Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2017/00169

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10.025.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"ЭМПИПИ" ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай ******* 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгийн нөхөр хоршооны гишүүн биш *******тэй Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гэрээгээ нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. Миний Даваасүрэнтэй гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх "Агро Фрукт" ХХК-ийн нэр дээр байсан. 7.500.000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.Мөнхцэцэгт зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.Мөнхцэцэг хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш *******тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150.000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. ******* нийт 310.000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд *******гээс 10.025.000 төгрөг гаргуулж, *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа :

Өсөхжаргалаас 7.500.000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэл гаргажээ. Ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7.500.000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед Өсөхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод байгаа Нямаа нь эхнэр Б.Мөнхцэцэгийн өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг намайг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн Өсөхжаргалаас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтад тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн Өсөхжаргал Б.Мөнхцэцэгийн урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.Мөнхцэцэг нь урьд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 10 025 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЭМПИПИ ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 175 350 төгрөг гаргуулан ЭМПИПИ ХЗХ-нд, хариуцагч *******гээс 175 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч *******гээс 10.025.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээ нь 2014.12.15 нд байгуулсан гэрээ бөгөөд би нэг ч төгрөг аваагүй эхнэрийн өмнө цувуулан авсан 500.000 төгрөгийг баталгаажуулж авч байгаа юм гэж тайлбарлаж байснаас надад нэг ч бэлэн мөнгө өгөөгүй. Энэ байдлыг нотлох баримт /31хх -67хх, 113хх,/ түүнчлэн Б.Мөнхцэцэгийг авсан гэсэн хуурамч гэрээнүүд, хуурамч мөнгө авсан гэх баримтууд, Б.Мөнхцэцэгийг мөнгө авсан гэж удаа дараа эрэн сурвалжлах ажиллагаа хийж байсан баримтуудаас нотлогдож байхад шүүх түүнийг анхаарч шийдвэрлэсэнгүй.

Тухайн өдөр мөнгө төлөх гэж очих үед гэрээнд гарын үсэг зуруулсан баримтыг уг хоршооноос авсан мөнгөөрөө төлсөн байх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн нь хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн 1001 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.025.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагаа 2014.12.15-ны өдрийн ******* ******* нарын хооронд хийгдсэн 7.500.000 төгрөг зээлсэн зээлдүүлсэн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр 7.500.000 төгрөг аваагүй Эмпипи ХЗХ-ноос эхнэр Б.Мөнхцэцэгийн өмнө авсан зээлийг нэгтгэн 7.500.000 төгрөг болгон гарын үсэг зуруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2014.12.15-ны өдөр 7.500.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулахдаа Агро Фрукт ХХК-ийн хөдлөх хөрөнгийг барьцаалж, тухайн өдрөө 7.500.000 төгрөгийн ******* нь *******д дэвсгэртээр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ /хх-167/ Агро Фрукт ХХК-ийн улсын бүртгэлийн болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг /хх168-169/ нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцагч *******гээс 10.025.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохих зүйл заалттай нийцсэн байна.

Хариуцагч *******г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй боловч 2014.12.15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзсан татгалзалаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ