Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02196

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02196

 

 

Блюбус ХХК-ийн ажилтны үйлдвэрчний

эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Блюбус ХХК-ийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны

нэхэмжлэлтэй

Хариуцагч Блюбус ХХК-д холбогдох

 

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар 6 422 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат, А.Бямбасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Хүрэлбаатар, А.Отгонзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Блюбус ХХК-ийн захиргаа, Блюбус ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасныг тус тус зөрчиж, Блюбус ХХК-ийн захиргаа нь Блюбус ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх Үйлдвэрчний эвлэлийн хорооны 57 гишүүдийн татварыг Блюбус ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Дээр дурдсан хамтын гэрээ, хэлэлцээрт Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж заасан. Татвар төлөхгүй гэсэн хүсэлтийг гишүүдээс бөөнөөр нь гаргуулж байгаа нь Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны эсрэг гишүүдийг турхирч, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байна. Иймээс Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн үндсэн цалин 642 295 285 төгрөгөөс Үйлдвэрчний эвлэлд төлбөл зохих хэмжээ буюу 1 хувиар тооцон, 6 422 952 төгрөгийг Блюбус ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Блюбус ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлбаатар, А.Отгонзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд хоорондоо эвлэлдэн нэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан тухай нийт 50 хүний гарын үсэг бүхий хүсэлт ирсэн. Үүний дагуу манай компани тухайн сараас эхлэн цалингаас бэлэн бусаар хураадаг Үйлдвэрчний эвлэлийн татварыг хураахаа зогсоож, уг гарын үсэг бүхий татгалзсан хүсэлтийг Блюбус ХХК-ийн үйлдвэрчний эвлэлд хүргүүлсэн. Гэвч үйлдвэрчний эвлэл татвараа заавал хураан авч өг гэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан цалингаас хууль бусаар суутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан үндэслэлийг Блюбус ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл нь 2011 оноос хойш гишүүдээс татвар хурааж эхэлсэн бөгөөд 2011-2017 онд нийт 34 302 124 төгрөгийн татварыг хураасан байна. Энэ хугацаанд нийт хураасан татварын зарцуулалтыг нэг ч удаа гишүүддээ болон ажил олгогчид танилцуулж тайлагнаж байгаагүй гэж тайлбарладаг. Энэ нь Хамтын гэрээний 10.3-т заасныг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т Хамтын гэрээнд талууд эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчсөн. Хамтын гэрээнд заасан ажилчдад олгох тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл цалин, сургалт, эмчийн үзлэг, амралт зугаалгаар явах зардал зэргийг 100 хувь ажил олгогч талаас олгож байсан. Мөн нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 7 дугаар сарын 23-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай ажилтнуудад танилцуулахад татвар төлөхгүй гэдгээ дахин илэрхийлж гарын үсэг зуран ирүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 34 жолооч шинээр ажилд орсон байгаа. Мөн 34 жолооч ажлаас гарч, 37 жолооч ажилд орсон байгаа. Яагаад ингэж олон тоогоор ажлаас гардаг шалтгаан бол автобусны жолооч нь том тэрэг барих чадвартай байдаг тул зуны улиралд уул уурхайн ажил хийхээр гардаг. Шинээр ажилд орсон жолооч нарын хувьд үйлдвэрчний эвлэлийн гишүүн болоогүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болохын тулд дүрэм журамтай танилцаж, татвар төлөхийг зөвшөөрөн гарын үсэг зурсны үндсэн дээр ордог. Хувийн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд ганц манай компани л үйлдвэрчний эвлэлтэй. Манай компани Үйлдвэрчний эвлэлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж, компанийн сул өрөөнд байрлаж, бүх техник хэрэгслүүдээр бүрэн хангаж, ажилтны мэдээллийг хүссэн тухай бүрт танилцуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангадаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.11-д заасныг зөрчөөгүй. Иймд манай компани Үйлдвэрчний эвлэлээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх:  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Блюбус ХХК-ийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос хариуцагч Блюбус ХХК-д холбогдуулан 6 422 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэггчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо:

... Блюбус ХХК-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гарах бол тус хорооны дарга, тэргүүлэгч нарт гишүүд нь бичгээр мэдэгдэнэ гэж үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмын 5.7 дахь хэсэгт заасан байдаг. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн, тус холбоонд эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй гишүүд өөрсдөө үйлдвэрчний эвлэлд өргөдлөө гаргасан учир гишүүнээр элсэхийг зөвшөөрсөн байдаг. Үйлдвэрчний эвлэлд элссэн гишүүний үүрэг нь Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 12.2.4 дэх хэсэг, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 5.4 дэх хэсэгт тус тус зааснаар гишүүний татварыг тогтоосон хувь хэмжээгээр сар тутам төлөх үүрэгтэй. Блюбус ХХК-ийн Өнөр, Ээрмэл, Толгойт, Яармаг хэсгийн гишүүд татвараа төлөхөө илэрхийлж бүх ажиллагсдын хурлын тэмдэглэл, үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах, гишүүнээр элсэх, татвар төлөхийг зөвшөөрч эвлэлдэн нэгдэж гарын үсэг зурсан. Гэтэл тус гишүүд нь үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэхгүй, үйлдвэрчний эвлэлээс гарах тухай өргөдөл гаргаагүй байхад татвараа төлөхгүй гэдгээ илэрхийлсэн утгатай гишүүдийн гарын үсгийг цуглуулсан байгаа нь захиргаанаас нөлөөлж байна гэж үзэж байна. Хэрвээ үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь татвараа төлөхгүй гэж үзвэл ажил олгогч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс гарах тухай саналыг гишүүдтэйгээ хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг ба хурлаас гишүүд нь үйлдвэрчний эвлэлээс гарах шийдвэр гарсан тохиолдолд татварыг зогсоох нь захиргааны бүрэн эрхийн асуудал байсан. Гэтэл хурлаа дүрмийн дагуу хийгээгүй мөртлөө ажилчдаас гарын үсэг хуурамчаар цуглуулсан байгаа нь хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Блюбус ХХК-ийн захиргаа, санхүүд гаргасан хүсэлт болон 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр захиргаа, санхүүд ажилчдын гаргасан хүсэлтүүдийн гарын үсэг хоорондоо зөрүүтэй байгааг нь анхан шатны шүүх дүгнэж үзсэнгүй. Гэтэл тус Блюбус ХХК-ын захиргаа нь үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг зогсоох гэсэн хүсэлтээр гишүүдээр гарын үсгийг зуруулж, гишүүнээр элссэн бол ажлаас нь халах талаар мэдэгдэж дарамт шахалт үзүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Мөн Зам тээврийн яам, ажилтныг төлөөлж Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогч эздийг төлөөлж Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн хэлэлцээрийг шүүх хүчингүй болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү хэлэлцээрийг Хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ 2 жилийн хугацаанд талууд шинээр хэлэлцээр байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд дараачийн хэлэлцээр батлан бүртгүүлэх хүртэл үргэлжлүүлэн мөрдөнө гэж заасан бөгөөд хэлэлцээрийг талууд хүлээн зөвшөөрч энэхүү хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа. Шүүх энэхүү хэлэлцээрийг хүчингүй болсон гэж дүгнэсэн нь хэргийг буруу шийдвэрлэхэд хүргэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Блюбус ХХК-ийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч Блюбус ХХК-д холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын 6 422 952 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны үйлдвэрчний эвлэлийн хорооны 57 гишүүний татварыг эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ...тус компанийн жолооч нарын зүгээс үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 сараас төлөхгүй гэсэн нэр бүхий 50 хүний гарын үсэг бүхий хүсэлтийг ирүүлсэн гэсэн үндэслэл заажээ.

 

Блюбус ХХК-ийн захиргаа, Блюбус ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ байгуулж, хариуцагч байгууллага уг гэрээний 8.2-т зааснаар үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 17-20 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь тухайн үйлдвэрчний эвлэлийн хороог 2011 оны 1 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 34 302 124 төгрөгийг цалингаас суутган авсан боловч тайлан мэдээг нэг ч удаа гаргаж байгаагүй тул цаашид үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалингаас суутгал хийлгэхгүй 2017 оны 10 дугаар сарын 24, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус компанийн жолооч, ажилтан, албан хаагчдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас суутгуулахгүй талаар Блюбус ХХК-ийн захиргаанд удаа дараа хүсэлт гаргажээ. /хх-ийн 61, 64-66 тал/

 

Ажил олгогч Блюбус ХХК болон ажилчдын төлөөлөгч үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний зорилгоо ажилтаны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах зорилготой гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч байгууллагын нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн хороо нь хамтын гэрээний 10.3-д хамтын гэрээний биелэлтийг ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран 6 сар тутам гаргаж нийт ажиллагсдад мэдээлнэ гэж заасан заалтыг зөрчсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Блюбус ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталсан Үйлдвэрчний эвлэлийн орооны дотоод үйл ажиллагааны журам-ын 3.1-д Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх, чөлөөлөх асуудлыг гишүүдийн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зуруулж баталгаажуулан шийдвэрлэнэ гэж тус тус заасан байгаас үзэхэд үйлдвэрчний эвлэлийн гишүүд өөрсдийн эвлэлдэн нэгдсэн байгууллагынхаа үйл ажиллагаатай холбогдуулан татвараа төлөөгүй тохиолдолд хариуцагч байгууллага үйлдвэрчний эвлэлийн хороонд уг мөнгийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагч байгууллага үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байх хугацаанд 34 ажилтан ажлаас гарч, 37 ажилтныг шинээр ажилд авсан гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо нь шинээр ажилд орсон ажилтнуудаас үйлдвэрчний эвлэлийн хороонд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, гишүүний татвар төлөх хүсэлт гаргасан гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02174 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО