Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 01939

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01939                             Улаанбаатар хот

                               

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ТӨХКт холбогдох,

сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71,784,135 төгрөг гаргуулах тухай Ж.Лгийн үндсэн нэхэмжлэлтэй, 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Л.Жаргалсайхан, С.Энхчимэг, прокурор Н.Нарангэрэл, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “И ТӨХК нь өөрөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.6 дахь хэсэгт салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүний нөөцийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Мөн төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах УИХ-аар батлагдсан бодлогын баримт бичиг байдаг. Энэ баримт бичигт заасан Иргэний нисэхийн үндсэн мэргэжилтэй ажилтан бол өндөр хөгжилтэй үндсэн англи хэлтэй улс оронд сургаж бэлтгэх, бодлогын хүрээнд И ТӨХК нь Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи, Австрали, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад өөрийнхөө зардлаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 100 гаруй оюутнуудын зардлыг дааж, Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулдаг. Энэ ажлын хүрээнд Л.Номинг Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар Канад улсын Торонто хотын Сенека коллежид нисэхийн технологич мэргэжлээр 2012.09.01-ний өдрөөс эхлээд хэлний бэлтгэлд 6 сар, үндсэн мэргэжлээр 4 жилийн хугацаатай суралцуулахаар түүний эцэг Ж.Лтэй гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд зааснаар Л.Номин бол тухайн сургуульдаа амжилттай сайн суралцана, И ТӨХК нь суралцах хугацааны сургалтын төлбөрийг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлнө. Байр, эрүүл мэндийн даатгал, тээврийн зардлыг хариуцаж сар бүр тухайн оюутанд бусад оюутнуудын нэгэн адилаар 200 долларын тэтгэлэг олгох, сургуулиа төгсөж ирсний дараа ажлын байраар хангах ийм үүргийг талууд хүлээсэн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн хүмүүсийн өөрийнх нь өмчлөлд байдаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 4 өрөө орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан барьцаанд авсан байдаг. Л.Номин гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж амжилттай сайн суралцаж ирсэн. Тухайн үед сургалтын төлбөр нь  нэлээн өндөр дүнтэй байсан. Мөн тухайн мэргэжил нь өөрөө Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгцээ шаардлагыг нь харгалзаад холбогдох журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсний дагуу 2016.06.27-ны өдөр сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр тухайн гэрээнд заасан суралцах мэргэжлийг өөрчилж, мөн гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгасан. Үндсэн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөхөөр харилцан тохирч, нэмэлт гэрээгээр 60,571 ам долларт багтаан сургалтын төлбөр, байр, хоол, тээврийн зардлыг бусад суралцагчийн нэгэн адил жишгээр олгохоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.06.23-ны өдрийн шийдвэрээр 64,479 ам долларын тооцоо гарч тухайн үед шийдэгдэж байсан. Ингээд уг шийдвэрийн дагуу Л.Номин сургалтаа үргэлжлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж амжилттай суралцаж байсан боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага солигдсоны дараа тус газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ ямар ч тайлбар үндэслэлгүйгээр зөрчөөд гэрээг ямар нэгэн байдлаар цуцалсан, дуусгавар болгосон тухай ямар ч мэдэгдэлгүйгээр бүх төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд зогсоосон байдаг. Гэрээний 2.4 дэх хэсэгт байгууллагын удирдлага солигдох нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг боловч И ТӨХК нэг талаараа дангаараа гэрээний үүргээ биелүүлээгүй ийм асуудал болсон. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ нэг талын ямар ч тайлбар үндэслэлгүйгээр зөрчсөн зөрчил болсон. Энэхүү сургалтын гэрээний хүлээсэн үүргээ биелүүлэхийг И ТӨХКт даалгаж Л.Номингийн 2016 оны өвлийн семестр, 2017 оны зуны семестрын төлбөрт өөрсдийнхөө хувийн зүгээс төлсөн 6,825 ам.доллар нийт 13,650 ам.доллар, мөн 2017 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх 11 сарын байрны төлбөрт нь 5,500 ам.доллар, оюутны тэтгэлэг 2,200 ам.доллар, эрүүл мэндийн даатгал 875 ам.доллар, нийт 22,225 доллар буюу тухайн Монгол банкны ханшаар буюу нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар 2,455 төгрөгөөр тооцож нийт 54,562,375 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянагдаж байх хугацаанд нэлээн цаг хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2018 оны өвлийн семестрын сургалтын төлбөрт 6,780 канад доллар буюу тухайн төлбөр төлсөн өдрийн банкны ханшаар 1,972 төгрөгөөр тооцоод 13,370,160 төгрөг, 2017 оны өвлийн амралтаар ирж буцсан замын зардлыг мөн гэрээний дагуу нэхэмжлээд 1,670,000 төгрөг, үүний баримт нь хэрэгт хавсрагдсан. 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын байрны төлбөр 500 доллар, оюутны тэтгэлэг 400 доллар, нийт 900 доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ханшаар 2,420 төгрөгөөр тооцоход 2,181,600 төгрөг болж байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг 17,221,760 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 71,784,135 төгрөгийг Л.Номингийн сургалтын гэрээний дагуу хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сургалтын гэрээг хэрэгжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг И ТӨХКт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2018 оны 06 дугаар сард Л.Номин гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны мэргэжлээр сургуулиа төгсөөд бүх баримт бичиг дипломоо авчраад шүүхэд өгсөн. Өмнө нь суралцсан арилжааны нисгэгчийн үнэмлэх болон нисгэгчийн үнэмлэхээ өмнө нь авчихсан байсан. Үүнийг сая Монголд ирээд Иргэний нисэхийн ерөнхий газрын өөрийнх нь харъяа салбар нэгж болох И ТӨХКт мэргэжлийн хяналт зохицуулалт хийдэг Мэргэжлийн хяналтын байгууллагад нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын газарт бүх баримт бичгээ шалгуулаад тэр байгууллага сурсан сургуультай нь харилцаж баталгаажуулсны үндсэн дээр мөн онолын болон бусад шалгалтуудыг өгөөд Монголын хүчин төгөлдөр нисгэгчийн үнэмлэхээ авсан. Энэ бүх баримтаа өгсөн байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: “Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2012 оны болон 2016 оны 3 талт сургалтын гэрээг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Анхны 2012 оны гэрээ байгуулагдаж Л.Номинг байгууллагын зардлаар суралцуулъя гэсэн энэ гэрээтэй холбоотой гэрээнээс үүдэлтэй 2016 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. 2012 оны гэрээ нь байгуулагдахдаа гэрээний гол нөхцөл болсон сургалтыг хэдэн төгрөгийн зардлаар суралцуулах гэж байгаа үнийн дүн байхгүй байсан. Мөн сургалтын гэрээ байгуулагдсанаар мөнгө шилжүүлэх гол нөхцөл болсон барьцааны гэрээ нь хуурамчаар үйлдсэн байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.09.02-ны өдрийн 09/2546 гэсэн албан бичгээр нотлогдсон. Анхнаасаа 3 талт сургалтын гэрээний гол үүрэг барьцааны гэрээгүй бол сургалтын гэрээний төлбөр шилжих боломжгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Т нь өөрөө сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн байсан, Сенека коллежтой байгуулсан гэрээнд өөрөө гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөл сургалтын гэрээг болон процессыг эхнээс нь шалгах шаардлагатай болсон. Шалгалтын үр дүнд анхны байгуулсан 2012 оны гэрээний үнийн дүнгийн талаар аудитор ярих учраас би үнийн дүнг тодорхой ярихгүй. 2012 оны гэрээ хэрхэн байгуулагдсан, гэрээний хэрэгжилт ямар байсныг эхнээс нь судлаад үзэхэд гэрээг биелүүлэх болсон гол үндэслэл тавигдах шаардлага нь барьцааны гэрээ нь хуурамч байсныг дараа нь 2013 онд дахиж нөхөж гэрээ байгуулсан байдаг. 2016 онд байгуулсан нэмэлт гэрээг үзэхэд 2016.06.16-ны өдрийн өргөдлийг  2016.06.17-нд бүртгэсэн засвартай өргөдөл бүртгэл хяналтын карт байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө даргын зөвлөлийн гишүүн,  асуудлыг даргын зөвлөлд асуудал танилцуулах гол хүн байсан. Шууд 2016.06.17-нд хурал болох өдрөө өргөдлөө өгөөд энэ асуудлаа шийдүүлсэн,  ашиг сонирхлын зөрчил үүссэн, албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэсэн гэж удирдлага үзсэн. Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан н.Нямдаваа даргын гаргасан шийдвэр байгууллагын эрх ашиг илт хөндөгдсөн буюу байгууллагад ашиггүй гэрээ болохыг дотоод аудитор дүгнэсэн. Өөрөөр хэлбэл өргөдөлдөө дурдсан 27,000 америк доллар зарцуулна гэсэн мөртлөө албажуулж гарахдаа 60,500 болчихсон байх жишээтэй. Л.Номингийн  2012 болон 2016 оны гэрээний нийт төлбөрийг илүү шилжүүлчихсэн гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон учраас нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2017.11.02-ны өдөр даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр сургалтын гэрээний төлбөрийг зогсоож, сургууль руу нь албан бичиг явуулсаны дагуу дүнгийн хуулбарыг харахад Си Пи Эл зэрэглэлийн нисгэгчийн шалгалтын дүнгүүд дандаа хангалтгүй дүн үзүүлсэн байсан. Иймээс  2012 оны гэрээний амжилттай сайн суралцах гэрээний үүргээ суралцагч биелүүлээгүй, мэргэжлээ солих шаардлагагүй гэж даргын зөвлөл үзсэнээс маргаан үүссэн байдаг. Манай зүгээс 2012 оны гэрээний үүргээ биелүүлсэн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2017.09.11-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга н.Бямбасүрэнгийн баталсан удирдамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадад суралцаж байгаа оюутнуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих шалгалтыг миний бие хийсэн. Аудитын шалгалтаар анх 2012 онд байгуулсан гэрээнд үнийн дүн тавигдаагүй, тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 1.7.8 дахь хэсэгт зааснаар сурлагын гэрээнд суралцагчийн төлбөрийг заавал тусгах заалтыг зөрчсөн байдаг. Мөн сургалтын барьцааны гэрээг н.Т өөрөө  хуурамчаар үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр нотлогдсон байгаа. Мөн тухайн үед заавал байх ёстой сургалтын төсөв, амьжиргааны зардлын төсөв, эрүүл мэндийн даатгалын төсөв огт хийгдээгүй батлагдаагүй байсан. Тэгээд тухайн үед н.Т нь өөрөө Иргэний нисэхийн ерөнхий газрын хууль эрх зүйн даргаар ажиллаж байсан, даргын зөвлөлийн гишүүн байсан нь гэрээ байгуулахад нөлөөлсөн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн. Мөн анх нисэхийн технологич мэргэжлээр 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, уг мэргэжил нь  бакалавр цолтой нисгэгч мэргэжлийг давхар эзэмшиж төгсдөг, жилийн төлбөр нь дунджаар 50,000 ам.доллар байдаг. Нислэгийн дадлагын хичээлд амжилттай суралцсанаар нисгэгч гэх цолыг авах ёстой. Гэтэл Л.Номингийн дүнгийн хуулбараас харахад нисэхийн дадлагын шалгалтаа 5 удаа өгөөд бүгдэд нь амжилтгүй дүн авч тэнцэж чадаагүй байсан нь дүнгийн хуулбараар нотлогдож байгаа. Хэрвээ нисэхийн технологич мэргэжлээр сурч байхдаа нисэхийн дадлагын шалгалтаа удаа дараа амжилтгүй өгөөд энэ мэргэжлээр суралцах, төгсөх боломжгүй байдаг. Нисэхийн технологич мэргэжлийг эзэмшиж суралцах боломжгүй болж, доод түвшингийн сургалт буюу нисэхийн аюулгүй байдлын мэргэжлээр суралцахаар болсон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дээрх 2 гэрээгээр нийтдээ 242,173 ам.доллар буюу 450 орчим сая төгрөгийн төлбөр төлөх тооцоо гарсан, гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ хугацаанд Л.Номингийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал нийтдээ 282,305 ам.долларыг шилжүүлж, 32 мянган доллар илүү төлөлт гарсан. Өмнөх гэрээгээр 3 жил сурсан төлбөрийг сургалтын хөтөлбөрөө доод түвшингийн хөтөлбөрийн нэг жилийн төлбөрөөр дүйцүүлсэн нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэлбэр гэж үзсэн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Суралцагч Л.Номин нь 2012 оноос хойш суралцаж эхэлсэн. Нисэхийн сургалтын төв нь гадаадад суралцаж байгаа оюутны асуудлыг 2016 оны 12 дугаар сараас хариуцаж эхэлсэн. Л.Номинтой холбоотой сургалтын төлбөрийг шилжүүлэх талаар Л.Номин дүнгийнхээ хуулбарыг н.Анарзул руу ирүүлж байсан. Үүний дагуу албан тоот боловсруулаад санхүү рүү явуулаад санхүүгээс шилжүүлж байсан. Сая суралцагч төгсөж ирээд дипломныхоо хуулбарыг хүлээлгэж өгсөн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: “Гол зүйл нь нисэхийн технологич мэргэжлээр 3 дугаар курст суралцаж байгаад гэнэт мэргэжлээ сольсон, нэг жилийн хөтөлбөртэй дүйцүүлээд сурч байсан үнэтэй сургуулийн төлбөрийн сургалтаа коллеж буюу  тусгай дунд боловсролын хөтөлбөрт шилжүүлсэн байгууллагад илт хохиролтой гэрээ болсон. Мөн сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 60,571 долларыг төлнө гэж,  өмнөх мэргэжлээрээ суралцах хугацаанд төлсөн 276,105 ам.доллар үргүй зардал болсон. Тэгэхээр гэрээнүүдийг даргын зөвлөлд танилцуулаад шийдвэр гаргуулаад байгааг хууль зөрчсөн, зан заншлын хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзсэн. Дээрх гэрээнүүд ямар байдлаар хийгдсэнийг өмнө тайлбарласан, даргын зөвлөлийн хурлаар хэт  өндөр үнийн дүнгийн төлбөртэй нислэгийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн бэлдэхгүй учраас тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлага тавьсан. Мөн 2012 оны гэрээний 3.1 дэх заалтыг биелүүлээгүй буюу сургалтынхаа үндсэн хөтөлбөр кредитийн 100% хангаж чадаагүй байна гэдгийг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: “Л.Номин нь итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Тгийн өөрийнх нь хүүхэд учраас шууд ашиг сонирхлын зөрчил болсон байх ёстой. Тэгээд сургалтын төлбөрт н.Тгийн тооцоолсноор 159 мянган ам.доллар гэж өөрөө буруу дүгнэсэн” гэв. 

 

Нэхэмжлэгч З.Т сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: “Тухайн кредитийг ямар хугацаанд хэрхэн хангах нь тодорхойгүй байдаг учраас тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу мөнгө шилжүүлэх тохиолдол байдаг тул   гэрээний гол нөхцөлийг тохироогүй гэдэг нь үндэслэлгүй байна. 2012 онд гэрээ байгуулах үед Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар яг энэ мэргэжлээр анх 4 оюутанг элсүүлж суралцуулсан байдаг. Нислэгийн аюулгүй ажиллагаа гэсэн мэргэжил чухал хэрэгтэй, Монгол Улсад байгаа нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба гэдэг Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг гол байцаагч нар нь бүгд нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч нар гэж явдаг. 2012 онд энэ анги байгаагүй, анх удаа энэ анги шинээр бий болсон учраас шилжиж орсон юм. Тэгэхээр энэ мэргэжлийг хэрэггүй гэж зэрэглэл тогтоох боломжгүй, гэрээнд өөрчлөлт оруулснаар суралцах хугацаа сунгагдсан гэж байна. Эхний гэрээ бол 4 жилийн, 2 дахь нь 3 жилийн хөтөлбөр байсан. Энэ 2-ын программын зөрүү нь нэг жил сурахад хангалттай тус мэргэжлийг эзэмших тооцоо гарсан тул 1 жил 6 сараар сунгасан. Анхны гэрээгээр 2017 оны 09 дүгээр сард сургуулиа төгсөх байсан, өөрчлөгдсөн асуудал нь 2016 оны 06 дугаар сард шийдэгдсэн, Иргэний нисэхийн байгууллагаас тухайн үнэмлэхийг 2016 оны 07 дугаар сард өгсөн.  Иймд нислэгийнхээ шалгалтыг өгөөгүйгээс болж сургууль сольсон гэх асуудал байхгүй, сургалтын төлбөрийг шилжүүлсэн зардлуудыг харахаар хамгийн эхэнд шилжүүлсэн 60 мянган доллар энэ хүүхдийн дансанд ороогүй байдаг” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ИНЕГ-т холбогдуулан гаргасан Ж.Лгийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Л сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71,784,135 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч И ТӨХК 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.      

 

Хэргийн  баримтаас үзэхэд захиалагчийг төлөөлж ИНЕГ-ын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер Т.Батжаргал, суралцагч Л.Номин, батлан даагч Ж.Л нар 2012.08.01-ний өдрийн ИНЕГ-ын тэтгэлэгээр гадаадад суралцагчтай байгуулах 3 талт гэрээг байгуулсан, гэрээний ерөнхий зүйлд Ж.Лгийн охин Л.Номинг Канад улсын Торонто хотын Сенека коллежид Нисэхийн технологич мэргэжлээр 2012.09.01-ний өдрөөс эхлэн хэлний бэлтгэлд 6 сар, үндсэн мэргэжлээр 4 жилийн хугацаагаар суралцуулахаар харилцан зөвшилцсөн, гэрээний 2.1-д 2012.09.01-ний өдрөөс эхлэн сургалтын байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцохоор зардлыг хариуцан төлж, сар тутамд 200 ам долларын тэтгэлэг олгох үүргийг хариуцагч ИНЕГазар, харин гэрээний 3.1-д суралцагч нь суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан,  хүчин чадлаа дайчлан суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангаж, энэ гэрээний 2.1-д зааснаас бусад бүх зардлыг өөрөө хариуцан суралцах үүргийг суралцагч Л.Номин тус тус хүлээсэн байна.

 

Мөн сургалтын гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 802 дугаар байрны 1209 тоот 300,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, 2012.08.01-ний өдрийн барьцааны гэрээг байгуулсан, гэрээнд барьцаалуулагч З.Т /суралцагчийн ээж/ гарын үсэг зурсан байна.  

 

Суралцагч Л.Номин, батлан даагч Ж.Л нарын хүсэлтээр ИНЕГ-ын даргын 2016.06.23-ны өдрийн А/445 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалаар Л.Номинг байгууллагын хүний нөөцийн зайлшгүй хэрэгцээ шаардлагын хүрээнд гэх үндэслэлээр 2016.09.01-ний өдрөөс 2 жил /хичээлийн 6 улирал/-ийн хугацаатай Нисэхийн аюулгүй байдал мэргэжлээр шилжүүлэн суралцуулахаар, суралцах мэргэжлийг өөрчилсөнтэй холбогдон гарах нийт зардлын төсвийг 60,571,00 ам доллараар тооцон баталж, өмнөх 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлтийг тусгахыг үүрэг болгожээ.

 

Дээрх тушаалын дагуу гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 11/2016 гэрээг 2016.06.27-ны өдөр байгуулж, өмнөх 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 1.1, 2.1-д  заасан “Нисэхийн технологич” мэргэжлийг “Нисэхийн аюулгүй байдал” мэргэжил рүү шилжүүлэн суралцуулах, гэрээний 1.1, 2.1-д заасан мэргэжлийг өөрчилсөнтэй холбогдуулан 2016.09.01-ний өдрөөс эхлэн “Нисэхийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцах 2 жилийн хугацаанд нийт 60,571 ам долларыг төсөвлөн олгох гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Суралцагч Л.Номин Канад улсын Торонто хотын Сенека коллежид Нисэхийн технологич мэргэжлээр суралцаад Канадын тээврийн газраас 2016.07.05-ны өдөр нисгэгчийн үнэмлэх, лиценз ба зөвшөөрлийн хамт олгогдсон, мөн Нислэгийн аюулгүй ажиллагаа хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн гэх үндэслэлээр Онтарио коллежийн мэргэжлийн диплом 2018 оны 6 сард олгогдож сургуулиа төгссөн байна.  

 

ИНЕГ-аас сургалтын төлбөр шилжүүлсэн баримтууд, гадаадад суралцагч нартай байгуулсан сургалтын гэрээг шалгасан тухай 2017.10.16-ны өдрийн хяналт шалгалтын ажлын тайлангаас үзэхэд суралцагч Л.Номингийн анхны болон мэргэжлээ сольсон 2 дахь гэрээний дагуу нийтдээ 242,173.00 ам доллар төлөхөөс 2012.09.01-ний өдрөөс хойш 4 жилийн хугацаанд 280,305,46 ам долларыг Л.Номингийн нийт суралцах хугацааны төлбөрт ИНЕГ-аас шилжүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Лгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно, 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2-т энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус зааснаар суралцагч Л.Номинтой байгуулсан 2012.08.01-ний болон 2016.06.27-ны өдрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 11/2016 гэрээгээр хүлээсэн ИНЕГазрын үүрэг дуусгавар болсон гэж дүгнэв.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Л.Номинг Канад улсын Торонто хотын Сенека коллежид Нисэхийн технологич мэргэжлээр суралцуулахаар байгуулсан 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1-д заасан суралцагч нь суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан, хүчин чадлаа дайчлан суралцаж, сургалтын үндсэн хөтөлбөр, кредитийг 100 хувь хангана гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагч нартай байгуулсан сургалтын гэрээг шалгасан тухай 2017.10.16-ны өдрийн хяналт шалгалтын ажлын тайлан, илтгэх хуудас, хариуцагчийн тайлбараас үзэхэд суралцагч Л.Номинтой байгуулсан 2012.08.01-ний өдрийн гэрээний нийт үнийн дүн тусгагдаагүй, тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмын 1.7.8-д заасан “...сургалтын гэрээнд суралцах хугацаа, батлан даагч, байгууллагын болон суралцагчийн хариуцах төлбөрийн хэмжээ зэргийг тодорхой тусгана” гэснийг зөрчсөн, Л.Номин нисэхийн технологи мэргэжлээр 3 жил суралцаад сургуулиа төгсөхөөс 1 жилийн өмнө мэргэжлээ солих хүсэлт гаргасан нь гэрээний 1.2, 3.1, 3.3-т заасан үүргээ зөрчсөн гэжээ.

 

Хэрэгт авагдсан УБЕГ-ын эд хөрөнгийн бүртгэл, цахимжуулалтын хэлтэст явуулсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013.09.02-ны өдрийн 09/2546 дугаар албан тоотоор шинжилгээнд ирүүлсэн 2012.08.01-ний өдрийн “Барьцааны гэрээ” гэсэн баримт дээрх шинжлэгдсэн тэгш өнцөгт болон дугуй хэлбэртэй 6/2-10 дугаартай тэмдэгний дардасыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдэгдсэн байна.

 

Дээрх байдлаас үзэхэд 2012.08.01-ний өдрийн 3 талт гэрээ нь ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 1.7.8-д зааснаар “...байгууллагын болон суралцагчийн хариуцах төлбөрийн хэмжээг тодорхой тусгана, барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болно” гэснийг зөрчсөн,  мөн сургалтын гэрээний барьцаанд орон сууц барьцаалсан 2012.08.01-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд 2012.08.01-ний өдрийн 3 талт гэрээ болон барьцааны гэрээг байгуулсанаас хойш мэдсэн, улмаар гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 11/2016 гэрээг 2016.06.27-ны өдөр байгуулж дээрх гэрээгээр харилцан хүлээсэн талуудын үүрэг дуусгавар болсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж зааснаар 2012.08.01-ний өдрийн 3 талт гэрээ болон барьцааны гэрээг, мөн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 11/2016 гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэгэнт гэрээгээр хүлээсэн 2 талын үүрэг дуусгавар болсон байх тул анхны болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хэрхэн байгуулсан, гэрээний заалтыг суралцагч зөрчсөн эсэх маргааны үйл баримтын талаар шүүх дүгнэх шаардлагагүй бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болно.

Гэрээний эрх зүйн үндсэн буюу гол зарчим нь гэрээнд үнэнч байх зарчим бөгөөд аливаа гэрээ зарчмын хувьд байгуулагдсан тэр хэлбэрээрээ заавал зохих ёсоор биелэгдэж байх ёстой болно.

 

Дээрх 3 талт гэрээ байгуулсанаар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Суралцагч Л.Номинтой байгуулсан гэрээнд өөрчлөлт орсоноор суралцах хугацаа нь анхны гэрээний хугацаанаас 1 жил 6 сараар сунгагдсан, гэрээнд мэргэжлээ солих талаар тохиролцоогүй, өмнөх мэргэжлээр суралцах хугацаанд төлөгдсөн 276,105.46 ам долларын үргүй зардал гарсан, нисэхийн технологи мэргэжлийн 4 жилийн нийт төлбөр 200,000,00 ам доллар байтал шалгах өдрийн байдлаар Л.Номинд  280,305,46 ам доллар олгогдсон болохыг сургалтын гэрээг шалгасан тухай 2017.10.16-ны өдрийн хяналт шалгалтын ажлын тайлан, илтгэх хуудсанд дурджээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ИНЕГазар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын байгуулсан гэрээнээс хариуцагч татгалзах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 220.1-д “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй”, 220.3-т “талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй”, 220.4-т гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмддэгтийн хураамжид төлсөн 675,060 төгрөг /431,000+244,060/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 236 дугаар зүйлийн 236.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар И ТӨХКт холбогдох сургалтын гэрээний дагуу төлөгдөөгүй Л.Номингийн сургалтын төлбөр, байр, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалд 71,784,135 төгрөг гаргуулах тухай Ж.Лгийн үндсэн нэхэмжлэлийг, Ж.Лд холбогдох 2012.08.01-ний өдрийн сургалтын гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, №11/2016 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017.11.08-ний 431,000 төгрөг, 2018.01.22-ны 244,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭНХЦЭЦЭГ