Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02195

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02195

 

 

Ж.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

 

-Сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71 784 135 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

-2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго

Л.Жаргалсайхан

Прокурор Д.Мөнхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах Улсын Их Хурлаар батлагдсан төрийн бодлогын баримт бичиг байдаг. Энэ баримт бичигт зааснаар Иргэний нисэхийн үндсэн мэргэжилтэй ажилтан бол өндөр хөгжилтэй үндсэн англи хэлтэй улс оронд сургаж бэлтгэх, бодлогын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар нь Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи, Австрали, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад өөрийнхөө зардлаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 100 гаруй оюутнуудын зардлыг дааж, Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулсан. Энэ ажлын хүрээнд Канад улсын Торонто хотын Сенека коллежид Л.Номинг Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар нисэхийн технологич мэргэжлээр 2012 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хэлний бэлтгэлд 6 сар, үндсэн мэргэжлээр 4 жилийн хугацаатай суралцуулахаар түүний эцэг Ж.Лхамсүрэнтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар Л.Номин бол тухайн сургуульдаа амжилттай сайн суралцана, Иргэний нисэхийн ерөнхий газар нь суралцах хугацааны сургалтын төлбөрийг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлнө, байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардлыг хариуцаж сар бүр тухайн оюутанд бусад оюутнуудын нэгэн адилаар 200 долларын тэтгэлэг олгох, сургуулиа төгсөж ирсний дараа ажлын байраар хангах үүргийг талууд хүлээсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн хүмүүсийн өөрийнх нь өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 4 өрөө орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан барьцаанд авсан. Л.Номин гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж амжилттай сайн суралцаж ирсэн. Тухайн үед сургалтын төлбөр нь  нэлээн өндөр дүнтэй байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгцээ шаардлагыг нь харгалзаад холбогдох журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр тухайн гэрээнд заасан суралцах мэргэжлийг өөрчилж, мөн гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгасан. Үндсэн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөхөөр харилцан тохирч, нэмэлт гэрээгээр 60 571 ам.долларт багтаан сургалтын төлбөр, байр, хоол, тээврийн зардлыг бусад суралцагчийн нэгэн адил жишгээр олгохоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар 23-ны өдрийн шийдвэрээр 64 479 ам.долларын тооцоо гарч тухайн үед шийдэгдэж байсан. Ингээд уг шийдвэрийн дагуу Л.Номин сургалтаа үргэлжлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж амжилттай суралцаж байсан боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага солигдсоны дараа тус газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ ямар ч тайлбар үндэслэлгүйгээр зөрчөөд гэрээг ямар нэгэн байдлаар цуцалсан, дуусгавар болгосон тухай ямар ч мэдэгдэлгүйгээр бүх төлбөрийг зогсоосон байдаг. 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын байрны төлбөр 500 доллар, оюутны тэтгэлэг 400 доллар, нийт 900 доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ханшаар 2 420 төгрөгөөр тооцоход 2 181 600 төгрөг болж, нэхэмжлэлийн шаардлагыг 17 221 760 төгрөгөөр нэмэгдүүлээд, нийт 71 784 135 төгрөгийг Л.Номингийн сургалтын гэрээний дагуу хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын гэрээг хэрэгжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Л.Жаргалсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сургах асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд тус газар нь гадаадад суралцаж буй хүүхдүүдийнхээ сурлагын чанар болон тухайн сургалтад зарцуулагдаж буй төсөвт хяналт тавих үүрэгтэй байдаг. Энэхүү үүргийнхээ дагуу сургалтын гэрээний хэрэгжилт, биелэлтийг шалгах явцад тус газрын дотоод аудитын хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн хүүхэд болох Л.Номингийн хувийн хэрэгт байсан материалууд нь дараах зөрчилтэй байна гэж шалгалтын дүн гарсан тул Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, сургалтын төлбөр илүү шилжүүлсэн гэх зөрчлүүдийг дахин нягталж, тодруулах хүртэл сургалтын төлбөрийг шилжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан болно. Дотоод аудитын шалгалтаар суралцагч Лхамсүрэнгийн Номин нь Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 6 сар англи хэлний бэлтгэлд, 4 жил өдрийн ангид Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар суралцахаар харилцан зөвшилцөж 3 талт гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс буюу 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Энэхүү гэрээнд гэрээний үнийн нийт дүн тавигдаагүй байгаа нь гэрээний гол нөхцөл шаардлагыг хангаагүй бөгөөд гэрээг байгуулагдах үед нэхэмжлэгч Ж.Лхамсүрэнгийн эхнэр болох З.Туяа нь "гадаадад суралцагч хүүхдийн асуудлыг хариуцан ажиллаж байсан байна. Энэ нь тухайн үед Иргэний нисэхийн ерөнхий газрын мөрдөж байсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 1.7.8-д сургалтын гэрээнд элсэн суралцагчийн суралцах улс, хот, сургууль, мэргэжил, курс, суралцах хугацаа, батлан даагч, байгууллагын болон суралцагчийн хариуцах төлбөрийн төрөл, хэмжээ.... зэргийг тодорхой тусгана гэж заасныг зөрчсөн. Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 3 дугаар курст суралцаж байсан Л.Номин 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэргэжлээ солиулах хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваад гаргасан ба уг асуудлыг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжсэн шийдвэрийг гаргасан байна. Тухайн үед нэхэмжлэгчийн эхнэр З.Туяа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын дарга хийдэг байсан тул даргын зөвлөлийн хурлын гишүүн байсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/445 тоот тушаалаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тушаалын утга нь Л.Номинг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс суралцах мэргэжлийг өөрчилж нисэхийн аюулгүй байдлын мэргэжлээр 2 жил суралцуулахаар болсон. Анхны гэрээний дагуу байгуулагдсан нисэхийн технологич мэргэжил нь 4 жил суралцаад бакалавр цолтой төгсдөг бол сүүлд өөрчилсөн нисэхийн аюулгүй байдлын мэргэжил нь 3 жил суралцдаг дипломын зэрэгтэй төгсгөдөг хөтөлбөр байсан. Суралцагч Л.Номин нисэхийн технологийн мэргэжлээр 3 жил суралцахдаа үзсэн хичээлээ нисэхийн аюулгүй байдлын мэргэжлийн 1 жилийн хөтөлбөртэй дүйцүүлж тооцон хичээлийн зөрүүг гаргаж дахин 2 жил суралцах хүсэлтийг гаргасан ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дахин 60 571 ам.доллар нэмж тусгасан. Суралцагч Л.Номин нисэхийн технологич мэргэжлээр 3 жил суралцаад сургуулиа төгсөхөөс 1 жил дутуу байхад мэргэжлээ солих хүсэлт гаргасан нь байгууллагад илт хохиролтой гэрээ болсон. Гэтэл уг нэмэлт өөрчлөлтөөс улбаалж өмнөх мэргэжлээр суралцах хугацаанд төлсөн 276 105.46 ам.долларын үргүй зардал гарч, Иргэний нисэхийн ерөнхий газар хохирсон байна. Нисэхийн технологийн мэргэжил нь жилийн 50 000 ам.долларын төлбөртэй байхад нисэхийн аюулгүй байдлын мэргэжлийн хөтөлбөр нь жилийн 19 810.50 ам.долларын төлбөртэй байна. Өөрөөр хэлбэл 1 жилийн 19 810.50 ам.долларын төлбөр бүхий хичээлийн зөрүүг 3 жилийн 276 105.46 ам.доллараар хаасан байгаа нь хууль бус үйлдэл байна. 19 810.50 ам.долларын тооцоог нэмэлт гэрээний үнийн дүнгээс тооцож гаргасан болно. Иргэн Ж.Лхамсүрэнгийн гаргасан нэхэмжлэлд сүүлийн 1 жилийн сургалтын төлбөрт 13 650 ам.долларын төлбөртэй болохыг дурдсан байна. Канад улсын Торонто хотын Сенека коллежийн нисэхийн технологи мэргэжлийн бакалавр цолны хөтөлбөр нь 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн эхний семестрийн төлбөр нь 25 020.97 ам.доллараас 25 091.82 ам.доллар байна. Харин нисэхийн аюулгүй байдал мэргэжлийн дипломын хөтөлбөрийн 2017 оноос 2018 оны оны хичээлийн жилийн төлбөр нь 14 410 ам.доллар байна. Энэ дүнгээр тооцож үзэхэд нисэхийн технологи мэргэжлийн 4 жилийн нийт төлбөр нь 200 000 ам.доллар болж байгаа бөгөөд шалгах өдрийн байдлаар Л.Номинд 280 305.46 ам.доллар олгогдсон байна. Л.Номингийн нисэхийн технологийн мэргэжлээр суралцсан 3 жил, нисэхийн аюулгүй байдлын мэргэжлээр суралцах 2 жилийн, нийт 5 жилийн сургалтын төлбөр 242 173 ам.доллар болж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Л.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Л.Номингийн 2012 оноос 2018 оныг дуусталх хугацааны нийт төлбөр 242 173 ам.доллар болох ёстой атал өнөөг хүртэл Иргэний нисэхийн ерөнхий газраас шилжүүлсэн төлбөр 280 305.46 ам.доллар болсон байна. Иймд суралцагч Л.Номингийн суралцах хугацаа дуусгавар болсон, гэрээнд заагаагүй байхад өөрийн хүсэлтээр мэргэжлээ сольсон, өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй, 4 жилийн сургалтын төлбөр болон бусад зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас бүрэн шилжүүлсэн тул гэрээний үүргээ бүрэн хангасан. Суралцагч Л.Номингийн эцэг Ж.Лхамсүрэн нь МИАТ ХК-д нисгэгч ажилтай бол ээж З.Туяа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын дарга, Захиргаа, удирдлагын газрын даргаар хавсран ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсч илт давуу байдал үүсгэж, байгууллагыг хохироосон гэж үзэж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болсон. Л.Номин нь талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр суралцуулахаар байгуулсан гэрээний 3.1-д заасан ...суралцагч нь суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан, хүчин чадлаа бүрэн дайчлан суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангана" гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт №11/2016 тоот гэрээ нь зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болсон байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Лхамсүрэнгийн Номинг Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад Улсын Торонто хот дахь Сенека коллежид "Нисэхийн технологич" мэргэжлээр 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэлний бэлтгэлд 6 сар, үндсэн мэргэжлээр 4 жилийн хугацаатай суралцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газартай гэрээ байгуулсан. Л.Номин гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, амжилттай сайн суралцаж ирсэн боловч сургалтын өндөр төлбөр, мэргэжлийн хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан хүсэлт гаргасныг холбогдох журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан тус байгууллагад хэрэгцээ шаардлага бүхий Нисэхийн аюулгүй ажиллагааны мэргэжлээр суралцуулах болсон. Өмнө суралцаж байсан "Нисэхийн технологи" хөтөлбөрөөр зөвхөн СР1 буюу арилжааны нисгэгчийн үнэмлэхтэй Бакалаврын зэрэгтэй нисгэгчээр төгсөх байсныг өөрийгөө бүрэн дайчлан суралцаж, Арилжааны нисгэгчийн үнэмлэх авсан бөгөөд энэхүү мэргэжлийг дангаар эзэмшсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан гэрээнд зааснаар эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тус газарт ажиллах боломжгүй байсан тул өмнөх хөтөлбөрт суралцсан хичээлүүдийн зөрүүг тооцуулан сургалтын хугацааг 1 жилээр сунган давхар Нисэхийн аюулгүй ажиллагаа мэргэжлээр амжилттай суралцаж, гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сургуулиа төгсөж байгаа бөгөөд ингэснээр суралцах хугацаа 1 жилээр сунасан ч Иргэний нисэхийн Ерөнхий газарт төдийгүй Монгол Улсад хэрэгцээ шаардлагатай олон улсын шаардлагад нийцсэн нисэхийн нарийн мэргэжлийг давхар эзэмшихийн зэрэгцээ өмнөх хөтөлбөрт суралцах зардлаас 64 379 ам.долларын хэмнэлт гарсан юм. Иргэний нисэхийн ерөнхий газар гэрээгээр хүлээсэн үүргээ ямар ч үндэслэлгүйгээр зөрчсөн бөгөөд одоо энэ асуудал шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна.Түүнчлэн гэрээний биелэлтэд хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх нь талуудын эрх үүрэг бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан суралцагчийн сургалтын процесс, үр дүнд шүүх дүгнэлт хийх боломжгүй ба Л.Номингийн сургалтын явц, сурлагын дүнд гэрээнд заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох ажилтнууд хяналт тавьсны үндсэн дээр сургалтын зардал олгогдож байсан бөгөөд мөн гэрээний үүргээ биелүүлж, амжилттай сайн суралцсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Канад Улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллага болох Транспорт Канада байгууллагаас олгосон хүчин төгөлдөр СР1 Нисгэгчийн үнэмлэхээр нотлогдож байгаа болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Л.Номингийн сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 236 дугаар зүйлийн 236.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71,784,135 төгрөг гаргуулах тухай Ж.Лхамсүрэнгийн үндсэн нэхэмжлэлийг, Ж.Лхамсүрэнд холбогдох 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017.11.08-ний 431,000 төгрөг, 2018.01.22-ны 244,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяа давж заалдах гомдолдоо:

 

...Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүй, нотлох баримтад үндэслэлгүйгээр өөр хоорондоо илтэд зөрүүтэй буюу нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн, суралцагч Л.Номин нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3 талт гэрээ байгуулагдсан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/445 дугаар тушаалын дагуу дээрх гэрээнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тус өөрчлөлтөөр талууд Иргэний нисэхийн ерөнхий газарт хүний нөөцийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн түүний суралцах мэргэжлийг "Нисэхийн аюулгүй ажиллагаа" мэргэжил болгон өөрчлөн суралцуулах, ийнхүү мэргэжил өөрчилсөнтэй холбогдон гарах сургалтын зардал /үүнд шаардлагатай бусад зардал багтахаар төсөвлөн/-ын 60 571 ам.долларыг Иргэний нисэхийн ерөнхий газар төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан хэмээн бодит үйл баримтыг дүгнэсэн атлаа ийнхүү тохиролцсоноос хойш хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар сургалтын төлбөрийг огт төлөөгүй үйл баримтыг үл харгалзан гэрээний дагуу төлөх төлбөрийг төлсөн хэмээн илт зөрүүтэй, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 3 талт гэрээнд үнийн дүн тусгагдаагүй, хариуцагч ийнхүү тайлбарладаг атал анхны гэрээний дагуу нийтдээ 242 173 ам.доллар төлөхөөс ... гэх баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн. Талууд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба хариуцагч байгууллага энэ өдрөөс хойш Л.Номингийн сургалтын төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, төлснийг нотолсон баримт байхгүй байхад "... анхны болон мэргэжлээ сольсон 2 дахь гэрээний дагуу нийтдээ ... 280 305.46 ам.доллар төлсөн" гэх мөн баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн. Дээрх дүгнэлтүүдийг холбогдох санхүүгийн баримтаар нотлогдоогүй байхад хариуцагч байгууллагын хяналт шалгалтын ажлын тайлан гэх баримтыг үндэслэн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтыг зөрчсөн, илт үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд гэрээний чөлөөт байдал, хүчин төгөлдөр хүсэл зоригийн үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан суралцагчийг өөр мэргэжлээр шилжүүлэн суралцуулах, ийнхүү шилжүүлэн суралцуулах 2 жилийн хугацаанд хариуцагч 60 571 ам.долларын төлбөрийг төлөх нөхцөл бүхий тохиролцоог хийсэн ба энэхүү тохиролцоогоор үндсэн гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийг илүү гүйцэтгэсэн, түүнийг тооцон төлөх асуудлыг огт зохицуулаагүйн зэрэгцээ бодит байдал дээр хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт үндсэн гэрээний дагуу санхүүгийн баримтад үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 2 жилийн хугацаанд 60 571 ам.долларын төлбөр төлөх тохиролцоог хийсэн бөгөөд тус тохиролцоо хүчин төгөлдөр болох нь баримтаар нотлогдсон. Гэтэл шүүх 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдсэн өдрөөс хойш тус тохиролцооны дагуу үүрэг гүйцэтгэгдээгүй үйл баримтыг үл харгалзан Иргэний нисэхийн ерөнхий газарт тус баримт бичгээр хүлээсэн 60 571 ам.долларын төлбөр төлөх үүргийг хариуцагч зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 236.1.3, 236.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хуулийг ийнхүү буруу тайлбарлаж хэрэглэхдээ үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн, талууд өмнөх үүргийг солихоор тохирсон гэх илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг үгүйсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үзэж, үйл баримтыг зөвтгөн дүгнэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Лхамсүрэн нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан Л.Номингийн сургалтын төлбөр, байр тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71 784 135 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч,

2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээний дагуу төлөх ёстой байсан сургалтын төлбөр, байрны төлбөр, оюутны тэтгэлэг эрүүл мэндийн даатгал, өвлийн амралтаар ирж буцсан зардлыг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газар суралцагч Л.Номинтой 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Иргэний Нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг захиалагчийг төлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер, суралцагч Л.Номин нар байгуулж, батлан даагчаар Ж.Лхамсүрэн нь оролцож гарын үсгээ зуржээ. /1хх-ийн 9-10 тал/

 

Гэрээний 2.1-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь Л.Номинг 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Канад улсын Торонто хотын Сенеса коллежид нисэхийн технологич мэргэжлээр 6 сар англи хэлний бэлтгэлд, 4 жил өдрийн ангид суралцахад сургалтын, байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг хариуцан төлж, сар тутамд 200 ам.долларын тэтгэлэг олгох үүргийг, 3.1-д суралцагч өөрийн оюун ухаан чадлаа бүрэн дайчлан суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангаж, гэрээний 2.1-д зааснаас бусад зардлыг өөрөө хариуцах үүргийг, 4.2-т ... суралцагчийн санаачилгаар гэрээ цуцалсан тохиолдолд тухайн оюутны сургалттай холбогдон гарсан бүх зардлыг нөхөн төлүүлэх бөгөөд нөхөн төлбөр хийгдээгүй тохиолдолд барьцааны гэрээг үндэслэн төлбөрийг барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх 9-10 тал/

 

Ж.Лхамсүрэн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад хандан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд гэрээний нэг тал болох Иргэний нисэхийн ерөнхий газар, батлан даагч Ж.Лхамсүрэнтэй 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Иргэний Нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт №11/2016 тоот гэрээ-г байгуулж, уг гэрээний нэг тал болох суралцагчийн өмнөөс Ж.Лхамсүрэн оролцож гарын үсгээ зуржээ. /1хх-ийн 11-12 тал/

 

Сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт № 11/2016 тоот гэрээгээр суралцагч Л.Номингийн суралцаж байсан нисэхийн технологич мэргэжлийг нисэхийн аюулгүй байдал мэргэжлээр солих, суралцах хугацаанд нийт 60 571 ам.долларыг төсөвлөн олгохоор тохиролцсон өөрчлөлтийг оруулсан байна.

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заасан бөгөөд гэрээний нэг тал болох иргэн Л.Номинг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд суралцагч Л.Номин өөр хүнээр өөрийгөө төлөөлүүлэн гэрээ хийх эрх олгосон, Ж.Лхамсүрэн түүний нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг авсан, түүнчлэн Л.Номингийн эрх зүйн чадамж хязгаарлагдсан, чадамжгүйд тооцогдсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний нисэхийн ерөнхий газар болон Л.Номин, Ж.Лхамсүрэн нарын 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Иргэний Нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ-ний нэг тал нь Ж.Лхамсүрэн мөн боловч тухайн гэрээнд батлан даагчаар оролцсон тул үндсэн гэрээний талуудын эрхийг эдэлж, тухайн гэрээний суралцагч талд хамааралтай эрх, үүргийг өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох эрх эдлэхгүй юм.

 

Иймд Иргэний нисэхийн ерөнхий газар, батлан даагч Ж.Лхамсүрэн нар 11/2016 тоот гэрээг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан хэдий ч Ж.Лхамсүрэн нь үндсэн гэрээний нэг тал биш, тухайн гэрээнд зөвхөн батлан даагчаар оролцсон, гэрээг өөрчлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй тул Иргэний Нисэхийн ерөнхий газрын зардлаар Гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт №11/2016 тоот гэрээний дагуу үүрэг үүсэхгүй болно. Өөрөөр хэлбэл, байгуулагдаагүй гэрээний дагуу уг хэлцлийг зохих ёсоор хийгдсэн, гэрээний талууд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар гомдол гаргаагүй байх тул шүүх мэтгэлцэх зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01939 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675 060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНTУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО