Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0692/З |
Дугаар | 221/МА2018/0353 |
Огноо | 2018-06-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0353
“Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х о к” ХХК-ийн NE-026401 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0280 дугаартай шийдвэрийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0280 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний 123/ШШ2017/0032 дугаар шийдвэрээр “...маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдсоноор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна” гэж мөн шийдвэрийн 9 дэх талд “Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасан хүчин төгөлдөр “дэмжихгүй” саналд үндэслэн... гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тус тус Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолд тайлбарласнаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “хурлын санал”-ын шаардлага хангаагүй, Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан буюу Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд заасан “...татгалзсан хариу өгч болно” гэсэнд нийцээгүй байна. Мөн нөгөө талаар Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно гэснээс үзвэл төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх шаардлагатай болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.
Эндээс харвал Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Засаг даргын санал хуульд “нийцээгүй” гэдгийг тогтоосон, мөн Засаг даргын шийдвэрийг төрийн захиргааны байгууллага хянаад, хуульд нийцэж байвал түүнийг үндэслэн эцсийн шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргахгүй байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөөгүй гэж үзсэн байна.
Төв аймгийн шүүхийн дүгнэсэнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна. Ийм учраас өөрийн шийдвэрийн үндэслэлээ хянах үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой.
Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш” шийдвэр болж байна.
Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй.
Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-оор үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр. ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг.
Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.
Ийнхүү Засаг даргын саналыг хянасан бол Төв аймгийн шүүхээс дүгнэсэнтэй адил “Засаг даргын санал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-тай нийцээгүй байна” гэсэн дүгнэлт гарах байсан. Ийм дүгнэлт гаргаснаар Кадастрын хэлтэс манай компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ёстой байсан.
Мөн хариуцагчаас “Кадастрын даргын шийдвэрийг хүчингүй болгосон ч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон” гэдэг тайлбар өгдөг. Гэтэл манай “Х о к” ХХК 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан.
Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй.
Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэнд өргөдлийг нь шийдэхгүй гэж үзэх нь иргэн Монгол Улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно.
Ийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж орж ирсэн. Энэхүү зарчмын гол агуулга нь иргэний эрх зүйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нөлөөлөхгүй гэсэн утгатай. Иймд нэгэнт манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн “Итгэлийг хамгаалж” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй.
Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 0280 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
“Х о к” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х о к” ХХК-ийн NE-026401 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр 30 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд “Х о к” ХХК-ийн нэр орсон байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг дарга “дэмжсэн санал” ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах, харин Засаг дарга татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж ойлгохоор байх тул маргаан бүхий акт гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч нь тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүргийг хуулиар хүлээгээгүй байна.
Түүнчлэн “Х о к” ХХК-аас “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолын “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 026401 дугаарт бүртгэгдсэн “Д” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу “дэмжсэн” санал гаргахыг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, уг шаардлагаар захиргааны хэрэг үүссэн байна.
Дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 123/ШШ2017/0032 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал нь хүчин төгөлдөр хэвээр байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг гагцхүү сонгон шалгаруулалтаар олгох эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлснээр хүчингүй болсон хуулийн дагуу гаргасан өргөдөлд заасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг төрийн захиргааны байгууллагад даалгах боломжгүй.
Нөгөөтээгүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй болохоор байна.
Учир нь хариуцагч байгууллага нь “Х о к” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026401 дугаартай өргөдлийг хүлээн авснаас хойш 1 жил 8 сарын дараа шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж, шүүхэд маргаан хянагдаж байх явцад Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч байгууллагын эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй хэдий ч шүүхээс хүчингүй болсон хуулийг үндэслэж захиргааны актыг хүчингүй болгох, улмаар NE-026401 дугаартай өргөдлийг хууль заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х о к” ХХК-ийн NE-027091 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримталсан нь буруу тул хассан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х о к” ХХК-ийн NE-026401 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР