Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02020

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02020

 

 

Фалкрам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00971 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Фалкрам ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт холбогдох

- 2013 оны 9 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ болон нэмэлт 1,2,3-р гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 407 987 397 төгрөг гаргуулах тухай үндсэн,

- Түрээсийн байрыг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 568 614 583 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжавын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Фалкрам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Фалкрам ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 6В байрны 2 тоот хаягт байрлах 593,47 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэхээр 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн А.Сүхбаттай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэдгийг мэдээгүй байсан. Түрээслэгч А.Сүхбат уг гэрээг нотариатаар батлуулж, бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн тул талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Фалкрам ХХК болон иргэн А.Сүхбат нарын хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй гэрээ байна. Фалкрам ХХК нь дээр дурьдсанчлан иргэн А.Сүхбаттай 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээнд заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 103 031 022 төгрөгийг түрээслэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул түрээслэгч нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагаас шаардах эрхгүй. Иймээс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу А.Сүхбатад төлсөн нийт 103 031 022 төгрөгийг түрээслэгчээс буцаан гаргуулна. Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ердийн журмаар буюу түрээсийн гэрээний дагуу ашиглах боломжгүй хөрөнгө байсан. Өөрөөр хэлбэл уг үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж дуусгасан боловч дотоод интерьер, засал, тохижилт /хана, тааз, шал, обой, шохой/ сангийн холболт зэргийг бүрэн гүйцэтгээгүй байсан. Иймээс иргэн А.Сүхбатын хүсэлтийн дагуу түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөд Фалкрам ХХК-ийн зүгээс дараахь засан сайжруулалт, тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, засан сайжруулалт, тохижилтын ажилд гарсан зардлыг түрээслүүлэгч нь түрээслэгчид буцаан олгохоор харилцан тохиролцсон. Үүнд: зэргэлдээ байрлалтай талбайгаас тусгаарлах ханын өрлөг, барилгын нүүрэн талд шинээр зөв шилэн хаалганы суурьлуулалт, нийт талбайн агааржуулалтын хоолой, түүний холболт, цэвэр болон бохирын хоолойн холболт, нийт талбайн цахилгааны холболт, нэгдсэн самбар суурилуулалт, галын дохиолол, интернетийн үзүүр, барилгын үндсэн тааз, шалны цутгуур тэгшилгээ, өрөөнүүдийн тусгаарлах ханын өрлөг, шавардлага, бүх тагтны доторлогоо засвар, шат, шатны чулуу суурилуулалт, шатны хашлага, бусад дотор интерьер засал /тааз, хана, шал, гэрэлтүүлэг/ зэрэг багтсан. Фалкрам ХХК-ийн зүгээс дээр дурьдсан засан сайжруулалт, засвар, заслын ажлыг мэргэжлийн байгууллага болон иргэдээр гүйцэтгүүлсэн бөгөөд бараа, материалын зардлыг өөрсдийн зүгээс гаргасан ба нийт 432 000 000 төгрөгийн зардал гаргасан. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр түрээсийн гэрээ /2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн/-нд нэмэлт өөрчлөлт оруулах хэлцлийг хийсэн бөгөөд энэхүү хэлцлийн 1 дүгээр зүйлд Фалкрам ХХК-ийн зүгээс түрээсийн зүйлийг засан сайжруулах, засварлах, тохижуулахад 432 000 000 төгрөг гарсан болохыг харилцан тохиролцож тогтоосон. Фалкрам ХХК нь түрээсийн зүйлийн засан сайжруулалт, тохижуулалтад оруулсан нийт 432 000 000 төгрөгийг түрээслүүлэгчээс гаргуулах хүсэлтэй байна. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний нэмэлт 3 дугаар гэрээний 6 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион орил, Чингисийн өргөн чөлөө, 6В хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай барилгын хоёрдугаар давхрын талбайд оногдох ашиглалтын зардлын 50 хувийг түрээслүүлэгч буюу Ж.Содномцэрэн төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл тэрээр 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын хэрэглээний зардал, алдангийн хамт 7 920 150 төгрөгийн 50 хувь буюу 3 960 075 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Иймд Фалкрам ХХК нь болон А.Сүхбат нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ, /нэмэлт 1, нэмэлт 2, нэмэлт 3/ -г хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн зүйлийн засан сайжруулах, тохижуулахад гарсан зайлшгүй зардал болох 300 996 300 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөг, нийт 404 027 322 төгрөгийг А.Сүхбат, Ж.Содномцэрэн нараас гаргуулж, ашиглалтын зардлын 50 хувь болох 3 960 075 төгрөг, нийт 407 987 397 төгрөг төлөхийг хариуцагч Ж.Содномцэрэнд даалгаж өгнө үү гэжээ.

             Хариуцагч А.Сүхбат шүүхэд гаргасан болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав, Б.Мөнхболд нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Фалкрам ХХК-ийн хүсэлтээр харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил, 6В байр, 2 тоот хаягт байрлах, 593,47 /1 давхар 218.47, 2 давхар 375 м.кв/ м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр надтай түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээ хийснээс хойш Фалкрам ХХК нь түрээсийн гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд түрээслэгч 103 031 022 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн хэдий ч гэрээнд заасныхаа дагуу төлбөрийг цаг хугацаанд нь тохирсон үнээрээ төлж байгаагүй. Харин Фалкрам ХХК нь гэрээгээ биелүүлэхгүй байж цааш нь гуравдагч этгээдэд түрээслэн ашиг олж байсан. Гэтэл түрээсийн байрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслэн ашиглаж байсан бөгөөд түрээслэсэн хугацааны түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээний 1.2-т зааснаар түрээслэгч нь түрээслэсэн талбайн засвар, тохижилтын ажлыг үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан өөрийн зардлаар хийхээр тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгөд засвар тохижилт хийх асуудлыг түрээслэгч өөрийн ажлын онцлогт тохируулан хийсэн гэж ойлгож байна. Мөн гэрээнд нэмэлт оруулж түрээслэгч 100 хувь өөрийн хөрөнгөөр үндсэн болон интерьер заслыг хийхээр болсон. Ингэж засвар хийсэн түрээслэгчийн хөрөнгө оруулалтыг нөхөх зорилгоор гэрээний нэмэлтийн 2-т заасан хөнгөлөлт буюу нийт түрээсийн талбайгаас 205 м.кв талбайн түрээсийн төлбөрөөс 2016 оны 1 дүгээр сарын 1 хүртэл чөлөөлж, 1 давхрын Галерей-Лоунжийн талбайн түрээсийг 2016 оныг хүртэл сар бүрийн түрээсийн дүнгээс 3 000 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, оффисын зориулалттай 52 м.кв талбайн түрээсийг 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тооцохоор төлбөрөөс чөлөөлсөн. Түрээсийн гэрээг 3 нэмэлт гэрээг нэхэмжлэгч Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй учир хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч 2 тал хүсэл зоригоо бичгээр илэрхийлэн хийсэн нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр үргэжилж байгаа гэж үзэхээр байна. Гэрээ байгуулахдаа талууд гэрээг нотариатаар батлуулахгүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлт бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж тохиролцсон болно. Фалкрам ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 3 960 075 төгрөгийг нэхэмжилсэн байх ба 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний нэмэлт 3 дугаар гэрээний 6 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө, 6В хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын талбайд оногдох ашиглалтын зардлын 50 хувийг түрээслүүлэгч Ж.Содномцэрэн төлөх үүргийг хүлээсэн тул 3 960 075 төгрөгийг төлөх ёстой гэжээ. Гэтэл өмчлөгч буюу түрээслүүлэгч Ж.Содномцэрэнг дээрх объектыг өмчлөх эрхийг эдүүлэхгүй Фалкрам ХХК нь өөрсдөө үнэ төлбөргүй түрээслээд түрээсийн төлбөрөө ч төлөхгүй байгаа учир уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, Ц.Одонжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  

            А.Сүхбат нь Фалкрам ХХК-ийн хүсэлтээр харилцан тохиролцож, ХУД-ийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил нь 6В байр, 2 тоот хаягт байрлах, 593.47 /1 давхар 218.47 м.кв, 2 давхар 375 м.кв/ м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээг түрээслэгч Фалкрам ХХК-ийн өөрийнх гэрээний загвар дээр хийсэн бөгөөд гэрээний нөхцөлийг ч мөн тэд нар өөрсдийн саналаар гэрээнд тусгасан юм. Түрээсийн гэрээ хийснээс хойш Фалкрам ХХК нь өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгийг түрээслэн эзэмшиж ашигласаар байгаа болно. Түрээсийн гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд түрээслэгч 103 031 022 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байна. Фалкрам ХХК нь гэрээнд заасныхаа дагуу төлбөрийг цаг хугацаанд нь мөн тохирсон хэмжээгээр төлж байгаагүй. Би нэмэлт гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлж тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлж байсан. Фалкрам ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй түрээсийн төлбөрийг төлөхгүй байх мөн түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд уг үл хөдлөх хөрөнгийг давхар түрээслэн ашиг олох зэргээр гэрээний үүргээ зөрчсөн. Талууд харилцан тохиролцож, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан сарын түрээсийн төлбөрөөс 3 000 000 төгрөгийг хасаж түрээсийн төлбөрөө 9 024 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч түрээсийн төлбөрийг тохиролцсоноороо 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төлбөрийг төлөөгүй. Фалкрам ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсон төлбөрийг төлөхгүй гэхийн зэрэгцээ түрээслэж байсан байрнаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нүүн гарсан буюу түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон боловч байрны түлхүүр хүлээлгэн өгөхгүй, доторх зүйлсээ авахгүй байсан. Түрээслүүлэгч талыг өөрийн өмчлөлийн хөрөнгийг цаашид түрээслэн олох байсан орлогыг доод давхарыг 2017 оны 4 дүгээр сар, дээд давхарыг 2017 оны 10 сар хүртэл хаагдуулсан. Талуудын маргаан нь өмчлөлийн маргаан биш, гагцхүү талбайн дотор засал, түрээсийн төлбөрийн холбогдолтой байдаг. Гэтэл түрээслэгч Фалкрам ХХК дураар аашилж, түрээслүүлэгч талын өмчлөлийн хөрөнгөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон атлаа өмчлөгчид хүлээлгэн өгөхгүй түрээслэгчийн байрыг ашиглах боломжийг хааж өөрсдийн эзэмшил ашиглалтанд байлгасан. Талуудын хооронд 3 удаагийн хэлэлцэн тохиролцсон гэрээ байдаг. Энэхүү тохиролцоонууд нь үнийн өөрчлөлтийг тусгасан байхаас талбайг үргэлжлүүлэн ашигласан бол хэрхэн зогсоох тухай заагаагүй тул Фалкрам ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд үл хөдлөхийг ашигласаар, тухайн байр талбайд компанийн бизнесийн үйл ажиллагааг явуулан ашиг орлого олсоор байсан. Фалкрам ХХК нь болон иргэн А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ, нэмэлт гэрээнүүдийн дагуу түрээслэгч Фалкрам ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 671 645 604 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ хугацаанд зөвхөн 103 031 022 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн байдаг. Тиймээс бид төлөгдөөгүй байгаа үндсэн төлбөр болох 568 614 582 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжилж буй 568 614 583 төгрөгийн төлбөр нь түрээсийн гэрээний дагуу Фалкрам ХХК-иас авах ёстой үндсэн төлбөр юм. Иймд дээрх төлбөрийг Фалкрам ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байх тул талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсэхгүй, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Түрээслүүлэгч нь уг обьектыг аж ахуйн зориулалтаар ашиглах, үр шимийг нь хүртэх боломжоор хангасан тохиолдолд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн хариуцагч нар түрээсийн төлбөрийг төлөх талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй, харин 2016 оны 1 сард 13 000 000 төгрөг төлөх талаар мэдэгдэл ирүүлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 51 660 447 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож,  хариуцагч А.Сүхбатаас 356 326 920 төгрөгийг гаргуулж Фалкрам ХХК-нд олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ж.Содномцэрэнд холбогдох 407 987 397 төгрөг гаргуулах, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч Фалкрам ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Фалкрам ХХК-иас түрээсийн төлбөрт 568 614 583 төгрөг гаргуулах хариуцагч А.Сүхбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасныг баримтлан  Фалкрам ХХК-иас түрээсийн төлбөрт 568 614 583 төгрөг гаргуулах хариуцагч Ж.Содномцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Сүхбат Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж 6в байр 1 тоот үйлчилгээний зориулалттай 593,47 м.кв талбайтай, Ү2206025468 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 256 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 642 263 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 2 256 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав давж заалдах гомдолдоо:

... Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч тус объектыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд худалдаа, үйлчилгээ, галерей ажиллуулж ашиг орлого олсон. Хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд засан сайжруулалтын 253 295 898 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөг багтаж байна. Хариуцагч тал засан сайжруулалтад гаргасан зардлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээндээ ч талууд үүнийг тусгаж түрээсийн төлбөрийг багасгаж тохиролцсон байдаг. Гагцхүү түрээсийн төлбөрт байрыг ашигласны төлөө төлсөн дүнг хариуцагчаас буцаан гаргуулах тухай шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Шүүх ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ тайлбарлахдаа түрээсийн гэрээ, түүний хавсралтууд Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Талуудын хүсэл зориг ижил, хэн аль нь гэрээгээ хүлээн зөвшөөрсний улмаас гэрээний үүргээ биелүүлж ирсэн байхад уг гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзээд хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Талууд бичгээр гэрээг байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч төлбөрөө төлөөд, хөрөнгөө ашиглуулаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Түрээслүүлэгч хугацааанаас өмнө гэрээг цуцалж, хэн нэгэнд хөрөнгийг худалдаж, шилжүүлж түрээслэх боломжид саад учруулаагүй. Гэрээ нь талуудын түрээсийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжсээр ирсэн ба гагцхүү түрээслүүлэгчийн зүгээс төлбөрөө хугацаандаа авч чадахгүй явсаар ирсэн. Нэхэмжлэгч нь 4 жил гаруй түрээсийн зүйлийг эзэмшилдээ байлгаж, үйл ажиллагаа явуулж, ашиг олсон хэрнээ шүүхээр түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө эргүүлж авахаар нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 43.3-д тус тус заасны дагуу энэхүү хэлцэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болно гэж үзнэ. Талууд түрээсийн төлбөрийг харилцан хүлээн зөвшөөрч бизнесийн харилцаанд ханш тогтоон оролцсон. Эдгээр нь тухайн хөрөнгө нь ямар хэмжээний түрээсийн орлоготой байж болохыг харуулахын сацуу түрээслэгч талд ашигтай байсныг гэрчилнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх түрээсийн гэрээний харилцаанд Ж.Содномцэрэн оролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд өөрийн өмчлөлийнх нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх тухай Ж.Содномцэрэн мэдэж, хүлээн зөвшөөрсөн буюу А.Сүхбаттай ижил байр суурьтай байсан. А.Сүхбат бусад өмчлөгчөөс бичгээр зөвшөөрөл аваагүй хэдий ч бусад өмчлөгч нар энэ талаар маргаагүй. Түүнчлэн түрээсийн нэмэлт гэрээнд Ж.Содномцэрэн гарын үсэг зурсан, Ж.Содномцэрэн түрээсийн төлбөрийг авч байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарын хэн аль нь гаргах эрхтэй гэдгийг шүүх анхааран үзээгүй. Хариуцагч нар нэгдмэл байр суурьтайгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэн альныхаа эсрэг татгалзал, гомдол, шаардлага гаргаагүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарыг хоёуланг нь хариуцагчаар татсан. Түүнчлэн түрээсийн үндсэн гэрээнд А.Сүхбат гарын үсэг зурсан, нэмэлт өөрчлөлтүүдийг Ж.Содномцэрэн гарын үсэг зурж баталгаажуулсан учраас нэгдмэл нэг гэрээний эрх ашгийн улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Сүхбатын сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 491.1.1, 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон бөгөөд Ж.Содномцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагч нараас илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг гаргуулах талаар шүүхийн шийдвэртээ тусгайлан тусгаагүй. Хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 501 062 583 төгрөгөөр нэмэгдүүлж, үүндээ 2 663 262 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тушаасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан ба татгалзсан шүүгчийн захирамж дараагийн шүүх хуралдаан болох өдрийн буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн өглөө бичгээр гарсан тул хариуцагч нар тэмдэгтийн хураамжаа татварын хэлтсээс эргүүлэн авч чадаагүй. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр бидний гаргасан сөрөг нэхэмжлэл өмнө гаргасан хэмжээнээс бага дүнтэй байсан бөгөөд 295 574 582 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд 1 635 823 төгрөг төлөх ёстой байсан боловч шүүгчийн захирамж хожуу гарсны улмаас өмнө тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа хавсарган шүүхэд өгсөн. Бид сөрөг нэхэмжлэл гаргахдаа 1 027 439 төгрөгийн тэмдэгтийн хураамж илүү төлсөн байна. Иймд анхан шатны шүүх тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай шийдвэртээ дурдах ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.3, 59 дүгээр зүйлд заасны дагуу буцаан олгох ёстой байсныг олгосонгүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00971 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь хянан үзэж зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Фалкрам ХХК нь хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ болон нэмэлт 1,2,3 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 407 987 397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрт 568 614 583 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түрээслүүлэгч буюу хариуцагч А.Сүхбат, түрээслэгч буюу нэхэмжлэгч Фалкрам ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 6В байрны 2 тоот хаягт байрлах 593,47 м.кв (1-р давхарын 218.47 м2,1 дугаар давхрын 375м2 ) талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 14-18 тал/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь А.Сүхбат, Ж.Содномцэрэн, С.Борхур, С.Эрхур нарын өмчлөл эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /1хх-ийн 19/

Зохигчид Түрээсийн гэрээ-нд 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн гэрээний нэмэлт-1, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний нэмэлт-2, түрээсийн гэрээний нэмэлт-3 гэсэн өөрчлөлтүүдийг хийжээ. /1 дүгээр хавтас 20-26 хуудас/

Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус бай хэлцэл байх тул анхан шатны шүүх 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Фалкрам ХХК нэхэмжлэлийн нэг шаардлагадаа түрээсийн зүйлийг засан сайжруулах, тохижуулахад гарсан зардалд 300 996 300 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 103 031 022 төгрөг нийт 404 027 322 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын үнийн дүнгийн асуудлаар маргаж, анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 183/Ш32017/04200 дугаар шүүгчийн захирамжаар шинжээчээр Файн эстимэйт ХХК-ийг томилсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр талуудын маргааны зүйл болж буй 593.47м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн засварын ажлын гүйцэтгэлийн өртөг нь 253 295 898 төгрөг болохыг тогтоожээ. / 5хх-ийн 117-156 тал/

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар засвар тохижилтын зардлаа нэхэмжлэх эрхтэй.

Зохигчид Файн эстимэйт ХХК-ийн дүгнэлттэй маргаагүй байх тул уг үнийн дүнгээр хариуцагч нараас тохижилт, засварын зардалд 253 295 898 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нар нэхэмжлэгчээс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 568 614 583 төгрөг гаргуулах,

хариуцагчийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 6В байрны 2 тоот хаягт байрлах 593,47 м.кв (1-р давхарын 218.47 м2,1 дугаар давхрын 375м2 ) талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг түлхүүрийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн тус тус хариуцагч талд хүлээлгэн өгсөн байх тул хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс чөлөөлүүлэх талаар гаргасан энэ шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж шийдвэрсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны зардал гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч А.Сүхбатын 1 давхрын 218.47 мкв талбайн хөлсийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүртэл 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 25 ам.доллар, 2014 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл 1 мкв талбайн түрээсийн төлбөр 35 ам доллараар,

2 давхар 375 м.кв талбайн төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 мкв талбайн төлбөрийг 21 ам.доллар, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 1 м.кв талбайн хөлсийг 22 ам.доллараар тооцож тухайн өдрийн ханшинд шилжүүлэн 568 614 583 төгрөгөөр тодорхойлсон байна.

Зохигчид 2013 оны 10 дугаар 11-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт нийт 103 031 022 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.

Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон гэрээний үнийн дүнг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна.

Нэхэмжлэгч талаас талуудын маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашигласан зардлын үнийн дүнг тохиролцсон тохиролцоог үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тодорхойлсон үнийн дүнгээр тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийгдсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч зохигчид хэн алинаасаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь түрээсийн төлбөрт 103 031 022 төгрөгийг авсан болохоо үгүйсгээгүй байх тул түүний нэхэмжилсэн түрээсийн төлбөрөөс уг мөнгийг хасч тооцон (568 614 583 103 031 022=465 583 561) 465 583 561 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 478 дугаар сарын 478.11-д зааснаар А.Сүхбат, Ж.Содномцэрэн нар нь ашиг сонирхол нэгтэй хариуцагч нар тул гэрээний хариуцлагыг хамтран хариуцах үндэслэлтэй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 027 439 төгрөг илүү төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00971 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нараас 253 295 898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Фалкрам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 154 691 499 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

 

шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

 

шийдвэрийн 3, 4 дэх заалтыг нэгтгэн 2 гэсэн заалт болгож, уг заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Фалкрам ХХК-иас 465 583 561 төгрөг гаргуулан хариуцагч А.Сүхбат, Ж.Содномцэрэн нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103 031 022 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

Шийдвэрийн 6 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Фалкрам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 256 900 төгрөг, хариуцагч А.Сүхбат нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 642 263 төгрөгөөс 3 614 824 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 027 439 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч А.Сүхбат нарт олгож, хариуцагч А.Сүхбат нараас 1 424 429 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Фалкрам ХХК-д олгож, нэхэмжлэгч Фалкрам ХХК-иас 2 485 868 төгрөг гаргуулан хариуцагч А.Сүхбат нарт олгосугай гэж ,

 

шийдвэрийн дугаарын 5 дахь заалтын дугаарыг 3 гэж, 6 дахь дугаарыг 4 гэж, 7 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 516 178 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО