны зөрчлийг Соёл урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж удирдах зөвлөлийн 11 тоот тогтоолоор Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн захиралд хариуцлага тооцохыг даалгасан тул 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №23 тоот захирлын тушаалаар М.Алтанцэцэгийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байгаа. Мөн үндэсний аудитаас БСШУЯ-нд хүргүүлсэн менежментийн захидлын дагуу захирлын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот тушаалаар М.Алтанцэцэг захиралд 3 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан байдаг. 2016 оны 8 дугаар сард буюу сахилгын арга хэмжээ дуусаагүй байх үед миний бие М.Алтанцэцэг захирал руу утасдаж таныг ажлаас чөлөөлөхөөр боллоо гэж хэлэхэд сахилгын арга хэмжээ дуусгаад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр захиралтай ирж уулзсан байдаг. М.Алтанцэцэг шүүхийн шийдвэрээр томилогдоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх үед буюу 2017 оны 8 дугаар сарын 22-ны үед аймгийн тамгын газрын санхүүгийн албанаас шалгалт орсон байсан бөгөөд тухайн үед тушаал гарах үед шалгалтын хариу нь гараагүй байсан. Аймгийн аудитын газраас ирүүлсэн дүгнэлтэнд М.Алтанцэцэг санхүүгийн зөрчлүүд бас гарсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцэх комисст Эрдэм шинжилгээ судалгааны иновацийн газрын дарга Д.Даваасүрэн, М.Амартүвшин, нярав Л.Гомбосүрэн нар Завхан аймагт очиж тушаалыг танилцуулсан. Тушаал танилцуулах үед Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захиргааны зөвлөлийг байлцуулан М.Алтанцэцэг, Ш.Энхжаргал, ажлын хэсгийн гишүүд байсан. Захирлын тушаал, аудитын дүгнэлт, БСШУЯ-наас ирүүлсэн албан бичгийг танилцуулж М.Алтанцэцэг, Ш.Энхжаргал нараар гарын үсэг зуруулсан бичлэг байдаг. М.Алтанцэцэгтэй 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд гэрээний нэгдүгээр зорилтод менежерийн хүлээх үүргийн 1.3 дахь заалт буюу манлайллын зорилтын 3 дахь хэсэг төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар зорилт, байгууллагын төсвийн хөрөнгийн төлөвлөлт хадгалалт, зарцуулалтанд менежментийн зөв бодлого барина гэж заасан байдаг. Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулна гэсэн байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Өмнөх шүүхийн тогтоолд мөн адил үр дүнгийн гэрээг тусгасан байгаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулаагүй гэсэн байсан. Захирлын 2017 оны Б\225 тоот тушаалд 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15.5-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэл алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль болон санхүүгийн хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж зааснаар мөн тогтоолын 15.5.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших хамгаалах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж тус тус заасны дагуу “Мэдээлэл аудит” ХХК-ийн хязгаарлалттай санал дүгнэлт нь М.Алтанцэцэг захирлын ажиллах үед гарсан санхүүгийн зөрчлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт тул дээрх шийдвэрийг тушаалын үндэслэл хэсэгт тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдуулан “Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

           

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 186 тоот тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар томилогдож ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзжээ.

 

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00479 дугаар шийдвэрийн дагуу Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/224 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар томилогдсон ба мөн оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ, Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугар сарын 22-ны өдрийн Б/224, Б/225 дугаар тушаалууд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

           

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийг Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажилд томилсны дараа Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх” тухай Б/225 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.13 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “... Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд “Мэдээлэл аудит” ХХК аудит хийж, “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн нь захирал М.Алтанцэцэгийг тус коллежийн захирлаар ажиллаж байх хугацаанд гарсан санхүүгийн зөрчил ба ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл болох нь тодорхой тогтоогдож байгаа тул М.Алтанцэцэгийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж нэхэмжлэгч М.Алтанцэцэгийг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байна.

М.Алтанцэцэг миний бие 2015 онд сахилгын зөрчлийг авч байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцогдох бүрэн үндэслэлтэй байна.

Соёл Урлагийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхойлсон байна. Иймд аудитаас гарсан “хязгаарлалттай” санал дүгнэлт нь болох санхүүгийн зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох тохиолдол байхгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэх үндэслэлгүй гэж үзэж байна.

...Б/225 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байна.

Хариуцагч Соёл Урлагийн Их сургууль нь хэрхэн ямар санхүүгийн зөрчил гаргасныг тушаалдаа тодорхой тусгаж өгөөгүйгээс гадна “Мэдээлэл аудит” ХХК-иас гаргасан “хязгаарлалттай” санал дүгнэлтийг надад огт танилцуулж мэдэгдээгүй атлаа ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлсэн ба одоо хүүхэд маань 2 ой 4 сартай бага насны хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байна.

Хариуцагч Соёл урлагийн их сургуулийн үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 00749 тоот шийдвэрийг хэлбэрийн төдий гүйцэтгэсэн нь харагдаж байна...” гэж тайлбарлажээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...М.Алтанцэцэгийг захирлаар ажиллаж байх хугацаанд ажилчдын зүгээс удаа дараа яаманд гомдол гаргаж байсан байдаг. Мөн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд татгалзсан санал дүгнэлт өгсөн байдаг. Мөн санхүүгийн зөрчил гаргаж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн санхүү төсөв, үйл ажиллагааны зөрчлийг Соёл урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж удирдах зөвлөлийн 11 тоот тогтоолоор Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн захиралд хариуцлага тооцохыг даалгасан тул 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №23 тоот захирлын тушаалаар М.Алтанцэцэгийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байгаа. Мөн үндэсний аудитаас БСШУЯ-нд хүргүүлсэн менежментийн захидлын дагуу захирлын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот тушаалаар М.Алтанцэцэг захиралд 3 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан байдаг.

М.Алтанцэцэгтэй 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд гэрээний нэгдүгээр зорилтод менежерийн хүлээх үүргийн 1.3 дахь заалт буюу манлайллын зорилтын 3 дахь хэсэг төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар зорилт, байгууллагын төсвийн хөрөнгийн төлөвлөлт хадгалалт, зарцуулалтанд менежментийн зөв бодлого барина гэж заасан байдаг. Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулна гэсэн байдаг. Энэ заалтыг зөрчсөн.

Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулаагүй гэсэн байсан. Захирлын 2017 оны Б\225 тоот тушаалд 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15.5, мөн тогтоолын 15.5.2-т тус тус заасны дагуу “Мэдээлэл аудит” ХХК-ийн хязгаарлалттай санал дүгнэлт нь М.Алтанцэцэг захирлын ажиллах үед гарсан санхүүгийн зөрчлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт тул дээрх шийдвэрийг тушаалын үндэслэл хэсэгт тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.  /хх-ийн 3 дугаар талын арын хэсэг/

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Түүнчлэн ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн  алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан хамаарахаар байна.

 

Хариуцагч Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаар тушаалд М.Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримталснаар “... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл” гэсэн үндэслэлд хамааруулсан гэж тайлбарлаж байгаа.

 

Талуудын хооронд байгуулагдсан үр дүнгийн гэрээг контрактын /хөдөлмөрийн/ гэрээний нэгэн адил гэж үзнэ.

 

Ажил олгогч, ажилтан нар үр дүнгийн гэрээг жил бүр дүгнэж, гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаагаар байгуулсан байна. Уг гэрээнд гэрээний хугацаа сунгагдахгүй байхаар талууд тохиролцсон боловч хариуцагч тал М.Алтанцэцэгийг ажилд нь эгүүлэн томилсон тул дахин гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг.

 

Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцөлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой юм.

 

Талуудын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тухайлан заагаагүй болох нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан санхүүгийн зөрчил гаргасан гэх үйлдлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох талаар талууд тохиролцоогүй гэж үзэхээр байна.

 

            Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын буюу Завхан аймгийн Аудитын газартай хийсэн гэрээний дагуу “Мэдээлэл-Аудит” ХХК-ийн завхан салбараас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар албан бичгээр хязгаарлалттай санал дүгнэлтийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр санхүүгийн зөрчлүүдийг ирүүлсэн байна.

 

            Дээрх аудитаар илэрсэн зөрчилд Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28/28/ЗАН-2017/203 дугаар акт, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27/27/ЗАН-2017/203 дугаар Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай актууд тогтоосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

 

Гэтэл М.Алтанцэцэгийн гаргасан гэх зөрчлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр илрүүлж акт тогтоосон байхад буюу сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сар өнгөрснөөс хойш буюу 4 сарын дараа М.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн нь  сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох ба ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан бол энэ нь сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т тус тус заасан заалтуудтай нийцсэн байх ёстой.

 

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд М.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажил олгогчоос гаргасан дүрэм, журам зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан гэх буруутай үйлдлийг илрүүлсэн хойш 4 сарын дараа ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Соёл Урлагийн Их сургууль нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар тушаалд нэрлэн заагаагүй ба ... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл болох нь тогтоогдож байгаа ... гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

 

Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтын аль, алиныг нь хамтатган тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтаар ажилтныг ажлаас халах нөхцөлийг заахдаа сахилгын зөрчил давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус тодорхойлсон ба ажилтны гаргасан зөрчил эдгээр үндэслэлийн алинд нь хамаарахыг ажлаас халсан тушаалд тодорхой тусгаагүй.

 

Иймд Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар М.Алтанцэцэгийг Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул М.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил ологчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн сарын дундаж цалин 790,516 төгрөг байхаар тооцов. /хх-ийн 5 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 6,324,128 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу М.Алтанцэцэгийн ажилгүй байсан 5 сар, 14 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,467,312 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Соёл Урлагийн Их сургуулиас нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь ээлжийн амралтын олговор 2,371,548 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь 2017 онд ээлжийн амралт эдэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг хариуцагчийн тушаалаар 2016  оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 749 дугаар шийдвэрээр буцаан томилж, тэрээр ажилдаа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс буцаан томилогдож, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон дахин ажлаас чөлөөлөгдсөн буюу 2017 онд ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Хуульд зааснаар М.Алтанцэцэг нь ээлжийн амралт эдэлсэн боловч тухайн амралтын хугацааны олговрыг аваагүй тохиолдолд шаардах эрхтэй бөгөөд харин ээлжийн амралт эдлээгүй ажлаас чөлөөлөгдсөн бол ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй юм. Иймд М.Алтанцэцэг ажил үүргээ биеэр гүйцэтгээгүй тул ээлжийн амралтын олговор 2,371,548 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 52,895 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+86,427 төгрөг/ нийт 156,627 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Алтанцэцэгийг Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Соёл Урлагийн Их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,467,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдох “ээлжийн амралтын нөхөн олговорт 2,371,548 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Соёл Урлагийн Их сургуульд даалгасугай.

           

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 52,895 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.

 

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156,627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС