Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00287

 

Т.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар   

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дүгээр шийдвэртэй, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр магадлалтай,

Т.Ө-ын нэхэмжлэлтэй,

С.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт:  ...Т.Ө- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.М-ийн нөхөр хоршооны гишүүн биш С.Д-д Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. С.Д-тэй гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх "Аг" ХХК-ийн нэр дээр байсан. 7 500 000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.М-т зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.М- хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш С.Д-тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150 000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. С.Д- нийт 310 000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд С.Д-гээс 10 025 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  хариу  тайлбартаа: Миний бие ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7 500 000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед Т.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод байгаа Ж.Нямаа нь эхнэр Б.М-ийн өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг намайг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн Т.Ө-аас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтанд тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн Т.Ө- Б.М-ийн урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.М- нь урд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...Мөн уг асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дүгээр шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д-гээс 10 025 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “ЭМПИПИ” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 175 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ө-аас 175 350 төгрөг гаргуулан “ЭМПИПИ” ХЗХ-нд, хариуцагч С.Д-гээс 175 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр магадлалаар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагч С.Д-гээс 10.025.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. С.Д-тэй байгуулсан зээлийн гэрээг хэрэгт ирүүлээгүй Б.М- 7.500.000 төгрөг авсан гэж Т.Ө- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.М-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байсан нь хэрэгт нотлогдсон. Зээлийн гэрээг Б.М-тэй байгуулсан гэж Т.Ө- нь мэтгэлцэж, уг асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулж Б.М- зээлийн гэрээ хийгээгүй болох нь нотлогдох үед С.Д- зээлийн гэрээ байгуулсан баримтыг гаргаж хэрэгт ирүүлж /хх-167/ зээлийн гэрээний үүрэг хүлэлгэхээр болгож нэхэмжлэгч мэтгэлцсэн. Уг зээлийн гэрээ С.Д-ттэй байгуулснаа нэхэмжлэгч тал мэдэж байсан атлаа С.Д-г хариуцагч биш гэж үзэн Б.М-ээс нэхэмжилж байсан хэргийн нотлох баримт хэрэгт байхад шүүх хэргийн бодит байдалд тал бүрээс нь дүгнэлт хийгээгүй нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн. Зээлийн гэрээнд тусгагдсан 7.500.000 төгрөг 2014.12.15-ны өдөр С.Д-д өгсөн юм бол хуурамч гэрээ хийж, Б.М-ийг заавал хариуцагч болгох гэж үзэж түүнийг хэрэгт хариуцагчаар татаж оролцуулах шаардлага байгаагүй. Энэ бодит үйлдлүүдээрээ С.Д-д мөнгө өгөөгүй болохоо өөрсдөө нотлоод байгаа баримт. Хариуцагч С.Д- нь би нэг ч төгрөг аваагүй эхнэрийн өмнө цувруулан авсан 7.500.000 төгрөгийг баталгаажуулж авч байгаа юм гэж нэхэмжлэгч “Эмпипи” ХХК тайлбарлаж гарын үсэг зуруулж байснаас надад нэг ч бэлэн мөнгө өгөөгүй гэх байдлыг нотлох баримт болох Б.М-ийг авсан гэсэн хуурамч гэрээнүүд, хуурамч мөнгө авсан гэх баримтууд, /хх 31-67, хх 113/ Б.М-ийг мөнгө авсан гэж удаа дараа эрэн сурвалжлах ажиллагаа хийж байсан баримтуудаас нотлогдож байхад нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал Эмпипи ХХК нь их хэмжээний хэлцлийг буюу 2.000.000 төгрөгнөөс дээш мөнгөн дүнтэй зээлийн гэрээг хийх эрхгүй байдаг учраас 7.500.000 төгрөгийн зээлийг хувь хүнээр хийдэг гэх анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба Эмпипи Хоршооноос уг мөнгийг авсан тухай нэхэмжлэгч мэтгэлцэж, Эмпипи ХХК-аас маргаж буй зээлийн гэрээний хувь хэрэгт авагдсан байгааг шүүх анхаарч үзээгүй. Жинхэнэ нэхэмжлэгч хэн болох, хэний эрх ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүх анхаараагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Эмпипи ХЗХ, Б.М-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 10.025.000 төгрөг гаргуулахаар шаардаж, зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг хариуцагч эс зөвшөөрч,  тус хоршооноос 3 удаа, нийт 7.500.000 төгрөг зээлж, 10.414.850 төгрөг болгон төлсөн, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгө шилжүүлэн аваагүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эмпипи ХЗХ нь нэхэмжлэгчээр Т.Ө-ыг, хариуцагчаар С.Д-г солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

Т.Ө- нь С.Д-гээс зээлийн үүрэгт 10.025.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд тэдний хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7.500.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн гэх гэрээг заасныг, хариуцагч гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй ч мөнгийг бодитоор хүлээн аваагүй, Эмпипи ХЗХ-с эхнэр Б.М-ийн өмнө авсан 3 удаагийн зээлийг нэгтгэн 7.500.000 төгрөг болгон гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчжээ.

1. Эмпипи ХЗХ анх зээл 7.500.000 төгрөг, хүү 2.052.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 472.500 төгрөг, нийт 10.025.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд нэхэмжлэгчээр солигдсон Т.Ө- нь зээл, хүү, алданги 10.025.000 төгрөгийг С.Д-гээс гаргуулахыг хүссэн тайлбар /хх-165,218-р тал/ гаргасан боловч зээлийн гэрээний дагуу үндсэн болон нэмэлт үүргийг хэрхэн тодорхойлж байгаа, тухайлбал, зээл, хүү, алдангид хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, хүү, алдангийг ямар хугацаагаар тодорхойлж буйгаа тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байна.

2. Зохигчид мөнгө шилжүүлсэн эсэх үйл баримтад маргасан байх бөгөөд хоёр шатны шүүх Т.Ө-, С.Д- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний ар тал дахь мөнгө хүлээн авсан гэх бичиглэлийг үндэслэж мөнгийг бодитоор шилжүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Хэргийн баримтаас үзэхэд Эмпипи ХЗХ-г төлөөлж захирал Т.Ө- анх С.Д-гийн эхнэр Б.М-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 10.025.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээнд Б.М- гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Б.М- нэхэмжлэлээс татгалзахдаа хоршооны гишүүний хувьд тус хоршооноос өмнө нь 3 удаа нийт 7.500.000 төгрөгийн зээл авсан, зээлийг төлсөн боловч эдгээр гэрээний үнээр дахин мөнгө шаардаж байгаа талаар хариу тайлбартаа дурджээ.

Түүнчлэн хариуцагч С.Д- нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа дээрхитэй адил “мөнгийг бодитоор хүлээн аваагүй, Эмпипи ХЗХ-с эхнэр Б.М-ийн өмнө авсан зээлийг нэгтгэн 7.500.000 төгрөг болгон, барьцааны зүйл нь миний нэр дээр учир дахин гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан” гэж маргаснаас үзвэл Эмпипи ХЗХ нь Б.М-ээс 10.025.000 төгрөг шаардаж байсан нь болон Эмпипи ХЗХ-ны захирал Т.Ө-ын С.Д-гээс 10.025.000 төгрөг шаардаж буй нэхэмжлэл нь нэг зээлийн талаар, эдгээрт гаргасан хариу тайлбар хоорондоо холбоотой байна. Иймээс Б.М-ийн өмнөх зээлийн гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэн, шинээр гэрээ байгуулагдаж мөнгө шилжүүлсэн эсэх үйл баримтыг харьцуулан дүгнэх шаардлагатай байна.

3.Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т, хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэхийг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасан байна.

Хадгаламж зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдана.

Нөгөө талаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болохыг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан байна.

Т.Ө- нь С.Д-д мөнгийг шилжүүлсэн бол шүүх нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан “...хадгаламж зээлийн хоршооны гишүүний хувьд Б.М-т зээл олгох боловч нэгдүгээрт үнийн дүн зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан, хоёрдугаарт барьцааны зүйл нь түүний нөхрийн нэр дээр байсан тул Т.Ө- ХЗХ-с мөнгийг авч С.Д-д өгсөн...” гэсэн нөхцлийг анхаарч, тухайн хоршоо үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийг зөрчсөн эсэх, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэхийг тогтоох байжээ.

Дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2017/01001 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2.Хариуцагч нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2017/05536 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 175.350 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ