Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/02174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БҮЭХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗ-д холбогдох

6,422,952 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: БЗ, БҮЭХ-ны 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасныг тус тус зөрчиж БЗ нь БҮЭХ-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх Үйлдвэрчний эвлэлийн хорооны 57 гишүүдийн татварыг БҮЭХ-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Дээр дурдсан хамтын гэрээ, хэлэлцээрт Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж заасан. Мөн БҮЭХ-г үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангадаггүй, тухайлбал, ажлын байр байхгүй байгаа. Мөн ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлдөг ба энэ талаар Үйлдвэрчний эвлэлд мэдэгддэггүй. Татвар төлөхгүй гэсэн хүсэлтийг гишүүдээс бөөнөөр нь гаргуулж байгаа нь Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны эсрэг гишүүдийг турхирч, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байна. Иймээс Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн үндсэн цалин 642,295,285 төгрөгөөс Үйлдвэрчний эвлэлд төлбөл зохих хэмжээ буюу 1 хувиар тооцон, 6,422,952 төгрөгийг БЗ-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд хоорондоо эвлэлдэн нэгдэж 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас Үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан тухай нийт 50 хүний гарын үсэг бүхий хүсэлт ирсэн. Үүний дагуу манай компани тухайн сараас эхлэн цалингаас бэлэн бусаар хураадаг Үйлдвэрчний эвлэлийн татварыг хураахаа зогсоож, уг гарын үсэг бүхий татгалзсан хүсэлтийг БҮЭХ-д хүргүүлсэн. Гэвч Үйлдвэрчний эвлэл татвараа заавал хураан авч өг гэсэн шаардлагыг тавьж байлаа. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан цалингаас хууль бусаар суутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн хэлбэр юм. Ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзсан үндэслэлийг БҮЭХ нь 2011 оноос хойш гишүүдээс татвар хурааж эхэлсэн бөгөөд 2011-2017 онд нийт 34,302,124 төгрөгийн татварыг хураасан байна. Энэ хугацаанд нийт хураасан татварын зарцуулалтыг нэг ч удаа гишүүддээ болон ажил олгогчид танилцуулж тайлагнаж байгаагүй гэж хэлдэг. Энэ нь Хамтын гэрээний 10.3-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т Хамтын гэрээнд талууд эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчсөн. Хамтын гэрээнд заасан ажилчдад олгох тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл цалин, сургалт, эмчийн үзлэг, амралт зугаалгаар явах зардал зэргийг 100% ажил олгогч талаас олгож байсан. Мөн нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 07 дугаар сарын 23-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай ажилтнуудад танилцуулахад татвар төлөхгүй гэдгээ дахин илэрхийлж гарын үсэг зуран ирүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 34 жолооч шинээр ажилд орсон байгаа. Мөн 34 жолооч ажлаас гарч, 37 жолооч ажилд орсон байгаа. Яагаад ингэж олон тоогоор ажлаас гардаг шалтгаан бол автобусны жолооч нь том тэрэг барих чадвартай байдаг тул зуны улиралд уул уурхайн ажил хийхээр гардаг. Шинээр ажилд орсон жолооч нарын хувьд Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болоогүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болохын тулд дүрэм журамтай танилцаж, татвар төлөхийг зөвшөөрөн гарын үсэг зурсний үндсэн дээр ордог. Хувийн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд ганц манай компани л үйлдвэрчний эвлэлтэй. Манай компани Үйлдвэрчний эвлэлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж, компанийн сул өрөөнд байрлаж, бүх техник хэрэгслүүдээр бүрэн хангаж, ажилтны мэдээллийг хүссэн тухай бүрт танилцуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангадаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.11-д заасныг зөрчөөгүй. Иймд манай компани Үйлдвэрчний эвлэлээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БҮЭХ нь хариуцагч БЗ-аас 6,422,952 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг БЗ, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.2, 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д заасан Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэх үүргийг биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д зааснаар үйлдвэрчний эвлэл, түүний ажилтанд үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гишүүдийн төлбөл зохих татвар болох 6,422,952 төгрөгийг Блюбус ХХК-аас нөхөн төлүүлнэ гэжээ.

Хариуцагч БЗ нь татгалзалын үндэслэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий 50 ажилтан Үйлдвэрчний эвлэлийн хорооны татварыг цалингаас суутгуулан төлөхөөс татгалзсан тул ажил олгогч ажилтны цалингаас түүний зөвшөөрөлгүй суутгал хийх үндэслэлгүй, Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажиллах нөхцөл боломжийг хангадаг тул гишүүдийн өмнөөс татварыг нөхөн төлөхгүй хэмээжээ.

Нэхэмжлэгч БҮЭХ нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрх зүйн байдалтайгаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зохицуулснаар Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх-4/

Ажил олгогч БЗ болон БҮЭХ нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, гэрээний зорилгыг ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах зорилготой гэж тодорхойлжээ. Хамтын гэрээний 8.2-т Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг сар бүр бэлэн бусаар хурааж дараа сарын 5-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж заажээ. /хх-17-20/

Төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж Зам тээврийн яам, ажилтныг төлөөлж Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогч эздийг төлөөлж Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын /тарифын/ хэлэлцээрийг байгуулжээ. Хэлэлцээрийн 1.2-т Энэхүү хамтын хэлэлцээр нь Хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй ба хэлэлцээрийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд дараачийн хэлэлцээр батлан бүртгүүлэх хүртэл үргэлжлүүлэн мөрдөнө гэж заасан байх бөгөөд уг заалтыг хэлэлцээрийн хүчинтэй хугацаа нь хоёр жил ба эл хоёр жилийн хугацаанд дараагийн хэлэлцээр батлагдах хүртэл мөрдөгдөнө гэж ойлгоно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д . . . хамтын хэлэлцээрийг хоёр жилийн хугацаагаар байгуулна гэж заасан байдаг. Эндээс хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэх ба ийнхүү дууссан нь хэлэлцээрийн үүрэг мөн дуусгавар болсон гэж үзнэ. /хх-6-15/

Нэр бүхий 48 ажилтан (5 ажилтан нэрийн ард гарын үсгээ зураагүй, 3 ажилтан нэрээ гараар бичин, гарын үсгээ зурсан) 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БЗ, санхүүд гаргасан хүсэлтдээ Тус компанийн жолооч нараас үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас суутган авахгүй байхыг хүсье. Бид Үйлдвэрчний эвлэлийн татвар төлөхөөс татгалзаж байна. гээд гарын үсгээ зурсан байна. /хх-85/ Мөн нэр бүхий 53 ажилтан (1 ажилтан ажлаас гарсан, 2 ажилтан ээлжийн амралттай гэх тэмдэглэгээтэй) 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр БЗ, санхүүд гаргасан хүсэлтдээ Тус компанийн жолооч ажилтан, албан хаагчдаас үйлдвэрчний эвлэлийн татварыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн цалингаас суутгуулахгүй байх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг тавьсан нь 2011 оны 1 дүгээр сараас эхлэн 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 34,302,124 төгрөгийг цалингаас суутган авсантай холбоотой. Учир нь энэ талаарх тайлан мэдээ мэдээллийг нэг ч удаа тавьж байгаагүй билээ. Одоо мөн цаашид цалингаас татвар суутгуулах хүсэлгүй байна гээд гарын үсгээ зуржээ. /хх-7-9/

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, эсхүл хууль тогтоомжид заасан тохиолдолд ажилтны цалин хөлснөөс суутгал хийхээр зохицуулсан байдаг. Үүнийг ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвхөн дээр дурдсан нөхцөлд л ажил олгогч өөрийн санаачилгаар цалингаас суутгал хийх эрхтэй гэж ойлгоно.

Ажил олгогч үйлдвэрчний эвлэлийн татварыг цалингаас суутган Үйлдвэрчний эвлэлийн хороонд шилжүүлж байгаа явдал бол ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн гэж үзнэ.

Учир нь ажилтан үйлдвэрчний эвлэлийн байгууллагад орох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг  хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй., Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. гэж заасанчлан хүний эвлэлдэн нэгдэх эрх юм. Аливаа ажилтан энэхүү эрхээ сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Энэ тухай ч БҮЭХ-ы даргын 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журам-ын 3.1-т ҮЭХ+ны дарга, тэргүүлэгчид үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх, чөлөөлөх асуудлыг гишүүдийн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зуруулж баталгаажуулан шийдвэрлэнэ гэж байна. /хх-21-24/ Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнээр ажилтныг элсүүлэхдээ түүний элсэхийг хүссэн өргөдөл болон татварыг сар бүрийн цалингаас 1 хувиар хураан авахыг Үйлдвэрчний эвлэлийн хороонд зөвшөөрсөн утга бүхий өргөдлийг үндэслэдэг болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гишүүдийн өргөдлөөр тогтоогдож байна. /37-42/

Эндээс дүгнэхэд ажил олгогч буюу хариуцагч БЗ нь цалингаас Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүний татварыг суутгуулахгүй байх талаар ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн татварыг суутган авч хороонд шилжүүлээгүй үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. Нэгэнт энэ үйлдэлд хариуцагч буруугүй тул ажилтны өмнөөс татварыг Үйлдвэрчний эвлэлийн хороонд нөхөн төлөх үүрэггүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэлд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасан Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох үүргийн зарчмын дагуу нэхэмжлэгч эхлээд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ. Уг зарчмын дагуу авч үзвэл БЗ нь Үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний ажилтныг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй, саад учруулсан, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9553 дугаар захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БЗ, санхүүд хүсэлт гаргасан нэр бүхий 56 ажилтнуудын цалингийн мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч энэхүү баримтыг үндэслэн нийт 642,295,285 төгрөгийн цалингийн 1 хувь нь 6,422,952 төгрөг хэмээн тодорхойлжээ. Гэвч хариуцагчаас гаргаж өгсөн баримтад бичигдсэн ажилтнуудын нэрс нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БЗ, санхүүд хүсэлт гаргасан ажилтнуудын нэрстэй тохирохгүй байхын сацуу хариуцагч тал энэ хугацаанд 34 ажилтан ажлаас гарч, 37 ажилтан ажилд орсон хэмээн тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 6,422,952 төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны хэн гэх хэдэн гишүүний, хэдэн төгрөгийн, ямар цалин /цалин хөлс, үндсэн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлсний дараах, эсхүл өмнөх/-гийн 1 хувиар тооцон шаардаж байгаагаа нотлон, хариуцагчийн татгалзлыг баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч БҮЭХ-оос хариуцагч БЗ-д холбогдуулан 6,422,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.