Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 166

 

Ш.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00898 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ...........................,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир Спортын газрын дарга Н.Зулбаатарын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир Спортын газрын дарга Н.Зулбаатар, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Б би 2013 оны 06 дугаар сарын 23-нд Орхон аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газар харуул хамгаалалтын ажилд орсон бөгөөд энэ хугацаанд гаргасан зөрчилгүй хариуцлагатай ажиллаж байсан болно. 2016 онд Орон нутгийн сонгуулиар дарга өөрчлөгдөж Н.Зулбаатар болсон бөгөөд өмнөх үед ажилд орсон хүмүүст дарамт үзүүлж ажилчдын үгийг үл тоомсорлосоор ирлээ. Миний бие нь Төв цэнгэлдэх стандионд харуулд гардаг бөгөөд 8, 16 цагаар ээлжинд гардаг. Ээлжнээс буусны дараа ээлжинд гарахын өмнө байнга дуудагдан илүү цагаар ажилладаг боловч ямар нэгэн шалтгаанаар очоогүй өдөр байгаагүй, ажлаа сайн хийж байсан болно. 2017 оны 04 дүгээр сарын 12-нд 17 цагаас ээлжинд гарч хоноод өглөө 9 цагт ээлжнээс буугаад буцаж 14 цагт ирж цэвэрлэгээ хийсэн. 17 цагт ээлж солигддог тул гарах харуул намайг түр байж байгаач би хоол аваад ирье 30 минут болно гэсэн тул би үргэлжлүүлж цэвэрлэгээ хийж байтал ОБГ-ын 3 ажилтан энгийн хувцастай эргүүл хийж байна гэж ирсэн. Араас нь дарга орж ирээд энэ юун хүмүүс вэ, энэ хүмүүстэй архи уухыг завдлаа гэж загнаж ажлаас хална гэж хэлсэн тул би зөвшөөрөөгүй. Учир нь тэр хүмүүс урьд нь бас эргүүлээр явж байсан тул зүс танихаас цаашгүй мөн би хэл ярианы төрөлхийн асуудалтай ээрч гацдаг тул өөрийн бодлоо бусдад ойлгуулах тал дээр учир дутмаг тул намайг байгууллагын нэр хүнд гутаалаа гэж буруутгасан. Ингээд асуудал үүсч цалинг 20 хувиар 2 сараар хассан. Би банкны зээлтэй асаргаанд байдаг хөгшин ээжийгээ харж асардаг, эхнэр ажилгүй тул миний орлогоор амьдардаг тул энэ бүхэн хүндээр туссан. 2017 оны 06 дугаар сарын 02-ны 09 цагт ажил аваад баяр болсон тул ойр орчмын хогоо цэвэрлээд явж байтал харуул Алтантогос утасдаад дарга ирсэн гэнэ стадионоо онгойлго гэсэн тул би буцаж орж түлхүүр аван онгойлгож өгсөн. Гэтэл дарга намайг ажлаа хаяж явсан, ажил үүргийн хуваарь буруу байна гэж 2017 оны 06 дугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гаргасан. Ажлаас халагдах үндэслэлийг би мэдэхгүй мөн хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй болно. Би ажил дээрээ хөдөлмөрийн хууль зөрчөөгүй хариуцлага алдаагүй тул ажлаас халагдах тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул ажилдаа буцаж орох мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир спортын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Ш.Б нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.7.6-д Харуул, жижүүрүүд хуваарийн дагуу жижүүрт гарах бөгөөд өөрийн гарааг байгууллагын дарга, холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр солих, өөр хүн гаргахыг хатуу хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.", 12 дугаар зүйлийн 12.1.2-д Зөвшөөрөлгүй болон ажпын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэхгүй байх, даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.5-ын 9 дэхь Зөвшөөрөлгүй гадны хүмүүсийг хариуцаж буй обьектод нэвтрүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн тул даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 2 сар, 20 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл авч байсан.

2.Ш.Б нь сахилгын шийтгэлийн хугацаандаа дүгнэлт хийж ажиллахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлт хангалтгүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй зэрэг сахилгын зөрчилийг дахин давтан гаргасан тул ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй байна гэж үзээд даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас нь чөлөөлсөн болно.

3.Байгууллагын Хедөлмөрийн дотоод журам-ын шинэчлэгдсэн төслийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамт олонд танилцуулж, санал, хүсэлтийг авч, гарын үсэг зуруулсан ба Ш.Б нь 2017.01,17-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна Даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар шинэчлэгдсэн Хөдөлмөрийн дотоод журам-ын төсөлд санал өгсөн хүмүүсийн саналыг тусган баталж хамт олонд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс танилцуулах хуудсаар хүргүүлж, танилцаагүй байгаа ажилтангуудад хамт олны шуурхайн хуралд удаа дараа танилцахыг мэдэгдэж байсан. Ш.Б нь байгууллагаас баталж гаргасан дүрэм, журамтай өөрийн хөдөлмөрлөх эрх, үүргийн хүрээнд танилцах ёстой байтал одоо болтол танилцаагүй байгаа нь байгууллагын үйл ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00898 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бийг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Биеийн тамир спортын газраас 1 162 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бид олгож, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Биеийн тамир, спортын газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир, спортын газраас 32 455 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Биеийн Тамир Спортын газрын дарга Н.Зулбаатар давж заалдсан гомдолдоо:

Ш.Бид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл:

Наадмын талбайд намайг очиход Ш.Б нь энгэр, заамаа товчлоогүй, задгай тавьсан 3 хүний хамт орж ирсэн бөгөөд Та нар юун хүмүүс вэ? яахаараа энд архи уух гэж байна, зөвшөөрөлгүй гадны хүмүүс оруупж болохгүй гэсэн шаардлага тавихад тэдгээр хүмүүс нь хэл амаар доромжлон, зодох шахсан. Бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Ш.Боос архи үнэртэж байсан. Ш.Б тэдгээр хүмүүст Энэ хүн манай дарга гэж намайг танилцуулахад асуудал намжсан. Тухайн өдөр наадмын талбайн харуулаар Н.Буянцогт гарах байтал Ш.Б нь харуулын үүрэг гүйцэтгэж, согтуу хүмүүс ажлын байранд оруулж архидах нөхцөл боломжийг бүрдүүлсэн мөн өөрөө ч архи уусан нь илт байсан болно.

Иймд Ш.Бийн зөрчлийг хамт олны шуурхайн хуралд танилцуулж Хөдөлмөрийн гэрээ"-ний 1 дэхь зүйлийн 1.5.9-ийн Зөвшөөрөлгүй гадны хүмүүсийг хариуцаж буй обьектод нэвтрүүлэхгүй байх, 2 дугаар заалтын 2-ын Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, тушаал, шийдвэрийг цаг тухайд нь биелүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар үндсэн цалингийн 20%-аар 2 сарын хугацаатай сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хамт олны шуурхайн хуралд ня-бо Ж.Нямжаргал уншиж танилцуулсан бөгөөд тухайн өдөр Ш.Б нь жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан болно. Хамт олны шуурхайн хуралд чөлөө авсан, жижүүртэй байсан, бусад шалтгааны улмаас ирээгүй ажилчид мэдээллийг маргааш нь өөрсдөө авах үүрэгтэй.

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн наадмын талбайд яаралтай ажлын шаардлагаар намайг наадмын талбай дээр очиход тухайн өдрийн харуулын гараа /0900-1700 цаг/-нд Ш.Б гарч байсан ба харуулын байрандаа байхгүй, гар станцруу нь залгахад холбогдохгүй 10-аад минут хүлээлгэж байхдаа Ж.Алтантогосруу утасдаж дуудуулсан. Асуухад станцын цэнэг дуусаад цэнэглэж байгаа, талбайн хог түүж байсан гэсэн тайлбар өгсөн боловч /хогны уут гарт нь байгаагүй/ нотлох баримт тухайн үед байхгүй байсан. Харуул хүлээлцэх бүртгэлийн дэвтэрт хог, цэвэрлэгээ хийсэн гэсэн бичилт байхгүй байгаа болно.

Ш.Б нь хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж, ажлын байрны тодорхойлолтын 3-р зорилтын 3.1.4 дэхь заалтыг хэрэгжүүлэхгүй таних тэмдэгээ зүүдэггүй, харуулын дүрмийг мөрддөггүй, ажлын байраа дур мэдэн орхиж явдаг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлагыг сайжруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй дахин зөрчил гаргаж хамтын хөдөлмөрийн гэрээний 4 дэхь заалт Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан шаардлагыг хангаж ажиллаагүй тул даргын 2017 оны Б/09 тоот тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдреөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Зулбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ харуул Ш.Б нь 2017 оны 04 дүгээр сард сахилгын зөрчил гаргаж цалингийн 20 хувь суутгах сахилгын шийтгэл оногдуулсан, 2017 оны 06 дугаар сард дахин ажлын байраа орхиж явсан зөрчил гаргасан учир сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2014 оны 06 дугаар сард Орхон аймгийн Биеийн Тамир Спортын газарт харуулын ажилд орж Орхон аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд харуулын үүрэг гүйцэтгэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлд зааснаар сахилгын давтан зөрчил гаргасан ажлын байрны шаардлага хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр харуулын ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэлээ түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ямар үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эжилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Бийн 2017 оны 04 дүгээр сард сахилгын зөрчил гаргаж цалингийн 20 хувь суутгах шийтгэл ногдуулсан, 2017 оны 06 дугаар сард ажлын байранд байгаагүй, станцаар холбогдохгүй биедээ авч яваагүй дахин сахилгын зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй боловч давтан гаргасан гэх зөрчлүүдийг нотлох баримтаар нотолж чадаагүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Г.Бийг Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын харуулын ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцжээ.

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Зулбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Биеийн Тамир Спортын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ