Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2018/00991

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 7 496 256 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болортуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн албан тушаалаас Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, сарын үндсэн цалин 733 863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх 3 184 672 төгрөг, нэмэгдэл 636 934 төгрөг, нийт 3 821 606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2 201 589 төгрөгийг хасч үлдэгдэл 1 620 017 төгрөгийг Б.Ганбаатарт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гарч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны оны 07 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 389 дүгээр тогтоол зэрэг гарсан боловч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарснаас хойш цалин хөлс тогтоогдоогүй. Ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас эхлэн тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа мөн хамааралтай болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нь Б.Ганбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилоогүйгээс тэрээр ажлын 180 өдөр үндсэн цалин болон нэмэгдлээ авч чадаагүй, цалин нэмэгдэл орлогогүй, иргэний хууль ёсны эрх ашиг хохирсоор өдийг хүрсэн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэснээс хойшхи хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн цалин болон нэмэгдлийг тооцохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан үндсэн цалинг 1 өдрийн 34 616 төгрөг, нэмэгдлийг 20 хувиар тооцож, Сүхбаатар дүүргийн тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 180 өдрийн үндсэн цалин 6 230 880 төгрөг, нэмэгдэл 1 246 176 төгрөг нийт 7 477 056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19 200 төгрөг нийт 7 496 256 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас халсан хэргээр Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Сүхбаатар дүүргийн асаг даргын Тамгын газраас 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй талаар ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө шүүхийн шийдвэр биелүүлүүлэхээр дүүргийн удирдлагатай биечлэн ирж уулзаж, хүсэл зориг илэрхийлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй тодорхой цаг хугацаа алдаж байгааг ойлгож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцах үед нийт 7 400 000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхээс шийдвэр гарсан. Ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй. Ажилд эгүүлэн томилоогүйгээс хохирол учирсан гэж үзсэн, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгээр тайлбарласнаас харахад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай холбоотой гомдлыг шүүхэд гаргана гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрт заасны дагуу тухайн ажилтанг томилсон үйл баримт, тушаал байхгүй, тиймээс нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч тушаал, шийдвэр гаргах ёстой байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7 061 664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганбаатарт олгож, нэхэмжлэлээс 434 592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 127 937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа давж заалдах гомдолдоо: Б.Ганбаатар нь тус дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/249 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "маргааны бүхий тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэл гаргасан. Тус маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0523 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Нэхэмжлэгч тус Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргаж байгаагүй бөгөөд хариуцагч дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг нэхэмжлэгчид илэрхийлээгүй. Энэ нь нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн томилогдож ажиллах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэйг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 477 056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Б.Ганбаатарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговорт 3 821 606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмжийг хасч, үлдэгдэл 1 620 017 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 523 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай тогтоол тус тус авагдсан байна. /хх 6-14/

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Ганбаатарыг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай маргааныг шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дүгээр тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч ажилдаа орох санаачилга гаргаагүй, хөөн хэлэлцэл хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилж байгаа гэж үзнэ. Иймээс уг эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 34 616 төгрөгийг ажилгүй байсан 170 хоногт тооцон 7 061 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН